Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 ультра жийлт #8 - УБ 240/24 2025 он

UB 240/24 буюу УБ 240/24 нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн ультра жийлт юм.
Тус ультра жийлт анх хэрхэн зохиогдож эхэлсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ линкээр нээн үзэж болно.
Унадаг дугуйчин хүний давж үзэх нэг сорилт
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/373
Аяллын төрөл
УБ 240/24 ультра жийлт
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
233 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1694 м
Өндөр алдалт
-1758 м
Их өгсөлт
6.2 %
Их уруудалт
-7.1 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2025 оны 6 сарын 20 Баасан гараг, 17:55 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

6 сар 20 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:55 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 271 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар- Дархан (Баасан гариг, 26900 төг), буцах Ерөө- Улаанбаатар (Ням гариг, 30000 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

6 сар 21 өдөр, Бямба гариг
Дархан уул аймгийн Дархан хотод өглөөний 01:58 цагт бууна. Өглөөний цайгаа ууж амраад аялал эхлэнэ. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Мөн унадаг дугуйн урд, хойд гэрэлтэй оролцоно. Автомашины засмал замаар 100 км жийгээд Сүхбаатар хотод ирнэ. Улмаар Алтанбулаг суурин хүрч, шороо элсэрхэг замаар Хяраан гол, Гүн нуур, Гялаан нуур, Тужийн нарсан дундуур жийж Могой гол гатлан Хангайн даваа өгсөж даваад Хүдэр сумаас "ирэх" засмал замтай нийлэн Сэлэнгэ аймгийн нутагт орших төмөр замын Ерөө зөрлөг (Дулаанхаан тосгон) хүрч аялал дуусна. Нийт зай 234 км орчим болно. Зөрлөгийн байранд амарна.

6 сар 22 өдөр, Ням гариг
Зөрлөгөөс өглөөний 06:47 цагт Сүхбаатар-УБ чиглэлийн 272 дугаар галт тэргэнд суун хотод 15.20 цагт бууна.

Аяллын тэмдэглэл

ЯТА Э.Ожго

6 сарын 21 өдөр, Бямба гариг
Энэ онцгой аялал явагдаж эхлээд 9 (ковид гээд 2021 онд зохиогдоогүй) жил өнгөрчээ. Манай клуб 8 дахь удаагаа энэ аялалд оролцлоо.

УБ 240/24 нэртэй боловч аяллын чиглэлийг энэ жил хөдөө орон нутагт Сэлэнгэ, Дархан уул аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөсөн. Манай баг 5 хүнтэй байлаа. Товлосон өдрийн өглөө үүрийн 3.46 цагт Дархан хотын вокзалаас хойд зүгийг чиглэн гэрэл чийдэнгээ асаан хөдөллөө. Жилийн хамгийн урт өдөр гэсэндээ тэнгэрийн хаяа туяаран үүр цайж эхлэв. Хотоос гарч Дархан гэх бичээстэй замын хажуугийн талбай дээр 4.00 цагт ирж, хамтдаа төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, дурсгалын зураг даруулаад цааш шуудрав.

Зураг 1. Дархан хотын хилийн дээс дээр, 04:10 цаг

Халуун өдөр болох шинжтэй. Хойд зүгээс яльгүй салхи сэвэлзэн, явалтын салхитай нийлэн зөөлөн илбэнэ. Автомашин мэр сэр өнгөрсөөр, зөрсөөр. Цагаан нуурын хөндий уруудан нуураа эмжин жийсээр Хар морьтын хөтөл даваж сүнгэнэтэл уруудав. Шарын голын тохой тахирмаг алсаас харагдан дэндүү танил хайлаас модон гудамтай замаар жийсээр Шарын голын гүүр хүрээд хальт татав. Хамар давааны алсын өгсүүрт эргүүлсээр, багийн хоёр гишүүн маань бүр уралдан жийсээр алсран холдов. Даваан дээр гарч түр амраад Ерөө голын хөндий уруудан гүүрээр гарч, дөрвөн замыг нэвт сүвлэн өнгөрч Арангатын даваа руу өгсөн давсан эрчээрээ уруудан жийсээр Тужийн нарсан дундуур сэрүүцэнхэн урагшилсаар Шаамар 13 хүрч татлаа. Эндээс Сүхбаатар хот 13 км зайтай. Хотын төвийн тохилог кофены газар 9.15 цагт ирлээ. Дундаж хурд 21.2 км/цаг байлаа. Үүр шөнийн заагаар өглөөний сэрүүн цагаар 100 км замаа туулах зорилго амжилттай биелсэн билээ.

