Энэ аялал нь унадаг дугуй, каяак маягийн хөнгөн завь хосолсон BIKERAFTING төрлийн аялал.

Өглөө 8.30 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хот чиглэлийн автобусанд сууна. Мөрөн хотод хононо. Аялал 7 сарын 4 өдөр Мөрөн хотоос эхлэнэ. Арбулаг сумын нутгаар унадаг дугуйтай жийж Баянзүрх сумын төв хүрч, Бэлтэс гол Бошлой хад хүрч отоглоно. Дэлгэр мөрнөөр завиар 150 км усан зам туулж Бүрэнтогтох сумын төв хүрнэ.
Хилэнтийн гүүр хүртэл жийгээд Дэлгэр мөрнөөр Сэлэнгэ мөрний эх (Дэлгэр мөрөн, Идэр гол, Бүгсэй гол бүхий Олон голын бэлчир) хүртэл 78 км завиар аялан явсаар голоос гарч дугуйгаа унан Ар Тээлийн голын хөндий өгсөн Мааньтын даваа, Шар даваа даван Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөр дайран Хадан богчоор гаран Хануй гол уруудан жийсээр Хануйн рашаан хүрнэ. Голоо уруудан унадаг дугуй, завь хослуулан аялсаар Сэлэнгэ мөрөн хүрч Булган аймгийн Хутаг Өндөр сумын төв хүртэл усан замаар хөвнө.
Эндээс унадаг дугуйгаар Сэлэнгэ мөрөн уруудан жийсээр Зодын голын бэлчир хүрч Сэлэнгэ мөрнөөр Эг- Сэлэнгийн бэлчир хүртэл завиар аялана. Цааш унадаг дугуйгаар Сэлэнгэ сум хүрч Ингэтийн гол өгсөн Ингэтийн даваа даван Говил тосгоноор уруудан Эрдэнэт хотын галт тэрэгний буудал хүрч аялал дуусна.
Унадаг дугуйгаар 493 км (60%), завиар 330 км (40%) зам туулна.
6 сарын 29. Ням гариг
Өглөө 8 цагийн автобусанд сууж, дугуй, завь, ачаануудаа амжилттай ачиж хөдөллөө. Суудал дүүрэн байв. Мөрөн хотод орой 22 цагт ирлээ. CU орж кофе уух хооронд Мөнхбат маань хуучны танил руугаа жийж, унтах айл олоод хүрээд ирэв.
Хоёр жилийн өмнө Хөвсгөлд ирж Монгол шарын даваа хүрэх аяллын үеэр танилцаж гэрт нь 3 хонож байсан гэнэ. Таних танихгүй хүнтэй зөв харилцаж, биеэ төлөв түвшин авч явах, аливаа хүнтэй эргээд уулзах нүүртэй байна гэдэг аялагч хүнд байх тун нандин чанар гэж боддог. Тавлаг байшинд тавтайхан амарлаа. Нэг шөнө майхан барихгүй байна гэдэг аялагч хүнд олдошгүй том тус дэмжлэг болдог.
6 сарын 30. Даваа гариг
Замдаа сайн явахын ерөөлөөр үдүүлэн өглөө 8 цагт аялал эхэллээ. Хоёр өдөр бороошсон Хөвсгөлийн тэнгэр цэлмэсэн нартай өглөө байлаа. Мөрөнгөөс гараад 20 орчим км зам туулаад байтал замын хажууд унадаг дугуйтай хүн амарч харагдав. Хойд ачаа, цүнх, майхан, аяны хөнжил гээд аялаж буй нь илт. Мөрөн хотоос Хатгал сум руу анхны аяллаа хийж буй 16 настай Энэрэл охинтой ийн танилцсан юм. Арааны тохиргоо хийж, дугуйг нь хийлээд бага сага туслаад, хамтдаа даваа руу өгсөж 11 цаг гэхэд Хужиртын даваа давлаа. Дүү охиныг сайн явахыг ерөөн бид хоёр замаа хөөлөө.




