Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 аялал #7 - УБ 240/24 2024

UB 240/24 буюу УБ 240/24 аялал нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн аялал юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/328
Аяллын төрөл
УБ 240/24 аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
4
Өндөр авалт
2205 м
Өндөр алдалт
-2204 м
Их өгсөлт
16.3 %
Их уруудалт
16.3 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2024 оны 6 сарын 29 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Налайх Оргил худалдааны төвийн замын урд талбай
Цуглах цэгийн солбицол
47.791056, 107.217083
47°47'27.8"N, 107°13'1.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ удаагийн аяллын онцлог УБ 240/24 уламжлалт, багийн аяллыг энэ удаад УБ - Налайх - Сэргэлэн сум - Ээж хад - Сэргэлэн сум - Хөшигтийн хөндий - Алтанбулаг сум - УБ чиглэлээр зохион явуулна. Энэ жилийн УБ240/24 аялал хоёр онцлогтой. Үүнд:

  1. Аяллын маршрутын оргил цэг нь олон түмний сүсэглэдэг, домогт Ээж хад байна.
  2. Жилийн хамгийн урт өдөр, богино шөнө буюу зуны туйлтай давхацна.

Багийн хуваарилалт, зохион байгуулалт Аялалд оролцогчдыг жийлтийн эрчимээр нь багуудад хуваарилна. Баг нь дор хаяж 5 гишүүнтэй байх бөгөөд дараах зохион байгуулалтад орж, харгалзах үүрэг хүлээнэ. Үүнд:

  • ахлагч
    багийн гишүүдийн дараах ажил үүргийг хуваарилж, аяллын үеэр багаа удирдана, аяллын тэмдэглэл хөтөлнө
  • орлогч
    ахлагчид тусална
  • чиглүүлэгч
    гар утас зэрэг GPS дэмждэг төхөөрөмж дээр аяллын замын маршрутыг суулгаж, багаа чиглүүлнэ
  • холбоочин
    бүртгэлийн цэгүүд дээрээс мэдээ дамжуулна
  • цоожлогч
    цувааны төгсгөлд оврын гэрэлтэй явж багийн аюулгүй байдлыг хангана

Баг нэртэй байж болно.

Аяллын хөтөлбөр Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд цуглах цэг дээр цугларч, клубийн админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Аялал эхлэх цагаас өмнө оролцогчдыг багт хуваарилна. Төрийн дууллаа бүгд хамтдаа дуулаад, аялал эхлэх цагт баг багаараа хөдөлнө. Багууд тус тусын жийлтийн эрчмээрээ, заасан маршрутыг багаараа хамтдаа жийж туулна. Заасан бүртгэлийн цэгүүд дээр багийн холбоочин нь зааврын дагуу мэдээ бэлдэж дамжуулна. Сүүлийн бүртгэлийн цэгт ирсэнээр аялал өндөрлөнө.

Бүртгэлийн цэг Энэ бол аялалд оролцогч нь ирц ба жийлтээ админд мэдүүлэх цэг юм. Тус аяллын маршрутын дагуу 6 ширхэг бүртгэлийн цэг бий. Цуглах цэг буюу эхний бүртгэлийн цэг дээр ирцээ админд мэдүүлэх бол бусад бүртгэлийн цэгүүдэд багийн холбоочинд аялалд оролцож буйгаа мэдүүлнэ.

Бүртгэлийн цэгээс дамжуулах мэдээ Уг мэдээнд бүртгэлийн цэгийн нэр ба дугаар, бүртгэлийн цэг дээр багийн бүрэлдэхүүн хүрч очсон цаг ба минут, аяллаа үргэлжлүүлж буй гишүүдийн нэрс бас аяллаас гарсан гишүүдийн нэрс багтана. Мөн мэдээнд багийн бүрэлдэхүүний, бүртгэлийн цэг дээр авахуулсан зураг хавсаргана. Сүлжээгүй газраас бэлдсэн мэдээг дараагийн, сүлжээтэй бүртгэлийн цэгээс илгээнэ.

