
Аялал яг 09:00 цагт эхлэв. Засмал замаар Туул тосгон хүрч Шувуу маркет хүнсний дэлгүүр дээр хэсэг амсхийгээд шороон зам руу оров. Дэлгүүрийн гадаа зогссон машин доторх нэг хүн нөгөөдөө "Дугуйчид энэ хүрээд буцдаг" гэсэн нь чих сортосхийлгэв. Хариуд нь бид "Одоо л аялал жинхэнээсээ эхлэх гэж байхад" хэмээн "унтууцав". Чухам эндээс л 57 км үргэлжлэх шороон зам эхлэх юм.
Орчны байдал Google хиймэл дагуулын зургаас хараад төсөөлсөнөөс эрс ялгаатай байв. Ялгаа нь мэдээж хүний бүтээн байгуулалт л даа. Иймээс хоёр уулын хоорондох хөндийн адаг руу, алсад униартан харагдах зүгийг алсын баримжаа болгон байж олон салаа замын учрыг олцгоон урагшилсаар. Бидний явж буй зам баруун гар талд буй уулын хошууг ороох мэт янз гарах үед хэсэг зогсон GPS-ээр байршлаа шалгав. Энэ зуурт бие засах, зарим нь хөнгөн юм идэж уух зэргийг амжуулав.
Ингээд бид зүүн өмнө гэсэн чигээ сольж баруун өмнийг зорин, өөр нэг хөндий даган аялж эхлэв. Өнгөрөгч 2024 онд манай клуб УБ 240 аяллаар энэ хөндийг хөндлөн гарч байсан билээ. Тэр үед энэ хөндийг хөндлөн гарах үед хэсэг шавар таарч байсныг санан одоо ямар байхыг төсөөлөн жийв. Энэ жил хуурайвтар байгаа тул Сүжгийн нуур гэдэг тэр шавар ус хатсан ч байж магадгүй. Бас өнгөрөгч зун шинээр босгож байсан өндөр хүчдэлийн шугам өдийд бүтэн баригдаж дууссан ба түүгээр газрын баримжаа авч болох юм гэж бодсоор алсыг ширтэн урагшилсаар. Үнэхээр ч тэр шугам баригджээ. Харин Сүжгийн нуур олигтой анзаарагдсангүй. Хатсан бололтой. Газар орны баримжаагаар энэ нь бид өнгөрсөн жилийн аяллын үеэр давж ирсэн хөтөл, хөндлөн гарсан хөндийн хэсэг, цааш даван одсон хөтөл эд бүгд мөн шиг. Тэгээд л "Өмнөх 240-өөр бид тэр хөтөл дээгүүр давж ирж байсан" хэмээн педал харшуулан жийж явсан багийн гишүүндээ хэлж явав. Цааш нь "Дараа үүний эсрэг чигт ахин нэг удаа жийвэл энэ газар орны бүрэн дүр зураг тархинд бий болно доо" хэмээн үргэлжүүлэв. Үүнээс цааш маршрутын оргил цэг - эргэлтийн цэг олох "ажил" л үлдэв.
Ийм эгзэгтэй үед багийн хоёр гишүүн хоорондоо бяцхан уралдсаар урагш тасран холдов. Тэдний нэг нь нэгэн чулууны дэргэд зогсчихов. Янз нь бие засах гэж буй бололтой. Саад болохгүйн тулд хажуугаар нь шуртхийн өнгөрөв. Төд удалгүй салаа зам таарав. Зүүн салбал хөндий гэхэд бэрх уулс чиглэн одохоор харагдана. Баруун салбал хөндий үргэлжлэхээр харагдана. Гэсэн ч GPS-ээ шалгав. Баруун салах нь зөв бололтой. Урагш тасран одсон гишүүн нэлээн явж байгаад зогсов. Улмаар биднийг нөгөө замаар жийхийг хараад эгц хатган уг замд оров. Алсад цайлалзан харагдах тэр зүйл рүү чиглэнэ гэж алсын зүгээ тодорхойлон хэлж байхад хурц хараатай зарим нь өөр нэг өндөр хүчдэлийн шугам харсан болов уу. Төд удалгүй өөр нэг өндөр хүчдэлийн шугам зам хөндөлсөх нь бүдэг бадаг харагдаж эхлэв. "За энэ л шугамыг манай хэд дагаж явсан байж таарна" хэмээн багийнхандаа хэлэв. Юун хөндлөн яриа вэ гэж гайхаж байна уу? Алтанбулагийн ам хэмээх энэхүү аяллын маршрутын үндсэн хэсэг нь одоогоос 8 жилийн өмнөх зуны нэг өдөр Алтанбулагаас энэхүү амаар өгсөн жийсэн адал явдалт аяллын замын нэгээхэн хэсэг юм. Ингээд бэсрэг уулсын аль хөтөл дээгүүр давахаа тодорхойлсон тул одоо зөвхөн тэр хөтөл давах зам хэзээ хөндлөн гарч ирэхийг "хүлээх" л үлдэв. Хүзүүгээ сунган хэчнээн өлийн харавч ийм хөндлөн зам огт үл харагдана. Хойш чиглэх учраас замын баруун салаагаар орж хашаандаа мод тарьж тохижуулах зэргээр ихийг босгосон айлын хашаа хорооны өмнүүр гарав. Бас тэр айлын худаг өнгөрөв. Эргэн тойрноо ажигласаар... Гагцхүү өмнө хөндөлсөх уулын энгэрт мөнөөх өндөр хүчдэлийн шугамын тулгуур шонгийн ойролцоо хойш чиглэн яваа машин л үзэгдэнэ. Надтай ойр явсан гишүүн "Энэ дээр гарахад зам харагдах байлгүй" гэж тэр уулын хошууг заав. Ингээд тэсвэр алдах шахан жийж явтал тодоос тод зам гарын алган дээр тавьсан мэт гэмээр ойр зайд гэнэт гараад ирэв.