Зураг 2. Алтанбулаг хилийн боомт, 11:56 цаг

Аяллын хоёр дахь бүртгэлийн цэг болох Сүхбаатар хотоос 11.00 цагт зүүн зүг гарч Алтанбулаг сумын засмал замд орлоо. Халуун шатаад эхлэв. Зогсолтгүй явсаар Алтанбулаг хүрч айлын гудамж дундуур орж, зүүн зүгт орших Хярааны гол руу зүтгэлээ. Өгсүүр уруу бүхий хэд хэдэн ухаа толгод даваад уруудан Хяраан голын өргөн татам руу орж ирэв. Замын элс мэдэгдэхүйц нэмэгдсэн ч жийж болоод л байв. Алсад гол дагасан мод бургас ногоорон харагдана. Бушуухан л модны сүүдэрт татаж амрах хүсэл төрсөн боловч тэр бүр яахан санаснаар болох билээ. Элсэн зам мурилзан модноос холуур өнгөрч байх нь хяслантай. Бидний очих айлын хүү автомашинтай зөрөөд Алтанбулаг ороод буцаад ирнээ, замынхаа зүүн талыг барьсгээд яваарай гэж захив. Хойд зүгт харийн нутгийн Кяраан тосгон харагдана. Бид хилээс хэдхэн км-ийн наагуур явж байгаа тул салаа замд "Хилийн бүс, орохыг хориглоно" гэсэн тэмдэг байлаа.

Хяраан голын гүүрийг хараачлан урагшилах цаг дор ганц хус мод замын хажууд бушуухан ирээрэй гэх шиг гунхалзан найгана. Сүүдэрт нь сайхан амарлаа.

Зураг 3. Модны сүүдэрт, 13:35 цаг

Замын нэг автомашин зогсож бидэнд 5 л цэвэр ус өгөөд, одоо гүүр ойрхон гэж хэлэв. Хөдлөөд удаагүй байтал гэрийн эзэн Ууганбаяр хүүтэйгээ хамт мотоцикл унан тосож цэв хүйтэн булгийн ус ганзагалаад ирэв. Сайхан уулзалт болсон шүү. Гэрт нь очиж өдрийн хоол идэн, усанд орж тун тавтай амрав. Гэрийн эзэгтэй бидний савнуудыг хар цайгаар дүүргэн, маш амттай ааруул өгч билээ. Тэр ааруулын амт шимтийг яахан мартана. Яг өдрийн ид халуун шатах цагийг айлд амарч өнгөрөөсөн бид 16 цагт дурсгалын зураг авахуулан, ерөөлөөр үдүүлэн аяллын замдаа ахин гарлаа.

Зураг 4. Дурсгалын зураг, 16:14 цаг

Аялал дуусахад ахин 12 цаг үлдлээ, бид 140 орчим км туулчихлаа, одоо 100 км орчим үлдсэн, амжина даа гэж бодохоос бус, аяллын чиглэлээ "хамаагүй" урдуур Хяраан голын бетон гүүрээр дайруулан гаргасан, ямархан шазруун элсэн зам, даваа хүлээж буйг тэгтлээ их "мэдээгүй" байсансан.