Гарц Энэ бол аяллыг бүрэн дуусгалгүй маршрутын дундаас гарч болох цэг юм. Ийм цэгүүдийг маршрутын задаргаа дотор заасан.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Уг маршрут УБ хотын зүүн өмнө болон баруун өмнө мөн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрийг дайрна. Нийт замын 60 орчим хувь нь шороон, үлдсэн нь цардмал байна. Маршрутын уртыг Сүхбаатарын талбай хүртэл тооцсон.

Маршрутын задаргаа

Маршрутыг УБ240/24 аяллыг зохиож ирсэн уламжлалын дагуу сегментүүдэд хувааж, бүртгэлийн цэгүүд заасан. Эдгээр бүртгэлийн цэгүүд нь цуглах цэг, дайран өнгөрөх суурингууд, аяллын оргил цэг болон аялал дуусах цэгтэй уялдана.

  1. Бүртгэлийн цэг 1 - Гараа
    Энэ нь цуглах цэг дээр байна.
  2. Бүртгэлийн цэг 2 - Сэргэлэн сумын төв
    Бүртгэлийн цэг 1 буюу гараанаас цардмал замаар 23 км орчим жийгээд Майдар бурхны хөшөөт цогцолборын баруун өмнөөс шороон зам руу салж 7.8 км жийгээд Сэргэлэн сумын төв (гарц 1, жийлтийг маршрутын уртын 20 хувиар тооцно) хүрнэ.
    Энэхүү цэгээс багийн холбоочин мэдээ илгээнэ.
  3. Бүртгэлийн цэг 3 - Ээж хад
    Сэргэлэн сумын төвөөс урагш 37.7 км жийж Ээж хад хүрнэ.
    Энэ цэгт холбоочин мэдээ бэлдэнэ. Бэлдсэн мэдээгээ дараагийн бүртгэлийн цэгээс илгээнэ.
  4. Бүртгэлийн цэг 4 - Сэргэлэн сумын төв
    Ээж хадаас Сэргэлэн сумын төв (гарц 2, жийлтийг маршрутын уртын 50 хувиар тооцно) рүү буцаж 37.7 км жийнэ.
    Тус цэгээс багийн холбоочин шинэ болон өмнө бэлдсэн мэдээгээ илгээнэ.
  5. Бүртгэлийн цэг 5 - Алтанбулаг сумын төв
    Бүртгэлийн цэг 4 буюу Сэргэлэн сумын төвөөс Хөшигтийн хөндийгээр дамжин Алтанбулаг сумын төв (гарц 3, жийлтийг маршрутын уртын 80 хувиар тооцно) хүртэл шороон замаар 55 орчим км жийнэ.
    Уг цэгээс холбоочин мэдээ илгээнэ.
  6. Бүртгэлийн цэг 6 - Бариа
    Бүртгэлийн цэг 5 буюу Алтанбулаг сумын төвөөс цардмал замаар 36 км жийж Буянт-Ухаа дахь Сод Монгол шатахуун түгээгүүрийн зүүн талын орон сууцны барилгын нэг дүгээр давхарт үйлчилгээ явуулдаг CU дэлгүүрийн салбарт хүрч аялал дуусна.
    Энэхүү барианы цэгээс багийн холбоочин сүүлийн мэдээ илгээнэ.

Аяллын тэмдэглэл

Нэртэй даваанаас нэргүй хөтөл хэцүү гэж хур их туршлагатай тээврийн жолооч тэр жил хэлж байсан нь сэтгэлд үүрд хадгалагдан үлджээ. Бидний 300 хол илүү аяллын адармаатай, сонирхолтой замд олон ч удаа дээрх үг орой руу минь бууж байсан, одоо ч буусаар байна. Амьдрал ийнхүү үргэлжилдэг байх нь.

Клубын аяллын хэмнэл хэвийн үргэлжилсэн шинэ өдөр айлчлан ирлээ. Хотоос жаахан оройтож гарлаа. Шамдуухан жийсээр аялал эхлэх цагаас 5 минутын өмнө Налайхын Оргил худалдааны төвийн урд ирлээ. Жилд нэг удаа энэ онцгой аялал зохиогддог. 2017 оноос эхтэй 240 км замыг 24 цагт туулах зорилготой аялалд анх УБ даяараа "оролцдог" байж (2017, 2018, 2019 ондуудад) билээ. Цагийн өөрчлөлтөд оролцогч нарын хүрээ хумигдан, аяллын нэр төрөл манай клубын хэмжээ (2020, 2022, 2023, 2024 он)-нд үлдсэн. Цаашид өргөжин тэлэх байх гэсэн өөдрөг бодолдоо итгэдэг.

