Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #167 - ХАРГАНА, ТОЛГОЙТ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/337
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
103 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1237 м
Өндөр алдалт
-1238 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
11.7 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2024 оны 6 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Хоногийн аяллын багтай хамт Харгана давж уруудан Үдлэг суурингаас салж, Ногоонтолгой суурин хүрч Ар Гүнтийн ам руу өгсөж, Толгойтын даваагаар даван УБ хотод ирж аялал дуусна.

Аяллын тэмдэглэл

Ачаатай бас ачаагүй хоёр дугуйчин Дэнжийн 1000-ын замаар өгсөж явтал тэмээнээс илүү тэмдэгтэй, ачаатай дугуй жийсэн нэгэн тааралдсан нь манай клубийн улбар шар тэмдэгтэй гишүүн, алдарт "самраачин" Т.Ган-Очир байлаа. Түүнтэй ханьсан цуглах цэг хүртэл газар нэлээн дөхөв. Гэвч ачаатай ба ачаагүй дугуй эрчим хэрхэн нийцэх билээ? Иймд клубийн улбар шар тэмдэгтэй гишүүн Ш.Мөнгөнсүх бүсгүйг түрж хөөсөөр, өгсүүр замын хурдыг нь ч 20 км/ц-аас буулгалгүй зүтгүүлэн жийсээр цуглах цэг - Жигжид хүрэх замын дмйлэнхийг туулав. Гэтэл түрж хурдлуулсан нь буруугаар эргэж "нуруу дээр дараад байна" гэсэн хэл ам гарав. Яргайтын богино орчимд байх сүүлийн ганц өгсүүр өөд үзүүлж байсан хурд тэрхэн зуурт навс унав. Тэгэхээр тийм л их хүчээр түрж явсан байх нь л дээ.

Уг нь энэ аяллын цуглах цэг Жигжид хүрэх замаар жийж явахад аялалд оролцохоор жийж яваа гишүүд зөндөө тааралддаг сан. Харин энэ удаад аль түрүүн таарсан нөгөө гишүүнээс өөр бусад нь таарсангүй байсаар цуглах цэгт хүрэн алдах үед ганц дугуй торойн харагдсан нь клубийн эмэгтэй гишүүдийг тэргүүлэн бахархлын улаан тэмдгийн болзолд хүрч байсан П.Золзаяа гишүүн 22 дахь удаагийн хоногийн аялалд оролцохоор очиж буй нь тэр ажээ. Ингээд түүний араас шил даран цуглах цэгт хүрэхэд өдрийн болон хоногийн гэсэн хоёр параллел аялалд оролцох нэгдсэн багийн бүрэлдэхүүний дийлэнх нь бүрдсэн байв. Нэн ялангуяа клубийн улаан тэмдэгтэй гишүүн Б.Бадрах бүр эртлэн 08:00 цагт ирсэн гэнэ. Үргэлж 3-5 минут хоцорч, дандаа хойноос элдэн хөөсөөр гүйцэж ирдэг саахь гишүүн өнөөдөр ийнхүү ирчихээд байсан нь цуглах цагаа андуурсанаас л болсон гэнэ.

Өнөөдрийн өдрийн аялал нь нэг дор зарлагдсан хоногийн аялалтай эхлэх цэг ба маршрутын эхэн хэсгээрээ давхацсан юм. Иймд тэмдэглэлийн эхэнд эрээчсэнчлэн эрчим үл нийцэх ачаатай ба ачаагүй дугуйнууд мөн түүнчлэн тааваараа жийдэг ба битүүхэн уралддаг араншинтангууд Жигжидээс Санзай хүртэл овоо гонжиролдон цувжээ. Үүнд уурссан Санзай чиглэлийн том оврын автобусны жолооч хэл амаар сүрхий дайрах нь сүүлдэж хөдлөөд цувааны араас дөнгөж гүйцэж очихдоо уг автобусны ард наалдах шахам явсан миний чихнээ тодоос тод сонстов. Жолооч нөхрийг яагаад "хэл ам хийв" хэмээн "хэл ам хийтэл" биднийг увж цувж явлаа бөөндөө яваач" гэнэ. Хоёр аяллын нэгдсэн багийн 21 гишүүн мөн үдэж өгөх зэрэг зорилгоор нэгдсэнтэй нийлэнд нийт 25 унадаг дугуйчин хоёрын цуваагаар явбал мөнөөх жолоочид биднийг гүйцэж түрүүлэх зай завсар гарах болов уу? Учир нь автобус үсрээд 30 гаран км/ц-ийн хурдтай гэлдрэх аж. Бас байсхийгээд таарах автобусны буудал дээр зогсоод хөдлөх тул байн байн урд хойно гарна. Мөн биднийг дугуй замаар яв хэмээсэн нь өнөөх дугуйн зам нь дугуйчид олуулаа цуваагаар явахад тохиромжгүйн дээр дээр гараад зогсчихсон автомашинуудаас болоод бүр түвэгтэй, түүнийг нь тойрохоор автозам руу орох үед зүгээр автозамын баруун талаар явсанаас эрсдэлтэй болоод байсан л даа.

