
Аялал 09:03 цагт эхлэв. Давааны гол өгсүүр хүрэхийн наана урсаж байсан шар ус ихээхэн татарч, бараг л үгүй болжээ. Гүнтийн давааг урдаас нь давахад засмал зам давааны оройд хүргэх тул давахад ядах юмгүй.
Даваа уруудаад уламжлал ёсоор ойрхон хоёр дараалсан дэлгүүрийн хоёр дахь дээр татав. Манай багийнхан төд удалгүй даваанаас уруудаад ирэв. Энд саатаж зогссонгүй шууд замаа хөөв. Багийн бүрэлдэхүүнийг харвал амралтгүй явсаар Гуравын даваа дээр гарсан нь зөв гэж бодогдоно. Ингээд Ар гүнтийн автозамыг бөөндөө жийж бараад шороон зам руу орлоо.
Гүнтийн давааг ингээд урдаас нь, өглөө эртхэн буюу автомашины хөдөлгөөн багахан байх үед нь давчихвал зохимжтой байдаг.
Энэхүү давааг газрын зураг дээр Тарвагатын даваа гэсэн нь буй ч Гуравын даваа хэмээх болсон бололтой манай клубийн маршрутын санд энэхүү нэрээрээ тэмдэглэгдсэн байдаг.
Тус даваа дээр яг 10:30 цагт гарав. Цуглах цэгээс энэ хүртэл бараг 30 км зайтай юм. Ийнхүү хоёр ч даваа бүхий бас шороон зам холилдсон энэ зайг бид 20 км/ц хурдаар туулжээ.
Аяллын эхнээс нь л маршрутын зам дагуу, Батсүмбэр уулын бэлд оршин суудаг хамаатны айлаараа орж үдийн хоол идэх саналыг УТГ Ш.Мөнгөнсүх тавиад байсан юм. Өнөөдрийн аяллын баг цомхон бүрэлдэхүүнтэй тул саналыг хүлээн авсан. Ярианы завсарт айлын эзэгтэй олуулаа ирсэн ч хүндрэлгүй гэсэн найрсаг зочломтгой үг хэлж байсан ч олон гишүүнтэй баг доторх янз бүрийн үзэл бодолтой, элдэв мэдрэмж тусгалтай хүн байх магадлалтай тул хэрэв үүнээс олуулаа явцгааж байсан бол ийнхүү айлаар орох нь зохимжгүй л дээ. Ингээд цомхон дээрээ нэг нэгнээ сайн мэдэх гишүүд хамт явцгааж буй тул мөнөөх айлаар орж гарын буузаар зочлуулан аялал их завсарлага авлаа. Биднийг дайлж зочлон хүч тамирыг сэлбэсэн гэрийн эзэгтэйд баярлалаа.

Их завсарлага дуусаад биднийг маршрутын дагуух замаа хөөж эхлэхэд цаг яг 12:20 болж байлаа.
Нарийны хөндий дэх Шархадны фермээс чанх өмнө зүгт байх нэргүй даваа энэ аяллын маршрут дахь даваануудаас хамгийн чанга нь юм. Бид сүүлд энэ даваанаас уруудаж байсан тул өгсөхөд бэрхийг сайн мэднэ. Үнэхээр бусад даваануудыг грэвел дугуйгаар зовлонгүй жийн давсан бол энд ёстой барьц алдсан. Дараа уулын дугуй унаж ирээд давах болно оо.
Даваа дээр 13:05 цагт гарав. Хоёр фермийн хоорондох зам бас давааны өгсүүрийг туулахад нийтдээ 45 минут зарцуулжээ.

Өмнөх нэргүй даваанаас уруудан уулын бэлд хүрч очив уу үгүй юу шууд л тус даваа руу өгсөж эхэлнэ.

Давааны зам шалчиг балчиг гэж байдаг нь хэвээрээ. Гэхдээ үүгээр жийгээд сурчихсан тул түүртэлгүй жийгээд л даваа дээр гарав. Цаг 14:17. Давааны оройд салхилаад ёозгүй байсан тул хэсэг уруудаад уулын амны нөмөрт оров. Ингэхдээ замд хөндөлсөх гангыг огтолж гарах аятайхан зам олоод багийн гишүүдээ хүлээв.
Эндээс ёстой чилийтэл урууддаг. Дүүрэнгийн хөндий гэж барагддаггүй хөндий дөө. Бараг л Рашаант зөрлөгийн зэргэлдээх гарам хүртэл 12 орчим км уруудна. Энд хүрээд аяллын төлөвлөгөө ёсоор Рашаант гэх дэлгүүр орж ус, унд, хөнгөн хүнсээр эрч хүчээ сэлбээд үлдсэн ганц даваа руу хөдөлнө. Дэлгүүрийн гадна зассан ширээ сандалд тухлан цайлж эхлэхэд цаг 15:10 болж байв.
Сая 10 гаруй км тасралтгүй уруудсан бол одоо 10 шахуу км өгсөнө. Гэхдээ Тахилтын даваа араасаа хэдэн гүдэнтэй нь хэсэгхэн уруудаж амсхийх чөлөө өгдөг тул ерөнхийдөө гайгүй даваа юм.
Үүний өмнө явахад байсан цасан хунгар ул мөргүй арилжээ. Хунгар байсан гууны ёроолд ялимгүй шавар л үлджээ. Лавшруулан харвал грэвел дугуйны нарийн гадар шигдэхээргүй болтол эвэрсэн нь анзаарагдав. Дайраад л гарав.
Даваа дээр 16:19 цагт гарав. Аяллын зорилго болгон тавьсан 5 даваагаа ийнхүү давж дуусгалаа. Давааны оройд татаж бөөгнөрөөд уруудан Тахилтын автобусны эцсийн буудалд ирэхэд цаг 16:58 болж байв.
Өнөөдөр овоо салхитай өдөр байсан. Зарим үед шороон замын шороо босоод зам юу ч харагдахгүй болж байсан. Бас хийссэн шороо чулуу каск тачигнатал нүдэх нь чихнээ одоо ч сонсогдох шиг.
Өнөөдрийн цаг агаарын прогнозыг харахад ойрд байхгүй дулаахан өдөр байсан юм. Иймээс бусад клубүүд ч аялал, бэлтгэлдээ гарцгаасан бололтой. Гэвч чигээ, цагаа олоогүй юу FB-ээр дүүрэн салхи сөрсөнөө тесктээр, видеогоор илэрхийлсэн постууд хөвөрч буй бололтой.
Харин манай аяллын маршрут өглөөдөө өмнөөс үлээснээ төд удалгүй чигээ сольж баруун хойноос, баруунаас үлээх бас эрч нь улам ширүүсэх салхины чигтэй яг нийцсэн юм. Нарийний хөндийгөөр салхи сөрөхдөө ч шууд ферм зүглэж Хөшиг уул ба Хайлааст уулын нөмөрт орчихож байгаа юм л даа. Бусад үед нь уулын ам руу шургачих тул салхинд тэгтлээ нүдүүлээд байхгүй. Нүдлээ ч дандаа хойноос дэмнэнэ. Хааяа алдаг оног хажуунаас цохино. Хажуунаас цохилоо ч сайхан сэрүүцүүлж даваа өөд өгсөхөд тус болно.
Чамгүй хүчтэй салхи ер тээр болоогүй буюу цаг агаарын үзэгдэл ба маршрут хоёр төгс зохицсон бас тэрүүхэн тэндээ байгалийн аятайхан чимэг үзэмжтэй газраар аялангаа зүгээр ч үгүй 5 даваа давсан ийм нэг аялал түүх болон үлдлээ.
Зүгээр л жий!