Тухайн үедээ модон гүүрээрээ гарчихлаа, баруун урагш чиглэсэн зам руу орлоо (газрын зурагнаас харж байсан замаас арай бүдэг юм уу даа гэж би сэрсхийн бодож амжсан ч дорхноо мартсан) тэртээд нөгөө ой модоор хучигдсан довцог харагдана, дундуур нь явах учиртай болдог юм болдгоороо болж байна, удахгүй Гүн нуур харагдана гээд толгойгоо эргүүлтэл байдаггүй. Хонхор газар тогтсон тул харагдаагүй юм болов уу, харин амралтын газар айл хунар байдаггүй нь юу билээ. Энэ замд орж байх үед нутгийнхан ярьсан бетон гүүр (тэнд очоод анх мэдсэн) зүүн талд харагдсан, их тод зам чиглээд бид нийлсэн юмсан. Газрын зургаа харлаа, баруун тийш Алтанбулаг руу алсаараа нийлэх замд орчихжээ.

Ингээд л концерт эхэллээ. Тэр өдрийн халуун, тод бүдэг салаа замын сүлжээ дунд урд зүгт чиглэх зам аван жийж явлаа. Өчигдрөөс хойш онцгүй байсан бие сульдаж цувааны хурд алдуулан байн байн зогсож багаа "хорлож" явлаа даа. Дэнж дээр айл харагдана, жийгээд очлоо. Хүйтэн хар цайгаар дайлуулж зам асуулаа. Зүүн урд талд Гүн нуур харагдана. Та нар Ивцэгээр явж Хангайн даваа давах юм бол нэг их хазайгаагүй байна, Гялаан нуурыг баруун талаар нь тойроод төв зам чинь Алтанбулагаас ороод ирнэ, тэгээд л асуудалгүй гэлээ. Замаа заалгаж авсан тул аль болох зогсолт багатай жийсээр Гялаан нуурын зүүн талаар гарч замын айлаас хальт замаа асуун бататгаад нарсан ойн дэнж рүү өгсөн элсэн замаар орлоо.

Зураг 5. Тужийн нарсны захад, 19:24 цаг

Замын хажуугаар муухан жийж болж байна, өгссөөр нэг тод зам баруун гар тал руу салжээ. Түүгээр орж ойгоос гаран модны зах, тариан талбайн дундах боломжийн замаар жийн өгссөөр гүдэн давав. Ой мод руу ахин орлоо. Энэ бол Тужийн нарсны төв хэсэг. Алсын уруу урамтайхан жийх явцад биеийн байдал дээрдээд ирлээ, ингэдэг л юм даа гэж урамшин зогсолтгүй явсаар ахин нэг тэгш өндөрлөг давж уруудан Могойн гол руу орж ирэхүйд харанхуй нөмрөв. Нэг гишүүний дугуй хагарч хойно хоёулаа үлдсэн тул бид 3 жийсээр арай баруун талын буруу замаар явчихав. Байдлыг мэдэн буцаж салаа зам дээр ирэн арын хоёроо хүлээж байтал замын автомашин ирээд танай 2 гүүрний цаана айлд байгаа гэж хэл дуулгав.

Завханаас саяхан нүүж ирсэн айл байв. Энэ хавийн газар орныг тоймлож л мэдэж байв. Газрын зураг дээр харж байсан гүвээг даван Хангай голыг хөндлөн гарч Хангайн даваа өгсөнө гэдгээ мэдэж байлаа. Тод замаа дагаад гүвээгээ даваарай гэж тэд захив. Гэрэл чийдэнгээ асаан бид хөдөллөө. Түнэр харанхуйд хамтдаа жийсээр гүвээгээ давлаа, урагшаа даяалсан замаа аван уруудав. Гол таарах учраас асуудалгүй. Гол гатлахгүй уулын ар бэл дагасан замаар өгсвөл Цагаан даваагаар давна. Ярилцаад товлосон Хангайн даваагаа давахаар шийдэв. Их гүнзгий татам бүхий уулын голоо банзан гарамаар гарчихлаа. Уг нь гүүр бий. Тэр гүүр нэлээд дор үлдсэн байх учиртай. Бид хирэндээ голоо дээгүүр гарахыг хичээсэн. Даваа руу өгсөх тод замдаа орлоо.

