Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #182 - Жаргалант

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/370
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1212 м
Өндөр алдалт
-1211 м
Их өгсөлт
13.3 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2025 оны 5 сарын 3 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Жаргалант аяллын баг, Ар гүнт, 12:01

Хурдлах нь бус шуурхайлах нь

09:00 цагт Жигжидээс хөдөлсөн бид Хадлангийн даваа (09:52 цаг), Жаргалантын даваа (11:26 цаг), Толгойтын даваа (13:09 цаг) нийт гурван даваа даван Баруун салааны Бумбат рашаан буюу тарах цэгт 13:57 цагт хүрэлцэн ирсэнээр ээлжит нэг аялал амжилттай өндөрлөлөө.

Манай клубийн баримталдаг зарчмуудын нэгэн зүйлд "Тэсвэр, тэвчээр: Би замд дураараа амрахгүй, зогсохгүй." гэж байдаг. Иймдээ ч бид шаардлагагүй зогсолт, илүү амралт үгүй жийсэн тул давааны уруу хурдлах ч шаардлагагүйгээр ийнхүү аяллаа эрт дуусгалаа. Товчхондоо Зүгээр л жий гэдэг уриагаа утгаар нь баримтлан ёстой жийсэн шиг жийчихээд л гэр гэрээ зорьцгоолоо.

Салхийг даваагаар арилжсан нь

Аяллын маршрутыг салхины чигтэй уялдуулан сонгосон юм. Цаг агаарын прогноз ёсоор өглөө цуглах цэг рүү жийж явахад салхи араас үлээн дэмнэж, харин буцах үед араас туух ёстой. Бусад үед давааны уруу, уулын нөмрөөр салхийг "аргална". Зөвхөн Хүйн хөндийгөөр өнгөрөх үед л салхи сөрнө. Ийм тооцоо гаргасан нь өнөөдөр ямар ч зөрүүгүй хэрэгжлээ. Цаг уурчид цаг агаарын прогнозыг үнэхээр алдаагүй гаргадаг больжээ.

Аяллын зам

Өвөл цас бага орсон тул энэ хаврын уул давааны ус шавар эрс бага байгаа билээ. Үүний "ачаар" манай клуб энэ хавар уул, даваа бүхий хэд хэдэн аялал амжилттай зохиогоод амжжээ. Өнгөрсөн жилийн хаврын хувьд өнөөдрийнх шиг 5 сарын эх хүрч байж л уул даваатай аялалтай залгаж байжээ. Харин өнөөдрийн хувьд шавар усны сураг үгүй явсаар аялал бараг дуусахын алдад, Толгойтын даваанаас Баруун салааны амаар уруудах үед л зурвасхан устай таарлаа. Энэ нь үүний өмнөх аяллын үеэр "Духын давааны зам хуурай" гэсэн дүгнэлтийг дэмжих мэт.

Аяллын явц

Цуглах цэг дээр бид аялал эхлэх цагаас нэлээн хэдэн минутын өмнө цуглацгаав. Ингээд CU дэлгүүрээс ойр зуур юм авч идэж уун хэсэг амсхийлээ. Аялал эхлэх цагаас өмнө бид хөдлөхөд бэлэн болсон байсан ч цагийн хуваариа яс баримтлан яг 09:00 цагт хөдөлцгөөлөө.

Санзайн засмал замыг өгсүүрээс хамааруулан 17 - 20 км/ц хурд барин айвуу тайвуу туулав. Ингээд Хадлангийн даваа өөд үг солилцох зайтай явсаар давааны оройд яг 09:51 цагт хамтдаа гарцгаав. Даваа дээр ёс болгон дөрөө мултлан хөл газар хүргүүтээ шууд уруудав. Цаг тэмдэглэхийн төлөө ямар ч зохиомжгүй ганц зураг дарахаас өөрөөр цаг гарзадсангүй. Харин даваанаас болгоомжтой, аажуухан уруудав. Угаасаа бидний зорилго downhill биш л дээ.

Ногоонтолгой суурингийн зүүн өмнүүр, холуур өнгөрч Хүйн хөндийгөөр салхин сөрөн хэсэг жийгээд маршрутын дагуу Жаргалантын ам руу оров. Богино ам ажээ. Зам нь яаж явсан ч Жаргалант даваа руугаа л хөтлөх аж. Давааны зам хоёр янз аж. Баруун талаа баривал өгсөөд, уруудаад ахин өгсөх аж. Зүүн гар талаа баривал амсхийх чөлөөгүйгээр нэг л дайраад гарах аж. Даваа дээрээс Толгойтын даваа шууд харагдана.

Зураг 2. Ар гүнт ба Толгойтын давааны алсын бараа, Жаргалант даваа, 11:27

Жаргалант даваанаас уруудан Ар гүнт гэдэг цэнхэр дэлгүүр дээр 12:00 цагтай уралдан хүрлээ. "Дугуйгаа ... Энэ бол дээрэм. Энэ бол дээрэм. Энэ бол дээрэм" гэж цуг яваа хоёр бүсгүйгээ баясгах гэж ядаж цөхсөн залууг "өнгөрүүлээд" аяллын дурсгалын зургаа timer-даж байгаад л дарчихав. Жаргалант даваа дээр зураг дарна гэснээ таг мартсаан мартсан. Дэлгүүр гадаа талбай дээрх ширээ, сандал дээрээ юу гэдгийг бүү мэд юм овоолжээ. Довжоон дээр суугаад л үдийн цайгаа ууцгаав. Цайлж дуусаад хөдлөхөд 12:23 цаг болж байв. Одоо Толгойтын даваа ... дээр 13:09 цагт гарлаа.

Зураг 3. Даваа дээр гарч ирэх мөч

Даваа дээр хэсэг амсхийгээд Баруун салааны Бумбат рашааны орчим байх Бумбат нэрт цайны газрыг чиглэн хөдөллөө. Хотын их хөдөлгөөн рүү орохын өмнө тэнд суун хэсэг амрахад зохимжтой байдаг л даа. Үүгээр үйлчлүүлэгчид ер нь л ихэсчээ. Биднийг ороход цонхны харгалдаа сул ширээ үлдээгүй байв. Унадаг дугуйгаа алдчихгүйн тулд нүд салгалгүй харах хэрэгтэй л дээ. Гэтэл нэг залуу өөр ширээнд суучихъя хэмээн бидэнд ширээ суллаж өгсөн. Чамд маш их талархаснаа одоо энд ч бас ахин илэрхийлье.

Зураг 4. Хийдгээ хийсэн хүмүүсийн хэсэгхэн амсхийлт, Толгойтын даваа, 13:34

Ингээд гэртээ 15:00 цагтай "уралдан" орж ирэв. Эрт ирсэн тул унадаг дугуйныхаа тоос шороог ч салгав, гинжийг нь ч цэвэрлэж тослов, хувцас хунараа ч угаав, шүршүүрт ч оров, амарч ч хэвтэв, нэг кино ч үзчихэв, аяллын тэмдэглэлээ ч ийнхүү биччихэв гэх мэтчилэн овоо ихийг амжуулж чадав.

Зүгээр л жий

Хамт нэг баг болон ёстой жийсэн шиг жийсэн, клубийн гишүүн хоёр ахдаа талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Т.Энхтөр С.Отгонбаатар Г.Махгал
Т.Энхтөр
  • 1965 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 3989 км
  • 40
  • 1
  • 0
  • 2
  • 1
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
Зүгээр л жий!