Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #161 - Сэргэлэн сум буюу "шаварсаа"-гаа гаргацгаасан нь

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/322
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
114 км
Давааны тоо
2
Өндөр авалт
897 м
Өндөр алдалт
-899 м
Их өгсөлт
6.7 %
Их уруудалт
6.7 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2024 оны 4 сарын 6 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа дахь Амгун центр
Цуглах цэгийн солбицол
47.838611, 106.789139
47°50'19"N, 106°47'20.9"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Манай баг Төв аймгийн Сэргэлэн сумын ЗДТГ-ын үүднээ

Энэ өвлийн хур тунадасны онцлогоос шалтгаалан клубийн хаврын аяллын улирал эхэлсэн цагаас хойш өдийг хүртэл засмал замаар дагнасан аяллууд л зохиогдсоор байсан юм. Тэдгээр аяллуудын үеэр хийж явсан ганц ажил бол цас, мөс хэр хайлсаныг ажиглах явдал байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Ийнхүү тэгш тал газар, уулын уужим хөндийн цас болон шинэ тутам аялалд оролцож буй гишүүдэд хальтирч унах эрсдэл учруулах мөс багассан тул энэхүү маршрутыг сонгон аялал зохион байгууллаа.

Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд цуглах цэгт, товлосон цагт цөм бүрэн (21+1) хүрэлцэн ирсэн байв. Ингээд аялал 08:59 цагт эхлэв.

Маршрутын дагуу жийсээр Зуунмод хот руу орохын өмнө татаж, түр амсхийнгээ дараах дурсгалын зургийг татууллаа.

Зураг 2. Дрондсон нь

Зохиосон маршрутын дагуу бид аяллын оргил цэг болох Сэргэлэн сумын төвийг зорихдоо Зуунмод хотын баруун урд хэсгээр дайран өнгөрнө. Түүнээс цааш шороон зам руу орно.

Зураг 3. Сэргэлэн сумын хилийн дээс дээр

Тал газрын цас бүрэн хайлжээ. Харин ус чийг нь бүрэн хатаагүй тул шалбааг, шавар элбэг байх аж. Яг л ийм замаар жийнэ дээ гэж төсөөлж байсан юм.

Зураг 4. Шаварсаагаа гаргацгааж буй нь

"Замын шавар их байна." гэсэн яриа чих дэлсэнэ. Шавраас зугтаж замаас гарсан ч газрын чийг их тул дугуй тийм ч сайн өнхрөхгүй байлаа. Ямартаа гишүүд "Шавраас гарахаар өвс зуураад явуулахгүй юм." гэлцэх вэ. Гэхдээ л уулсын дундах уужим тэгш хөндий дагасан зам дагуулан зохиосон маршрут тул шавар дээр хальтирч унах явдал гарсангүй. Улгүй сул шаварт хэчнээн арзгар хээтэй дугуй ч огт зууралтгүй болж нэн ялангуяа урд дугуй газрын хэвгий тал руу самбаачлах сэхээ олгохооргүй гулгадаг. Харин энэхүү замд ийм хэвгий газар байгаагүй тул ийнхүү гулгах явдал гарахааргүй байсан.

Зураг 5. Шаварсаагаа гаргацгааж дуусах мөч

Сүүлийн шавар, шалбаагийг туучих нь туучиж, тойрох нь тойрч гарсаны дараа аяллын багийн хагас нь замын хажууханд, дэнж дээр барьсан хурдан морьдын хөшөөт цогцолборыг үзэж сонирхлоо.

Зураг 6. Хурдан морины хөшөө

Тэд түрүүлж, төчнөөн айрагдсан хэмээн хөшөө бүрийн суурь дахь пайз дээр дурайтал бичжээ.

Зураг 7. УТГ Золзаяа

"Буцах замд аягүй л бол үүгээр дайрахгүй" хэмээгээд зарим гишүүдийн зургийг дарж өгөв. Үнэхээр ч буцахдаа үүгээр дайраагүй юм.

Зураг 8. УШТГ Мөнгөнсүх

Сэргэлэн сумын нутгаар жийж явахад таарсан энэхүү хөшөөт цогцолбороос гадна морь барианы зурхай, уяаны морьд хөтөлсөн хүмүүс таарах нь тус нутгийг хурдан морины нутаг гэж нотлох гэсэн мэт байв. Бүр хэрэг болгон зорьж, сумын төвийн баруун хойд талын уулын бэлд буй хэдэн хашааны нэгнийх нь үүд рүү зам хазайн жийж хүрээд шагайхад хашаанд хэдэн морь, морины жүчээ харагдана.