Гэрэл чийдэнгээ нөөцлөн хоёр гэрэл асааж явлаа. Ой мод руу оров. Зам нь их эвдэрчээ. Гэхдээ нутгийнхан хажуугаар нь явдаг шинэ зам гаргаад давдаг болсон гэж ярьж байсан. Энэ даваагаар даваж Ерөө сумын төв рүү хойноос нь хатгаад ордог.

6 сарын 22, Ням гариг
Даваа өгсөх замаар бүгд дугуйгаа түрж нэг гар чийдэн асаан явлаа. Хүндэвтэр хөлтэй туурайтан амьтан замын баруун талын модон дотор биднээс үргэн тэнд энд гишгэлэн пад пид хийн зулран одов. Гөрөөс бус буга байсан болов уу. Модон дунд амран сэрүүлэг тавиад бүгд 20 минут унтлаа. Энэ их тус болсон шүү. Одометрийн заалт 205 км зай туулсаныг зааж байв. Даваагаа даваагүй л байв. Яльгүй өгсүүр нэмэгдэв, давааны орой дөхөх үед ийм байдагсан гэж хоорондоо ярьж явтал тэгшрээд ирэв. Ой мод үргэлжилсээр, яваандаа уруу ч болоод ирэв. Хүүе ээ, давчихлаа, гэрлээ асаагаарай уруудья гээд бид баярлан мордлоо. Алсад Ерөө сумын төвийн гэрэл үзэгдээд алга болов. Ийнхүү бид Хангайн ам уруудан гэрлээрээ нэг нэгэндээ дэм болон хийморьтой жийсээр Хүдэр сумаас эхтэй засмал зам 3.30 цагт гарч ирлээ.

Зураг 6. Засмал зам дээр гарлаа, 03:45 цаг

Эндээс 4 зам хүртэл 33 км, цаашаа Ерөө зөрлөг 9 км, галт тэрэг 6.49 цагт Дулаанхаан дээр ирнэ. Жийлээ дээ. Нойр хүрч байна гэж жигтэйхэн, яг автомашины жолоо барьж буй мэт зүүрмэглэж ч байх шиг. Ёстой л манай багийнхан тэмдэгтэй гишүүний шандасаа бүрэн гаргасан даа. Та нартаа маш их баярлалаа. Сэтгэл санааны хүч гэдэг аргагүй л ямар ч  аяллын ард гардаг маш том бахархал юм даа. Бид хамтдаа аяллаа амжилттай дуусгасныг энэхүү бяцхан тэмдэглэл түүхийн хуудаснаа нотлох болно. Мэдээж алдааны том сургамж туршлага ахин батжин бидний зүрх сэтгэлд хатаагдсан бэхжих болно. Энэ аяллаар бид 255 км зам туулсан. Зүгээр л жий.

УТА Г.Махгал

Элс элс элс ... Сэлэнгэ нутгийг элстэй гэдгийг Дархан-88 уралдаанд оролцож байсан унадаг дугуйчид гадарлана даа. Эсвэл бараг хүн бүр толгой дараалан очсон Тужийн нарсны ажиглалтын цамхаг хүрэх замыг жишээлсэн ч болох юм. Гэхдээ энэ бол элсэн дундуур хэсэгхэн туучаад л гарчих тухай биш харин бараг 40 км тасралтгүй үргэлжлэх заримдаа улгүй шигдэх элсийг жийн жийсээр туулж гарах тухай л даа. Жийн жийсээр гэсний учир хэмээвээс түрээд алхвал цагтаа амжихгүй бас шааригдан өнхрөх боломжгүй юм. Мөн цагтаа амжихгүй гэсэн нь энэ жийлтийн маршрутыг 24 цагийн дотор туулж дуусгах ёстойг илэрхийлнэ. Түрээд алхвал хурд 4 км/ц болно. За тэгээд жийгээд явлаа ч элсэн замаар шальтай хурдлахгүй дээ. Тэр байтугай элс, пургисан их шороо, сул хайрга руу эрчтэй орвол дийлэнх тохиолдолд онхолдож унадаг. За ийм л нөхцөлд цагтай уралдах болсон доо. Ийм биш эсрэгээрээ зөөлхөн боорцог бол үүнийг яалаа гэж ультра жийлт гэх билээ дээ?

