
Сэрүүхэн сайхан өглөө боллоо. Өмнөх өдрүүд бас өмнөх долоо хоногийн аяллын бүгчим халуунд "үгээ хэлэх" дөхсөн бидэнд сэрүүхэн, үүлэрхэг байдал ёстой диваажин гэлтэй. Зуны аагим халуунд уулын дугуйн аялал явуулах төдийлөн зохимжтой биш байдаг. Иймээс клуб нь 7 сараас эхлэн сар гаруй хугацаанд долоо хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион явуулдаг өдрийн аяллаа завсарлуулдаг уламжлалтай. Ийнхүү өнөөдөр өдрийн аяллын энэ оны хаврын улирлын отгон аялал зохиогдож байна.
Аялал 09:00 цагт эхлэв. Дүнжингаравын гудамж дахь унадаг дугуйн замаар сэрүүн салхинд элбүүлэн тааваараа жийцгээв. Хэсэг жийгээд ЯТА Э.Ожго админыг үдэв. Тэрбээр маргааш олон хоногийн аялалд гарах бөгөөд өнөөдөр унадаг дугуй болон ачаа тээшээ замын явдалд ямаршуу байхыг нь туршихаар жийж үзсэн нь энэ.

Үргэлжлүүлэн жийсээр Амгалангийн уулзвар хүрч татав. Эндээс багийн гишүүд замдаа хэрэглэх хоол, ундаа нөөцлөв. Энэ үед аялалд бүртгүүлсэн ч хараахан хүрэлцэн ирээгүй байсан залуу гишүүн ирж нэгдлээ. Өнөөдөр түүний хоёр дахь аялал нь.
Цааш засмал зам, дугуйн замаар хэсэг яваад Бод уулын бэлээрх шороон зам руу орлоо. Ингэснээр аялал утгаараа эхэлж байгаа юм. Засмал зам дээр баригдан хөшсөн гар, мөр, дал шороон замын дэржигнүүрт массажлагдан тавирав. Бас донсолгоотой ч энэ хатуу шороон зам нь өнгөрөгч бямбад зохиогдсон УБ 240-ийн элсэн замаас илүү амар буюу бараг дугуй өөрөө л өнхрөөд буй мэт.
Замын бартааг сорилт, бэлтгэл хэмээн аль чадахаараа хөл газар хүргэлгүй явахыг эрмэлзэцгээж, нэг нэгнээ хурцална. Уулын дугуйн аяллын онцлог бол шороон зам болон унаган байгалийн саад бартаатай нүүр тулах, түүнийг давж гарах л явдал юм. Энэ үеэр хуримтлуулсан дадлага, суулган авсан ур чадвар нь их хотын гудамж замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцох бас заримд нь Дугуйн холбооноос зохиох тэмцээн уралдаанд оролцох зэрэгт хэрэг болох нь дамжиггүй. Манай клубээс хавар болон намрын улирлын бямба гараг бүрт зохиодог өдрийн аялал нь УБ хотын эргэн тойронд нэг л газар оронд явагддаг буюу нэг янзын л нөхцөлтэй тул эдгээр аяллуудад тасралтгүй оролцох нь унадаг дугуйн дадлага, ур чадварын үр дүнтэй бөгөөд аядуухан бэлтгэл болдог.
Нөгөө талаас хотын шигүү суурьшил болон автомашины их хөл хөдөлгөөнөөс холдон байгалийн цэвэр агаарт гарах нь уулын дугуйн аяллын өөр нэг онцлог юм.

Аяллын баг зорьсон цэгтээ 12:05 цагт хүрч очсон. Уулын цэвэр тунгалаг горхины усаар сэрүүцэх, ойн хаяа дахь сүүдрэвчтэй сандалд тухлан сууцгааж үдийн хоолоо идэх зэргээр сайхан амарцгаалаа.

Энэ өвөл цас бага орсон бас хавар ба энэ 6 сард ч хур тунадас бага байснаас нэлээн хуурай байгаа билээ. Энэчлэн Төрхурахын амны горхины урсац тун бага байна. Өнгөрөгч онд чамгүй холоос урсгалынх нь чимээ шуугин сонсогддог байсан бол өнөөдөр бүр дөхөн очлоо ч анир алга. Бүр голын гольдролыг нүдээр харан байж урсгалтай эсэхийг нь мэдэх вэ дээ. Сая бичсэнчлэн цаг агаарын хуурай байдлыг далимдуулан манай клуб энэ хавар тувт уул даваагаар аялжээ. Ямартаа Богд уулын ар бэлийн замыг бараг мартах шахсан нь өнөөдөр жийж явахад илт ажиглагдах вэ дээ.
Ойн хаяанд цэвэр агаараар амьсгалан, горхины усаар тоглон байгаад л баймаар байв ч буцахгүй гэж боломжгүй тул эргэн замаа хөөсөн дөө. Ингээд 15:50 цагт өглөө цугласан цэг буюу Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд ирсэнээр аялал өндөрлөлөө.
Ийнхүү Улаанбаатар уулын дугуйн клубийн 2025 оны өдрийн аяллын хаврын улирлын хаалтын аялал зохиогдон зуны завсарлага эхэллээ. Өдрийн аялал 8 сарын дунд хүртэл завсарлана. Энэ хугацаанд клубийн олон хоногийн аяллууд зохиогдоно. Бахархлын тэмдэгтэй гишүүдийг эдгээр аяллуудад оролцохыг урья.
Зүгээр л жий!