Энэ удаагийн аяллын онцлог УБ 240/24 уламжлалт, багийн аяллыг энэ удаад УБ - Налайх - Сэргэлэн сум - Ээж хад - Сэргэлэн сум - Хөшигтийн хөндий - Алтанбулаг сум - УБ чиглэлээр зохион явуулна. Энэ жилийн УБ240/24 аялал хоёр онцлогтой. Үүнд:
Багийн хуваарилалт, зохион байгуулалт Аялалд оролцогчдыг жийлтийн эрчимээр нь багуудад хуваарилна. Баг нь дор хаяж 5 гишүүнтэй байх бөгөөд дараах зохион байгуулалтад орж, харгалзах үүрэг хүлээнэ. Үүнд:
Баг нэртэй байж болно.
Аяллын хөтөлбөр Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд цуглах цэг дээр цугларч, клубийн админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Аялал эхлэх цагаас өмнө оролцогчдыг багт хуваарилна. Төрийн дууллаа бүгд хамтдаа дуулаад, аялал эхлэх цагт баг багаараа хөдөлнө. Багууд тус тусын жийлтийн эрчмээрээ, заасан маршрутыг багаараа хамтдаа жийж туулна. Заасан бүртгэлийн цэгүүд дээр багийн холбоочин нь зааврын дагуу мэдээ бэлдэж дамжуулна. Сүүлийн бүртгэлийн цэгт ирсэнээр аялал өндөрлөнө.
Бүртгэлийн цэг Энэ бол аялалд оролцогч нь ирц ба жийлтээ админд мэдүүлэх цэг юм. Тус аяллын маршрутын дагуу 6 ширхэг бүртгэлийн цэг бий. Цуглах цэг буюу эхний бүртгэлийн цэг дээр ирцээ админд мэдүүлэх бол бусад бүртгэлийн цэгүүдэд багийн холбоочинд аялалд оролцож буйгаа мэдүүлнэ.
Бүртгэлийн цэгээс дамжуулах мэдээ Уг мэдээнд бүртгэлийн цэгийн нэр ба дугаар, бүртгэлийн цэг дээр багийн бүрэлдэхүүн хүрч очсон цаг ба минут, аяллаа үргэлжлүүлж буй гишүүдийн нэрс бас аяллаас гарсан гишүүдийн нэрс багтана. Мөн мэдээнд багийн бүрэлдэхүүний, бүртгэлийн цэг дээр авахуулсан зураг хавсаргана. Сүлжээгүй газраас бэлдсэн мэдээг дараагийн, сүлжээтэй бүртгэлийн цэгээс илгээнэ.
Гарц Энэ бол аяллыг бүрэн дуусгалгүй маршрутын дундаас гарч болох цэг юм. Ийм цэгүүдийг маршрутын задаргаа дотор заасан.
Уг маршрут УБ хотын зүүн өмнө болон баруун өмнө мөн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрийг дайрна. Нийт замын 60 орчим хувь нь шороон, үлдсэн нь цардмал байна. Маршрутын уртыг Сүхбаатарын талбай хүртэл тооцсон.
Маршрутын задаргаа
Маршрутыг УБ240/24 аяллыг зохиож ирсэн уламжлалын дагуу сегментүүдэд хувааж, бүртгэлийн цэгүүд заасан. Эдгээр бүртгэлийн цэгүүд нь цуглах цэг, дайран өнгөрөх суурингууд, аяллын оргил цэг болон аялал дуусах цэгтэй уялдана.
Нэртэй даваанаас нэргүй хөтөл хэцүү гэж хур их туршлагатай тээврийн жолооч тэр жил хэлж байсан нь сэтгэлд үүрд хадгалагдан үлджээ. Бидний 300 хол илүү аяллын адармаатай, сонирхолтой замд олон ч удаа дээрх үг орой руу минь бууж байсан, одоо ч буусаар байна. Амьдрал ийнхүү үргэлжилдэг байх нь.
Клубын аяллын хэмнэл хэвийн үргэлжилсэн шинэ өдөр айлчлан ирлээ. Хотоос жаахан оройтож гарлаа. Шамдуухан жийсээр аялал эхлэх цагаас 5 минутын өмнө Налайхын Оргил худалдааны төвийн урд ирлээ. Жилд нэг удаа энэ онцгой аялал зохиогддог. 2017 оноос эхтэй 240 км замыг 24 цагт туулах зорилготой аялалд анх УБ даяараа "оролцдог" байж (2017, 2018, 2019 ондуудад) билээ. Цагийн өөрчлөлтөд оролцогч нарын хүрээ хумигдан, аяллын нэр төрөл манай клубын хэмжээ (2020, 2022, 2023, 2024 он)-нд үлдсэн. Цаашид өргөжин тэлэх байх гэсэн өөдрөг бодолдоо итгэдэг.

















Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Privacy | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1398 км |
| Ж.Баярсайхан | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1262 км |