Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #7 - ДОЛООН ДАВАА VII

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/287
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
128 км
Давааны тоо
6
Өндөр авалт
2501 м
Өндөр алдалт
-2504 м
Их өгсөлт
21.3 %
Их уруудалт
21.3 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 2 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын ерөнхий ойлголт

"Долоон даваа" аялал нь группийн зүгээс сэдэл гаргадаг бусад төрлийн аяллаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Эдгээр нь группийн урьдын аяллын үр дүн, туршлага дээр суурилан өөрчлөгдсөөр ирсэн юм. "Долоон даваа  I-IV" аяллуудад нэг баг болон аялсан. "Долоон даваа V" аяллыг урьдчилсан сорилт хийж ганцаарчилсан буюу багт хуваагдан аялсан. "Долоон даваа VI" аяллыг ганцаарчилсан болон тодорхой цагт багтаан туулахаар хийсэн. Тогтоосон цагт барианд орж амжаагүй гишүүдийн туулсан зайг хувийн хэрэгт тусгахгүй байхаар шийдсэн.  Группийн 280 дахь аялал болох "Долоон даваа VII" аялал нь доорхи байдлаар явагдана.

Аяллын замын унадаг дугуйтай өгсөх шатлал 2386м. Энэ удаагийн сорилго-аялалд цагийн хатуу хязгаар тогтоохгүй боловч уг аялал нь жийлт ангилалд хамаарах тул аяллын маршрутыг Цахим гэрээний дагуу аялал эхлэх цагаас хойш 12 цагт багтаан жийж дуусгана. Өөрөөр хэлбэл аяллын замаа дуусгаагүй гишүүн 19.00 цагт "замаас гарч", админд мэдээ өгөн гэрийн зүг явах юм.

Энэ аяллын замыг гишүүд ганцаараа бие даан туулна. Аяллын замыг сайн судалж, эргэлтийн цэгүүдийг өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Ой мод, уулын энгэр хяр, нуга шавар бүхий жижиг горхи, шороо болон автомашины замаар аялаж, өдрийн хоол цай амрах цаг хугацааг өөрөө өөртөө тохируулан, унадаг дугуйнд гарах техникийн эвдрэл гэмтлийг засах зэргээр биеэ даан аялах чадвар суулгах, туршлага хуримтлуулах зорилготой юм. Мөн хэд гурваараа нийлж хамтдаа аялаж болно. Энэ нь гишүүдийн хувийн эрх билээ.

Холбоо барих: Аялал хэвийн үргэлжилж буй тохиолдолд нэг удаа холбоо барих үүрэгтэй. Үүнд: Нурамтын даваа уруудан Шар хоолойн ам руу хүрч, Админ (99907562 дугаар бүхий утас)-д НЭР, ЦАГ бичин мессеж илгээнэ. Аялагч нь ГАРЦ-аар гарах тохиолдолд Админд утсаар мессеж илгээн мэдэгдэх үүрэгтэй.

Аяллыг зайг тооцох талаар: Цагтаа багтан барианд орсон гишүүдийн Долоон давааны сорилго давсан тоо нэмэгдэж, аялсан зайг хувийн хэрэгт тэмдэглэнэ. Тогтоосон цагаас хойш барианд орсон буюу гарцаар гарсан гишүүдийн Долоон давааны сорилго давсан тоо нэмэгдэхгүй бөгөөд аялсан зайг хувийн хэрэгт тэмдэглэнэ.

Зураг 1. Аяллын мэдээллийн зураг

Аяллын замын тухай зөвлөмж
Аяллын өглөө Жигжид зуслангийн (СБ-ын талбайгаас 15 км зайтай) уулзвар дээр цугларч өглөөний 7.00 цагт гараандаа гарна. Өгөгдсөн чиглэлээр" төөрөлгүй" аялаж, Гацууртын автобусны эцсийн буудал дээр барианд орно. Аяллын нийт зай (эхлэх, дуусах)-г Сүхбаатарын талбайгаас тооцсон болно.