7 сарын 1. Мягмар гариг
Тун сайхан амарч хоноод гэрийн эзэгтэйн бэлдсэн өглөөний цай ууж, гэрийн эзнээр алсын чигээ заалгаад 8.20 цагт аяллын замдаа гарлаа. Бага шиг цувраа нууруудын хойд талаар уулын бэл дагасан замаар жийсээр зүүн талаас ирсэн төв шороон замтай нийлээд удалгүй нэгэн дөрөлж давав. Алсад айлын бараа харагдаж мал сүрэг тааваараа бэлчсэн уужим хөндийн зүүн талаар уулын хошуу дагасан өгсүүр уруу замаар тайван жийж явлаа. Арбулаг сум нь харьцангуй өндөрт оршдог тул ерөнхийдөө уруудсаар байгаад Баянзүрх сум орох тул жийлтийн хурд, эрчим өчигдрийг бодоход тэс өөр байлаа.


Тэнгэр бүүдийж бороон дусал хаяалж эхлэхтэй уралдан манай баг 15.10 цагт Бэлтэс голын гүүрээр гарч Баянзүрх сумын төв дээр ирэв. Бороо шаагин асгарлаа. Сумын төв нь дтд 1623 м өндөрт оршдог гэж GPS зааж байна. Петровис ШТС-ын залуу бид хоёрыг байрандаа урин амттай цайгаар дайлан амраав. Манай баг 58 км зам туулжээ. Үдээс хойш Бэлтэс гол, Дэлгэр мөрөнгийн бэлчир рүү 10 орчим км зам туулан очиж отоглох төлөвлөгөөтэй байна. Одоо бороо шивэрсээр, харьцангуй сэрүүн нутаг байна шүү.


7 сарын 2. Лхагва гариг
Шөнө тайван сайхан унтаж амраад 7 цаг гээд бослоо. Аяллын иж бүрэн ачаа цүнх, унадаг дугуй гээд бүхнээ завин дээрээ ачиж баглаж, явж үзээгүй усан замд юу ч тохиолдох билээ гэж хаширлан бэлдэхэд цагийн хязгаар тогтоолгүй ажиллаж билээ. Дэлгэр мөрний усны мандалд 9.20 цагт завиа тавиад аялал эхэллээ.

Хөх, ногоон өнгийн хоёр завь урд хойноо орон урагш ягуухан хөвнө. Хурд 6.5 км заах нь урсгал харьцангуй түргэн байгааг илтгэнэ. Сэлүүрдэхэд 9 км зааж энэ маягаар овоо л зам туулах юм байна гэсэн итгэл төрүүлнэ. Усанд унах, завьтайгаа хөмөрч болохгүй шүү гэж хамтрагчдаа захих ч энэ бол зүгээр л үг, аяллын замд яахан хүссэнээр болох билээ гэж давхар бодно. Нэг удаа Туул голоор 10 орчим км урссан нимгэн туршлага, дадал дүйтэй гишүүнээ гайгүй шиг аваад явчих юмсан гэж хүсэл тархинд эргэлдэж авай.

Үхэр чулуу бүхий томоохон боргио сүртэйгээр хүрхрэн урд цагаан ус хөөсрөн. Энэ дундуур бид хоёр яагаад ч гарч чадахгүй гэж бодон захаар нь том чулуу сүлжин зүдэргээтэй аргаар завиа хөтлөн чирэв. Ард үлдсэн залуу маань харин нэг хартал захын хэдэн чулуу шүлжин боргилсон урсгалаар завиа сэлүүрдэн гараад ирэв. Ийм боргионоос ингээд гарч чадаж байгаа тул цаашид энэ хүү алзахгүй юм байна. Баярласан гэж жигтэйхэн, залуу хүний зориг итгэл, тэмүүлэл ийм сайхан. Үүнээс хойш миний хамаг буглаа эргэлзээ аялаж усан замаа хөөн итгэлтэйгээр урагшилсан юм. Дэлгэр мөрний усан мандалд хөвөхдөө өөрийн багийн гишүүнд "санаа зовохгүй" байна гэдэг ямар сайхан гээч. Одоо би өөрөө л чаддаг мэддэг бүхнээ дайчлах хэрэгтэй, ар тал найдвартай. Уулын энгэр нь өндөр хад цохиотой, завсраар нь өвс ургамал бут, модод ургаж байгалийн гайхалтай зураглал хажуугаар алгуур өнгөрх нь усан аяллын өвөрмөц жаргал юм даа.
Ханан хаданд голын ус тулж огцомхон эргэсэн үхэр чулууд бүхий томхон боргионы ус цагааран цацарч, усны оволцох сүртэй чимээ наашлан ойртож байв. Мөнхбат маань зүүн талын захыг барин цохионы эрэг дагуух урсгалаа аван сэлүүрдэн орчихлоо. Хэд хэд оволзоод найдвартай нь аргагүй хөвж харагдана. Гайгүй дээ, сайн байна гэж бодон ажиглах зуур миний завь боргионы төв рүү чиглэсэн урсгалд хамагдав. Хоёр том үхэр чулуун дундуурх юүлүүрэн урсгалаар завиа залан гарахад яг урд талд мөлгөр том хадны дээгүүр урсгал нөмрөн гарч цаана нь цагаан ус хуйларч авай.




