Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #147 - Баруун гол буюу зуны хаалт 2023

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/293
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
73 км
Давааны тоо
1
Өндөр авалт
834 м
Өндөр алдалт
-838 м
Их өгсөлт
15.9 %
Их уруудалт
-14.3 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2023 оны 7 сарын 1 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ жилийн зуны хаалтын аялал нь нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл өдрийн ба хоногийн аяллын төрлийг хамтатгасан байдлаар зохион байгуулах юм. Өглөө гараанаас гарч Хандгайтын ам руу орж даваа даван Баруун гол руу уруудана. Энд хоногийн аяллынхан отоглож, өдрийн аяллын баг голоо уруудан, Улиастай голын хөндий хүрч УБ хот руу аялана. Хоногийн аяллынхан отоглож хоноод маргааш УБ хот руу дээрхи чиглэлээр аялах юм.

Хоногийн аялалд оролцох гишүүд майхан, гудас, аяны хөнжил, гэрэл чийдэн ба өдөр, орой, өглөө гэсэн хүнсний нөөцтэй оролцоно. Хараахан тэмдэг аваагүй гишүүд өдрийн аялалдаа оролцоно. Зуны хаалтаа хамтран сайхан хийцгээе.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. УБ уулын дугуйн аялал группийн 2023 оны зуны хаалтын аялалд оролцсон аялагч гишүүд

Бороо, бороо, бороо ... Аялал эхлэхэд ч бороо, аяллын явцад ч бороо, аялал өндөрлөхөд ч бороо ...

Баасан гарагийн орой л борооны оршил эхэлсэн. Үүний ул мөр болох замын захаарх тогтоол ус бямба гарагийн өглөө цуглах цэг рүү жийж явахад мэр сэр тааралдаж байв. Төд удалгүй 08:10 цагаас бороо хаялж эхлэв. Борооны цуваа өмсөөд цааш жийсээр цуглах цэгт хүрч очиход аялалд оролцох гишүүдийн тал хагас нь аль хэдийн ирчихээд тэнд шинээр нээгдсэн GS25 дэлгүүр дотор сууцгааж байлаа.

Зураг 2. Аялалд оролцсон гишүүд цуглах цэгт

09:00 цагт Жигжидээс хөдөлсөн аяллын багийн түрүүч Хандгайт руу салах замын уулзвар дээр 09:20 цагт очив. Дөрөө мултлаад удаагүй байтал багийн бусад гишүүд ирж замаа даган зогсолгүй жийн одлоо. Зураг дарж, бичлэг хийн сугарч үлдсэн нэг гишүүн бас цувааны тэргүүн магнайд жийж ирээд багаа хүлээн татсан нэг гишүүн гээд нийт гурвуулаа Хандгайтын амны зам даган жийж төд удалгүй цувааны магнайд ахин гарав. Устай шавартай замаар жийж яваа гэсэн нэг шалтгаан бас майхан сав тэргүүтнийг ачсан дөрвөн гишүүнтэй хамт яваа гэсэн өөр нэг шалтгаанаар ч юм уу гэлтэй тун аажуухан жийцгээж яваа ажээ.

Багийн түрүүч 10:50 цагт нэргүй давааны оройд гарав. Бас гарсан даруйдаа буцан харайлгав. Энэ нь хоногийн аяллын хэрэгсэл ачсан, группийн эмэгтэй аялагч гишүүдийн нэгнийх нь дугуйг даваа дээр түрэн гаргаж ирэх гэсэн явдал байжээ. Аялалд оролцсон гишүүдийн гурав нь группийн ерөнхий админтай хамт хээр хоночихоод маргааш аяллаа өндөрлөхөөр зорьжээ. Гишүүдийн гурав нь гэснээс тэр гурав гурвуулаа эмэгтэй гишүүд байсан нь сонин юм шүү. Мөн өөр нэг эмэгтэй гишүүн ч хэн нэг эрэгтэй гишүүнтэй дугуйгаа түр "арилжжээ". Үүнээс өөр аргагүй байсан биз ээ. Учир нь даваа руу өгсөж байхад бороо зөөлөн хаялсанаа төд удалгүй нэлээн ширүүн орж эхэлсэн юм. Ийнхүү норсон өгсүүр замаар ачаатай байтугай ачаагүй дугуйг ч жийх нь байтугай түрж гарахад ч хүнд байсан. Ерөнхийдөө энэ давааны замын өгсүүр нь урдаасаа нэлээн гайгүй боловч хэсэгхэн газартаа овоо огцом юм. Бороогүй хуурай үед заавал жийж гарна аа хэмээн бидний зарим нь ам гарцгаасан.