1. Шарга морьтын зүүн хойд даваа: аяллын гараанаас гарч Шарга морьтын ам өгссөн 8 км алсын өгсүүрт жийгээд (461 м өндөр авна) даваа давна. Шарга морьтын автобусны эцсийн буудал хүртэл засмал замтай. Цаашаа автомашины шороон тод замтай. Даваа уруудан Бэлхийн амны зүүн салаа хүрч төв замаар уруудан хот руу буцаж (Гарц 1, 30 км) болно.

2. Хадатын хамар: Бэлхийн ам руу уруудан баруун салаагаар эргэн өгсөж Хадат хотхоны зүүн талын замыг барин Хадатын хамар (270 м өндөр авна) хүрнэ. Амын бэл дагасан шороон замаар уруудан Улиастайн ам (Еэвэнгийн дэлгүүр) руу хүрнэ. Амаа уруудан Улиастай голын баруун дэнжийн замаар хот руу буцаж (Гарц 2, 38 км) болно.

3. Нурамтын даваа: Улиастай голыг гармаар туулан гарч зүүн талын дэнжийн замаар өгсөн Хойд Баян голыг туулан гатлаж, зүүн зүг эргэн уужим амын алсын өгсүүрт жийнэ. Айлын өвөлжөө, хаваржаа бүхий бага шиг суурин дундуур өнгөрнө. Хойд Баянг голыг ахин гаталж Нурамтын даваа өгсөх ам руу орно. Өвсөнд далдлагдсан ургаа чулуу ихтэй тул болгоомжтой (511 м өндөр авна) өгсөх хэрэгтэй. Ой дундуурхи замаар өгссөөр Нурамтын даваа дээр гарна. Даваа уруудан Шар хоолойн ам хүрнэ. Энд гишүүд аяллын замаа цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргана. Админд мэдээ дамжуулна. Амаа өгсөлгүй уруудан явсаар Гацуурт суурин хүрч хот руу буцаж (Гарц 3, 62 км) болно. Үүнээс цааш аяллын замаас гарах гарц үгүй болно.

4. Бугатын даваа: Шилжрэнгийн даваа руу өгсөх амын хойд талын уужим амаар суурин дундуур жийсээр Бугатын давааны алсын өгсүүр замд орно. Даваан дээр 497 м өндөр авч гарна. Өгсүүр замын хэвгий намсахгүй улам л огцом болсоор байгаад давааны орой хүрдэг. Даваа дээр овоотой. Тод замаар доош уруудан 3,8 км зай туулаад (нутгийн айл байдаг) урд зүг эргэнэ.
5. Доргонтын даваа: Жижиг гол гарч тод замаар өгсөн даваан дээр (254 м өндөр авна) гарна. Даваанаас уруудан зүүн зүг өгссөн замаар орно.
6. Шилжрээнгийн даваа: Энэ даваан дээр гараад, буцаж баруун зүг буун хошуу тойрон давааны тод замаар өгсөнө.
7. Хоёр даваа: Даваанаас Их Хуандын ам уруудан явсаар Гацуурт суурин дээр бариандаа орно. Баяр хүргье. Зүгээр л жий.

Аяллын үе шат, зайн задаргаа
1. СБ талбай- Цуглах цэг                                    15 км    (15 км)
2. Гараа- Шарга морьтын даваа                         8 км     (23 км)
3. Шарга морьтын даваа- Хадатын хамар        11 км    (34 км)
4. Хадатын хамар- Нурамтын даваа                 20 км     (54 км)
5. Нурамтын даваа- Бугатын даваа                  20 км      (74 км)
6. Бугатын даваа- Доргонтын даваа                  6.5 км    (80.5 км)
7. Доргонтын даваа- Шилжрээнгийн даваа      1.5 км    (82 км)
8. Шилжрээнгийн даваа- Хоёр даваа                 4 км      (86 км)
9. Хоёр даваа- Бариа                                          20 км     (106 км)
10. Бариа- СБ талбай                                           21.5 км  (127.5 км)