Одоо Сэлбэ голын эх ... Энд тэндгүй дов сондуул угтана. Уулын дугуй унах ур чадвар сайтай нэг нь түүнээ гайхуулан харуулах сайхан газар ... Манай хэдийг хальт харвал жийхдээ жийж, буухдаа буусаар, ачаатай дугуйгаа түрэхдээ түрж, өргөхдөө өргөж тавьсаар ... Ахиулан сайн харвал ажирсан шинжгүй ... Ажаад байвал манайхны заримын ярьдгаар (сэтгэл мэдрэмжээрээ) жаргаж жийгээд буй бололтой.

Аяллын багийг гаргаж өгөхөөр улаан тэмдэгтэй гишүүд болох Ч.Мажигсүрэн болон Т.Баярсайхан нар цуглах цэг дээр хүрэлцэн ирсэнээс Мажигаа маань бидэнтэй Харгана хүрээд буцна гэж байсан ч салж ядан явсаар Харгана даван Үдлэг ороод өдрийн аяллын багтай хамт жийсээр Ар гүнтээр орж улмаар Жигжид дээр үлдээсэн машиндаа уягдсандаа аргагүйдэн Гүнтийн даваа давсан нь зуу шахуу аялал, 10 мянга илүү км зам туулан аялахдаа клубийнхэнтэйгээ үл үзэгдэх цалмаар хэр бөх холбогдсоных нь илрэл гэлтэй. Мөн Санзай орчимд нэг дугуйчин жийж яваатай таарсан нь манай хуучны ахмад гишүүдийн нэг, цэнхэр тэмдэгтэй гишүүн Ч.Ганболд байсан болж таарав. Мань ах ч бас хуучнаа дурсан бидэнтэй жийсээр Харганаар даван, Үдлэг суурин орж, Ар гүнт хүрсэн. Уул нь Санзай хавиар жийгээд л буцах байсан юм гэсэн. Гэтэл ингээд хадуурсан байгаа юм. Ахын оронд би байсан бол бас л ингэж хадуурах байсан болов уу.

Зураг 1. Өдрийн хоол, Үдлэг суурин орохын өмнө, 12:20 цаг

Ийнхүү түүнийг хадууруулсан бид Үдлэгээс Ар гүнт ортолх замын цардмал хэсэгт нэгээрээ, хоёроороо, гурваараа нийлэн түрж давхисан нь өдрийн аяллын үндсэн цувааг гүйцээд зогссонгүй бүр алсрах шахам хурдалсан явдал болсоныг Алтантулга гишүүний дуу алдсан явдал илтгэв. Ахыг "Та битгий хүчилж жий. Бид зүгээр түрээд явчихъя" гээд байхад л өөрөө хичээж жийгээд байх шиг байсан юм. Үнэхээр тийм байсан бололтойг Ар гүнт орсоны дараа "Ах нь өөрөө тааваараа жийгээд харьчихъя аа. Та нар явдгаараа яв" гээд бидний үргэлжлүүлэн түрэх гэсэн хүсэлтийг халгаахгүй байсан нь харуулсан. Ер нь сүүлийн үед бид "түрэнгээ бавах" гэдэг жийлтийн "шинэ" хэв маягтай болоод байгаа юм. "Бавах" гэдэг үгийг ойлгохгүй байвал бидэнтэй хамт жийгээрэй.

Зураг 2. Өдрийн аяллын баг хөдөллөө, Үдлэг суурин, 13:20

Ийм байдлаар жийсээр 13:20 цагт хоногийн аяллын багийг үдэж өгөөд хөдөлсөн бид буюу өдрийн аяллын багийн түрүүч Толгойтын даваа дээр 15:45 цагт гарсан юм. Ингээд бичихээр хүмүүс биднийг аймаар жийдэг гэлцэж сүр болдог. Гэвч манай нэг гишүүн "хурдан биш шуурхай жийдэг" гэдэгчлэн манай хэд зам зуурт дэмий зогсож, хэтрүүлэн амарч цаг үрсэнгүй, харин ч бүр Ар гүнт дэх нэг дэлгүүрийн үүднээс өөрсдөө хөдөлье хэмээн хөдөлсөнийг сайшаалтай. Хэтрүүлэн амрах гэснээс амралт уртдахаараа хүч сэлбэхээр идсэн юм шингээд, өлсөөд эхэлдэг л дээ. Бас хоёрын хооронд дэмий амарсаны дараа дугуйндаа мордоод жийхэд зуураад ер олигтой жийж болдоггүй. Энэ зуурааг гаргахын тулд бас овоо хэдэн км жийнэ шүү. Иймээс идэж уун хүч сэлбэхээс бусад үед жийж л байсан нь зохимжтой байдаг. Зүгээр жий гэдэг уриа үгний шууд утга (дагавар утга ч бий) нь ч ийм билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Алтантулга Б.Батбуян С.Лувсан Д.Бямбасүрэн Б.Бадрах Ж.Октябрь Г.Махгал
Б.Алтантулга
  • 409 км дутуу
  • 850 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 233 км дутуу
  • 1026 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 69 км дутуу
  • 1190 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 1398 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Бадрах
  • 8671 км
  • 86
  • 2
  • 0
  • 3
  • 1
Ж.Октябрь
  • 10466 км
  • 117
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 10665 км
  • 106
  • 7
  • 1
  • 2
  • 3