Энэ зам газрын гадаргын гүдгэрээс болоод ер харагдахгүй байж л дээ. Мөн хиймэл дагуулын зураг дээр харагдах өчнөөн олон зам яг газар дээрээ ер ажиглагдахгүй байлаа. Зарим нь муудаж, дэрдэгжүүр нь ихсээд ирэхээр гологдон хаягдсан болов уу. Дөнгөж сая бидний явж ирсэн зам гэхэд л хиймэл дагуулын зураг дээр энэ хавьдаа хамгийн бүдэг нь боловч газар дээрээ хамгийн тод бөгөөд тэр байтугай бусад зам нь бүр үл анзаарагдана. Ингээд 2017 оны тэр нэг аяллын замтай бараг л хөндлөн огтлолцох замын уулзварын харалдаа зогслоо. Ийнхүү зогсохыг манай багийн үлдсэн гишүүд хараад хэчнээн их баярлаж байсан бол? Аялал эхэлсэнээс хойш бүтэн 4 цаг аль хэдийн өнгөрч, цаг одоо яг 13:00 буюу үдийн хоол цайгаа идэж уух үе болж байна.

Манай багийн сэтгэл өндөр л байна. Зам гайгүй байна гэнэ. Цаг агаар ч сайхан, салхи ч тохиромжтой байгааг зөвшөөрцгөөх аж. Яагаад энэ талаар дурсав аа гэвэл 2017 оны мөнөөх аяллын тэмдэглэлд "Чөмөг ...-тал сэгсчүүлсэн" гэсэн байдаг юм л даа. Маршрутын зам дагуу өдий болтол шальтай дэржигнүүр бараг таарсангүй. Харин эндээс хөдөлж хойд хөтөл даваад Алтанбулагийн амаар уруудаж эхлээд төдий удаагүй байтал дэржигнүүр жинхэнээсээ эхэлж, ёстой л чөмөг сугалах шахам сэгсчүүлсэн дээ. Иймдээ Алтанбулаг сумын төв хүртэлх тувт уруу 20 шахуу км замыг туулах гэж 70 гаруй минут зарцуулах вэ дээ. Сэгсчүүрээс гадна гэнэ гэнэхэн элс тааралдана. Алтанбулагийн энэ мэт элсэнд аяллын үеэр дугуйчид гэмтсэн талаар манай клубийн аяллын тэмдэглэлүүдэд ч дурссан нь бий. Бас тэр аялалд оролцсон гишүүд өөрийн амаар ярих нь ч бий.

