Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #6 - Долоон давааны сорилго 2022

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/238
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
121 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2300 м
Өндөр алдалт
-2301 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
13.4 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2022 оны 9 сарын 17 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүхнээ "Долоон даваа" гэсэн аяллыг 5 удаа зохиож байснаас сүүлийнх буюу 2022 оны хаврын аялалд группийн гишүүд ганцаарчилсан байдлаар оролцсон. Тийнхүү аяллын замыг ганцаараа бие даан туулахын тулд аяллын маршрут ба газар орны онцлогийг урьдчилан судалж, эргэлтийн цэгүүдийг тэмдэглэж авах эсвэл цээжилж тогтоох, газрын зураг болон GPS төхөөрөмж ашиглаж сурах, унадаг дугуйныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын байдалд тохируулж хувцсаа сонгох, хоол хүнсээ зэхэх зэргээр урьдчилж бэлдэх улмаар аяллын үед жийлтийн эрчим буюу хурдаа тааруулах, амарч хооллох цагаа зохицуулах, хувцсаа тохируулж өмсөх, унадаг дугуйныхаа эвдрэл гэмтлийг засах, өөрөө өөрийгөө газарчлах болдог. Энэ нь байгальд бие даан аялах чадвар ахиулах, туршлага хуримтлуулахад ач холбогдолтой юм. Түүнчлэн аяллын үеэр цаг хугацаатай уралдах явдал цөөнгүй тохиолддог. Иймд энэхүү сорилгод цагийн хязгаарлалт нэмсэн. Ийнхүү "Долоон давааны сорилго" аялал нь унадаг дугуйчин хүн тухайн жил дэх биеийн бэлтгэл болоод сэтгэлийн тэвчээр, хатуужлаа замын урт ба цаг хугацаа хавсарсан нөхцөлд шалгах шалгуур боллоо.

БҮРТГЭЛ, ХУРААМЖ

  • Долоон давааны сорилго аялалд энэхүү вебээр дамжуулж цахимаар бүртгүүлнэ. Бүртгүүлэх үйл явц нь УБ уулын дугуйн аялал группийн аяллуудтай нэг ижил байна.
  • Энэхүү сорилго аялал нь УБ уулын дугуйн аялал группийн бусад аяллууд шиг ямарваа ХУРААМЖГҮЙ.

ШАГНАЛ

Долоон давааны сорилго нь үнэ бүхий шагналгүй. Харин сорилго давсанг гэрчилсэн баримт нотолгоог энэхүү веб хуудас дээр нийтэлнэ.

Замын урт ба цаг хугацаа гэсэн хоёр нөхцлийг бүрэн гүйцэд хангасан буюу гарааны цэгт ирцээ бүртгүүлж улмаар заасан замыг тогтоосон хугацаанд туулж барианд орсон тохиолдолд сорилго давсан гэж үзнэ. Заасан замыг тогтоосон хугацаанд туулсанаа унадаг дугуйн аяллын зориулалттай Strava болон Ride with GPS зэрэг аппликейшн дээрх бичлэгээр батална.

МАРШРУТ

Тахилтын автобусны эцсийн буудал дээр унадаг дугуйгаа унаж очоод гараанаас гарна. Өгсөн чиглэлээр аялж, даваа давсаар, Толгойтын давааны овоо дээр заасан цагт багтаж барианд орно. Маршрут буюу замын зургийг энэхүү веб хуудас дээр нийтэлсэн. Түүнчлэн замын зураг болон аяллын үеэрх өөрийнхөө байршлыг GPS модуль бүхий гар утас зэрэг төхөөрөмж дээр бодит цаг хугацаанд, интерактив байдлаар үзэх боломжтой.