Зураг 7. Элсэрхэг зам эхлэхийн өмнөхөн, Алтанбулаг чөлөөт бүсиийн хашааны гадна, 12:25 цаг

Элсийг анхнаасаа мэдэж байсан нь буюу клубийн онцлог Дархан-88 ба Тужийн нарсны ажиглалтын цамхаг зэргээс мөнөөх элсийг баттай таамаглаж байсан л даа. Иймээс ч үүний өмнөх бэлтгэл аялал дээр клубийн нэг гишүүн энэ жийлтэд оролцох сонирхолтой байгаагаа цухалзуулахад "Тэг тэг тэг" гэсэнгүй. Өөрөө л мэд гэв. Над руу мэдээллээ явуулж галт тэрэгний тасалбар цахимаар захиалж авах болов. Тэгээд дараа нь таг чиг болохоор яав ийв гэсэнгүй. Үүний учир энэ жийлт чамгүй чанга болохыг багцаалж байснаас гадна клубийн зүгээс "манай зохион явуулж буй үйл ажиллагаанд оролцоорой" гэсэн уриалга, зар сурталчилгаа, ухуулга албан ёсоор огт гаргадаггүйд оршино. Яг үнэндээ унадаг дугуй унахын сайн ба саар тал гээд яривал дүндээ дүн болно. Иймээс клубийн аялалд оролцох эсэх шийдвэрээ тухайн хувь хүн өөрөө л бие даан гаргах учиртай. Нөгөө талаас оролцох шийдвэрээ өөрөө л гаргах гэдэг нь өөрөөр өөрийгөө 100 хувь хариуцна шүү гэдэг зарчимтай уялдана.

Зураг 8. Тольфи, Сүхбаатар хот дахь кофе шофд, 09:30 цаг

Алдаа ба оноо Бид 240 км зам тууллаа. Сэлэнгийн их элсийг давж гарлаа. Цагтаа амжлаа. Бүтэн багаараа барианд орсон. Галт тэргэндээ баараггүй амжиж суусан. Гэх зэргийг дэлгэрүүлэн, сүр бадруулан бардамнан бичвэл бичнэ л дээ. Гэхдээ энэ угаасаа тодорхой явдал тул энэ хандлагыг орхиж харин сургамж ба дүгнэлтээ л бичсэн нь хожим хойчид ач холбогдолтой.

