УБ хотын алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрээр унадаг дугуйн Өдрийн аялал зохиох судалгааны аяллыг группийн 3 гишүүний хамт хийж байсан билээ. Зай нь нэлээд хол тул оролцогч нараас бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл шаардагдах нь тодорхой байсан. Налайх дүүрэгт цуглан Баян даваа даваж Эрдэнэ сумын төв хүртэл засмал замаар, цааш шороон замаар Өвөр Жанчивлангийн рашаан, Уршаантын голын хөндий, Багахангай дүүрэг хүрч засмалтайгаа нийлэн, Хоолтын даваа даваж Төв аймгийн Зуунмод хотоор орж, УБ хотын баруун урд талаас орох төлөвлөгөөтэй байлаа.
Группийн түүх: Энэ жилийн III улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр УТГ Б.Насанбат (зураг 5) жийлээ.
Нартай сайхан намрын өглөө угтлаа. Өглөө хотоос 6 цагт гарч жийгээд явж байтал Дүнжингаравын урд талбай дээр манай группийн хоёр охин (Энхчимэг, Золзаяа) таарав, Ёндонжамцыг хүлээж байна, та нарыг Налайх дээрээс гаргаж өгнө гэж хэлэн бүрэнхийд зогсох тэдэнд болгоомжтой яваарай гэж хэлээд замаа хөөлөө. Цоглог охид доо. Унадаг дугуйн замаар нь уужуухан жийсээр 7.17 цагт Налайхын Оргил дээр ирэв.
Манайхан цугласаар жийж, унаанд сууж, автобусанд дайгдан ирсээр. Нөгөө хоёр охин маань Хонхор хүрээд хот руу буцаад жийсэн (46 км) байлаа. Араас зөндөө гишүүд жийгээд ирж байгаа гэсэн мэдээ авав. Мэдээж, хүлээх шаардлаггүй, цуваагаа гүйцээд ирнэ гэдгийг дэндүү сайн мэдэж, итгэж байсан тул Баян даваа дээр өглөөний цай ууна гэдгийг хэлээд аялал 8.05 цагт эхлэв.

Замдаа Цонжин болдог дээр түр татаж дурсгалын зургаа татуулаад цааш хөдлөв. Хотоос биднийг гаргаж өгөх зорилгоо биелүүлсэн гишүүд эндээс жийгээд (110 км) буцлаа. Баян даваа дээр араас хоцронгуй гарсан гишүүд гүйцээд ирлээ. Ингэж баг бүрдэв. Нийт 24 аялагч (3 бүсгүй).
Эрдэнэ сумаас гарч ухаа гүвээ дундуур зурайх шороон замаар 7 орчим км явж байх үед нэг гишүүний маань өвдөг өвдөж, явах аргагүй болж Эрдэнэ сум руу (90 км) буцаалаа. Аялал цааш үргэлжилэх ахуйд толгойд буцсан гишүүнээ бодон нэгэн “ачаа” тархинд зүүгдэнэ. Багахангай руу дөхөх үед Эрдэнэ сумаас портерт ачигдан УБ хот хүргүүлсэн таатай мэдээг аяллын баг хүлээн авав. Нөгөө санаа зовонгуй “ачаа” ховх үсрэн алга болж, нэг асуудал ян тан боллоо. Манай гишүүдийн ийм л сайхан сэтгэл, аяллын баг хамт олондоо өөрийн асуудлыг нялзаадаггүй шулуун зан, өөрийн тухай мэдээллийг дамжуулах хариуцлагаа ойлгодог, тайлбарлах аргагүй нандин нэгэн холбоос бидний аяллыг чимдэг, дэмждэг гэдгийг дахин ойлгож сэтгэл хангалуун жийж явсан даа.

Салхи сөрөн, бүгд бөөндөө хоёр эгнээ болон тун сайхан хөрсөн замаар жирийтэл жийсээр Өвөр Жанчивлан амралтын газар 13 цагт ирж, өдрийн хоолоо идэж амраад, Уршаантын голын хавчиг хөндий дагасан тун саадгүй цагаан замаар уруудан явсаар талын томоохон хонхор бүхий хур борооны тэжээлтэй хоолойн ширгэмэл нуур, цөөрмийн дундуур гарч, Айраг нуурын урдуур алсад харагдах Багануурын төмөр замын даланг чиглэн явлаа. Энд нэг гишүүний шөрмөс, булчин зангирч хөдөөний айлд түр “үлдээв”. Админ Бадрал тэргүүтэй манай гишүүд автомашинтай Багахангай дээр ирсэн мэдээ авсан тул хөдөөний айлын байршилыг тэдэнд илгээгээд, цуваа замдаа гарлаа.