Зураг 9. Тольфи

Сэргэлэн сумын төв нь аймгийн төвөөсөө 20 хүрэхгүй км зайтай ойрхон болоод ч тэрүү цомхон суурин байх ажээ. Зам нь шуудхан л сумын төвийн ЗДТГ-ын барилгын хашааны үүдэнд хүргэв. Барилгын өмнөх талбайг аятайхан тохижуулжээ. Мөн тус талбайн чанх урд авсаархан нийтийн талбай байх агаад тэнд өсвөр насны охид роликоор гулган тоглоно. Харин хашааны хойно, автомашины зогсоол дээрх ачааны машины жолооч бололтой нэг эр биднийг сониучирхан харна. Олны хөлөөс зайдуу, дэндүү нам жим сууринд биднээс өөр сонирхох юм түүнд үнэхээр байгаагүй биз ээ.

Зураг 10. Амралт - Үдийн хоол, 12:10 цаг

Аяллын оргил цэг - зорьсон газраа ирээд амарч, хооллосон бид яг 12:30 цагт буцах замдаа орсон. Харин буцахдаа Зуунмод хотын зүүн талаас ордог цардмал төв замд шууд нийлдэг, орон нутгийн чанартай шороон замаар жийлээ. Энэ замаар жийсэн нь нэг талаас салхи сөрөхгүй байх нөгөө талаас шавраас зугтах гэсэн хоёр шалтгаантай ба Сэргэлэн сумын төв дээр амарч сууцгаахдаа ийнхүү буцахаар хэлэлцэж тогтсон юм. Амьдрал арван хуруу тэгш байдаггүй гэдэгчлэн буцах зам шаваргүй, салхи сөрөхгүй зэрэг давуу талтай ч дэржигнүүр чулуу ихтэй гэсэн сул тал гарав. Ямартаа "Дугуй хагарчихаагүй байгаа даа" гэж хойд, урд дугуйгаа явуут дундаа харах, донсолгоо дээгүүр гарахад хэр хатуу зөөлөн байгааг нь ажих вэ дээ.

Ийнхүү "Хамаг бүдүүн админ"-аар толгойлуулсан аяллын баг хэдийгээр шавраас зугтааж явсан ч Зураг 5 дээрх шаврын зах зухыг дайрсан л бололтой. Дараах зургийг Сэргэлэн сумын баруун хойд талын уулын давааны оройг өнгөрүүтээ дарсан юм. Тус даваа урдаасаа нэг их өндөргүй гэмээр харагдсан тул хойд талынх нь цас хайлж дуусаа биз гээд дээгүүр нь давчихсан. Давааны ар нь хэмжээгээрээ атгасан гар чинээнд хүрэм, хурц ирмэгтэй чулуугаар дүүрэн ба харин зам нь нилэнхийдээ сул хайрга тул үүгээр туулах чадвар сайтай л машин гардаг болов уу. Миний араас дагаж ийшээ орж ирэх хүн байх нь уу гэж харзнатал хэн ч байсангүй. Бүгдээрээ уулын хошуу ороосон замаар орцгоожээ. Зураг дээр хойд зүгийг барин яваа аяллын багийн цуваа харагдана. Цувран яваа дугуйчдын байдлыг харвал хэсэг шавар дайран гарсан нь гарцаагүй. Учир нь ирэх замд уг хошууны харалдаа уулын бэлд ачааны машинууд хэд хэдээрээ шаварт суучихсан нь нүднээ илхэн байсан л даа.

Зураг 11. Хөндийгээр нэг цуван давхилдах дугуйчдын зураг дарах гэсэн чинь - ачааны машин