  1. Дархан хотоос эртлэн хөдлөв.
    Биднийг Дархан хотын хилийн дээс дээр ирж Дархан гэсэн типографик хөшөөний өмнө зураг татуулж байх үед л үүр цайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид алгуурлалгүйгээр эрт хөдөлсөн. Хүлээж буй замын нөхцөл байдал талаас энэ маш оновчтой шийдвэр болсон. Ингэснээр бид хот хоорондын их ачаалалтай замын хөдөлгөөн сийрэг байх үед нь туулчихаж байгаа юм. Бас өглөөний сэрүүнийг ашиглачихаж байгаа юм. Эцэст нь замын бэрх хэсэгт зарцуулах нөөц цагтай болсоныг дурдаж болно.
  2. Үдийн цай хөнгөдөв.
    Сүхбаатар дээрх бага үдийн цай ер нь л багадсан даа. Тэнд очиход жийж эхэлсэнээс хойш 5 цаг 30 минут болж байсан. Өөрөөр хэлбэл чамгүй хугацаа өнгөрсөн байсан. Энэ хооронд бид ойролцоогоор 2 цаг тутамд юм идэж уун эрч хүчээ нөхөж байсан л даа. Гэхдээ гол амралтуудын эхнийх нь Сүхбаатар хот дээр тохиосон юм. Тэнд чамгүй хугацаагаар тухлан суусан тул гол амралт гэхгүй байхын аргагүй. Энд идсэн хөнгөн зууш дээр Сүхбаатараас гарахаас өмнө дэлгүүр орохдоо авсан хүнсийг нэмэрлэсэн ч дутуудсан л болов уу. Гэж бодох үндэслэл Алтанбулагийг дайран өнгөрч Хяраан голын гүүр хүрэх тун дөхөж явсан буюу биднийг саатан үдийн хоол идэх санал тавин урьсан айлаас төдийлэн холгүй болсон үед манай багийн цувааны толгойд явсан хэд гэнэт зогссон үеийн нөхцөл байдлаас эхлэн төрсөн. Уг нь амралтын цэг дөхсөн үед гүрийчихдэг сэн. Гэхдээ нөөц шавхагдсан бол гүрийлгэх аргагүй л дээ. "Миний булуу яг сайхан халаад явдал жигдэрч байлаа" гэснээс цааш илүү үг хэлсэнгүй. Ийм үг хэтэрвэл багийн сэтгэл санааг эсрэг эргүүлнэ. Ямартаа ч би ядраагүй байна аа гэдгээ тоглоом гэх үү, тойруу гэх үү маягаар илэрхийлчихлээ. Энэ эрч хүч маань хожим хэрэг болно. Ахиад чамгүй урт зам хүлээж байна. Надтай хамт сүүл мушгин явсан багийн ганц эмэгтэй гишүүн ч ядраагүй, зүгээр гэдгээ хэлж байна.
  3. Баг хоёр салчих гээд л байв.
    Тужийн нарсны их ой руу орох үест бас гарах үест гарсан яльгүй алдаанаас шалтгаалан баг хоёронтаа хоёр салчих шахав. Эхний удаад нь 19:20 цагийн үед "Харуй бүрий ч болж байна. Гүн ой руу ч орох нь ээ. Ийм үед баг хоёр салж болохгүй." гээд хамт явж байсан нэг гишүүнтэй хамт моддын чөлөөгөөр нөгөө хэдийгээ харж байгаад нийлэв. Дараагийн удаад нь боломжит нэлээн хэдэн үзэгдлээс бидэнд хэрэгтэй нь тохиосны ачаар баг эргэн нэгдсэн. Энэ талаар тэмдэглэлийн харьцангуй хувийн шинжтэй хэсэгт дэлгэрүүлэн бичнэ.
  4. 240-д заавал гэрэл чийдэнтэй явна.
    Энэ бол 100 гаруйхан км үргэлжлэх өдрийн аялал биш билээ. Иймээс нар жаргахаас өмнө дуусахгүй ч байж болно. Гэтэл манай багийн хоёр ч гишүүн гэрэл чийдэнгээ мартаж гарсан байсан. Ядахад өглөө эрт тэнгэрт мэлтийж асан Саран авхай энэ шөнө гарч ирдэггүй ээ. Ийм үед запас батарейтай гар чийдэн нэмэлтээр авч явсан маань их хэрэг болов.
  5. GPS
    Аялах маршрутыг гар утасны, GPS дэмждэг газрын зургийн програмд суулгасан байсан нь түнэр харанхуйд ч төөрөлгүй явах боломж олгосныг онцлох хэрэгтэй.
  6. Бүтэн нойр чухал
    Ийм жийлтийн өмнөх шөнө гэлтгүй өмнөх хэдэн шөнийн нойр бүтэн байх нь амжилттай жийхэд тун ач холбогдолтой байдаг. Дарханд түрүүлэн очсон хоёр төдийлэн сайн унтаагүй бололтой. Галт тэргэнд надтай явсан хоёр боломжийн хэрээр унтсан ч нэг нь өмнөх дор хаяж нэг хоногт нойр дутуу явсан. Иймээс бид Хангайн давааны замд 01:40 - 02:00 цагийн хооронд 20 минут унтацгаах вэ дээ. Нойрмоглох гэдэг шороон замд хол асуудал. Харин засмал зам дээр гарсаны дараа ёстой асуудал болдог. Засмал замаар явахдаа унадаг дугуй дээр үүрэглэн унтдаг гэвэл та итгэх үү? Итгэж болно. Би нүдээрээ харсан. Багийн гишүүдийн дунд үүрэглэх талаар ямар яриа гарсан гээч. "Хальт онхолдоод босох юм сан. Тэгвэл янзын сайхан сэргэнэ дээ."