Бидний явсан маршрутын дагуу автомашин мэр сэр ч гэлээ байсхийгээд л явдаг бололтой. Үүнийг илтгэсэн тод зам зурайсаар даваанаас бууж улмаар цаад уулын ам дахь торлог дундуур гарчээ. Торлогийн цаана, отоглох газраа сонгочихоод буй гишүүд зогсох нь харагдана. Тэднийг харахад явган аяллаар ч юм уу яваа танихгүй хүмүүс гэмээр байв. Унадаг дугуйнуудаа газарт хэвтүүлэн тавьсан нь өндөр ургасан өвс ургамал дундаас анзаарагдахгүй байсан нь ийн харж бодоход хүргэжээ. Өнөөх торлог дундуур шавар балчиг туучин гарч очив. Үнэхээр сайхан газарт хонохоор болжээ. Энэ үед цаг яг 12:00 болж байв.

Зураг 3. Өнөөдрийн аяллын оргил цэгт

Ингээд аяллын багийн гишүүд 13:10 цаг хүртэл хоол, зууш, цай, кофе бас амттай сайхан яриа хөөрөө болж тавтай сайхан амраад маршрутын үлдсэн замаа хөөж эхэллээ. Уулын ам уруудан Баруун гол гатлах хүртэлх зам үнэхээр янзтай байсан. Дугуйнаасаа буухад хүргэсэн балчиг шавар эхэндээ цөөн хэдэн удаа таарсанаас хойш ёстой дугуй унаж чаддаг л юм бол яваад байж болохуйц жинхэнэ кросс каунтри төрлийн зам үргэлжилсэн. Бид тэрхүү замаар хоёр цаг шахуу хугацаанд жаргаж жийжээ. Замын энэ хэсэгт группийн нэг гишүүний ямар төрлийн дугуйчин болох нь яруу тод харагдаж биднийг гайхашралд автуулсан. Түүнчлэн группийн аялалд анх удаагаа нэгдэж хамт жийсэн цоо шинэ нэг гишүүн ч маш сайн явсан.

Ийнхүү хүний хөл цөөн хүрсэн аглагдуу уулын амнаас гарсан бид группийн уламжлал ёсоор Еэвэнгийн дэлгүүр дээр ээлжит нэг таталтыг 15:15 цагт хийлээ. Хадатын хамрын харалдаа уулын бэл, голын эрэгт хавчигдан байх жижиг суурингийн тэр нэг бяцхан дэлгүүрт манай группийн аялагч гишүүд Еэвэнгийн дэлгүүр хэмээх нэр оноосон нь бидний дунд үе улиран хадгалагдсаар байгаа билээ. Хэрэв та Улиастай голын хөндий дагасан маршрут бүхий аялалд оролцвол "Дараагийн таталт Еэвэнгийн дэлгүүр" гэсэн зарыг заавал сонсоно.

Еэвэнгийн дэлгүүрээс урагш хөдлөөд замын урт ба дэржигнүүр хоёрт шигшигдсээр сарнисан багийн гишүүд Шархадны гэр хороолол руу орохын өмнө 15:55 сүүлийн таталт хийж бөөгнөрөөд улмаар 16:30 цагт Шархадны эцэст хүрэлцэн ирсэнээр өдрийн аялал амжилттай өндөрлөсөн. Бороо бороо бороо гэснээс бид харих замдаа чамгүй ширүүн бороотой бултах аргагүй таарсан. Өнөөдөр өдөржин бороотой гэсэн цаг агаарын прогноз байсан тул борооны цуваа ахин өмсөөд усан борооноор жийсээр гэр гэртээ харьцгаасан.

