9 сарын 8, Баасан гариг
Аялалд бүртүүлсэн гишүүд унадаг дугуйгаа тээшний вагонд урьдчилан өгөөд УБТЗ-ын төв вокзалаас 20:30 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд сууна. Галт тэрэгний нэг талын тасалбарыг урьдчилж захиалбал зохино. Тасалбарын үнэ нийтийн вагоны хувьд Улаанбаатар өртөөнөөс Түнхэл зөрлөг хүртэл 8000 төгрөг байна. Түнхэл зөрлөг хүрч 23.00 цагт галт тэрэгнээс бууна. Аяллын өмнөх бэлтгэл (техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтын хэрэгсэл, урд хойд гэрэл, нөөц гэрэл зай, замд идэх хүнс хоол гэх мэт)-ээ базаана.
9 сарын 9, Бямба гариг
Түнхэл суурингаас 00.00 цагт товлосон чиглэлийн дагуу аялал эхлэнэ.
Шөнийн аялал. Манай аяллын бас нэг онцгой төрөл. Гэхдээ "биеэ даадаггүй" бөгөөд Өдрийн аяллын төрөлд багтдаг. Урьд нь гурван удаа зохиогдож байсныг түүх "мэднэ".
Амрагчид хотоос их ирж олны хөл бужигнана. Чийгтэй цэвэр агаарт бяцхан чихүүцсэн ч аяллын өмнөх бэлтгэлээ ханган бүгд дор бүрнээ завгүй байцгаана. Түнхэлд өчигдөр шөнөжин бороо орсон гэнэ. Газар чийгтэй, тосгоны харанхуй гудамжны зам шавар шавхаагаар дүүрчээ. Гэрэл гэгээгээ асаан шалчиг балчиг замтай гудамж дундуур нохой хуцуулан жийсээр төв зам дээр гарч багаа цуглуулав. Нийт 14 (3 бүсгүй) гишүүн.
Нутгийн сониуч иргэд хаанаас ирсэн гэж байна, хотоос гэлээ. Хаашаа явж байгаа юм гэж нэмж асуухад нь хот руу манай нэг бүсгүй хариулав. Хот гэж шааж байна гэж хоорондоо ярилцсаар холдсон гэнэ билээ.
Аяллын чиглэл төлөвлөж байхдаа, энэ жил ус ихтэй байсан болохоор В төлөвлөгөөг дотроо боловсруулсан юм. Төв замын хонхор хотгор усаар дүүрч, зарим газар замаар ус хоржигнон урсана. Усны өнгө тунгалаг харагдах нь их үер болоогүйг илтгэнэ. Чиглүүлэгч гишүүнтэйгээ ярилцан тосгоноос 5 км орчим яваад Балжийн голын хөндий өгсөх төв замаа дагахаар шийдэв.
Сайжруулсан нэртэй өргөн замыг захлан гэрэл чийдэнгээ асаан манай баг урагшилж байлаа. Товолсон газраа ирж Балж голын хөндий өгсөн тун дажгүй уулын бэл дагасан замаар жийв. Бага шиг голыг автомашины гарамаар гарлаа. Гол ус багатай байв. Энэ гол нь Балж голын баруун цутгал Гацуур гол байв. Цааш хөндий өгсөн зүүн салаагаар нь салж жийсээр Балж голыг жижиг гүүрээр гарч алсын өгсүүрт урагшилсаар. Айл их бололтой, хаа сайгүй ноход шөнийн чимээ аван хуцалдана. Шинийн 25-ны хавирган сар мэлтийж, тэнгэр цэлмэг дулаан шөнө боллоо. Чиглүүлэгч гишүүнээ, замаа мэддэг гишүүнтэй хамт урдаа явуулж дараа нь даваа дээр татаарай гэж захьсан тул тааваараа өгссөөр. Тэдний улаан гэрэл тээр урд гялалзан замчилж, нэлээд өндөрт харагдаж байв. Хэсэг мод гарч ирээд давааны огцом өгсүүр эхэллээ.
