Босгын гүүрийн намар
УТА Д.Цолмон
Энэ зун ажил амьдралын завгүй байдлаас болоод Улаанбаатар уулын дугуйн аяллын группийн найзуудтайгаа төдийлөн олон аялаж амжилгүй намрын ажилтайгаа золгосон билээ. Гэвч хүн өөрөө л зохицуулж амралтын өдрөө амралтын өдөр шиг байлгаж чадвал болохгүй зүйл үгүй тул өнгөрсөн бямба гаригт группээс зарлагдсан “Босгын гүүрний намар” гэдэг яруу найраг шиг сайхан нэртэй хоногийн аялалдаа догдлон догдлон мордсон билээ.
Тэрэлж суурингаас админы хамт өглөөний 10:30 цагт аяллаа эхлүүллээ. Энэ аяллыг зарлагдсанаас хойших 7 хоногт цаг агаар биднийг багагүй сонжсон. УБ хотын зүүн хэсэг, зүүн аймгуудаар үргэлжилсэн бороо, нойтон цас орно л гэнэ, салхи шуургатай байна л гэнэ. Энэ мэдээг батлах мэт мягмар гариг хүртэл нарлаг байсан тэнгэр бүүдийж зарим өдөр бороо орох нь жоохон тиймхэн. Гэвч муу цаг агаар гэж үгүй, хувцасаа тохируулаагүй муу аялагч л гэж бий гэдэг ёсоор аяллаасаа хойш суутал хямралгүй битүүхэндээ бэлтгэлээ базааж өнгөрсөн хавар 4 сард Гүнжийн сүмийн орчим арай л осгохоос наагуур хоносоноо санан зузаан нимгэн хоёр мишок бэлдсэнээ авсан болохоор сэтгэл тайван жийж эхлэсэн билээ. Тэрэлж суурингийн хүмүүсийн таван салаа гэдэг голын салаан дээр ирээд би мэл гайхсан. Анх удаа энэ салаанууд тийм их устай, төмөр гүүрэнд ус бараг хүрэн алдан догшин урсахыг хараад тэр юм. Явган хүний жижиг гүүрүүд бүгд нурж, нурсан хэсгүүд далан шиг овоорч, усан дотроос балгас адил ёрдойн таагүй харагдана. Зарим жижиг салааны явган гүүр хэлтийж, тун тэнцвэргүй болсон нь монголчууд бидний юмыг аюулгүй талаас нь боддоггүй, тухайн үеэ аргацаан өнгөрөөдгийг илтгэнэ.
Хүйтэн усанд дасан зохицох чадвар 0 миний бие бараг ус хараад л даарч айж эхэлсэн. Админ харин хэзээний тайван туршлагатай зангаараа дугуйгаа үлдээн бүх салаагаар эхэлж ганцаараа гарч үзэж шалгаад өөрийн ачаатай дугуй болон намайг гаргаад басхүү араас ирэх дугуйчиддаа “нэг нэгээрээ гараарай, тэнцвэрээ маш сайн олж байж, усны урсгал харалгүй алхаарай, гайгүй салаагаар эвдэрсэн гүүрийг ашиглах бус гарамтай хэсгээр туулж гарах юм шүү” гэж надаар дамжуулан гишүүдийн чатад мэдээлнэ. Ийнхүү админд багагүй төвөг удаж түүнийг хүйтэн усанд нааш цааш нэлээд олон явуулж байж бид хоёр таван салааны цаана гарлаа. Байнга хойшоо өдрийн аяллынхан түрүүлээд ирнэ дээ, бид хоёрын хажуугаар өнгөрөх байх, хоногийнхныгоо ирэхээс өмнө Босгын гүүр хүрээд тухтай отоглох газраа олоод халуун