  1. Тахилтын даваа
    Гараанаас гарч Тахилтын ам өгссөн 9 км алсын өгсүүрт жийгээд даваа давна. Автомашины шороон тод замтай. 
  2. Шижирийн даваа
    Тахилтын даваа уруудан явсаар бага шиг хошууны үзүүрийн дээгүүр даван Шижирийн амны баруун салаа руу орж, өгсөн Шижирийн даваа дээр гарна. Энэ давааны өгсүүр огцом талдаа байдаг.
  3. Найрамдалын хойд даваа
    Шижирийн даваанаас эгц уруудах бус дээд энгэр барьсан замаар хэжиж явсаар намхан зоо даван тонгойж, огцом уруудан зуслангийн айлууд захлан явсаар засмал замтай нийлнэ. Найрамдал зуслангийн төв замаар явсаар ой руу орж, шороон замтай болдог. Ерөнхийдөө гол дагасан замаа барьж явсаар чийглэг, шаварлаг хөрс бүхий нугын бүдэг замаар өгсөнө. Сүүлдээ энэ зам жим болдог. Голын эх болох горхи хөндлөн гарч жимээр явсаар даваан дээр гарах үед эргээд зам болдог. Орой нь холоос харагддаггүй, ой модон дунд байдаг. Даваанаас  уулын энгэр барин уруудсан замаар явсаар ой мод дуусах үед замгүй болно. Ажигч хүнд уруудсан бүдэг зам ой дотор харагддаг. Доош уруудан явсаар удахгүй бүдэг замтай нийлж Толгойтын давааны өргөн уужим ам руу орж ирнэ. Ар Гүнтийн засмал замаар хөндлөн гарч уулын хошууны бага шиг зоогоор даван Зүүн Ацын даваа хүрэх ам руу ордог. Энэ зам нь алсын өгсүүртэй ба зам нь чулуутай, шавартай, устай байдаг. Дээш өгссөөр зам хоёр сална. Зүүн гар талын (ертөнцийн зүгээр баруун зүг) огцом өгссөн замаар салж, нарлаг хошуу дээр гарна. Замаараа цааш аажуу өгссөөр Зүүн Ацын даваа дээр хүрдэг.
  4. Зүүн Ацын даваа
    Энэ бол нуугдмал даваа юм. Даваа дээр гарсанаа овоогоор нь мэднэ. Хойш чиглэсэн тод замаар доош уруудан явсаар Халзангийн ам руу орно.
  5. Хадлангийн даваа
    Баруун гар талын дагаж уруудсан уулын хошуугаа ороон эргэж дээш өгсөнө. Зам нь нэлээд дор байдаг тул товчлох гэж хэт дээгүүр ороон эргэхгүй байхыг зөвлөж байна. Айлууд зусдаг. Иймээс нохой дагаж магадгүй. Өгсөж яваа болохоор нохойноос зугтах боломжгүй, өөрсдийн туршлагаараа аргалаарай. Тод замаа даган өгссөөр модон урц хэлбэртэй овоо бүхий хяр дээр гарна. Тэр хяраас хальт уруудан, замаараа өгсөн ой дундуур явсаар Хадлангийн даваа дээр гарна. Бас овоотой. Уруудан явсаар, засмал замд нийлнэ.
  6. Дугуйчидын даваа
    Энэ нь албан бус нэр юм. Засмал замаар урагш чиглэн явж байтал Майхан толгой руу чиглэсэн шороон зам сална. Замын гарц дээр газар орны нэр бичсэн жижиг самбар бий. Гудам дундуур баруун тийш чиглэсэн шороон зам хойш яльгүй даялж гүүр гарна. Үүний дараа зуслангийн айлууд дундуурх шороон замаа дагаж уулын ам өөд өгсөнө. Мухар зам, айлын хашаа руу орохоос сэргийлж анхааралтай яваарай. Өөрөөр хэлбэл зам бага зэрэг тахирладаг. Бас шавар ус, ховил зэрэг багахан саад бартаа бий. Даваа дээр гарахад голдоо овоо бүхий ойн чөлөө таарна. Тод замаа даган уруудахад Зүүн ацын даваа өөд чиглэн ирсэн замд нийлнэ. Түрүүхэн танил болсон замаар сурсан дуугаа аяланхан явсаар Ар Гүнтийн засмал хүрнэ.
  7. Толгойтын даваа
    Ар Гүнтийн засмал замаар хальтхан яваад Толгойтын даваа өгсөх ам руу салж даваа дээр гарч барианд орно.

