Аяллын тэмдэглэл
Духын давааны чиглэл манайхны дурсамжид тод үлдсэн байдаг. Уг нь нэг л даваа. Их оносон нэртэй, сайхан даваа. Яг энэ даваанаас зүүн урагш уруудан Улиастайн ам, баруун хойш уруудан Үдлэг суурин, хойшоо уруудан Шургайтын гол, баруун урагш уруудан Сэлбийн эх рүү орж болдог үнэхээр л зам чиглэл бүрийг зангидан духайж байдаг даваа.
Энэ чиглэлд хавар оройхон, зун эртхэн 4, 5 сард явахад дандаа цасан бүрхүүлтэй таардаг тул зай нь ойрхон ч тэр бүр даагдаад байдаггүй ааруул шиг, дугуйтай жийхээс илүү явган алхалт хийдэг байсан. Зам дээр цас овоорон хунгаралдан хөлдөж, Баруун Баян голын эх мөсөн баринтаг, халиануудаас салаагүй, гарам нь гүнзгий устай байдаг сан. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар энэ чиглэлд 34 гишүүн зүтгээд шөнийн 23 цагт хотын бараа харж байсан.
Харин өнөөдөр бид намрын улирлын гачиг үеийг тааруулан сүрлэг даваа өөд ахин нэг удаа зүтгээд амжилттай аяллаа дуусгалаа. Тэнгэр хангай цэлмэг дулаахан, намрын нар шарсан таатай өдөр байв. Товлосон цагаас 3 минутын өмнө аяллын замдаа гарчихлаа.
Залуу Админ маань биднийг Сэлбийн эх хүртэл гаргаж өгөөд, сайныг ерөөн үлдлээ. Сэлбийн эхийн замыг сайхан тохижуулжээ. Даваа руу салдаг зам дээр нэг татаад дээш өгсөв. Давааны доод замаас л манайхан жийчихсэн. Өгсүүр алсын, огцом өгсүүр үгүй, араагаа тохируулан эргүүлээд л байхад даваан дээр хөл газардалгүй гарах боломжтой. Шавар ус байлгүй яах вэ. Гэхдээ маш багахан голомт эзлэн зам дээр таарч байлаа. Дайруулаад, туулаад, түрээд л гарсан. Өдрийн хоол идэж байсан тод зам салдаг хэсэгт 11 цаг гээд ирчихлээ. Ийм ойрхон байсан гэж үү гээд багийнхан үргэлжлүүлэн урамтай жийлээ.
Намрын ой дундах бага шиг чийглэг, хэмхдэс чулуулаг бүхий замаар өгсөн жийсээр ойгоос гарч Дух уулын баруун энгэрт хүрлээ. Гишүүдийн зарим нь өлдөж эхэлсэн тул наран дор сууцгаан өдрийн хоол идэв. Манайхан аньс түүж, зам дээр унасан самар цүнхэлж явлаа.
Уг нь даваан дээрхи шатсан мод хүрээд хоолоо идье гээд чиглүүлэгч гишүүндээ хэлж байсан. Ийнхүү чиглүүлэгч гишүүндээ өдрийн хоолоо наана иднэ гэдгээ хэлж чадалгүй "алдчихсан". Урдах хоёр маань бараа алга. Гоё замаар жийгээд оджээ. Аргагүй шүү дээ, даваан дээр хоолоо иднэ гэж төлөвлөсөн. Аяллын замд иймэрхүү гэнэтийн шийдвэр гарах тохиолдол элбэг тохиолддог. Бид хооллоод давааны даанч сайхан замаар жийсээр нөгөө хоёр дээрээ очлоо. Цаг 13.00 болж байв.
Дурсгалын зураг татуулаад, шууд доош Баруун голын эх рүү хатгасан зөөлөн замаар уруудав. Хаврын халиа, мөсөн далай огт үгүй бага зэргийн шавар ус байлаа. Уулын энгэрт нэг татахад хаврын аяллаа дурсан залуус хөгжилдөнө. Мөн ногоон тэмдэгтийн болзол биелүүлсэн залууд тэмдгийг нь гардуулж баяр хүргэлээ.
Доош 14 км дов сондуул, ургаа чулуу, урсгал гол бүхий замаар дондогнуулсаар Бурхант хошуу хүрлээ. Баруун голын гарам бага устай байв. Бүгд хөлөө бараг л норголгүй жийж гараад Еэвэнгийн дэлгүүр хүртэл буудав. Энд багахан хооллож амраад урамтайхан уруудсаар Шархадны эцэст 16:00 цагт ирж аялал тун амжилттай дууслаа.
Жич: Намар энэ чиглэлд аялахад тун зохимжтой гэдэгт бүгд дуу нэгтэй зөвшөөрч, Духын давааны энэ аялал түүх болон үлдлээ. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал
Ч.Алд-Уул
С.Лувсан
Д.Ганболд
С.Отгонбаатар
Д.Жамъяндорж
Т.Ган-Очир
Ш.Мөнгөнсүх
Б.Бадрах
Б.Баттөмөр
Б.Жавхлантөгс
Ж.Октябрь
С.Мөнхбат
У.Одбаяр
П.Золзаяа
Э.Ожго
Ч.Алд-Уул
- 829 км дутуу
- 430 км
- 5
- 0
- 0
- 0
- 1
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
С.Отгонбаатар |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2393 км |