Дунд зэргийн овоо харагдана, тойрлоо. Энэ замаар явж буй автомашинтай хүмүүс манайхантай ярилцсаар өнгөрч байв. Даваа дээр Батсүмбэр 24 км, УБ 111 км гэсэн мэдээлэх самбар, амарч суух бяцхан саравч байрлуулжээ. Даваан дээр түр амраад уруудан Хавчиргангын дээд амаар хөндлөн гарч Банзан даваа өгслөө. Өгсүүр бараг үгүй тэгш шахуу ёстой л "банзан" дээгүүр жийсээр давлаа. Эхлээд итгэсэнгүй. Зүүн гар талын замаа дагаж уулын бэл ороосон хээрийн замаар түнэр харанхуйг гэрлээрээ яран мөн ч хол замд уруудлаа. Баруун гар талд нэг голын хоржигноон сонсогдоно. Мэхээрт гол гэнэ.
Замд хааяа шавар гулгаа гэнэт орж ирнэ, ганц нэгээрээ шарваж, гулгаж уналгүй яах вэ. Голоо гарахгүй дагаж уруудсаар Батсүмбэр сумын төвийн хойд талын суурин хүрээд гол гарлаа. Энэ голын нэр Хужир. Мэхээрийн гол, Хунцалын гол нийлж энэ богино голыг үүсгэдэг.
Гүн нойрондоо умбах Батсүмбэр сууринд эхний гишүүд 4 цагт орж ирэв. Арын гишүүдээ хүлээж, багаа бүртгэж байтал нэг бүсгүй гишүүнээ "алдсан" байв.
Анхны аялалдаа оролцсон нэг бүсгүй маань эндээс аяллаа дуусган, вагонд суухаар найз залуутайгаа вокзал руу явлаа. Аяллын адармаатай замд амжилттай аяласан дүүдээ сайн сайхныг хүсье.
Нэг бүсгүйгээ аван би түрүүлээд хөдөллөө. Хөрсөн бие ахин ачаалахдаа үе мөч хатгах мэт өвдүүлэн хэсэг явсанаа гайгүй болов. Бид хоёр бага хурдаар зогсолтгүй урагшлан явсаар Бургалтай өнгөрөн, Батсүмбэр сумын хаалга хүрэх хамгийн уужим өгсүүрт махийж байтал араас залуус шуугин орж ирээд хамтд нь хамаад өгсүүрт гаргачихав. Замдаа таарсан онгорхой эхний дэлгүүрт шууд татаарай гэж хэлээд залуусыг урагшаа явууллаа. Төөрсөн бүсгүйгээ олоод аваад ирсэн, араас ирж буй гэсэн мэдээ авав.
Наран уулын цаанаас мандан дулаахан нартай өдөр болох бололтой. Ногоонтолгой суурин унтаж байв, Жаргалант суурин арай л босоогүй байв. Өөдөөс нэг гишүүн ирж байлаа, арын гишүүний дугуй хагарч тусламж хэрэгтэй байна гэж зөрөхдөө хэлээд саохи татуулан одлоо. Аяллын замын ийм нөхөрлөл, тусламжийн ачаар бидний аялал бүтсэн нь даанч олон. Рашаант суурин хүрэхэд товлосон дэлгүүрийн гадаа толгойн хэсэг хүлээж байв. Энд бид өглөөний цайгаа уулаа.
Хотын зүг жолоо хумхилгүй жийсээр 361 сууринг нэвт сүвлээд, Баруунтурууны даваа даваж уруудан орж ирэхүйд бүгчим халуун, автомашины уламжлалт гацаа түгжрэл, бухимдсан олны хараал ерөөл буцалсан орчин угтлаа. Цаг 12 өнгөрч байв. Дугуйн дээр бэхэлсэн GPS-ийн заалт 128,8 км байлаа. Ийнхүү энэ удаагийн шөнийн аялал амжилттай болж, манай залуусын хамтач тусархаг харилцааны илрэл болон бидний түүхэнд бичигдлээ. Зүгээр л жий.