Аяллын тэмдэглэл

ДОЛООН ДАВААНЫ СОРИЛГО ДАВСАН ТЭМДЭГЛЭЛ, ЯТА Э.Ожго
Жил бүр зохиогддог энэхүү сорилт аяллын гараанд гарахаар 18 гишүүн ирлээ. Өглөө 7.00 цагт гараанаас гаран Шарга морьтын ам бөөндөө өгсөн явсаар, аажмаар толгойн хэсэг зай аван холдлоо. Ерөнхийдөө толгойд 2-3 гишүүн, дунд хавьд 10-аад гишүүн, сүүл барьсхийн бас 4-5 гишүүн жийсээр Шарга морьтын зүүн даваа давлаа. Цаг 8.05 болж байв.

Намрын шар нар таатай ээсэн хэсэг бусаг үүлтэй сайхан өдөр боллоо. Хар модон ойн дундуур зурайх замаар уруудан явсаар Бэлхийн баруун салаагаар засмал замдаа орж урамтай хурдалсаар Бэлхийн зүүн салааны замаар салан Хадатын хамар руу өгсөв. Замын дэлгүүрт түр саатаад дээшлэв. Толгойн хэсэг энэ үед бараг Хадатын хамар даваад Улиастайн гол руу уруудаж асан байв. Шазруухан өгсүүрт махийтал жийж зарим газар түрсээр 9.10 цагт давлаа. Хадат вилла 2 хотхоны төв замаар нь нэвт гарч, хойд үзүүрт нь хүрч уруудах зам руу саллаа.

Еэвэнгийн дэлгүүрээр орсонгүй, Улиастайн голын голдрил, салааг туулан жийж гараад, Хойд Баян гол чиглэн дэнжийн өгсүүр замд оров. Голоо гарах гарам дээр түр амараад Хойд Баянгийн гол өгсөн өвөлжөө хаваржаа дундуур жийсээр, голоо ахин гаталж Нурамтын давааны замтай нийлэв. Сүүлийн гэж болох манай хэсэгт 7-8 гишүүн ойрхон жийж явсан. Хотоос оройтон гарсан УШТ-тэй гишүүн энд биднийг гүйцэн ирлээ. Нурамтын даваа руу зарим нь жийж л харагдана, ойрхондуу зайтай зүтгэсээр 12.10 цагт даваан дээр гарав. Доош уруудан явахуйд энэ уужим аманд айл гэр, хотхон тун их болж, ер нь хотын нэг зах болон тэлэх төлөвтэй харагдав. Жангум гэх нэртэй дэлгүүр, хоолны газар хосолсон газар очиж өдрийн хоол идэв. Шөлтэй хоол байсангүй, цуйван бас боорцог хөвүүлсэн сүүтэй цай авлаа. Цуйвангаа барсангүй, гялгар уутанд хийчихээд 30 минут хиртэй амраад хөдөллөө.

Нэг гишүүний хойд дугуйны покрышка буудаж, цааш явах аргагүй мэт санагдав. Бас нэг гишүүний унадаг дугуйны тоормос эвдэрч аяллын замаас Гарц 3-аар (61 дэхь км) гарсан мэдээ авав. Хоолны газраас түрүүхэн гарсан зарим гишүүд бага шиг төөрч Шилжрэнгийн даваа өгсөх зам руу хальт хазайгаад, чиглэлээ засан биднийг араас гүйцээд ирэв. Бугатын голын хөндийд орших бага шиг суурин чиглэн алсын өгсүүрт аажмаар урагшилна. Бид 4-үүлээ байлаа. Бугатын голын хөндийд хоёр удаа ойрмогхон амсхийгээд зүтгэчихлээ. Давааны дунд хэсэгт амарч буй хүмүүстэй таарч хүйтэн рашаан ууж талархалын үг сонсон зүтгэсээр даваа дээр 15.10 цагт гарав. Хэвтээд л баймаар санагдах сайхан орчинд уусан тайвширч, одоо 3 даваа үлдсэн, хоорондын зай нь ойрхон доо гэж хөөрөлдсөөр хөдөллөө. Огцом уруу дөрөөн дээр босож зогссон хөлийн ул бадайрч, бие хөшин бушуухан дуусайсан гэсэн хүслээр уруудан буудлаа.

