Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #5 - ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМАГ 2019

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/124
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
425 км
Давааны тоо
2
Өндөр авалт
2610 м
Өндөр алдалт
-2921 м
Их өгсөлт
7.7 %
Их уруудалт
7.7 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2019 оны 5 сарын 25 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хэрлэн голын зүүн дэнж
Цуглах цэгийн солбицол
47.692667, 108.477111
47°41'33.6"N, 108°28'37.6"E

Аяллын тэмдэглэл

ЭХНИЙ ӨДӨР: 5 сарын 24. Баасан гариг
Монгол орны зүүн урд хэсэг буюу Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар унадаг дугуйгаар аялах аяллын баг Буянт Ухаа цогцолборын талбайд 17.30 цагаас цуглаж эхлэв. Тэнгэр бүрхэж, зүүн хойноос салхилан хур тунадас орох төлөвтэй болчихов.

Ачааны автомашинд унадаг дугуйнуудыг хайрцаглан ачлаа. Биднийг Ногоон тэмдэгтэй гишүүн А.Энхжин (136), С.Бадрал (177) нар гаргаж өгөв. Ч.Мажигсүрэн (036)-ын ачааны автомашинд 3 аялагч, Б.Батжаргал (116)-ын автомашинд 4 аялагч, Г.Ганбаяр (118)-ын автомашинд 8 аялагч сууж хотоос Төв аймгийн замаар Налайх дүүрэг рүү зорьлоо.

Налайх дүүрэгт Хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088)-ын гэрт ирж гэргий Ц.Тунгалаг (088А)-ийн гарын хоол идэж ундлаад, ачаагаа дахин баглаж 23.00 цагын үед Багануур дүүрэг рүү хөдлөв. Замд бороо шивэрч байлаа. Саадгүй явсаар Хэрлэн голын гүүрээр гарч зүүн талын дэнж дээр 02.30 цагын үед отоглов. Зүүн хойноос хүчтэйхэн салхитай бүрхэг шөнө болж билээ.

ЭНЭ ӨДРИЙН ТАЛАРХАЛ
Аяллын гарааны бэлтгэлийг манай залуус группийн админ Ч.Мажигсүрэнгийн удирдлагаар маш сайн хангасан байв. Аяллын менежер Э.Уянга (074), гишүүн Г.Ганбаяр (118), А.Эрдэнэдулам (068) нар дугуй хийх хайрцаг, дөрөө салгах багаж түлхүүр бэлдэн, багийн бүрэлдхүүнд тохируулан автомашины сонголтыг хийсэн байв. Үүний ачаар 3 автомашинд бүгд сууж тавтай зорчих боломжийг бүрдүүлсэн юм. Бидний хүсэл зорилго нэгэн зүг тэмүүлэх агшинд төрдөг баяр бахдал сэтгэлд дахин ундарч билээ. Та нартаа маш их баярлалаа.

Зураг 1. Олон хоногийн аяллын тойм зураг
ХОЁР ДАХЬ ӨДӨР: 5 сарын 25 өдөр, Бямба гариг
Тэнгэр бүрхэг, салхины чиглэл зүүн хойноос, та нар хүрээд ир гэж "өдөх" мэт хүч нь нэмэгджээ. Өглөө 7.30 цагт гишүүн С.Энхбаатар (012), гэргий Ц.Оюунчимэг (012А)-ийн хамт автомашинтай давхиад (төлөвлөгөөний дагуу) ирлээ. Манай баг 18 хүнтэй болов. Хоёр автомашинаа зочид буудлын гадаа үлдээлээ. Цааш цуваатай хамт хоёр автомашин явна. Мөн 15 дугуйчин жийнэ.

Зураг 2. Замчдын даваа дээр гарч ирэхүй
Туулах зай (195 км), зам (зүүн чиглэлийн засмал), чиглэл (Өндөрхаан хот) тодорхой. Багийн гишүүдийн зорилго тодорхой, гагцхүү байгаль эхийн араншинг урьдчилан тааж "сөрөх" эсвэл аяыг нь дагах гэдэг аялагч хүний сэтгэлийн хүч, тэвчээрийг шалгадаг "үл үзэгдэгч" том даваа "бүрхэг" байдаг билээ. Салхи зүүн хойноос 12 м/с орчим хурдтай манай цувааг цохилоо. Багаараа сөрлөө дөө.

Зураг 3. Манай баг. Замчдын даваа
Аяллын замын гадаргуу, гадаргын хотгор гүдгэр, аялагч хүний биеийн байдал зэрэг харилцан адилгүй маш олон хувьсагчийн нийлбэрээс тухайн аяллын ерөнхий хэмнэл бүрддэг. Хэрлэн голын хөвөөнөөс аяллын гараа 8.40 цагт эхэлж 32 км өгсөн жийсээр 10.40 цагт Замчдын (албан бус нэр байх магадлалтай) даваа дээр ирлээ. Энд Дорнод аймагт томилолтоор ажиллаад буцаж явсан гишүүн Т.Баярсайхан (038) анд биднийг угтлаа. Хөгжил хөөртэй амран, дурсгалын зураг татуулан даваа уруудлаа. Дахин хоёр хөтөл Бор хужирын даваа даваад Цэнхэрмандал сумын төвд 12.10 цагт ирэв.