цайтай угтах юмсан. Бид хоёрын дунд ийм яриа өрнөн байн байн эргэж харан жийсээр. Суварга хүрэх алдад үүлний завсараар нар ээж салхи тогтон байгал дэлхийн намрын хайр над дээр асгарах мэт сэтгэлд үнэхээр сайхан байлаа. Залхуураад даарна гэж айгаад аялалдаа гараагүй бол ийм сайхныг мэдрэхгүй өнгөрөх байжээ гэж бодож хувцасаа багахан нимгэлээд цааш хөдлөхөд бидний хүрэх Босгын гүүрний орчим алсад сүүмэлзэх нь Гүнжийн сүмээс хамаагүй наана гэдгийг илтгэнэ. Жийсээр Баруун Баянгийн гол дээр тулаад ирэхүйд Тэрэлжийн гол тийм их үертэй байсан тул мэдээж энэ голын усыг их байгаа гэж баримжаалж байснаар бүүр нэлээн их өргөн ус ихтэй шуугин байлаа. Өнөөх л айдас. Яаж туулнаа гэх зуур голын эсрэг талаас адуугаа туусан хөтөлгөө морьтой адуучин ирж байлаа. Ажиглан хүлээвээс адуугаа услах биш шууд гатлаад явах нь тодорхой болонгуут голын эрэг дээр тосож очоод админ энэ эгчийгээ гол гаргаж туслаач гэв. Адуучин залуу “за” гэнгүүтээ мориноосоо буун эмээлээ аваад хөтөлж яваа морио эмээллэж та энийг уна, одоо миний унаж яваа бор морь омголон бусгамтгай гээд намайг мордуулав. Эгэл даруу, үнэнч монгол эр хүний чанарыг бахархан бахархан голын цаана хийморлог хүлгийн нуруун дээр хув хуурай гарлаа. Адуучин эргээд гол гатлан идээшлэн одсон адууруугаа давхисан.
Тус тусын майхнаа барьж шинээр авсан аяллын хэрэгсэллээ гарган ярилцаж туршин цай чанаж хоол хийж байхад өдрийн аяллын залуус маань ороод ирлээ. Олуулаа хөөр баяраар гэрэлтэвч зарим нь нэлээдгүй цуцаж, Тэрэлжийн их уснаа зарим нь газардан норж гэхдээ эрч хүчтэй байгаа нь мэдэгдэж бөөн хөгжил хөөр болж аваад байгаа хүнсээ хуваан идээд Улаан тэмдэгийн болзол хангасан вэб админд тэмдэгийг нь гардуулж дурсгалын зураг татуулаад УБ хот орох тул яаравчлан 15:45-д хөдөллөө. Отог маань нэг сүрхий бужигнаад нам гүм болов.
Дахиад л алсыг ширтэн хоногийн аяллын хэдийгээ хүлээж эхэллээ. Эхлээд хамтдаа харж бүртэлзэх бараа бүхнийг тэр мөн үү биш үү гэж байснаа сүүлдээ ээлжилж харсаар 17 цаг 30 минутын алдад багаа чиглүүлж яваа Жавхлантөгс дугуйчин орж ирснээр отог маань дахин амилан бужигналаа. Гадаа сэрүүвтэр бороо бударч байсан тул яаравчлан майхнаа бариад 7 майхан эгнэсэн дэнж дээр хоногийн аяллын оргил нандин хэсэг дугуйчин бүр хувийн жижиг хийн тулганд хоолоо хийж, түүдгээ асаан ярилцан суух үдшийн цаг эхэллээ. Байгалийн өгөгдөлд уусан аяллын ярианд умбан ингэж л суух гэж хоногийн аялалд зүтгэдэг гэмээр.