Гараа, даваа болон бариа хүртэлх зай нь дараах хэмжээтэй байна.

  1. Цуглах цэг хүрэх 20 км (20 км)
  2. Цуглах цэг буюу гараа - Тахилтын даваа 9 км (29 км)
  3. Тахилтын даваа - Шижирийн даваа 10 км (39 км)
  4. Шижирийн даваа - Найрамдалын хойд даваа 7 км (46 км)
  5. Найрамдалын хойд даваа - Зүүн Ацын даваа 15.8 км (61.8 км)
  6. Зүүн Ацын даваа - Хадлангийн даваа 11.3 км (73.1 км)
  7. Хадлангийн даваа - Дугуйчдын даваа 13.4 км (86.5 км)
  8. Дугуйчидын даваа - Толгойтын даваа буюу бариа 13.8 км (100.3 км)
  9. Барианаас буцах 20.7 км (121 км)

Цуглах цэг хүрэх бас барианаас буцах замын уртыг Сүхбаатарын талбайгаас тооцсон.

ЦАГИЙН ХУВААРЬ

Гараа болон бариа нь дор заасан байршил болон цагийн хуваарийн дагуу  ажиллана. Сорилгод оролцогч нь ирц болон жийлтээ гараа болон барианы цэг дээр харгалзах хугацааны интервалд багтаж бүртгүүлнэ.

  • Гараа
    Тахилтын автобусны эцсийн буудал
    08:30 цагаас 09:00 цаг хүртэл
  • Бариа
    Толгойтын даваа
    14:30 цагаас 17:00 цаг хүртэл

БУСАД

  1. Долоон давааны сорилго аялалд зөвхөн хүний булчингийн хүчээр хөдөлж явдаг унадаг дугуйгаар оролцоно.
  2. УБ уулын дугуйн аялал группийн аяллын үеэр автомашин дагуулдаггүй уламжлалтай бөгөөд үүнийг энэхүү аялал - сорилгын үеэр ч даган мөрдөнө.
  3. Энд зааснаас бусад зүйлсийг УБ уулын дугуйн аялал группийн Цахим гэрээгээр зохицуулна.

Орон зай ба цаг хугацааны зааг хязгаарлалт бүхий аялал - сорилго давж өөрөө өөрийгөө ялан дийлцгээе!

Аяллын тэмдэглэл

Гараа

Гараанаас нийт 13 дугуйчин гурав тасран гарчээ. Энэ нь бүртгүүлсэн дугуйчдын яг 65 хувь нь сорилгод оролцсон гэсэн үг юм.

Зураг 1. Гарааны цэгээс 09:00 цагт хөдөлсөн дэд хэсгийн бүрэлдэхүүн

Манайхан "За, хөдөлье хөдөлье! Цаг болчихлоо." хэмээн өөрсдөө л дугуйндаа мордох нь сорилгын цагийн хязгаар гэхээсээ цагтаа хөдлөөд хэвшсэнийх биз ээ. Сорилгод оролцоно хэмээсэн гишүүдээс дөрөв, тав нь өдий болтол ирээгүй байсан тул хөдлөх үедээ эцсийн удаа эргэн харахад өнөөх хэдийн бараа алга. Сүүлд сонсоход тэд 09:10 цагт гарааны цэг дээр хүрэлцэн ирсэн байна. Улмаар умар зүгээс эцэс төгсгөлгүй үлээх хүйтэвтэр салхийг ээлжлэн зүссээр гүйцэж иржээ. Тэдний түрүүч, группийн аялагч гишүүн Базаррагчаа Шижирийн давааны арын амаар өгсөх замын хагаст бүгдийг гүйцэж даваа дээр түрүүлэн гарав. Идэвхтэй бэлтгэл хийн, сүүлийн үеийн тэмцээнүүдэд чамгүй амжилт үзүүлж буй идэр залуу маань ёстой бахдалтай жийсээр сорилгыг амжилттай давсан.

