Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #34 - Амарбаясгалан хийд буюу хоногийн гэнэтийн аялал

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/296
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
150 км
Давааны тоо
8
Өндөр авалт
1532 м
Өндөр алдалт
-1530 м
Их өгсөлт
12.5 %
Их уруудалт
12.5 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2023 оны 8 сарын 4 Баасан гараг, 17:40 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

АЯЛЛЫН ХУВААРЬ

8 сарын 4, Баасан гараг Аялалд бүртүүлсэн гишүүд унадаг дугуйгаа тээшний вагонд урьдчилан өгөөд УБТЗ-ын төв вокзалаас 18:40 цагт хөдлөх Улаанбаатар- Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд сууна. Галт тэрэгний тасалбарыг очих болон ирэх чиглэлд урьдчилж авбал зохино. Тасалбарын үнэ унтлагын вагоны хувьд Улаанбаатар өртөөнөөс Бэлэндалай зөрлөг хүртэл 27800 төгрөг, Бэлэндалай зөрлөгөөс Улаанбаатар өртөө хүртэл мөн адил 27800 төгрөг байна. Тасалбарын үнэ дээр цагаан хэрэглэлийн 7400 төгрөг заавал харин доод суудал болон цай зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр сонголтоор нэмэгдэнэ.

8 сарын 5, Бямба гараг Бэлэндалай зөрлөгт өглөөний 04:24 цагт галт тэрэгнээс бууна. Буугаад шууд жийнэ. Аяллын явцад суурин газраар дайрахгүй тул хүн тус бүр хоёр өдрийн замын хүнс бэлдсэн байх шаардлагатай. 8 шахуу км шороон замаар жийгээд Эрдэнэт хүрэх төв засмал зам руу орно. Орхон голыг гүүрээр гарч аяллын маршрутын 41 дэх км-т Эрдэнэт хүрэх автозамаас Амарбаясгалан хийд хүрэх зам руу сална. Шороон замаар 34 км жийж Амарбаясгалан хийд хүрсэнээр энэ өдрийн аялал дуусна. Отоглож хононо.

8 сарын 6, Ням гараг Өглөө босож цайлж, ундлаад Амарбаясгалан хийдээс Бэлэндалай зөрлөг хүртэл өмнөх өдөр ирсэн замаараа буцаж жийнэ.

8 сарын 7, Даваа гараг Бэлэндалай зөрлөгөөс шөнийн 00:04 цагт хөдлөх Эрдэнэт- Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд сууна. Тасалбарын үнийг дээр дурдсан бөгөөд урьдчилан захиалж авсан байна.Улаанбаатар өртөөнд өглөөний 08:04 цагт галт тэрэгнээс бууна.

Аяллын тэмдэглэл

8 сарын 5, Бямба гариг
Аяллын баг үүрийн таван жингээр галт тэрэгнээс буухад нутгийн шумуулууд найрсагаар угтан авлаа. Зөрлөг тул галт тэрэгний зорчигчдод зориулсан танхим байхгүй байх гэж төсөөлж байсан маань энэ удаа оносонгүй. Хөөрхөн тохилог, уужим зорчигчдын танхимтай байсан. Тиймээс бид тухлан өглөөний цай хоолоо идэж амраад 5.20 цагт аяллын замдаа гарлаа. Төв замаас буйдхан орших Бэлэндалай суурин анх газар тариалан эрхлэх зорилтын хүрээнд байгуулагдаж байсан гэдэг. Одоо бол хүний хөл хөдөлгөөн, сийрэг болж төмөр замын зөрлөг бараадан айл өрх нь суурьшжээ. Зөрлөгөөс зүүн урд зүгт 2 км орчим зайд газар тариалангийн компанийн барилга байгууламж харагдаж байсан.

Чийглэг хөрс, цэвэр агаарт жийхэд тун сайхан байв. Төмөр замаа даган зүүн зүг явсаар гарамын замтай нийлэн баруун хойш чиглэн үндсэн замаа авлаа. Ухаа гүвээний энгэр дагуух шороон замаар өгсөж уруудан 7 км орчим жийсээр Эрдэнэт хот руу чиглэх төв засмал замтай нийлэв. Багаараа бөөндөө жийсээр Орхон голын гүүрээр гарч, хөтөл даван Зэгстэйн даваа өгсөх замд аажмаар хоорондын зай алсарч эхлэв. Даваа уруудан явсаар Тариа бригад гэсэн мэдээлэх тэмдэг өнгөрөөд цэнхэр контейнерийн хажууд хальтхан татлаа. Наран хөөрч өглөөний чийглэг агаарт өвс ургамалын үнэр ханхийж халуу шатах шинжтэй. Уулын толгой ороон тогтох манан чиглэн зам зурайна. Энэ манан дундуур ороод жийчих юмсан битгий хөөрч арилаасай гэсэн хүслээр урагш тэмүүлнэ. Зараагийн хөндий руу орох үед нэг мэдсэн хүслэнт манан дундаа жийж явлаа. Урд гарсан гишүүн алсарсаар манан дунд орон "алга болов". Өөдөөс ирэх автомашинууд гэрлээ асаасан харагдана. Дугуйныхаа урд гэрлийг асаалаа. Яваад л байлаа, манан дуусдаггүй. Зараагийн уужим талд битүү манан дунд алсын бараа ч харах боломжгүй ийнхүү удаан жийх нь яваандаа уйтгар төрүүлж ч байх шиг, эсвэл хүн гэдэг амьтан хүслээ биелүүлээд л дараагийн хүсэл рүү сэтгэл нь тэмүүлдэг юм болов уу гэж бодон жийсээр... Хагас цаг орчимын дараа байгалийн хуулиар манан алгуур хөөрөн агаарт ууршиж алсын уулс, тариан талбай харагдаж эхлэв.