Зураг 1. Аяллын гараанд гарахын өмнө
Энэ жилийн 7 дахь аялалд гараанаас 11 гишүүн гарлаа. Бүгд гар утас дээр төрийн дууллаа эгшиглүүлэн, дуулаад, товлосон цагтаа хөдөллөө. Сайхан өглөө болсон шүү. Бүрхэг тэнгэрийн дор, баруун хойд талаас хүчтэйхэн үлээх салхинд илбүүлэн Баян уулын нугачаагаар уруудан өгсөн жийсээр МАК суурингийн салдаг уулзвар дээр хальт татлаа. Араас нэг гишүүн хөөгөөд хүрээд ирэв. Даваагаа даван уруудаж Майдарын урд засмалаар Сэргэлэн сум руу салах шороон зам дээр татлаа. Ахин хоёр гишүүн хүрээд ирлээ. Бид 14 хүнтэй болов.
Зураг 2. Манай баг хөтөлийн өгсүүрт
Тун сайхан дагжуу шороон замаар уруудан явсаар Хөшигийн уулын урд энгэрт орших Сэргэлэн сумын зах хүрээд, урагшаа Их Хөшигийн хөндийг хөндлөн өгсөж, Ээж хад руу явах төв замд оров. Уулын уужим ам өгсөн явж байтал нэг гишүүний маань дугуй эвдэрлээ. Хойд гол нь зорогдоод араа нь хайваг яйваг хийн жийхэд их хүч шаардаж байв. Эндээс буц даа, дугуй чинь болохгүй гэж хэлтэл, том араан дээр аргадаад жийж болох юм шиг байна гээд аяллаа үргэлжлүүлж билээ.
Зураг 3. Будант хөндий туулан урагшилсаар
Зураг 4. Энэ цогцолборын хажууд ирээд баруун зүг зам эргэж Ээж хад руу хөтлөнө
Эрдэнэ уулын зүүн урд талын хондлойгоор даван уруудлаа. Араас дэмжих салхи, засмал мэт сайхан уруу замаар 30-40 км цагийн хурдтай сүнгэнэтэл уруудан, хоёр том хөндий туулан уулын урд суга ороон, Ээж хадны бүс рүү орж ирлээ. Багийн гишүүд маань тун өөдрөг байлаа. Уулын жалга, нугачаа бүхий 8 км дуусдаггүй замаар махийсаар 12.30 цагт зорьсон цэгтээ ирлээ. Ийнхүү 100 км замыг ийх яахын аргагүй л 5 цаг 30 минутын дотор эвхчихэв.
Зураг 5. Бахархалын тэмдгээ гардсан гишүүд
Өдрийн хоол идэн нэг цаг тавтай амраад хөдөллөө. Ирсэн замаараа бус хойд зүгээ барин уулаа өгсөн 4 км яваад давлаа. Энд улбар шар, цэнхэр тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулж баяр хүргэв. Байгалийн содон сонин хадан тогтоц, Бугын хэвтэр хэмээн нэрлэсэн үзэсгэлэнт торлогыг харан, зураг хөргөө татуулаад уруудлаа. Нар шарахгүй, нягт бус сэвэлзүүр салхи сөрөн бөөндөө цуваанд орон хийморьтой урагшилна. Ялаа шумуул, нисэлдэх шавьж өнөөдрийн аяллын орчинд огт тохиолдоогүй юм. Одоо бид баруун хойш чиглэсэн замтай нийлэх учиртай. Орон нутгийн тийм ч тод бус боловч боломжийн зам сонгон уулын уужим ам өгссөөр, өөдөөс арваад автомашин зөрөх нь зөв замаар явж буй итгэл төрүүлнэ. Зам бүдгэрээд нэг даваа өгсөн давлаа.