Өрнөл

Шижирийн даваанаас Базаррагчаа гишүүнтэй хамт уруудаж, Найрамдлын даваа өөд өгсөх замд ороход танил нэгэн дуу чих дэлссэн нь ХТГ Ёндонжамц байлаа. Давааны уруу сайхан буудна гэтэл ямар эвгүй зам байв аа гэсээр бид хоёртой нэгдэв. Үүний өмнөх Тахилтын даваа дээр гарах үест бусдаасаа тасран гүйцэж гарч ирсэн тэрбээр энэ удаад ч ийнхүү нэхэн иржээ. Ингээд гурвуулаа хамт Найрамдлын даваа давсан.

Найрамдлын давааны хавчиг зам, нарийн жим дэх ус чийг хэдийгээр сүүлийн хоёр хоног бороотой байсан ч цаг улирлаа даган овоо хатжээ. Гэхдээ л жийхгүй бол цаг их алдана хэмээн "хүчлэв". Харин нүх ба ховил нь дэндсэн, жийвэл бүр их хүч гаргах атлаа хурдалж чадахааргүй хэсэгхэн газарт дугуйгаа түрцгээв. Даваанаас уруудах замд ороход хатаж хагдарч буй өвс дээр дугуй урд хойдгүй хальтираад тогтож өгөхгүй байв. Хатаж хагдарч буйн дээр бороонд норсон нь улам нэрмээс болсон биз. Гэлээ ч замын энэ хэсгийг бид маш шуурхай туулж чадлаа.

Найрамдлын даваанаас бууж засмал зам огтолж гарахын өмнө зогсоод хамт яваа хоёроосоо "Та хоёр уух, идэх зүйлээ авсан уу? Хэрэв тийм бол Зүүн ац хүрэх замын дунд буудаллая." хэмээвэл "Тийм. Тэгье." хэмээн хариулцгааж байна. Мань хоёр замаа сайн мэдэхгүй гэсэн тул замчлахаас гадна амрах, хооллох хуваарьт нь санаа тавилгүй бол болохгүй л дээ. Ингээд цааш хөдлөв. Яг энэ үед нэг дугуйчин гүйцэн ирсэн нь ШТГ Азжаргал байв. Тэрбээр шууд бидэнтэй нэгдэн засмал зам хөндлөн гарч дөрөв дэх даваа руу зүглэлээ. Энэ нь сүүлдээ "Түрүүн дэлгүүрээс юм авх байсан юм" гэсэн үгээр өндөрлөхийг тэрхэн үедээ яахан мэдэх билээ. Төлөвлөсөн ёсоороо замын дунд байх нөмөр нөөлөг нь жигтэйхэн дэнжийн өвөрт хооллож, ундлахаар зогсоход Азаа маань дэлгүүрээс "юм" авах байснаа хэлж байна. Одоо хоёрын хоёр даваа давахаас нааш дэлгүүрийн бараа харахгүй тул дугуйн спортын мастерын зангараг ба шар тэмдэгтний тэсвэр тэвчээрийг л үзүүлэх цаг болжээ.

Бусад оролцогчид маань өдийд Найрамдлын даваа дээр л үзэж тарж яваа болов уу.