Зураг 4. Бидний унаа. Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум
Тэнгэр бүрхэг, салхи бидний урдаас жишүүхэн цохино. Нүцгэн уулс бас толгод нөгөө л танил өгсүүр уруу, эргэлт, алсад зурайх зам, гандуухан газар орон, ширүүхэн зөрөх автомашин ... зогсолтгүй урагшлах андууд гээд аяллын энгийн нэг зураглал нүдний өмнө жирэлзэнэ. Аяллын хэмнэлээс харахад ерөнхийдөө 3 хэсэг болон хоорондоо 1000- 500м орчим зайтай жийж байлаа. Толгойн хэсгийг 5-6 залуус оройлон жийж, дунд хэсэгт 4-5 дугуйчин цуваа болон км бүрээр ээлжлэн салхиа авч, арын хэсэгт 3-4 дугуйчин автомашины салхин доор урагшилна.

Зураг 5. Хэнтий аймаг, Жаргалхаан сумаас гарч явах замд
Хамар даваа даваад Жаргалтхаан сумын төв дээр 15.20 цагт ирж үдийн хоол идээд хөдлөв. Бага шиг наадам болж байсан. Ачааны автомашин товлосон газраа цувааг хүлээн зам зуур ундаа, ус, хүнсний зүйлээр байнгын хангалт хийж явлаа. Дуутын даваа даваад түр зуурын ширүүн бороонд цохиулж, солонгоны үзүүрээр жирийж үзлээ. Удахгүй тэнгэр онгойж Чандганы (22 км орчим урт) тал намайг тайван туулаарай гэх шиг угтлаа. Хойд зүгт Чандганы суурин урд зүгт уурхайн мөргөцөг харагдана.

Зураг 6. Манай баг. Хамар даваа
Орой нар гудайж салхи харьцангуй тогтуун болох үед бидний хурд огцом нэмэгдлээ. Жирийтэл жийсээр Мөрөн сумын төвд 19.20 цагт ирж амсхийлээ. Одоо Өндөрхаан хот хүртэл 30 км үлдсэн. Хувцсаа дулаалж, ард урд гэрэл чийдэнгээ хийгээд бүгд 3 эгнээнд орон өгсүүр уруу толгодын замд жавхаатай жийсээр Өндөрхаан хотод 21.40 цагт ирж билээ. Энэ өдөр 195 км зам тууллаа.

ӨДРИЙН ТАЛАРХАЛ, БАХАРХАЛ
Зөвхөн эр хүний л тэсвэр тэвчээр, бяр хүч дийлэх болов уу гэсэн хулчгардуу бодлыг тас цохин аялагч гишүүн О.Дарьхийхүү (050) бүсгүй энэ өдрийн аяллын замыг бахархалтайгаар дуусгасан юм.

Зураг 7. Манай бүсгүй О.Дарьхийхүү (050), багийн анд нарын хамт Жаргалхаан сумаас Хамар даваа зорих замд
Аяллын хамгийн том саадыг хааж бүтэн өдөр (9 цаг 40 минут)-ийн турш хүнд араагаар 20-30 км цагын хурдыг хадгалан автомашины хаазыг хөлөө өвдтөл жигд хэмнэлээр барьж явна гэдэг хэн хүний хийх ажил яав ч биш билээ. Гэтэл үүнийг бүсгүй хүн, манай багийн гишүүн Ц.Оюунчимэг (012А) хийж чадсан юм. Аюулгүй байдлыг ханган, өдрийн турш анхааралаа төвлөрүүлэн багийн анд нартайгаа хамт урагшилж, унд ус хоол цайгаар үйлчлэн сэтгэл дүүрэн инээд бэлэглэн аялаж чадсан юм. Ийм л гайхамшигт бүсгүйчүүд манай багийн түлхүүр болон аялал амжилттай болох хаалгыг нээж өгсөн билээ. Та нартаа маш их баярлалаа.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР: 5 сарын 26 өдөр, Ням гариг
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод гишүүн А.Батхуяг (117)-ын найз Нямхүү анд бидэнд тусалж Маргад зочид буудалд 50%-ийн хөнгөлөлттэй үнээр бууж сайхан амарлаа.

Зураг 8. Хэнтий аймаг. Өндөрхаан хот. Хэрлэн голын гүүр
Өглөө 8.40 цагт аяны замдаа гарав. Хэрлэн голын гүүр гараад багахан хоолны газар хүрэх 6 км замд араас салхилж туугдлаа. Зам зүүн зүг огцом эргэв. Өчигдөрийн танил салхинд аанай л цохиулан цуваа өгсүүрт урагшилна.

