5 сарын 24-нд уламжлалт Морь хурдан уу, дугуй хурдан уу унадаг дугуйн уралдаан болохтой холбогдуулан энэхүү жийлтийг зарлалаа.
УБ - Монгол наадам цогцолбор - УБ Жийлтэд оролцогчид Монгол наадам цогцолбор хүрэхдээ бас тэндээс буцахдаа нэг баг болж хамтдаа жийнэ.
Морь хурдан уу, дугуй хурдан уу унадаг дугуйн уралдааны зам Монгол наадам цогцолбороос цааш тус уралдааны замаар, хөтлийн орой буюу товлосон цэг хүртэл өөрийн эрчмээрээ ганцаарчлан жийнэ. Мөн өөрийн жийлтдээ тааруулан уралдааны замын дундаас буцаж болно. Эсвэл цааш жийлгүйгээр, уралдааны замаар жийж буй гишүүдийн гараа, бариаг сонирхон үзэж болно.
Морь хурдан уу, дугуй хурдан уу унадаг дугуйн тэмцээний замын хагасыг туулаад мөн тэр замаараа буцна. Монгол наадам цогцолбор хүрээд буцах замын урт 71 км ба уралдааны замаар явж хөтөл дээр гараад буцаж барианы цэгт ирэх замын урт 25 км буюу тус уралдааны замын урттай тэнцүү болно. Мөн замын тус хэсэгт эхлээд өгсөөд буцахдаа уруудах нь уг уралдааны замын хагаст өгсөж үлдсэн хагаст нь урууддагтай төстэй юм.

Цуглах цэгт бүртгэл хаагдахын өмнөхөн очиход аль хэдийн гурван дугуйчин ирчихсэн байна. Нэг нь дугуйнуудаа манаж, нөгөө хоёр нь дэлгүүр оржээ. Дэлгүүр гэснээс цуглах цэг дэх Номин агуулах худалдаа овоо эрт онгойдог болжээ. Ингээд бүртгэл хартал 10 гишүүн өнөөдрийн жийлтэд оролцохоор бүртгүүлсэн байна. Бүртгэлээс харж байгаад нэг дугуйг зүсэлж эзнийг нь тодорхойлчихов. Харин нөгөө нь огт нүдлээгүй дугуй байна. Ингээд увж цуван нэг хоёроороо ирсээр есүүлээ боллоо. Бүртгүүлсэн арваас нэг л ирсэнгүй. Шалтгаантай болсон юм байлгүй дээ.
Жийлт яг цагтаа буюу 09:00 цагт эхэллээ. Засмал замд гайгүй бөөндөө жийцгээсэн ч өгсүүрт аргагүй шигшигдэж байна. Ингээд Эмээлт дэх нэг их том довжоо болсон дэлгүүрийн үүднээ татав. Үүнээс цааш дэлгүүр байхгүй тул замын хүнсээ базаах гишүүд байж юу магад хэмээн дэлгүүрийн үүднээ татсан нь энэ. Ингээд цааш айвуу тайвуухан жийсээр Хүй долоон худаг дахь хурдан морь барианаа 10:30 цагт очицгоолоо.
Ирэх долоо хоногийн ням гарагт энд Морь хурдан уу, дугуй хурдан уу бөөн гараат марафон тэмцээн болох юм. Иймээс бидний зарим нь тэмцээний бэлтгэлээ базаах, замаа үзэх зарим нь зүгээр л жийх, зарим нь бусдынхаа жийлтийг харж сонирхохоор энэ газрыг зорин жийж ирцгээгээд буй нь энэ билээ.

Хориод минут болоод бөөндөө хөдлөв. Салхи чанх баруунаас буюу яг өөдөөс. Газар өгсүүрдүү. Зам эвдэрч өөрчлөгдсөнгүй өнгөрсөн жилийнхээрээ. Сайн жийдэг нэг гишүүндээ хань болон бас жийлийнх нь эрчмийг учиргүй унагаачихгүйг хичээн жийсээр зорьсон цэг болох уралдааны замын тэхий дунд хүрэв. Илүү дутуу гээд байх юмгүй 30 минут зарцуулжээ. Салхи овоо ширүүн бас өгсүүр байснаас шалтгаалсан бололтой, дараагийн гишүүн 10 минутын дараа ирэв.
Бидний сууж буй хөтөл намхан ч салхины эрч ширүүн байснаас түрүүлж очсон хэд эхнээсээ жиндсэн болов уу. Шууд буцаад жийчихмээр байсан ч нэг дүгээрт хоёр талаасаа эрчтэй тулгараад шүргэлцэх, мөргөлдөх вий гэдгээс болгоомжлол, хоёр дугаарт эхний хэд буцаад явчих нь сүүлдэсхийн жийж яваа хэдийн маань анх зорьсон цэг болох хөтлийн оройд хүрэх урам зоригт нэрмээс болчих юм болов уу гэсэн бодолхийлэл зэргээс хөтлийн оройд татах шийдвэрт бат суув.
Буцах зам уруу тул ядах юмгүй, бараг л дугуй өөрөө өнхөрсөөр хурдан морь барианаа хүрэв. Эндээ үдэлж цайлаад 13 цаг өнгөрөв үү, үгүй юу дугуйндаа мордоцгоон хотын зүг жолоо залцгаалаа.
Ирэх ням гарагт болох унадаг дугуйн марафон уралдаанд нь клубийн гишүүд төдийгүй нийт дугуйчдад өндөр амжилт хүсье!
Зүгээр л жий.