Буудаллаад хөдлөх болоход яг араас жийж явсан ХТГ Ёндонжамц маань байдаггүй. Жирийн аялал байсан бол буцаж жийн очно л доо. Харин энэ удаагийнх сорилго байдалтай, оролцогчид толгой толгойгоо дааж аялах ёстой тул шууд хаяхаас өөр замгүй. Шулуухан хэлбэл энэ сорилго нь зэрлэгдүү л дээ. Сорилгын төгсгөлд түүнээс ирсэн мэдээнд "Оройн мэнд, би өдөр .. унд уучаад та хэдийн мөрийг дагаад болчих юм шиг санагдаад тэгээд нилээн дээр гараад зам уулзвар шиг огтлолцсон хэсэг дээр ирээд баримжаагүй болсондоо хэхэ. Тэгээд шууд чигээрээ өгсдөгөөр нь өгсөөд (аймар огцом жийхийн эцэсгүй) арай гэж дээр нь гараад цаашаа буух зам нь хүн амьтан явдаг шинжгүй бүдгэрсэн байхаар нь буцаж нөгөө уулзвар руугаа буугаад Санзайгийн ардаас бууж ирээд тэр чигээрээ гэртээ харисан байдгиймаа :)" гэжээ. Сорилгыг өлхөн давах чадалтай залуу ингээд замын дундаас гарсан нь нэн харамсалтай. Дараа жилийн сорилгыг заавал даваарай. Энэ дашрамд хэлэхэд группийн аяллын маршрутыг гар утас дээрээ нээж интерактив байдлаар үзэж судлах, цаашилбал Ride with GPS гэдэг апп-ын тусламжтай маршрутын дагуух байршлаа хараад аялах боломжтой болоод бараг жил шахаж байгааг группийн нийт гишүүдэд сануулах зорилгоор дурдъя.

Оргил

Зүүн ацын даваанаас уруудахдаа ШТГ Азжаргалын биднийг гүйцэж ирсэн "нууц"-ыг мэдэв. Нэлээн эрчтэй, зоригтой урууддаг ажээ.

Мөнөөх даваанаас буусан манай хоёр бяцхан хошуу даваад таг чиг болов. Очтол горхиноос ус авч бас ууцгааж байв. Өглөө хоцорсон, хоцорсоноо нөхөх гэж шахсанаас болж нэлээн ангаж цангасан биз ээ. Сая буудаллахдаа мөн адил савныхаа ёроолыг гаргачихсан би вээр ус авсангүй, уусангүй. Зогсохгүй жийгээд л байвал усаа барах нь байтугай балгадаггүй гэсэн зэрлэг тал бий. Тэгээд ч ганцхан даваа даваад л дэлгүүр орох тул шууд гүрийхэд асуудалгүй. Мөн өнөөдрийн агаарын хэм доогуур бас үүлэрхэг байсан нь усны хэрэглээ бага байх нөхцөл бүрдүүлж байв. Гэхдээ л ямар ч хүйтэнд дугуйчин хүн жийж яваа үедээ заавал хөлөрдөгийг мартаж болохгүй. Иймээс тийнхүү усаа сэлбэж буй нь зөв юм.

Хадлангийн даваа болон Дугуйчидын давааны замаар явахад ганц зүйл анхаарал татсан нь уулын зүүн тал балчиг болсон байхад баруун тал нь бараг хуурай шахуу байсан явдал юм. Өглөө хотын төвөөс гарааны цэг хүрэхэд сүүлийн бороо тийнхүү алаг цоог орсон нь анзаарагдаж байсан юм. Ингээд замын энэхүү хэсэгт замын шалбааг сүлжих, өгсүүр газрын шавар шавхайг тойрох эсвэл хальтирч уначихгүйхэн шиг аргалж гарах гэсэн зугаатай ажил хийсээр замын уртыг бараг анзаарсангүй.

Хойно яваа манай хэдээс ямар ч сураг ажиг алга. Цагт хавчигдаад чат, мсж гэх сөхөөгүй яваа л даа. Харин бид гурвын хувьд Хадлангийн даваанаас бууж Санзай дахь дэлгүүр дээр зогсоод хөдлөхөд яг 14:00 цаг болж байв. 09:00 цагаас хойш яг 5 цаг өнгөрчээ. Тэгэхээр "нэг даваа - нэг цагийн ажил" гэсэн "бүдүүлэг" тооцооны үр дүн гарч байна.