7 сарын 3 өдөр. Пүрэв гариг
Цэлмэг тэнгэрт наран мандсан сайхан өглөө боллоо. Цай хоолоо идээд ачаалан усан дээр гарлаа.


7 сарын 4 өдөр. Баасан гариг
Өглөө гэрийн эзэгтэйн бэлдсэн амтат хоолыг идээд, ачаалан Хилэнтийн гүүр улмаар Дэлгэр мөрнөөр уруудан шахаа хүртэл 17 км жийгээд завиа буулган усан аялалд шилжив. Голын урсгал хурдтай байлаа. Тэнгэр цэлмэж халуухан өдөр болж байв. Орчны байгаль үзэсгэлэн төгөлдөр бөгөөд хайлаас, улиас модон шугуй, эгц өндөр ханан хад цохио, гүн устай булан тохой элбэг таарна. Урамтайхан сэлүүрдсээр Хатуугийн буланд зусах айлд орж цай уулаа. Нутгийн буурайгаас Дэлгэр мөрөн дагасан газар усны нэрийг асууж тэмдэглэн авав. Нурамтын ам, Өндөр хөх уул, Боогддогын ам, Улаан хонхны ам, Яшил тонго хад, Алаг хясаа дагуу урсан аялсаар энэ аманд бид иржээ. Голын урсгал, уналт аюулгүй байдал талаасаа усан аяллын тун тохиромжтой чиглэл.
Салхи нэг үе урдаас заримдаа ардаас гээд чиггүй үлээж байв. Уулын хавчиг ам руу орж хэд хэдэн сайхан боргио туулан гарч Өлзийтийн хэрз, Бараан үүрийн булан, Баян Эрхэтийн ам, Дандигайн булан хэмээх газраар явсаар орой 19 цаг өнгөрөөгөөд Нүдэн булан гэдэг газар бууж отоглов. Эндээс олон голын бэлчир 6 орчим км тул маргааш өглөө зорьсон газраа үзье гэж тохирлоо. Энэ өдөр усан замаар 50 км зай тууллаа. Хугацаа 5 цаг 34 минут. Дундаж хурд 8,8 км/цаг (max 14.1 км/цаг).
7 сарын 5 өдөр, Бямба гариг
Цэлмэг тэнгэрт наран гийсэн шинэ өглөө ирлээ. Гахайн амаар өнгөрч Бүгсэй голын цутгал садраа адгийг харж удалгүй Идэр гол, Дэлгэр мөрний бэлчир дээр ирэн Сэлэнгэ мөрний эхтэй нийлэв. Их ус гэдэг аргагүй л агуу нэгэн цул юм даа. Сэлэнгэ мөрөн үертэй байлаа. Усны мандал дээр урсгалын дагуу хөвөхөд 10 км/цагын хурд зааж байх нь тэр. Усаар аялсан энэ хэсэгт 21 км зайг тууллаа, дундаж хурд 9 км/цаг хүрэв. Томоохон хоёрын зэрэг булан тойроод Тээлийн бирвааз (перевоз) харагдаж эхлэх үед голоос гарлаа. Ачаа бараагаа дугуйндаа ачиж, завиа эврээж арчиж эвхээд унадаг дугуйн аялалд шилжив.

Голын хөндий аажмаар тахиралдан хошуу ороох үед голын дагуу зуссан нутгийн айлууд тун их байв. Мал сүрэг нь тааваараа бэлчиж, ёстой л жаргалын нэгэн хөндийд ийнхүү орж ирлээ. Айл болгоны гадаа цагаан автомашин зогсоно, аль гэх вэ дээ гэж бодоод жийлээ. Яагаад ч юм замын хажуугийн айлуудыг өнгөрөн, бас зарим айл хурдан морь уясан тул зай барин жийсээр... хамгийн дээд хэсэгт голын дэнж дээр зусах хоёр гэр, нэг байшинтай айл байв. Бас цагаан автомашин ч харагдана. Хурд хэмжигч бирваазаас гараад 21 км туулсаныг заана.