Зураг 4. Шалба норсон нь

Одоо ингээд аялалд хамт гарч, хээр хонохоор үлдсэн гишүүдээс ирэх хэл чимээг харуулдан хүлээх л үлдлээ.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ-2

/Энэ хэсгийг энэхүү аялалд хоногоор явсан гишүүдийн өмнөөс сийрүүлэв/

Зуны бүгчим халуунтай амралтын улирал, цав цагаан цастай өвлийн жавар. Группийн аяллыг түр завсарлуулдаг хүчтэй ийм хоёр улирал байдаг. Учир нь зуны амралтын улиралд нэг талаас гэр бүлтэйгээ, байгалийн сайханд амарч тухлаг гээд, нөгөө талаас бүгчим халуунд унадаг дугуйтай аялах тийм ч таатай бус байдаг тул зун 7, 8-р сард групп түр аяллаа хааж амардаг. Харин өвөл бол ойлгомжтой. -20-оос доош хэмийн хүйтэн, цас мөс гээд унадаг дугуйтай аялахад дэндүү эрсдэлтэй болохоор 11 сараас 2 хүртэл бас амардаг.

Ийнхүү ээлжит нэгэн зуны хаалтын аялал энэ зун өвөрмөц маягаар буюу өдөр, хоногийн аялал холимог байдлаар сонирхолтой зарлагдсанд харин аялж сурсан гишүүд талархалтай угтсан бол нэлээдгүй гишүүд аяллын зарлалыг гүйцэд ухаж уншдаггүй нь аялал эхлэх орой группийн чатнаас харагдаж багахан урам хугалав. Учир нь маргааш хэн хэн хоногоор явахаар байна гэсэн асуултанд би юунаас хоцров, хаана хоногийн аялал зарлагдсан бэ, маргаашийн маршрут хаанаас хаана хүрэх вэ, хоногийнхон хаана отоглох вэ . . . энэ бүх асуултанд а-я д хариулсан группийн тодоос тод зарлал бүүр хэдэн долоо хоногийн өмнө зарлагдсан юм л даа. За энэ ч яахав, цаашлуулах, зэмлэх хослуулан дээрх асуултанд хариулж ямартаа ч хаалтын аялал маань өдрийн аялал, хоногийн аялал гэж 2 төрлөөр холимог явагдах юм гэж бүгд ойлгон бямба гаригийн бороотой чийглэг өглөө бидний аялал Жигжид суурингаас хөдөлсөн юм.

Аялал эхлэхээс отог хүрэх хэсэг нь аяллын тэмдэглэлийн эхний хэсгээс харагдах тул тэмдэглэлийн энэхүү хэсгээ өдрийн аялагчид явснаас хойш хоногийн аяллынхан үлдээд бүтэн сайн өдрийн үдээс хойш аялал дуусах хүртэлх үйл явдлаар бичиглэе.

12 цагт отог дээр ирсэн нийт гишүүдээс 3 бүсгүй, ерөнхий админы хамт хоногоор аялж үлдэхээр болж бусад гишүүд өдрийн аяллаар буцах байсан тул өдрийнхөн энд хоолоо идэж амраад хөдлөх үе хамгийн өрнөлтэй. Дахин бороо орох магадлал өндөр, тэнгэр бүрхэг байснаас хоногийнхон бушуухан майхнаа барьж тохижож авах, өдрийнхөн хоол цайгаа идээд борооноос өмнө хөдлөх хоёр зорилгоор отог дээр бужигнаж байлаа.

Зураг 5. Отог

Хүн бүр майхнаа барих зуур нэг аялагч дүү миний майхныг гялс малс барьж өглөө. Туршлагатай гишүүд хонохгүй ч газын хийн тулга, цай кофегоо авчирсан тул тухлаж халуун цай хоол бурхийлгээд амжиж байгаа харагдана. Миний бие бушуухан газаа асаан энэ аялалд анх удаа явж байгаа хоёр дугуйчинд цай чанаж халуун юм уулгаад амжлаа. Юу ч юм ярьж элгээ хөштөл инээлдэх залуусын эрчим цаанаа нэг хайр татам гэрэл цацруулах мэдрэмж. Залуу насаа гэж үнэхээр гоё. Гэхдээ л энэ удаагийн өдрийнхөн яагаад тийм их инээлдсэн юм бол, юуны тухай тийм хөгжилтэй яриа өрнөсөн юм бол гэж сүүлд үлдчихээд бодоод л амжсан. Бодвол ажил амьдралын завгүй байдлаас болж удтал аялаж амжаагүй хоёр хуучин аялагч ирсэнд нэгнийгээ цаашлуулах хөгжилтэй яриа их үүссэн болов уу. Яагаад ч юм гишүүдээс ирэхгүй байж байгаад аялалдаа ирэх нэг л гоё байдаг. Бусад нь санаад байдаг юм уу хөөх чи ирээ юу гээд бүгд л баярлан угтдаг даа.

