Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #185 - УБ 240/24 Аяллын бэлтгэл буюу элс, усан гарам

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/375
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
75 км
Давааны тоо
0
Өндөр авалт
397 м
Өндөр алдалт
-397 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-7.8 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2025 оны 6 сарын 14 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Амгалангийн Төмөр замын гарам
Цуглах цэгийн солбицол
47.901917, 107.029
47°54'6.9"N, 107°1'44.4"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Туул голын эрэгт, Гачуурт 10:25 цаг

Амгалангийн уулзвар дахь CU дэлгүүрийн үүднээс хөдөлсөн бид 40 шахуу минут яваад Гачуурт дахь, Туулын гол дээгүүрх төмөр бетон гүүрт хүрэв. Гүүрийн наана цаана ч гарч үзэв. Ногоон эрээн хувцастай харуул манаанд ч хөөгдөж үзэв. Энэ бол завь уснаа тавих зохимжтой эрэг хайж яваа нь. Манай клубийн хоёр гишүүн энэ зун завь ба унадаг дугуй хослуулан аялахаар төлөвлөсөн юм. Ингээд тэдний нэг нь шинээр авсан завиа шалгах бас усаар завьтай хөвөх дадлага хийхээр болсон нь энэ.

Зураг 2. Хийлдэг завь цүнхнээс гаргаж буй нь

Бидний хоёр нь барилдаж, нэг нь (би) зураг авч харин бусад нь завь бэлдэхэд оролцож дор бүрнээ завгүй.

Зураг 3. Ах дүү хоёр аварга

Унадаг дугуй дээр завь ачиж ирээд завь дээрээ унадаг дугуйгаа ачаад хөвөн одох нь манайхны заримын сонирхлыг ихэд татаж буй бололтой.

Зураг 4. Хоёр гишүүн маань хөвөн одлоо. 10:35 цаг

Завьчдаа үдэн гаргасан дугуйчид нь 10:40 цагаас үлдсэн замаа хөөв. Хоёр жилийн өмнө тавигдсан шинэхэн засмал замаар хэсэг давхиад шороон зам руу орсоноор өнөөдрийн аялал жинхэнээсээ эхлэв. Хэсэгхэн үргэлжлэх гэр хорооллын шороон замыг дуусгаад тас няс хийлгэх том том чулуутай шороон зам руу оров. Төд удалгүй Минж үржүүлгийн зэргэлдээх голын гарамд хүрч очив. Гармаар жийгээд л гарцгаав. Энэ өвөл цас бага унаснаас голын урсац мэдэгдэхүйц татарчээ. Өнгөрсөн жил устай байсан нэг салаа зүгээр л хуурай сайр болсон байна.

Энэ аяллын нэрд элс гэсэн үг орсоныг анзаарсан уу? Яг одоо бидний туулж буй Дэндийн ам бол Улаанбаатар хот дотроо л элстэй газар нь юм. Энэхүү элсийг манай багийнхан давгүй туулаад гарчихав. Голын эрэг дээр барилдаж хүчийг үзээд байсан ах дүүсийг энэ элс дээр хэн нь хөл газар хүргэлгүй давж гарахыг нь үзье хэмээн хурцлаад орхив. Гэснээс клубийн аялалд өмнө хоёронтаа оролцсон Буянбадрах гишүүн төрсөн ахыгаа дагуулан ирсэн байлаа. Төрсөн ах дүүс болохоор тун ч хөгжилтэй явцгаах аж. Үүний зэрэгцээ бусад гишүүдийн унадаг дугуйг сонирхон данхраад(домкрат)-гүй явдаг юм байна гэх мэтчилэн ажигласнаа ярьж хэлцэх аж.

Зураг 5. Дэндийн ам дахь Туул голын нэг салаа, 11:45 цаг

12:00 цагтай уралдан голын гармаар гараад голын эрэгт ногоон зүлэг дээр тухлан сууцгаагаад үдийн хоолоо идэцгээлээ.

Зураг 6. Үдийн хоол, 11:55 цаг

Дээрх зургийг харсан хэнд ч зуны налгар дулаан өдөр төсөөлөгдөх биз ээ. Гэтэл өнөөдөр агаарын хэм багавтар бас баруунаас зүүн тийш овоо хүчтэй салхитай нь бараг л хаврын зэврүүн өдөр мэт байлаа. Зураг дээрх шиг зүгээр суун удвал бээрмээр ийм л сэрүүхэн. Гэсэн ч унадаг дугуй жийн эрчимтэй хөдөлж яваа болохоор даарна гэж үгүй. Ёстой зогсолтгүй зүгээр л жийгээд баймаар өдөр.

Энэ жил хэчнээн хуурай ч гэлээ Туул голын сүүлийн гарам их голын салаа гэсэндээ өвдөг давж гуяар татсан их устай байна. Их ус тул бүгд гуталтайгаа туулав. Бас утсаа хямгадах нь хямгадав. Ийнхүү усан гармуудаар амжилттай туулан гарсан бид багахан хөтөл даван Налайх ороод зогсолтгүй тэр чигээрээ жийсээр 13:30 цаг болохын өмнөхөн Оргил худалдааны төвийн Налайх салбарт хүрч түр амсхийлээ.

Улмаар Налайхын унадаг дугуйн замаар хоёрын цуваанд орон түрүүн дурдсан хүчтэй салхийг багаараа сөрсөөр Баянзүрхийн товчоонд хүрч түр зогсов. Цуваанаас нэг гишүүн сугарчээ. Замын дундах хэдэн өгсүүрт нэлээн ачаалж байх шиг байсан гэж багийн нэг гишүүн хэллээ. Тэгэхээр үе үе ширүүсэх салхины нэг хүчтэй үлээлтийн үед л сугарсан байх нь. Замын уулзвар дахь том буузтай гэгдэх багахан цайны газарт орцгоон дөнгөж сууцгаагаад байтал нөгөө гишүүн маань хүрээд ирэв. Хамтдаа гурав нь гурав, хоёр нь хоёр бууз, мантуун бууз идэн эрч хүчээ сэлбэцгээв. Учир нь Дүнжингаравын унадаг дугуйн замаар ахиад л салхи сөрж овоо энерги зарцуулна. Харин сэрүүн өдөр байснаас манайхан цай, ус руу төдийлөн дайрцгаасангүй. Сэрүүн байх энэ талаараа ашигтай. Аагим халуунд ангаж цангах ч ээ мөн хэцүү байдаг сан.

Баянзүрхийн товчооноос мөн л бөөндөө явсаар Дүнжингарав худалдааны төвийн гадаа 16:00 цагтай уралдан ирцгээв. Энд ирэхэд хот дотор гэсэндээ аргагүй дулаан байв.

Ийнхүү ирэх бямбад Дархан Сэлэнгэ аймгуудын газар нутгийг дамнуулан зохион явуулах УБ 240/24 аяллын өмнөх бэлтгэл - элстэй, гол устай аялал амжилттай болж өндөрлөлөө. Удахгүй болох УБ 240/24 ультра жийлтээр эргэн уузацгааж Зүгээр л жийцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Мөнхбат Э.Отгонжаргал Р.Буяннэмэх Р.Буянбадрах Т.Энхтөр С.Лувсан Д.Ганболд С.Отгонбаатар Г.Махгал
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Р.Буяннэмэх
  • 1184 км дутуу
  • 75 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Р.Буянбадрах
  • 960 км дутуу
  • 299 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 1965 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2183 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 3022 км
  • 38
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 3989 км
  • 40
  • 1
  • 0
  • 2
  • 1
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
Зүгээр л жий!