Энэ олон айл, мал сүрэг нийлвэл хэцүү юу гэж асуухад, манайхан бүгд бие биедээ тусалж амьдардаг, ноос ноолуурын цагаар нэг айлд нэг өдөр цуглаад л бүгдийг хийчихнэ, маргааш нь өөр айл гээд л, бүх ажлаа хамтдаа хийдэг, шинэ гэр барих, хурим найр гээд л тийм ч учраас бид энэ хөндийд жаргалтай амьдардаг гэв. Мал ухаантай амьтан болохоор нийлсэн ч гэсэн орой өөр өөрийн сүрэгтэйгээ хотондоо ирдэг. Ганц нэг айлын хонь мал ирвэл эзэнд нь хэлчихнэ, ёстой амар шүү гэж тун сайхан зүйл ярьлаа.
Сайхан байгаль үзнэ гэдэг аялагч хүний нэгэн хүсэл, гэтэл сайхан сайн хүмүүстэй өдөр бүр таарч уулзаж хөөрнө гэдэг бүр ч илүү жаргал байдаг гэдгийг ухааран бодож суув. Маш тавтай амарч, амттай хоол идэж хүч тамир сэргэсэн бид хоёр аяллын замаа үргэлжлүүлэхэд бэлэн боллоо. Эндээс Цэцэрлэг сумын төв 45 орчим км зайтай. Мөн л өгсөж очино. Айлын эзэгтэй бидэнд замдаа цайндаа хийж уугаарай гээд 1 кг зөгийн бал (энэ бүсгүй 9 бүл зөгий тэжээдэг), нутгийн хужир өглөө. Ачтай бүсгүй минь сайн сууж байгаарай.

7 сарын 6 өдөр. Ням гариг
Тохилог гэрт орон дээр нам унтлаа. Өглөө хоол цай хийж идээд, хоёр буурайгаар сайн явахын ерөөлөөр үдүүлэн замдаа гарлаа. Тэнгэр цэлмэг, халуун өдөр болох төлөвтэй. Цэцэрлэг сум алсад цайран уулын энгэрт хоцорлоо. Хөндий уруудан хэсэг жийгээд хоёр гүдэн даваад баруун гар талын тод замаа авч Хадан богчоо чиглэн жийлээ. Зүүн гар талын тод зам нь Рашаант сум руу чиглэнэ. 2018 онд энэ замаар өгссөн шүү дээ, одоо харин энэ аяллын замтай огтлолцож байна даа гэж бодов.

Ээлжит халуун өдөр холын замд бас л сульдаж явлаа. Төв зам нь дэржигнүүр ихтэй юм. Замдаа хоёр ч айлаар орж цай ууж ус ундаа сэлбэж явлаа. Хэд хэдэн толгой даваад уруудан Хануй голын хавцал дагасан хошуу ороон орлоо. Хадан богчоо даваж, томхон хоёр жалга гараад Хануй голын хөндий уруудан жийж явлаа. Салхи эргэж араас үлээх нь бүгчим байх нэг шалтгаан боллоо. Шарга нуурын урдах хошуу давлаа. Автомашинтай аялагч нар их бөгөөд нуурын эрэгт отоглож, зарим нь усанд орж сэрүүцэн амарч байв. Нуурын түвшин багассан байв.

Дэлгүүрийн худалдагч нөхөртэйгээ хамт орой Булган аймгийн төв рүү бараандаа ачааны машинаар явна гэж бидэнд таатай мэдээ дуулгав. Дугуйнуудаа ачин, оройн хоол идэн маргааш өглөө Булган аймгийн төвөөс УБ хот руу явах нийтийн автобусанд хоёр тасалбар цахимаар захиалав. Ийнхүү энэ зуны олон хоногийн ДУЗА аялал тун амжилттай дуусаж дурсамжит түүх болон үлдлээ. Аяллын замд биднийг түшин тулсан эгэл сайхан хүмүүс, ямар ч үед хажууд баттай зогсдог багийн анд Мөнхбат шавьдаа халуун талархал илэрхийлье. Усан зам (Дэлгэр мөрөн, Сэлэнгэ мөрөн)-аар завьтай 190 км, унадаг дугуйгаар 315 км аяллын зам (нийт 505 км) туулжээ. Зүгээр л жий.