Тэнгэр цэлмэг, салхи баруун хойд зүгээс овоохон салхилсан хаврын нэгэн тунгалаг өглөө болов. Товолсон газраа цуглан, зарим гишүүд дэлгүүр орж хүнс нөөцлөөд замдаа 10.20 цагт гарлаа. Гацууртын ам хөндлөн гарч байхад голын жавартай хүйтэн салхи хацар хөлдөөх шахам үлээж байв. Туул голын хөндий рүү ороход дулаахан байв. Минж үржүүлгийн газрын хажууд татаж, зургаа авахуулаад, цааш шороо чулуутай замаар түжигнэтэл жийсээр, Дэндий амын эхээр дайрч уруудан Туул голын бургасанд орж өдрийн унд уулаа.

Замын байдал хуурай, шавар усгүй байв. Налайх хүртэл салхиар дэмжүүлэн явсаар, зүг эргэж Оргил худалдааны төв хүртэлхи өгсүүрт салхитай байлдан махийтал өгссөөр 12.40 цагт эхний дугуйчид ирсэн юм. Манай баг 31 хүнтэй байв.


Группийн анхны аяллаа хийсэн Д.Батболд, С.Бадам Очир, С.Бат Эрдэнэ, О.Одцэрэн, У.Хосбаяр, аяллын явцын зургийг авсан УШТГ Д.Мөнхнаст (088), цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УТГ У.Одбаяр (055) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.