Дэлгүүрийн залууд баярлаж талархсанаа илэрхийлээд тэндээс өчигдөр шөнө энүүгээр өнгөрсөн өдрийн багийнхныхаа тухай сураг сонсож аваад 15:40-д бид УБ хотруугаа хөдөллөө. Салхи өөдөөс тул 2 эгнээ болж салхиа авч бөөндөө явмаар байвч нарийн зам биднийг автомашинтай зэргэцэн яахан тэгж явахыг зөвшөөрөх билээ. Энд нэг зүйлийг заавал бичмээр. Машин унахаараа тэгтлээ яардаг юмуу, эсвэл хамгийн удаан явдаг унаа гэж машинаа боддог юм уу. Араас ирэх машины жолооч нарийхан замд цуварч яваа дугуйчидтай зэргэцэн ирээд өөдөөс ирэх машинд шахагдан хоёр талруугаа сандрахыг харахаар үнэхээр гайхмаар. 5 хүрэхгүй секунд бидний ард хурдаа хасан хүлээхэд л өөдөөс ирж буй хэдэн машин өнгөрөөд зам ч чөлөөлөгдөж өөртөө ч бидэнд ч аюулгүй өнгөрч чадах атал юунд тэгж үхэн хатан зүтгэдэгийг юу гэж ойлгомоор юм мэдэхгүй. Бид тайван жийсээр. Салхи биднийг эсэргүүцээд байна уу илбээд байна тувт л чихэн дээр нүүрлүү бүжиглэнэ. Биеэ чагнавал тэгтлээ их ядарсангүй байгаад баярлаж л байлаа дотроо.
Нэг эгнээгээр цувран боломжоороо салхиа аван аюулгүй байдлаа ханган жийсээр эхлээд Городок суурин, дараа нь Налайхын арын замыг дуусган Оргил дэлгүүрийн гадаа татахад хотдоо бараг л ирсэн мэт мэдрэмж ёстой гоё. Эндээс админ баг бөөндөө явах шаардлагагүй аяллаа эндээс өндөрлье. Өөр өөрийн аюулгүй байдлаа ханган болгоомжтой харьцгаа гэсэн команд өгсөн тул хэсэг амсхийж аваад жийцгээсэндээ. 19:10т Улиастай гүүрний урдах CU-д кофе ууж цэнэглэгдээд цааш харанхуйд жийсээр харьж энэ удаагийн “Босгын гүүрний намар” шүлэг шиг яруу нэртэй намар шиг олон өнгөтэй нэгэн дурсгалт аялал өндөрлөлөө. Одоо өөрийн авсан зургаа хуваалцана, бусдынхаа дарсан өөр өөр мэдрэмжийг харж баясана, хүн бүрийн сэтгэлд үлдсэн аяллын мэдрэмжийг сонсоно, ирэх 7 хоногийн ажилдаа урам зориг дүүрэн орно. Энэ бол УБ-уулын дугуйн аяллын группийн ээлжит нэгэн хоногийн аялал байлаа.
Босгын гүүрийн намар
УШТГ Б.Жавхлантөгс
Өмнөх орой аяллын ачаа сэлтээ бэлдээд жин тан болгоод орхисон тул өглөө сэрээд хийх ч юм олдсонгүй. Дэмий л утсаа ухаад сууж байтал админ залгаж байна. Цолмон эгчтэй хамт машинаар тэрэлж ороод тэндээсээ түрүүлээд босгын гүүр лүү явж байя гэсэн мэдээ дуулгаад. Өглөө 9 цагт багийнхнаа аваад айхтар норгож зутраачхалгүй тайван яваад ирээрэй гэсэн үүрэг өглөө. Нэгэнт хийх ажилгүй тул эртхэн цуглах цэг дээрээ очоод хүлээж байя гэж шийдээд 7 цагт гараад монгол шилтгээн рүү жийлээ. Гадаа үүлтэй бүүдгэр манан буусан намрын сайхан өглөө болж байв. Замд явж байхад бага зэрэг шиврээ бороо орж эхэллээ. 8 цагт монгол шилтгээн дээр очив.