Бид үдээс өмнө УБ хотоос ирэхдээ салхинд туугдаж ирсэн бол харин буцахдаа салхи сөрнө. Дээр ч салхи сөрөхгүй байх тухай дурдсан. Тийнхүү Сэргэлэн сумаас Зуунмод хот хүрэхэд таарах салхийг аргалсан бол Зуунмодоос УБ хот хоорондын замд чанх зүүнээс буюу яг өөдөөс үлээх салхийг багийн хүчээр аргалав. Үнэхээр Зуунмод хотын урдуур явахдаа л бүгд цуваанд орж, бараг сайн дураараа гэмээр журамлагдан хайрцаглагдчихав. Зуунмод хотоос гарах замд байдаг хэдэн өгсүүрт ч цуваагаар явцгаана. Урагшаагаа буудаж гараад цувааг задалж төрхгүйтье үү хэмээн өндөлзөж өндөлзөж болив. Нөгөө талаас ойрд ингэж шороон замаар жийгээгүй гишүүд нэлээн ядарсан бололтой. Ийн бодсоны учир хэмээвээс өгсүүр өөдөө томоотой нь аргагүй цуваагаар жийцгээсэн, тэгэхдээ цуваа дотор шүргэлцээ, хавиралцаа гарсан явдал л даа. Яагаад гэвэл дугуйчид өгсүүрт ядраад жийж хүчрэхээ болиод ирэхээрээ жолоогоо хяналтгүй хаа хамаагүй мушгиж гуйвж дайваад эхэлцгээдэг юм. Үүнд нь яг тохируулж цувааны дээд хурдыг зөв тохируулж, салхи авч явсаар Зуунмод хотоос Айдсын давааны бэлд аяллын цувааг бүрэн бүрэлдэхүүнээр нь амжилттай авч ирсэн аяллын чиглүүлэгчийн аяллын үеэр туулсан замын уртыг нь 10 хувиар өсгөн бодож хувийн хэрэгт нь тэмдэглэж урамшуулах шийдвэр гаргалаа. Мөн аяллын цувааг цоожилж, шинэ гишүүдийг аяллаа амжилттай дуусгахад их үүрэг гүйцэтгэсэн цувааны цоожлогчид мөн адил 10 хувийн урамшуулал олголоо.

Зураг 12. Зуун мод хотоос гарлаа

Өнөөдрийн аяллын үеэр хэдэн тэмдэглүүштэй үйл явдал тохиосон. Эдгээрийн нэг бол клубийн нэжгээд гишүүн бахархлын цэнхэр болон ногоон тэмдгийн болзол биелүүлсэн явдал юм.

Зураг 13. Шинэхэн цэнхэр тэмдэгтэн

Зураг 14. Бахархлын ногоон тэмдгийн болзол биелүүлсэн гишүүн

Мөн клубийн идэвхтэй аялагчид болох УТГ П.Золзаяа, УТА Д.Цолмон нар 100 дахь удаагийн аяллаа хийлээ.

Зураг 15. 100 дахь аялалдаа яваа бүсгүйчүүд

Зураг 16. Бахархлын улаан тэмдэгтэй эмэгтэй гишүүдийн 100 дахь аяллын дурсгалын постер

Зураг 17. Засаг даргын талархлын бичиг

Зураг 18. Шороон замаар

Ийнхүү клубийн өдрийн аяллын энэ улирлын хамгийн анхны "шороон зам"-ын аялал амжилттай болж өндөрлөн, гишүүд "шаварсаа"-гаа ханатал гаргацгаалаа.

Зураг 19. Аялал өндөрлөлөө, 16:50 цаг

Аялалд бүртгүүлэн хүрэлцэн ирж хамт жийцгээсэн бүх гишүүдэд бүх гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Батбуян Д.Бямбасүрэн С.Отгонбаатар А.Отгонбаяр Б.Элбэгзаяа Д.Ганбат Б.Сүхбат Д.Сонинбаяр Г.Ёндонжамц Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Ц.Наранхүү П.Батмөнх Т.Баярсайхан Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Ж.Октябрь Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Б.Батбуян
  • 233 км дутуу
  • 1026 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 1477 км
  • 15
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Отгонбаатар
  • 2175 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Отгонбаяр
  • 2871 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 3275 км
  • 28
  • 0
  • 0
  • 2
  • 0
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5172 км
  • 47
  • 8
  • 2
  • 1
  • 2
Г.Ёндонжамц
  • 5498 км
  • 47
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 6465 км
  • 67
  • 6
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7287 км
  • 69
  • 8
  • 2
  • 1
  • 2
Ц.Наранхүү
  • 7513 км
  • 78
  • 8
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8096 км
  • 83
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8271 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
Б.Жавхлантөгс
  • 9960 км
  • 95
  • 10
  • 1
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10466 км
  • 117
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 10744 км
  • 107
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Отгонбаяр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2403 км
С.Отгонбаатар Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1346 км