Гээд тоочоод байвал олон л алдаа оноо байна. Үлдсэн хэдийг нь хар хайрцагтаа хийлээ.

Би яачих аа вэ буюу унадаг дугуйн бүрэн бүтэн байдлаа хариуцах нь "За юу билээ. Сая айлд ахиухан хооллоод бас хэсэг унтчихсан. Ингээд 2 цаг гаруй амарчихсан нь аялал дуусаж гэртээ хариад амардагийн дохиог бие организмд өгчихөв үү. Яагаад зуураад явахгүй байна аа? Арай дугуй хагарчихаагүй байгаа даа? Элсэн дээр дугуй шалчийсан мэдэгдэхгүй яваад байгаа юм биш биз?" гэсэн бодол хөврөнө. Дугуй хагарах тухай бодогдонгуут даруй зогсон шалгав. Хойд дугуйны хий суларчээ. Урд яваа хэдийгээ гүйцэж дугуй хагарсан тухай хэлэхээр хүчлэн жийв. Тэд маань хэсэг зогсон намайг гүйцэж очихыг хараад хөдлөх нь миний сая зогссоныг ажсан юм болов уу гэлтэй. Нэмж хүчлээд гүйцэж очив. Багийн нэг гишүүн надтай үлдэж нөгөө гурав нь замаа хөөв.

Маш хүнд, зузаан хаймаран олгой сольж хийхээр шийдэв. Олгой цоолсон нөхөр юу ч байж болно. Сольж тавьсан олгойг ч цоолох магадлал бий. Шаардлагатай бүх запас болон багажаа гарган ажилдаа орон гялалзуулж эхлэв. Клубийн баримталдаг зарчимд өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ гэсэн зүйл байдаг. Дугуй хагарах гэгч энэ эрсдлээс өөрийгөө хамгаалан амиа авч гарах шаардлага ийнхүү тулгарлаа. Өөрийн багажаар бүхнийг өөрөө гардан хийж мөн л өөрийнхөө запас олгойг сольж тавив. Багийн гишүүнээсээ зөвхөн гадар хаймар дотор дугуй шивж цоолсон зүйл үлдсэн эсэхийг шалгаж туслахыг л хүсэв. Энэ үед дугуй дотроос гаргасан олгойны хийг гаргаж эвхэх ажил хийлээ. Хагарсан олгойгоо эвхчихээд гадар хаймараа өөрийн гараар нэмж шалгав. Гарт тэмдрэгдэх юу ч алга. Дугуй цоолж хагалсан нөхөр зоогдож үлдээгүй байж болно л доо.

Нормдоо орсон хийтэй дугуйгаар жийгээд эхэлтэл явдал юу юугүй хөнгөрөөд ирэв. Явдал саараад байсны учир шалчгар дугуйнд л байж.

Баг хоёр салахад дөхсөн нь Хагарсан дугуйтай ноцолдох улмаар хөдлөөд явах үед хангалттай гэгээтэй байв. Гэвч Тужийн нарс гэгч ойг нэвтлэн гарч ирэх мөчид гэгээ бараг тасарч байлаа. Түрүүлэн яваа гуравтай ой дотор тааралдсангүй. Салаа замгүй ба хажуугаар нь өнгөрөх аргагүй тул тэд урд яваа гэдэг нь баттай. Ойгоос гарахад голын хөндий биднийг угтан авав. Цувраа хоёр гүүрээр гарав. Дэнж дээр хэдэн гэр харагдсаныг зүглээд очив. Зорилго нь нөгөө гурвыгаа сураглах. Манай гурав зам асуух бас ус унд уухаар тус айлд буугаад мордсон байж магадгүй.

Завханаас саяхан нүүж ирсэн айл гэнэ. Газар орныг сайтар мэдэхгүй гэнэ. Гэвч зам даваа заах чиг нь GPS-тэй яв цав авцалдана. Мөн үүгээр явбал элс шавартай, түүгээр явбал зам нь цагаан гэж хэлж өгсөн нь пад харанхуй энэ шөнө маш чухал мэдээлэл байсан юм.

