Нэлээд оройтож 10 цаг өнгөрөөгөөд гарлаа. Дарь эх, Дамбадаржаагийн замаар жийж Бэлхийн амаар зүүн салаа руу орж өгслөө. Тэр үед засмалаас Зүүн салаа руу салаад шороон замтай байсан. Дээш өгсүүр зам сул шороо, дунд зэргийн хэмхдэс чулуутай жийж явахад саад болох ч бас ч гэж жийгээд байхаар байлаа. Хажуугаар уруудах автомашины тоос харин бужигнана. Хадат хотхон баригдаж байсан санагдана. Хажуугаар нь өгссөөр давааны үндсэн өгсүүр дээр түрлээ.
Даваан дээр гарчихлаа. УБ хот, Туул голын хөндий, Богд уул тэр чигээрээ алган дээр мэт харагдана. Энэ замаар оюутан ахуй цагтаа хэдэнтээ явж байгаад, Химийн ам гэдэгээр шууд Бурхант хошуу руу буудгийг мэдэж байсан. Тэр зүг замгүй учраас уулын орой, хяр дамжсан автомашины шороон замыг сонгон явлаа. Хэд хэдэн хяр руу өгсөж, багахан уруудаад дахиад л өгсөнө. Зүүн талаас хөндлөн зам ороод баруун тийш уруудаад явчихлаа. Зам дуусаагүй тул явсаар л байв. Унадаг дугуй жийх боломжгүй, олон жилийн хар модны шилмүүсэнд дарагдсан зам пампагнаад жийх боломжгүй шигдээд байсан. Тэгээд ч жийх тамир хүч сорогдсон мэт санагдаад, алхаад баймаар байлаа. Ер нь их тамирдсан, сүүлдээ хөлс урсахаа болив.
Энэ аяллаар уулын орой, хяр дамжин унадаг дугуйгаар явах нь санаж байснаас хүнд байдгийг ойлгосон. Мөн Улиастай амаар өгсөж, уруудах зам нь уулын дугуйд тун тохиромжтой юм байна гэж дүгнэсэн. Энэ хөндий бидний олон олон аяллыг гараа болж, олон олон аяллын төгсгөл болон тосож авна гэдгийг тухайн үед яахан төсөөлөх билээ.