Доргонтын давааны ам руу орох чиглэл аван урд зүг эргэлээ. Голын шавар ус бүхий нуга туулан гаталж давааны өгсүүр замд махийсаар 16.10 цагт гарлаа. Хадат руу өгсөж байхад л таньтай хамт явнаа гэсэн анд маань ханьсаж байгаа нь юутай түшигтэй билээ. Уг нь ганцаарчилсан жийлтээ хийвэл өлхөн бариандаа орчихсон байх чадалтай залуу л даа. Даваан дээр таныг хүлээж байнаа гээд Бугат, Доргонотын давааны өөд жавхаатай жийсээр алсарсансан.

Даваа уруудан ойрхон орших Шилжрээнгийн даваа дээр 16.30 цагт гарч, "тэмээний хэл"- ээ зурчихаад буцаж уруудав. Энд манай нэг админ гишүүдийнхээ чиглэлд санаа тавин  зогсож байдаг шүү. Уг нь бас л аяллын журмын дагуу ганцаарчилсан бол аль хэдийн бариандаа орчих залуу. Яаж байгаа юм бэ гэж асуухад, та нарыг тэмээний хэл дээр хэрхэн очихыг харах гэсэн юм гээд бөөн инээдэм наадам болов. Хамтдаа уруудаад хошуу тойрон Хоёрын даваа өөд өгслөө. Залуус ч урамтай жийж харагдана. Даваан дээр 17.10 цагт гарав.

Аяллын товолсон барианд цагтаа багтан орох нь нэгэнт тодорхой болсон ч гэлээ Их Хуандий ам уруудан унадаг дугуйгаа "салтал" нь жирийлгэв. Гацууртын автобусны буудал дээр 18.18 цагт бариандаа орж 108 км зам туулан, Долоон давааны сорилгын ард ийнхүү амжилттай гарсан билээ. Амарч суутал покрышка нь хагарч үлдсэн гишүүнээс араас чинь гараад одоо Хоёр даваа уруудах гэж байна гэсэн таатай мэдээ ирлээ. Буудсан гадараа сайхан нааж аваад бидний араас жолоо хумилгүй жийсээр 18.55 цагт бариандаа орсон юм. Одоо хот руу жийх 20 км зай үлдсэн.

Эхний гишүүд маань 15 цаг өнгөрөөгөөд бариандаа орсон байв. Группийн админ бүсгүй, залуусыг Гацуурт дээр тосож хамтдаа голын эрэг дээр амарч байгаа мэдээ авлаа. Аяллаа амжилттай дуусгасан тул сэтгэл амар, бие хэдийгээр сульдаж ядарсан ч хот руу жийх сэтгэл зүй өндөртэй тайван амарч билээ. Гацууртаас 4-үүлээ гарч цуваагаар жийсээр хотын зах руу орж, GS25 орж кофе-доод гэрийн зүг жаргалтайгаар явлаа.

ЖИЧ: Сорилгод оролцсон гишүүд тэмдэглэл бичих эрх нь нээлттэй. Бид ингэж хамтдаа аяллын түүх бүтээж, бичиглэл үлдээдэг эрхэм уламжлалтай. Зураг хөргөөр тэмдэглэлээ баяжуулан хөгжүүлэх буй за. Миний бие энэ аяллын явцад нэг ч зураг дараагүй болно. Зүгээр л жий.