Ингээд бужигнаж бужигнаж 13 цаг өнгөрөөд өдрийнхөн хөдөллөө. Амжилт хүсч бичлэг хийгээд үлдсэн.

Өдрийнхөн явсаны дараа бид майхан майхандаа тохижиж хоол цайгаа хийж идэцгээж байгаа амттанаараа биесээ дайлаад хэсэг амарлаа. Бүрхэг ч гэлээ бороогүй тэнгэр. Битүү цэцэг алагласан хангай нутгийн нов ногоон төрх. Мөрөөдлийн орон.

Зураг 6. Аяны гал тогоо

Дөрвүүлээ амарч аваад хажууханд байх гол дээр очиж голын зөөлөн шавартай хайрганд багагүй "тоглож" усаа нөөцлөөд харилаа. Мэдээж бид аглагт амьтдын гэрт ирснийг илтгэх усруу ирдэг амьтдын жим, мөр тодоос тод дурайна. Магадгүй дөрвөн нөхөр хонож байгаа юм байна гэж хаанаас ч юм хараад л байж байгааг үгүйсгэхгүй.

Майхандаа ирсний дараа бороо шиврэх аястай болсонд гадаахаа эмхэлж дугуйгаа бүтээх нь бүтээж модны доор сойх нь сойгоод хамгийн уужим зайтайгаар нь админы майханд шавж оройжин элдэв сонин сайхан, админы аяллын тухай туршлага болохуйц сургамжит яриаг сонсож суусаар. . . Уг нь бороогүй бол энэ яриа задгай түүдгийн дэргэд болдог л доо. Энэ удаа майханд үргэлжилсэн нь борооноос болсон хэрэг.

Нэг л мэдэхэд 22 цаг болж бүгд унтахаар майханууддаа орсоны дараа ёстой бороо пижигнэтэл асгарсан даа. Үе үе ширүүсэнэ үе үе намдана. Аялалд гарах хүн цаг агаар харахгүй байна гэж үгүй. Энэ удаа амралтын хоёр өдөр хоёул борооны магадлал өндөр гэж байсан тул ялаа шумуул эргэлдсэн, нар шарсан дулаан өдрийг сэтгэлдээ үл хүсэх нь ойлгомжтой. Ийм нэгэн бороотой, эсвэл бороо бага байсан ч уйлагнасан нойтон өдөр байх болов уу гэсэн нь биелэлээ олж ингээд майханд нэг сайхан хээр хонох юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлсэндээ сэтгэл тайвшран борооны чимээ чагнан хэвтсээр тас яваад өглөө сэрэхэд аль хэдийнээ гэгээ орж бороо үл мэдэг шивэрч хөхөө донгодож байлаа. Цаг харвал 08:30. Хөөх их унтжээ гэж бодоод майхны хаалга сөхвөл ёстой битүү манан буужээ. Зуун метрийн цааш юу ч харагдахгүй. Бид хөвөн дээр заларч буй мэт.

Зураг 7. Өглөөний манан дундах бидний отог

Хотоос бараг 30 хүрэхгүй км зайд ийм сайхан аглаг хангай байдаг юм шүү дээ гэж хүмүүст хэлмээр. Гэвч бидэн шиг ингээд дугуйтай чимээгүй ирээд нам гүм амраад явдаг хүмүүс хэд билээ, эгээтэй л онгоцтой ирэх нь холгүй бүгд л сайхан гэсэн газар болгонруу шавдаг монголчуудын зан даанч харамсалтай. Тиймээс тэнд очсон, тийм сайхан газар бий гэж бүүр хэлмээргүй санагддаг нь нууц биш. Энэ газарт ч гэсэн хүйтэн сэтгэлтнүүд ирдэгийг илтгэх бусдын хог харагдсанд бид ачаад л авчирсан билээ.

Өглөө дахиад л админы майханд бөөгнөрч хоол цайгаа хийж идээд аажуу тайван ачааллаад 11 цаг өнгөрөөж бид хөдөллөө. Эмэгтэйчүүдийн явдал суудал барагдах биш. Нэг бүсгүй маань нүүрээ будахад багагүй цаг зарцуулснаас болж хоолоо оройтож хийж идээд дөрөвүүлэхнээ атал хоёр тасарч отогоос хөдлөв. Уг нь хэдэн ч хүн байсан хамт буудаллаж хамт хөдөлж байвал гоё байдаг.