Зураг 6. Толгодын орой дээрхи хадан дунд
Орой дээр нь сэвшээ салхинд сайхан амрах ахуйд юу юугүй борооны үүл чиглээд ирлээ. Аянга цахилгаан цахилан тэнгэр сүртэй нүргэлнэ. Утсаа унтраагаарай, өндөрлөг газраас одоо зайлах хэрэгтэй гээд бүгд бужигнан уруудах цаг дор усан бороо, мөндөртэй холилдон бидэн дээр буулаа. Ийм мөндөр амьдралдаа анх удаа үзэв. Үрлэн чихэр шиг том ширхэгтэй, гар хуруу, шуу, өвдөг гуяыг хорстол шилбүүрдэнэ. Хурууны яс хугарах болов уу гэж айсан шүү. Дугуйнаасаа буун буруу харан зогсож, одоо болиоч дээ гэж гуйн, нуруу хүзүү мөндөрийн хамаг цохилтыг өөртөө авч байлаа. Түр зуурын тулдаа л тэсэж гарав. Манайханы гарын шуу, гуяыг гүвдрүү болтол нүдсэн байлаа. Юу ч болоогүй мэт ажин түжин нөмөрч бид инээлдэн саяны болсон явдлыг ярин хөхрөлдөв. Тод зам урд хөндлөн орж ирж овоотой даваа даван оджээ. Яг тэр үед зүг чигийн баримжаагаа алдан бид хойд зүг чиглэх (хэрэв гар утсаа гарган луужингаа харсан бол) өндөр даваа руу өгслөө. Ингэж багийнхныгаа би төөрүүлсэн юм.
Зураг 7. Уруудахын өмнө
Нэмэлт мэдээлэл: Давааны хойд хэсэгт харагдах уулыг Дойтын шар уул гэдэг юм байна. Бид зүүн талаар нь давчихсан. Уг нь урдуур нь давсан бол уруудаад л засмал замдаа нийлэх байсан байна.
Зураг 8. Уруу замд
Нэг даваа, уруудаад ахин нэг хөтөл давлаа, уруудлаа. Газрын байдал зам нэг л биш болоод явчихав. Нутгийн айлын гадаа татаж, эзэгтэйн дайлсан халуун сүүтэй цай ууж жаахан сэргэв. Бүдэг зам заалган шууд уул руу хатгав, өгсөөд орой дээр гарав. Хүрэн дэл уулыг бид ийнхүү давсан. Алсын бараа харан хүслэн болсон засмал замаа харлаа. Хэмхдэс чулуутай эвгүйхэн огцом замаар уруудан, Гүн бүрдийн амаар 10 орчим км уруудан засмал замтайгаа нийлэв. Танил Аргай толгой, цаана Хөшигтийн онгоцны буудал цайран харагдана. Яг л гэртээ ирсэн мэт. Их хүч, их цаг алдлаа. Багынхан маань тоосон шинжгүй харин ч ёстой гоё явж байна гээд л инээлдэн нэг нэгнээ цаашлуулана. Одоо Алтанбулаг руу явахад зам асуудалгүй гэж манай залуус ярилцана.
Зураг 9. Эргэлт ирлээ, амттай банштай сүүтэй цай гэдэг ийм үед эрдэнэ билээ
Хөшигтийн цахилгаан станцын урд талд биднийг угтан УТГ Ч.Мажигсүрэн, УШТГ Э.Сонинбаяр хоёр маань автомашинтай хүрээд ирэв. Бөөн баяр болон уулзалдаж, тэдний бидэнд авчирсан банштай, сүүтэй ууж, ундаа амттанаар дайлуулан ахин төрсөн мэт жавхаажиж билээ. Аяллын замд ийнхүү угтах нь аялагч нарт үгээр хэлэхийн аргагүй асар том сэтгэлийн хүч өгдөг сайхан яруу уламжлал юм.