Мөн биднийг Дугуйчидын даваа давахад орой дээр нь Nomadic Cycling Club буюу Нүүдэлчин унадаг дугуйн клубын дугуйчид аялж яваатай нь тааралдав. Тэд Гүнтээр давж Ар гүнт ороод эцэст нь Дугуйчидын даваа дээр гарч ирцгээгээд буй нь энэ бололтой. Явуут дундаа мэнд мэдээд, аяллынх нь чиглэлийг гадарлах төдий л яриа өрнүүлж амжаад зогсолгүй тэр чигтээ жийж өнгөрсөн миний чихэнд "Долоон давааны ..." гэсэн үгс хальт сонсогдоод яриа нь бүдгэрэв. Мөн тэднийхэн манай арын хэдтэй тааралдсан гэсэн.

Түүнчлэн 5 даваа давсаны дараа зарим нэг гишүүн аяллаа өндөрлүүлсэн байна. Бас сүүлдэж хоцорсон нэр бүхий гурван гишүүн улам бүр алсран холдож байсан болов уу. Тэд барианы цагаас хоцорсон ч 7 даваагаа давж дуусгасан байна. Сорилгын нөхцөл ёсоор зөвхөн маршрутаа заасан цагт туулсан гишүүдийг л барьж, жийлтийг нь бүртгээд харин "мултарсан" оролцогчдыг шууд орхих "зэрлэг" аялал байсныг зөвөөр ойлгоорой. Хэн нэгний хэлсэнээр жилд ганц л удаа бас админуудын нэгний бичсэнчлэн насанд хүрсэн том жаалууд тул үүнд эмзэглэхгүй биз ээ.

Төгсгөл

Сорилгын төгсгөл хэсэгт оролцогчдыг санасанаа хийж санаа амарсан эсвэл цагт улам шахуулж бачимдсан гэсэн хоёр хэсэгт хувааж болно. Түрүүлж яваа бид гурвын хувьд хангалттай их цаг үлджээ. Замын турш надаар замчлуулсан группийн аялагч гишүүн Базаррагч маань Толгойтын даваа өөд л өөрийнхөө эрчмээр жийх боломж нь нээгдсэн дээ. Эргэлтийн цэгээр нь зөв салгаж улмаар чухам аль замаар явахыг хэлж өгсөний дараа ёстой л уяа нь алдуурсан мэт алга болов. Түүнчлэн даваа дээр хүлээлгүй шууд харьж болохыг хэлэв. Харин ШТГ Азжаргалын барааг алдалгүй өгсөв. Азаагийн хувьд ч үүнээс өмнө барианд орох боломж харагдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Толгойд явсан бид хэдийг гүйцэж ирсэнээс хойш буюу замын дунд болон төгсгөлд хань татаад л хамт яваад байсан болов уу. Ерөнхийдөө хашир гишүүн замын жижиг сажиг зүйл дээр толгой гашилгах шаардлагагүй, алдаа гаргахгүй амар болно хэмээн сэтгэсэн байж ч магадгүй.

Одоо нэг аймаар юм ярьж өгье. Даваа дээр гарах үед аль хэдийн гарчихаад буй Азаагийн бараа харагдсаар, нааш цааш явах нь илхэн байв. Тэгээд намайг даваа дээр гарахтай зэрэгцэн зүүн тийш чиглэн мод руу орох шиг болсон авч очоод хайхад огт байсангүй нь нэн сонирхолтой. Яг л газрын гаваар орчихсон гэлтэй. Тэр үед биднийг угтахаар ирсэн ЯТА Ожго ах мод нөмөрлөн тухлан суугаа бөгөөд Азааг чухам тийшээгээ чиглэн мод руу орчихлоо гэж бодсон юм. Гэтэл даваа дээр Азаа ч байдаггүй, бүр цаашилбал админ ч байдаггүй. Тэгээд админтай утсаар ярьтал шалтгаантай болсон ба үүнийгээ чатаар бичсэнийг нь би хараагүй байсан болж таарав. Харин Азаагийн яасан учрыг л олсонгүй. Одоо бодвол цааш уруудахыг нь л анзаараагүй бололтой.

Мөн сая дурдсанчлан том админ барианы цэгт биеэр байгаагүй учраас сорилгыг бусдаас түрүүлэн давж дуусгасан хоёр оролцогчийн барианы зураг үлдээгүй нь тооцоолоогүй явдал болжээ.

