Өглөө тэнгэр бүрхэг, салхи зүүнээс сэр сэр үлээж буй цагаар бидний 8 аялагч Баянзүрхийн товчооноос Туулын шугуй чиглэн жийж явсан. Туул голын эхний салааг "гатлаад" бургас руу ороход салхи үгүй дулаахан болж, дагтаршиж засмал мэт болсон цасан замаар урамтайхан жийсээр Гацуурт суурингийн урд талд ирлээ. Голын мөсөн дээгүүр бүгд нямбайхан жийж, зарим нь түрж явсаар Хар хошууны наана голоос "зугтан" гарав.

Тэнгэр цэлмэж, нар "төөнөсөн" нам гүм, цэвэр агаарт унадаг дугуй хөлөглөн жийх багийн андууд, урд хөврөх дуусашгүй зам, тэртээд харагдах Баянзүрх уулын шувтарга үзүүр энэ аяллын дурсамж болон үлдлээ.

Дэндийн амны баруун талын уулын нарлаг энгэрт 13.00 цагт үдийн хоол идэж, амраад ирсэн замаараа буцан жийж, Баянзүрхийн товчоо дээр 16.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Биднийг буцаж явахад салхи эргэж баруун, баруун хойноос хүчтэй салхилж, тэнгэр бүүдийж байлаа. Энэ өдөр бид 45,2 км зам туулжээ.
Манай группийн 062 дугаартай аялагч гишүүн болсон Н.Батхуяг, багийн толгойн сэргийлэх, гишүүд, цоожлогч нарт талархал дэвшүүлье.