Биднийг үдийн хоол цайгаа идэж уугаад хөдлөхөд 13:33 цаг болж байсан бол Алтанбулаг сумын төвийн хаяанд ирэхэд 14:40 өнгөрч байлаа. Манай багийн гишүүд Алтанбулагийн амны дэржигнүүр замын төгсгөл дэх татах цэг дээр хэлсэн үгс нь чөмөг сугартал сэгсчүүлнэ гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ зам уруу байсан тул сэгсчүүлэхээс бусдаар ачаалж зовоогоогүйг олзуурхана. Үнэхээр аяллын маршрутыг зохиохдоо 2017 оны аяллын чиглэлийн дагуу явуулах гэснээ больж Туул тосгоноос шороон зам руу орж эцэст нь мөнөөх аяллын тэмдэглэлд дурссан "чөмөг ...-тал сэгсчүүлэх" нь баттай замаар явуулан дуусгахаар шийдсэн юм. Товчхондоо ядрал бага үедээ замын хүнд хэсгээ туулж бараад, хот руу буцах замдаа хялбархан (засмал) замаар явна гэсэн үг л дээ. Эсрэгээр явсан бол энэ сэгсчүүрт багийн гишүүдийн хамаг "наастр" унаад үлдсэн шороон замыг их л ядарч туулах байсан биз ээ. Энэ талаараа ч хэлэхэд багийн гишүүд маань бүгд зөвшөөрөн, маршрут ёстой зөв зохиосон байна гэж дэмжицгээх нь аяллын сэдэл гаргасан наддаа ч урамтай.
Алтанбулаг сумын төвд очихоороо манай клубийнхний ордог гуанз ажиллахаа больжээ. Дэлгүүрийн худалдагч бүсгүй өөр гуанз байхгүй гэнэ. Иймд дэлгүүрээс идэж, уух зүйл аваад хөнгөн яриа өрнүүлцгээнгээ ходоодоо борлуулцгаав.

Алтанбулаг сумын хаалгаар 16:00 цагт гарав. Одоо УБ хүртэл 50 км зайтай. Үүнээс зөвхөн өглөө бидний хөдөлсөн цуглах цэг буюу тарах цэг хүртэл 35 илүү км зай бий. Мөн энэ дунд Морингийн даваа бий. Гэхдээ энэ нь засмал зам бөгөөд бас баруунаас зүүн тийш чиглэх бөгөөд салхины чиг дагуу байсан нь шороон замаар 57 км үүнээс 20 шахуу км дэржигнүүр замаар явж ядарсан манай багийн гишүүдэд гайгүй л байсан болов уу. Аяллын төгсгөлд Буянт-Ухаа дээр нэг 17:55 гэхэд зэрэг шахуу хүрч түр зогсоод эндээс тарцгаалаа.

Мөн энэ аяллын үеэр манай клубийн гишүүн С.Отгонбаатар шар тэмдгийн болзол биелүүллээ. Түүний бахархлын тэмдгийг маршрутын эргэлтийн цэг - аяллын оргил цэг дээр гардуулж өгөв. Клубийн 10 шахуу жилийн түүхнээ өмнө нэг л удаа сонгогдсон зам маршрут дээрх, УБ хотоос алсхан цэгт бахархлын тэмдгээ авч буй нь ховор тохиолдол юм.
Ийнхүү удахгүй болох УБ 240/24 аяллын өмнө элсэрхэг бас дэржигнүүр шороон зам мэдрүүлсэн нэгэн аялал маш амжилттай болж өндөрлөлөө. Зүгээр л жий!
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Отгонбаатар | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3560 км |