Ийнхүү эхний оролцогч сорилгыг 7 цагийн дотор бардам дуусгасан бол айвуу тайвуу өгсөж гарсан миний хувьд 7 цагт 10 минут дутуу байв. Нэг талаас зорьсон хугацаа болох 7 цагтаа багтааж буй нь ойлгомжтой болсон, нөгөө талаас барианы цэг дээр 17:00 цаг хүртэл хөдлөлгүй зогсож, барианд орогчдыг бүртгэх ёстой тул өөрийгөө шавдуулах хэрэг байсангүй. Эсрэгээрээ даваа дээр хэт эрт гарч удаан зогсвол даарч жиндэх аюултай л даа.

Зураг 2. Зугаа гарган цаг нөгцөөж өгсөн хээрийн бор оготно

Арын хэдээс барианд орж иртэл яг нэг цаг өнгөрөв. Үүнээс админ Ожго ахтай утсаар ярьж хэдэн минутыг нь цааш харуулсан. Харин санамсаргүй бөгөөд зугаатай нэг зүйл болсон нь хээрийн бор оготно гарч ирсэн явдал байлаа. Түүнийг дасгасаар байтал сүүлдээ өнөөх маань бүр миний цамцны ханцуй руу мацах зэргээр даварсан. Гар хуруу болоод гар утас үнэртэх нь бүр наад захын хэрэг болов. Хөл доогуур хөндлөн гулд гүйх нь ердийн хэрэг ээ. Сүүлдээ би өөрөө өнөөх оготноосоо залхсан шүү.

Зураг 3. Сорилго давсан оролцогчдын хоёр дугаар ээлжийн бүрэлдэхүүн Толгойтын даваа дээр

Цаг дуусахаас 10 орчим минутын өмнө манай хэд барианд бараг бөөнөөрөө орж ирсэн нь сэтгэл догдлуулсан баярт явдал болсон. Нэн ялангуяа НТГ Лазина бүсгүй барианд орж ирэхэд дөнгөж сая барианд орж ирсэн залуус нэг дуугаар дэмжиж түрхрэн орилолдох нь хэчнээн сүртэй байв аа. Энэ бол хэрэв зоригловол эмэгтэй хүн ч уг сорилгыг давах боломжтойг харуулсан явдал юм. Энэхүү сорилгын цагийн хязгаарыг анх тогтоохдоо эмэгтэй хүн бол хэмээн тусгай нөхцөл тавиагүй нь эмэгтэй хүн байлаа гээд аяллын үеэр уул даваа намсахгүй, салхи тогтохгүй, замын бартаа арилахгүй, цаг хугацаа удаашрахгүйтэй холбоотой билээ. Ийнхүү эрчүүдтэй мөр зэрэгцэн энэхүү сорилго давсан ганц бүсгүйдээ онцгойлон халуун баяр хүргэе!

Сорилгын гараа, явц болон бариа нь буйдхан газарт даржин өрнөсөн ч гэлээ сорилго давсан оролцогчдын хувьд үгээр хэлшгүй агуу явдал байсан нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.

Цагтай уралдан барианд орж ирсэн залуусыг дугуйгаа зогсоон тонгойн буух үед духнаас нь хөлс дусалж байхыг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Энэ бол сорилгыг давахын төлөө хүч чадлаа дайчлан, тэсвэр тэвчээрээ шахсаны бодит илрэл юм. Үнэхээр ч дугуйчдын тухайн жилийн хавар ба зуны жийлтийн чанарыг шалгах зорилготой Долоон давааны сорилгыг давахад хөлс дуслахгүй, амьсгаа давхцахгүй байхаас өөр аргагүй ээ. Сорилго давсан бүх оролцогчдод группийн админууд болоод нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж байна. Зүгээр л жий!

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
Б.Баяржаргал Д.Базаррагчаа Т.Энхбаяр Ш.Лазина Ч.Азжаргал О.Адъяасүрэн Б.Жавхлантөгс Г.Махгал

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Баяржаргал Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1302 км