ДОЛООН ДАВААНЫ СОРИЛГО ДАВЛАА, НТГ А.Отгонбаяр
За тэр нь юу гэхээр: УУДАГ-с жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг зэрлэг, чанга аялал юм. Өндөр авалт 2386м. Замын урт 128км. Хамгийн гол нь өндөр авалт нь маш өндөр, 7 даваа давна. УУДАГ дээрх миний профайлд энэ аялалыг давж чадсан эсэхийг тусгайлан авч үзэж тэмдэглэнэ.

Аялалын бэлтгэлийн талаар: Мэдээж бэлдэхэд биеээ, дугуйгаа, хувцсаа, хүнсээ, offline route гэх мэт бүгдийг бэлдэх ёстой. Миний хувьд өмнөх аялалд дугуйны шийрээ (derailer hanger) хугалсны улмаас хуучин мурий шийр тавьсан боловч тэрийгээ тэгшлэх гэж байгаад аялалын өмнө өдөр хугалж орхисон. Миний дугуйны шийр угаасаа Монголоос олдоогүй. Ингээд огт таарахгүй нэг шийрийг сүмбэн голд нь шууд хавьчуулж боож аргалав.

Зураг 1. Аяллын өмнөх аргалсан шийр

Ингэснээр 12 арааныхаа 1, 12-р арааг ашиглаж чадахгүй болж 2-11 гэсэн араагаар явахаар боллоо. Нэг эвгүй нь хэрэв хойд дугуй хагарвал хойд дугуй салгасан тохиолдолд хөдөө эвтэйхэн нөгөө шийрээ хавьчуулж угсарч чадах үгүйдээ эргэлзээтэй байлаа.

Аялал: Нэгийн даваа буюу Шарга морьтын зүүн даваа: Өглөө бүгд цуглаад аялал эхлэв. Шарга морьтын даваа руу өгсөж эхлэж байхдаа давах даваагаа харахад дүнхийгээд давна гэж бодоход яанаа л гэж бодож чанга санагдаж байлаа. Нэг араа дутуу тул хамаагүй эрт 11-р араандаа хийдэггүй баатар болоод эхнээсээ л нэлээн бярдаж жийгээд байв. Овоо явж байтал пердаж араатайгаа хавираад солиод үзсэн ч 8-р араан дээрээ ч хавираад эхлэв. Нэлээд үзэж байтал нөгөө шууд хавьчуулсан шийр маань урагшаа эргэчээд байгаа юм байна, шийрний чиглэлээ засаад хойд сүмбээ нэлээн чанга боолоо. Дугуй маань аялал дуусгаж бүтэх нь үү л гэж бодож байлаа. За ингээд оройд очтол жийхэд дахиж асуудал үүссэнгүй. Гэхдээ оройд ойртоод дугуйгаа түрсээн. Би хамгийн сүүлд хоцорсон байх гээд орой ойртож байхад хоёр ч УУДАГ гишүүнтэй таарлаа. Нийлээд явцгаалаа.

Хоёрын даваа: Хадатын даваа дан засмалаар давдаг даваа юм байна. Нэлээд жийж байгаад жоохон хэсэгт түрсэн, гэхдээ энэ даваа жийчихэж болохоор юм билээ. Уртын аялалд хүчээ гамная гэж бодоод арай огцом хэсэгт нь түрэв.

Зураг 2. Хадат уруудаад Улиастай голын гарамаар гатлана
Энд аялалын сүүлээд нэлээд хүмүүстэй нийлж аваад хойно өмнөө ороод явцгаалаа.

Гурвын даваа: Нурамтын даваа. Энд аялалын нэлээн олон гишүүн нийлж аваад өгсөв. Эхний хэсэгт гүрийгээд дугуйнаас буулгүй овоо жийлээ, нэг зогсоод хартал бугуйны iWatch цаг байдаггүй шүү. Буцаж хайх тухай бодсончгүй тийм бяр байсанчгүй хэ хэ, нэг харамсаад хаяад цаашаа явж гарлаа. Яагаад ч юм энэ даваанд гэнэт аймаар ядарсан, араа дутуу гэж бодоод их бярдаж жийсээр ядарсан бололтой юм билээ сүүлд бодоход.