Хуандийн амны шинэ засмал дуусаад нялцганасан шавар руу орж явчхав. Хуурай үед шуу бадайртай дэрчгэнүүлдэг зам маань өнөөдөр биднийг өөр өнгө төрхөөрөө сорих нь байна. Багаа чиглүүлж яваа хүний үүрэг бол буруу замаар явж маршрутаасаа хазайж төөрүүлэхгүй байх, зэрэгцээ 2 замын аль цагааныг сонгон явах, бартаа саадыг аль болох тойрч багийнхныхаа хүчийг дэмий үрэхгүй байх гэх мэт байдаг гэж ойлгодог. Нялцганаж, халтиран, хий эргүүлэн зүтгэсээр Хуандийн амны төгсгөл, Хоёр даваа өгсөхийн өмнө голоос ус авч энэ хүртэл дугуйнд наалдаж хүндрүүлж байсан шавраа угааж цэвэрлэж аваад даваа руу махийцгаав. Ачаатай дугуйтай ч өөр өөрийн темпээр жийх нь жийгээд түрэх нь түрсээр, нэгэндээ тусалсаар эхний даваан дээрээ 12:30-д гараад ирлээ. Энэ даваа өнөөдрийн давах хамгийн өндөр даваа байсан тул санаа амарлаа. Цаашаа нэг их өндрөө алдахгүй уруудаад Шилжрээгийн даваа даваад л Тэрэлж орчихно. Даваан дээр бага шиг цайлаад цааш хөдлөв.
Суваргатай гүдэн дээр нэг таталт хийж цуглаад цааш жийсээр салхи араас түрж байсан тул яах ийхийн зуургүй л Баруун Баян гол дээр хүрээд ирлээ. Энд ч мөн элдэв хохирол амсалгүй эвтэйхэн голоо гараад цааш жийлээ. Одоо ч Босгын гүүр хүртэл юухан байх вээ дээ. Манай түрүүлж явсан 2 аль хэдийн отоглох газраа олчихсон хүлээж байгаадаа. Өдрийнхөн маань хаана яваа бол одоо бараг Цонжин болдог орж яваа бол вуу. 17:30-д Босгын гүүрний зүүн хойд дэнж дээр отоглосон Админ, Цоко эгч хоёртой уулзацгаав. Майхнуудаа дугуйлж барин отоглоод оройн хоол ундаа хийж идэцгээв. Баттөмөр ахтай хамт Туул гол руу очиж хэсэг дэгээ шийдэж үзлээ. Гол үерлээд загаснууд хаашаа ч юм алга болсон бололтой цаг гаран оролдоод цайрсан тул өглөө хэсэг шийдэж үзье гэж ярилцаад буцаж отог дээрээ ирэн шиврээ бороонд түүдгийн галаа тойрон хорвоогийн сонин сайхныг хаман ярилцаж суугаа багийнхантайгаа нэгдэн суусаар 23 цаг орчимд тус тусын майханд орон дуг нойрондоо дугжирцгаалаа.
Өглөө 06 цагт хажуу майхны цахилгаан хүржигнэх дуунаар сэрлээ. Баттөмөр ах сэрж байгаа нь тэр байж. Хоёул дугуйгаа унан голоо уруудаж хэсэг шидэж үзлээ. Загас ч баригдах шинж алга. Нэг нэг навч, замгийн олзтой отог дээр буцаж ирлээ. Манайхан хэдийн босоод цайлж сууна. Өглөөний хоол ундаа хийж идээд, Майхан сэлтээ хурааж дуусаад хөдлөхөд 10 цаг болж байв. Өмнөх өдрүүдийн борооны улмаас Тэрэлжийн гол нэмж үерлэсэн нь тодорхой, Өнөөдөр ч дахин бороо орох тул олон гол туулах нь эрсдэлтэй гэж үзээд Админ буцах маршрутаа өөрчлөн Замтын даваа даван өдрийн аяллынхан маршрутаар буцах шийдвэр гаргалаа. Замтын даваа руу өөр өөрсийн темпээр жийсээр 12 цаг гэхэд сүүлийн хүн гараад ирсэн байна. Хойноосоо дугуйтай жийхэд сайхан байхдаа гээд 2 долоо хонгийн өмнө машинаар ирэхдээ бодож байснаар үнэхээр сайхан дугуй болон дугуйчинд ээлтэй даваа юм. үүнээс цааш Цоко эгчийн тэмдэглэлтэй ижилхэн болох тул залхуурлаа.