Багахангай дүүрэг хүртэл 5 орчим км зайтай газар таталт хийх агшинаа араас манай автомашин “үлдээсэн” гишүүнээ аваад сүнгэнээд ороод ирлээ. Халуун савтай сүүтэй цай, ус ундаа, боорцог боов анд нарын халуун тэврэлт уулзалт, бүгдийн нүд сэргэж туулсан замаас үлдэх алжаал мартагдан, бие сэргэх сайхан мөч үргэлжилсээр. Хотод бороо орж байгаа гэнэ, баруун хойд зүгт зангирсан үүлс алсад харагдана. Салхины мэдээгээр бол Багахангай хүрээд, араас биднийг түрэх учиртай байсан. Дүүрэг дээр амарч, хооллоод гарч ирэх үед салхи эргэж яг баруун хойд зүгээс нэлээд хурдтай үлээж байв. Багаараа хоёр эгнээ болон эхний 4 хос шижигнэсэн залуус ээлжлэн салхи авч, Хоолтын даваа руу зурайх замаар жийлээ.

Салхины хурд улам нэмэгдэж, борооны үзүүр рүү орж ирэв. Урд хойд гэрлээ асаалаа. Баруун хойд зүг зам эргэж яг халз салхи сөрөн бид урагшилсаар ... задгай хөндийд таталт хийх аргагүй, админ Мажигсүрэн, гишүүн Гантулга нар машинтай угтан ирж, замын хажууд баригдсан хэсэг байшингийн нөмөр бараадан амарч халуун цай, хүнс идэж амрав. Бороо ч ороод эхлэв, цааш хөдлөн Хоолтын давааны өгсүүрт орох үед харанхуй нөмрөв. Нэг автомашинаа урд гарч хамгаалан, нөгөө автомашин сүүл барин цоожилж зогсолтгүй өгссөөр. Манай багийн залуус энэ өдөр биеийн болон сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлжилттэй байсан юм. Ялангуяа манай бүсгүйчүүд цогтой жийж, цувааны салхийг хүртэл зарим үед авч байлаа. Хоолтын даваа уруудах үед бороо ширүүсэв, бүгд МАК суурин зүг уруудан, өгсөн зогсолтгүй жийсээр 21 цагийн үед ирлээ.
Хүйтэн хүчтэй салхитай шөнө, бороонд цохиулан нэвт норсон тул аюулгүй байдлын үүднээс аяллыг энэ цэг дээр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ өдөр манай баг 180 км зам (10%) туулжээ. Хотоос биднийг авахаар гишүүд автомашин хөлөглөн ирсээр 8 боллоо.
Цаг агаарын таагүй нөхцөлд жийж буй манай багт гишүүн бүр л санаа зовон бидний зүг машинтай зорьсон юм. Группийн түүхэнд ийм өргөн хэмжээний угтан авалт (аврах ажиллагаа) болж байгаагүй билээ. Багийн 20 хүн, 20 унадаг дугуйг ачаалан хөдөлж, 22.30 цагт Дүнжингарав дээр ирж, намрын сорилт аялал ёстой л сорилт дүүрэн адал явдал дунд амжилттай явагдаж дууслаа.
Групптэй нэгдэн анхны аялалдаа бахархал дүүрэн жийсэн А.Өлзий бүсгүй, аяллын явцын зургийг авч аялсан УШТГ Э.Уянга (074), УШТГ Д.Мөнхнаст (088), автомашинаар өдөржин биднийг тойрон аялсан админ С.Бадрал (177), багийн хамт олныг хамгаалж дагаж аялсан админ Ч.Мажигсүрэн (036) түүний бяцхан охин, УШТГ Ц.Гантулга (005) түүний бяцхан хүү, тосон авч тээвэрлэн аялсан УТГ У.Одбаяр (055), аялагч гишүүн Т.Энхбаяр (141), ХТГ Д.Гантөмөр (168), ШТГ Б.Бадрах (213), НТГ Д.Гарамдорж (218), хээрийн замд угтан авч халуун цай, хоол хүнсээр дайлсан УТГ Н.Төгөлдөр (052), УТГ Б.Насанбат (113) болон Намрын сорилтын аялалд цоглог аялсан багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.