Зураг 10. Өнөөдрийн аяллын зураг. Түүхэнд энэ өдөр, энэ аялал ингэж л гялалзан үлдэнэ.
Багаараа цуваанд орж Бөхөгийн хөндийн алсын өгсүүрт хийморь зориг дүүрэн жирийтэл жийлээ. Энэ замаар хагас сарын өмнө манайхан жийж байсан тул, зам борооны усанд дагтаршаад сайхан болчихож, элс нь огт зуурахгүй байна, энд нэг айл нүүгээд ирчихэж гэх мэтээр орчиноо дүгнэн ярилцана. Ахин нэг автомашин замд тааран ШТГ С.Батсуурь гэр бүлийн хамт биднийг угтав. Бас л инээд хөөр, олон жил уулзаагүй андын тэврэлт, хээр талын тэр хөндийд жаргалын дуу болон цуурайтна. Гүдгэр дээр гаран амарч ахуйд араас өдөржин биднийг хараачлан яаранхан жийсэн нэг гишүүн гүйцэн ирлээ. Яг л аяллын төлөвлөсөн замаар жийж, бидний сургийг сонсон сонсон жийжээ. Ингээд бид 15 хүн (гурван дайчин бүсгүй бүхий)-тэй боллоо.

Сүжиг уулыг ороон уруудаж шавар намаг бүхий тойром гатлан гарч өгссөөр Оргоч уулын урд хөтөл дээр гарав. Наран жаргах арай болоогүй байхад бид даваан дээр гарч ирэв. Энэ давааны дор Баян булаг гэсэн тунгалаг булаг байдаг. Зураг хөргөө татуулан Бурхантын ам уруудан "буудлаа". Бүрэнхий айлчлан ирэх цагаар гэрэл, чийдэнгээ асаан Алтанбулаг сумын төв рүү жийлээ. Гэнэт л баруун хойноос борооны үүл гэтэн ирж их усархаг бороо биднийг дайрав, урагшилсаар л байв. Алтанбулаг сумын төв хүрэх 83 км зайг бид 7 цаг илүү туулжээ. Нэг гишүүн маань замд унаж тоогүй зүйл болсон. Толгойн каск нь үүргээ биелүүлж, хамгаалалтын малгайн ач тусыг бидэнд ахин сануулав. Одоо засмал замаар хот руу 50 км зам туулах ёстой. Цуваандаа орж даваа гүвээгээ даван жирийлгэсээр Шувуу сууринг нэвт сүвлэн, Био комбинат хүртэл зогсолтгүй жийлээ. Морингийн даваагаа харин ч цогтой давчихлаа. Нисэхийн өгсүүрт үнэхээр (манай гишүүд энэ өгсүүрээс "айдаг") сульдав, нойр хүрч, дугуйн дээрээ золтой л унтчихсангүй.

Аяллын төгсгөлийн цэгт ирэн бие биедээ баяр хүргэн, сайныг ерөөн тэврэлдэв. Цаг 00.30 минут болж байлаа. Гэр гэрийн зүг нойрсож буй хотын замаар жийн явж байхдаа, гишүүдийнхээ чадал хүч, сэтгэлийн тэнхээг бишрэн бахархан бодож аньсага чийгтэх сайхан мэдрэмжийг мэдрэн байж билээ. Зүгээр л жий.

Жич: Аяллын цагаасаа хоцорч бидний араас ганцаараа жийн, аялалдаа оролцон Ээж хад хүрэн, буцаж Сэргэлэн сум дээр ирээд бороонд цохиулан аяллаа зогсоосон (60% тооцов) галтай бүсгүй Б.Алтантулга дүүдээ халуун баяр хүргье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Алтантулга Э.Сарангарав Ж.Баярсайхан Д.Бямбасүрэн С.Отгонбаатар Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Г.Ёндонжамц Т.Ган-Очир Д.Мөнхнаст Б.Бадрах Б.Баттөмөр С.Мөнхбат Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Б.Алтантулга
  • 409 км дутуу
  • 850 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 502 км дутуу
  • 757 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ж.Баярсайхан
  • 1262 км
  • 11
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Бямбасүрэн
  • 1477 км
  • 15
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Отгонбаатар
  • 2175 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 0
Н.Даваасүрэн
  • 2956 км
  • 25
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Элбэгзаяа
  • 3275 км
  • 28
  • 0
  • 0
  • 2
  • 0
Г.Ёндонжамц
  • 5498 км
  • 47
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 6465 км
  • 67
  • 6
  • 0
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8751 км
  • 87
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
С.Мөнхбат
  • 10441 км
  • 89
  • 12
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Бямбасүрэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1398 км
Ж.Баярсайхан Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1262 км