Улаанбаатар уулын дугуйн клуб нь 2016 оны 5 сарын 24 өдөр анх үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ яг 10 жил болжээ. Эдгээр он жилүүдэд клубээс зохион явуулсан жийлт, өдрийн аялал, хоногийн аялал, олон хоногийн аялал, судалгааны аялалд оролцон зүгээр л жийцгээсэн олон олон дугуйчдын унадаг дугуйны мөр өдгөө нэгэн том зузаан боть болтлоо хуримтлагджээ.

Энэхүү эмхэтгэлд Улаанбаатар уулын дугуйн клубийн 2016 оноос 2025 оныг дуусталх 10 жилийн аяллын тэмдэглэл, Бахархлын тэмдэг хэмээх клубийн гишүүний хамтын тэмдэгтэй гишүүдийн зурагтай нэрсийн жагсаалт болон клубийн танилцуулга зэрэг мэдээлэл багтсан. Аяллын тэмдэглэл нь маршрут ба маршрутын дагуух замын нөхцөл, тухайн үеийн газар орон болон хүн зоны онцлог, аялалд оролцогчдын ерөнхий байдал зэргийг текст болон гэрэл зургаар илэрхийлсэн.
Тус эмхэтгэл нь зөвхөн дурсгалын цомог болох гэлтгүй нэн ялангуяа дээр дурдсанчлан унадаг дугуйтай аяллын маршрут ба маршрутын дагуух замын нөхцөл, тухайн үеийн газар орон болон хүн зоны онцлог, аялалд оролцогчдын ерөнхий байдал зэргийг фото зургаар баяжуулсан бичвэр тэмдэглэл болохын хувьд түүхэн судалгааны эх сурвалж болох ч ач холбогдолтой. Иймээс хэдийгээр эмхэтгэл маш цөөн тоогоор хэвлэгдсэн ч тэдгээрийн хэдэн хувийг олон улс болон дотоодын нийтийн номын санд байрлуулна. Энэхүү ач холбогдлыг харгалзан үзэж хэвлэлийн эхийг бэлдэхдээ хоногийн болон олон хоногийн аялал зэрэг томоохон аяллын төслүүд, аяллын цуглах цэгүүд бас аяллын үеэр давж байсан даваануудтай харгалзах хуудаснуудын дугаарыг заасан товьёгийг эмхэтгэлийн төгсгөлд оруулсан.

Эмхэтгэлийн агуулга:
Ногоон дугуйгаар анх эхэлж улмаар фейсбүүк групп дээрх тэр нэгэн Going үйлдлээр хөгжөөгдсөн аяллын буухиа үл тасрах болтугай.
Зүгээр л жий.