Зураг 3. Нурамтын даваа дээр
Тэгээд жоохон хэвтэж унтаж ч үзлээ, тэгээд дээд хагасыг бараг л түрсэн байх, зарим гайгүй хэсэгт л жоохон жийв. Тэгээд уруудаад хоолны газар очиж халуун цай аваад авч явсан цуйвангаа идэж бас Cola энэ тэр авч нэг хүчээ сэлбэлээ.

Дөрвийн даваа: Бугатын даваа бас л чанга даваа байв. Гэхдээ яагаад ч юм арай бага миарав, араагаа хайрлалгүй бараг шууд 11-т хийгээл жийгээд байлаа. 12-г үгүйлж л байв. Тэгээд зөндөө түрсэн.

Зураг 4. Бугатын давааны өгсүүр замд

Тавын даваа: Доргонтын даваа бас л аймаар даваа. Бидний явж байгаа зам машины зам байгаа боловч харахад машин явж ер нь бүтэх үү гэхээр л замууд байгаа юм.
Үлдсэн хоёр даваа харин харьцангуй гайгүй байсан бөгөөд жийгээд жийгээд давсан. Аялалын туршид үнэхээр сайхан байгалиар явж байлаа. Гадаа ч намрын өнгө бага зэрэг орчиж. Мөн замд аньс битүү ургасан газар ч таарч байлаа, манайхан жоохон түүхэд л авч явсан манярк, гялгар уутаа дүүргэж харагдсан.
Ер нь бас машиныхаа эд бярыг үзэе гэсэн бартаа хүссэн 4x4-үүд яг манай энэ аялалын машрутаар яваад үзэх хэрэгтэй. Бид дугуй тулдаа л явсан даа, машин бол барахгүй байх. Surron нтр нэг амьсгаагаар чадахгүй бол нэг нэг даваагаар нь бас яваад үзэх хэрэгтэй. Нурамт, Бугат, Доргонт ялангуяа.

Зураг 5. Сүүлийн буюу Хоёр даваа дээр

За ингээд аялалаа сайхан дуусгаад УУДАГ дээрх профайлаа харах сайхан байлаа. УУДАГ-т элссэнээс хойшхи хамгийн чанга аялал байлаа. УБ240 гээд 240км-н аялалаас чанга санагдсан. Гэхдээ нэг өдөр 460км аялснаас хэцүү гэж хэлэхгүй, тэр бол бас арай өөр боловч асар хэцүү аялал.

Аялалын маргааш босоод иртэл ёстой л нэг дугуй унасан гэсэн шиг бие, хөл гуя бүр булраад босч ирж байна, гэхдээ аялсных шөнө нам сайхан унтаж сайхан амарчээ.
Тэгээд гэнэт цагаа бодоод Find My Devices үзтэл сүүлийн байршил мэдэгдэх газар харагдаж байна, тэнд яалаа гээд бодтол яг тэнд унагасан бололтой санагдаж байна. Бодтол хэн ч явдаггүй хөдөө газар. Очиход байгаадаа гэж бодогдов. Машинаар явах гэтэл манай тэгш дугаартай машин хөдөө явчиж. Найзаасаа машин асуутал аваад яваа л гэж байна, гэхдээ бодохоор хэд хэдэн гол гаталсан бодогдоод машин дэмий ч юм шиг санагдаад жийхээр шийдээд жийлээ. Бодсон газраа очтол жийхэд талдаа 41км болж байна. Олон гол гаталж олон удаа гутлаа тайлав, усны тапчик авах чухал юм билээ шүү. Очтол харин цаг маань байж байна шүү. Ингээд аялалын маргааш нь нэг мэдсэн бас 84км жийж орхив.

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
Ж.Баярсайхан О.Шинэбаяр Э.Дөлгөөн А.Отгонбаяр Н.Даваасүрэн Ш.Лазина Ч.Азжаргал О.Адъяасүрэн Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал У.Одбаяр Э.Ожго

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Азжаргал Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4773 км