Айлын эзэнтэй зам харгуйн талаар хүүрнэлдэж байтал манай гурав хүрээд ирэв. Уг нь тэр гурвыг замаа хөөн цааш одсон гэж бодож байсан юм. Замын буруу салаагаар орсоноо мэдээд замын салаа дээр буцаж очин бид хоёрыг хүлээхээр шийдээд байтал голоос ус авахаар яваа мөнөөх айлын хүмүүстэй тааралдаж тэднээс бид хоёрыг энд явааг мэдэж авчээ. Энэ айл байгаагүй бас айлын хүүхэд залуус ус авахаар гол руу яваагүй байсан бол бид тав 2 ба 3 гэж салах байсан нь гарцаагүй үнэн.

Нөгөө эрч хүч хэрэг болсон нь Хяраан голын гүүр хүрэх тун дөхсөн үед цувааны толгойд явсан хэдийг татаж амрах үед булуу халаад явдал жигдрээд яг сайхан болж байсан тухай тэмдэглэлдээ цухалзуулсан даа.

Зураг 9. Шөнийн түнэр харанхуйд гар чийдэнгийн гэрлээр, 01:40 цаг

01:30 буюу ид нойрны цаг болж байв. Манай хэд нойр нойр нойр л гэлцэнэ. Зарим нь аль түрүүнээс хойш түр зогсосхийх зуурт ч суун тусаад гулдайн унах болсон байсан юм. Тэгээд арав хорин минут нойр авцгаах болов. Хорин минутын сэрүүлэг тавив.

Зураг 10. Түнэр харанхуй шөнөөр улаан зам дээр нойрсоцгоосон нь, 01:42 цаг

Сэрүүлэг дуугарахад сэрж байгаа хүн ер алга шүү. Хэрэв би сэрүүлгэнд сэрээгүй бол бид 06:47 цагт суух галт тэрэгнээсээ баараггүй хоцрох байсан болов уу. Ийм сэргэг, эрч хүчтэй байдал галт тэргэнд суух хүртэл үргэлжилж вагонд суун хэвтсэн даруйд нам унтаж Зүүн хараа хүрэхэд л сэрсэн. Өөрийгөө л магтсан мэт эдгээр нуршуу үгсийн цаана бие болон сэтгэл санааны бэлтгэл чухал гэсэн зөвлөмж буй.

Зураг 11. УБ Төмөр замын Ерөө зөрлөгт галт тэрэг ирэхээс 20 минутын өмнө, 06:25 цаг

Тэмдэглэлээ өндөрлүүлэхүй УБ 240 анх зохиогдож байхад, олныг хамруулан нүсэр зохион байгуулдаг байхад би оролцож чадаагүй юм. Тухайн цаг үед одооных шиг жийж чаддаггүй байлаа л даа. Харин 2022 онд анхны маршрутаараа зохиогдоход нь оролцож 24 цагт багтаан 240 км замыг туулж чадах хэмжээнд бүрэн хүрсэнээ мэдсэн. Үүний дараа 2023 онд ахин нэг удаа амжилттай оролцсон. 2024 онд тодорхой шалтгааны улмаас өнжсөн. Харин энэ удаад УБ хотын орчинд бус хөдөө орон нутагт явагдсан нэн шинэлэг хувилбарт нь ийнхүү амжилттай оролцлоо. Оролцох оролцохдоо цаг агаар ба зам харгуйн чамгүй сорилттой тулгарч улмаар даван гарч чадсандаа сэтгэл нэн ханамжтай байгаагаа бичиж тэмдэглэхэд туйлын таатай байна. Та ч бас ийм сайхан мэдрэмжийг өөртөө бий болгомоор байвал ирэх жилийн УБ 240/24 ультра жийлтэд эртнээс бэлдэн оролцоорой.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Отгонбаатар Ш.Мөнгөнсүх Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
С.Отгонбаатар
  • 3989 км
  • 40
  • 1
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!