Зураг 9. Аяллын замын жирийн нэгэн зураг
Голын хөндийгөөс гарч байгаа тул ар араас цувран өндийх толгодын орой даван өгсүүрт жийсээр 45 км яваад Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн төв рүү салдаг уулзвар дээр 12.10 цагт ирлээ. Үдийн хоол идэж сайхан амраад Мөнхаан сум руу гарав. Тэнгэр ч цэлмээд нар ээгээд эхлэв. Зам зүүн урагш чиглэж, салхи харьцангуй араас боллоо. Хурд ч нэмэгдэв.

Зураг 10. Сүхбаатар аймгийн нутагт
Мөнххаан сумын төвд 17.00 цагийн үед ирж гишүүн Д.Мөнхнаст (088)-ын танил Алтанцэцэгийнд бууж хоол цай идэж уун тавтайхан амрав. Одоо аялал дуусахад 100 км үлдсэн. Мөнхаан сумаас гараад явж байтал нэг гишүүн маань унаж таагүй явдал боллоо. Анхны тусламж үзүүлэн яаралтай Баруун Урт хот руу Ц.Оюунчимэгийн автомашинд 2 гишүүний хамт суулган явуулав. Аяллын замд тохиолдох эрсдэл, аюулын магадлалыг аль болох л бид бууруулж явсансан. Бүгд нэг л гунигтай, бодлогшронгуй байлаа. Гэвч бид аяллаа үргэлжлүүлсэн ... бүр маш сайн, маш хурдан, маш нягт жийлээ. Баруун Урт хотын наад талын толгодын дунд өгсөж уруудан жийсээр 22.40 цагт угталтын хаалга дээр ирэв. Одоо 4 км үлдсэн.

Зураг 11. Аяллын цуваа үргэлжилсээр
Биднийг Баруун Урт хотод амьдран суудаг залуу Б.Галсанжамц мөнгөн аягатай сүү, хадаг барин угтаж, гэртээ зочлон оройн хоол идэхийг урьсан юм. Гэргий Ц.Тамирын гарын хоолыг идэж амраад, анд Алдарын бэлдсэн 3 өрөө цэлгэр байранд багынхан бууж маш сайхан амарсан билээ. Унасан гишүүн маань эмнэлэгт үзүүлж эмчилгээ аваад биднийг хүлээж байв. Ноцтой гэмтэл бэртэл одоогоор байхгүй гэж эмч урьдчилан дүгнэсэн гэв. Хөгжилтэй баяртай мартагдашгүй шөнө болсон доо. Энэ өдөр бид 230 км зам туулжээ.

ӨДРИЙН ТАЛАРХАЛ, БАХАРХАЛ
Группийн улбар шар тэмдэгтэй гишүүн, энэ аяллын менежер Э.Уянга (074) бүсгүй аяллын замын турш амралт, амсхийлт хийх бүр уух ус, ундаа, хөнгөн хоол хүнсээр бидэнд үйлчилж аялал амжилттай үргэлжлэх боломжоор хангаж явлаа. Мөн гишүүн Ч.Мажигсүрэн, А.Эрдэнэдулам нар ээлжлэн жолоо мушгиж, бас унадаг дугуйтай салхи "аван" жийж цувааны хурдыг тогтмол барихад гүн туслалцаа үзүүлж явлаа. Хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) аяллын явцын зургийг авсан болно. Хүн бүрийн сэтгэл зүрхнээс урсан гарах ийм л бэлэг, тусламжийн ачаар бидний аяллын зам амжилттай дууссан билээ.

Зураг 12. Манай баг. Сүхбаатар аймаг. Баруун Урт хот, төв талбай
Энэ аяллаар хөх тэмдэгтэй нэг гишүүн, шар тэмдэгтэй гурван гишүүн, улбар шар тэмдэгтэй нэг гишүүн "төрлөө". Та нартаа маш их баярлалаа.

ЖИЧ: Багийн хамт олон даваа гаригт Баруун Урт хотод хагас өдөр амраад, нутгийн зүг автомашинаар гарч УБ хотод 00.30 цагт ирсэн юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Дарьхийхүү А.Батхуяг С.Гарьд Д.Ганбат Л.Батболд С.Энхбаатар А.Эрдэнэдулам Э.Уянга Д.Мөнхнаст Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 5
  • 1
  • 2
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
С.Энхбаатар
  • 4785 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5359 км
  • 46
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6795 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 8
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9514 км
  • 64
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10304 км
  • 73
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 98
  • 12
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 11936 км
  • 78
  • 5
  • 3
  • 2
  • 5
Б.Насанбат
  • 12351 км
  • 77
  • 7
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Л.Батболд Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3603 км
Б.Батжаргал Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3587 км
Д.Мөнхнаст Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2785 км
Б.Насанбат Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2782 км