Зураг 8. админ, манан, торлог гурав

Аяллын маршрутанд баруун голоо уруудаж Улиастайн амруу бууж буцах буюу өдрийнхий явсан замаар жийх байсан хэдий ч бид ирсэн замаараа буцахаар шийдэж эргээд давааруу өгсөв. Мэдээж даваа даваад уруудвал зуслангийн зам тэгээд бараг гэртээ харьсантай л адил. Харин баруун гол бол тийм биш аглаг тул  уруудаад эхний арваад км бол бараг зам үгүй, тэгээд маш том том чулуутай, устай гэдгийг өмнөх жилүүдийн аяллаас мэдэж авсан. Гэхдээ шаардлагатай бол явалгүй яахав. Групп ч энэ замаар цөөнгүй аяласан. Энэ удаа бол зүгээр л бид энэ давааг дандаа баруунаас зүүн тийш давж байсан наанаас нь давж байгаагүй юм байна. Давж үзэцгээе гэж шийдсэн хэрэг л дээ.

Зураг 9. Отгоос хөдлөх агшин

Ер нь аялалд ямар тээврийн хэрэгсэлтэй яваагаас шалтгаалан явах замаа судлаж гэмээ нь аялал амжилттай болохын гол үндэс байдаг. Унадаг дугуйтай атал, алхалтын хад чулуутай замаар, эсвэл уулын оройруу зүтгээд байвал ямар байх нь ойлгомжтой. Муу цаг агаар байдаггүй гэдэг шиг, муу зам гэж үгүй. Харин замаа судлаагүй, хувцасаа тохируулаагүй муу аялагч л гэж бий.

Энэ удаа бидний туршсан шинэ зам маань өмнөх өдөр, өнгөрсөн шөнийн бороонд нэлээд усжиж, уулын замаар өгсөхөд бидний өөдөөс гол адил ус урсаж байсан ч аялагч хүнд байгалийн бүх өгөгдөл урамтай сайхан байдаг хойно бид сайхныг нь магтан урагшилсаар, энэ даваа цаанаасаа наашаа давахад их тохиромжтой сайхан юмаа гэж ярилцсаар даваан дээр төд удалгүй гарсан. Одоо давааны уруу юу байхавдээ дорхноо уруудаад л ой дуусчихана. Явах тусам ойд улам баймаар санагдаж хорогдоно. Бүүр дугуйнаасаа бууж хэсэг алхлаа. Ямар сайхан байсныг үгээр илэрхийлэх хүч дутав.

Зураг 10. Аяллын замын мэдээлэл

Ийнхүү бид аяллаа 15 цагт Жигжид дээр ирснээр амжилттай өндөрлөж, зуны хаалт... одоо 2 сар орчим аялалгүй гэж бодохоор тэр үү цаанаа нэг хоргодонгуй бие биедээ амжилт хүсээд салцгаав.

Долоо хоног бүр та нартайгаа унадаг дугуйтайгаа уулзалдах гэж яардаг догдлолоо хэсэг зуур дарж хаана хаана аялаж амарч байгаа аяллын сайхан сураг чимээгээрээ намрын нээлт хүртэл холбоотой байя. Намрын нээлт ямар чиглэлд зарлагдах бол . . . Ямартаа ч хүн бүрийн хүсэн хүлээсэн нээлт байх нь гарцаагүй. 
Зуныг зугаатай сайхан өнгөрүүлээрэй найзууд аа. Түр баяртай.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
А.Тэлмэнбаяр С.Амгалан Д.Ганболд Н.Даваасүрэн Б.Сүхбат Г.Ёндонжамц Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Ж.Октябрь С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
А.Тэлмэнбаяр
  • 1186 км дутуу
  • 73 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Амгалан
  • 1054 км дутуу
  • 205 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Даваасүрэн
  • 3350 км
  • 29
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5923 км
  • 55
  • 9
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 6977 км
  • 73
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7696 км
  • 74
  • 8
  • 2
  • 1
  • 3
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10998 км
  • 96
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11246 км
  • 113
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12557 км
  • 116
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27932 км
  • 248
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!