Зараагийн хөндий дуусах тийш хандан Адуунчулууны чулууд толгодын оройд бараантан харагдах үед Амарбаясгалан хийд салах замын уулзвар дээр цайны газрын гэрүүд ярайн (100-101 км заасан шонгийн хооронд) харагдана.  Тавтайхан хооллож аваад уужим хөндий өгсөн уулын бэл, тариалангийн талбай захлан зурайсан замаар жийлээ. Салхи үгүй бүгчим халуунд зогсолтгүй жийсээр, нутгийнханы хэлдэгээр Доод цагаан хөтөлийг давлаа. Шагналын сан тун өндөртэй даваа байв. Ханатал уруудан уруудсаар Агуйн ам нэртэй уулын урд байрлах агуй (замаас 800 м зайтай, мэдээлэх тэмдэгтэй) үзэж сонирхов. Халуун өдөр чийгтсэн хадан дотор ийнхүү сууж сэрүүцэх таатай байсан. Устай зуувчийн гол хүрээд, амарч зарим нь усанд орж сэрүүцэв. Дээд цагаан хөтөл өгсөн давж Бүдүүн уулын баруун шилээр давж уруудан Шивэнгийн хөндийд орж ирэх үед тэнгэр дуугарч, цахилгаан цахилж нэг их том дусалтай бороо орлоо. Халууцаж явсан бидэнд эхэн үедээ тун таатай байлаа, гэвч бороо зогссонгүй том том усан дуслууд цутгасаар, бид урагшилсаар, Хүжийн голыг бага шиг гүүрээр гарч, толгойн баруун талыг ороон өгсөөд овоо дээр иртэл урд маань Амарбаясгалан хийд Бүрэнгийн нурууны өвөрт сүр бараатайгаар дүнхийн гарч ирэв.

Ивэн (Еэвэн)-гийн голын салаа, үндсэн голдирол хоёрыг гатлан хийдийн гортигт хүрч ирэхэд бороо зогслоо. Цайны газар бараадан өдрийн хоолоо хийж, хувцас хунараа хатаан хаагуур яаж отоглох талаар ярьж ахуйд ахиад л бороо цутгав. Бид ч зүгээр суусангүй цахилгаан цахилж, тэнгэр нижигнэж байсан ч гарч хийдийн зүг алхан хосгүй гайхамшигт уран барилгын дурсгалыг бүрнээ үзэж чадсан билээ. Ялангуяа хийдийн дээврийн хүнхэр оройд цугласан борооны ус дөрвөлжин баганы дотор байрлуулсан хоолой дундуур (нэг хүн бүр шоржигнон урсах усны чимээг нь чагнасан) урссаар, суурийн доорхи сувагаар гадагш урсан гарч буйг бэлхэнээ харж, олзуурхан гайхаж баярлаж (инженерийн гайхамшигтай шийдэл) явлаа. Бороо улам ширүүн асгарлаа, хувингаар цутгах гэдэг зүйрлэл яасан үнэн болохыг "мэдэрлээ". Бид ярилцаад "гэр авлаа". Галаа түлж, хоолоо хийж, нэг айлын хүүхдүүд адил эвтэй "тоглон" тун сайхан амарч хонов.

8 сарын 5, Ням гариг
Шөнө бороо орсонгүй, үүрээр харин шивэрч эхлэв. Баруун хойд талаас манан будан татаж бороо зогсох талдаа оров. Ачаалаад 8.30 цагт хөдлөв. Ивэнгийн гол үерлэжээ. Өчигдөр гатлахад намуухан урсаж байсан бол энэ удаа харин оволзон уурласан мэт сүртэй харагдана. Үндсэн гарамаас 200 м орчим дээгүүр бид голоо гатлав. Өвдөгнөөс дээгүүр хүчтэй урсгал боргиотой үерлэсэн голоор хэрхэн гарах бодит сургалт- туршлага маш амжилттай боллоо. Нөгөө салаа нь харин арай гайгүй байлаа. Бороо зогсов. Ирсэн замаараа тун хурдан бас бараг таталтгүй жийсээр замын цайны газар 12 цаг өнгөрөөгөөд хүрээд ирлээ. Хооллож аваад Бэлэндалай суурингийн зүг тайван явсаар 15 цаг гэхэд зөрлөг дээр ирэв. Сууринд харин их урт явган хүний гүүр (400 орчим метр) байдаг юм. Энэ гүүр нь 3 давхар улаан байрыг төмөр замын зөрлөгтэй холбосон байсан. Зөрлөгийн буудалд тайван амарч, хоол цайгаа хийж идэн амарлаа. Бас Ганзам сүлжээ дэлгүүр онгойж, бидэнд үйлчлэв. Орой тийшээ нутгийн арваад хүн энд ирсэн. Хот руу явах галт тэрэг маргааш ирнэ.

Ийнхүү зуны гэнэтийн хоногийн аялал тун амжилттай болж дууслаа. Багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Намрын нээлтийн аяллаар уулзацгаая. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат Д.Жамъяндорж Б.Баттөмөр С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа Э.Ожго
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5712 км
  • 52
  • 9
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
С.Мөнхбат
  • 10441 км
  • 89
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 10744 км
  • 107
  • 7
  • 1
  • 2
  • 3
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3