9 сар 5 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:55 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 271 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалсан байна. Очих Улаанбаатар- Ерөө (Баасан гариг), буцах Орхон- Улаанбаатар (Бямба гариг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Унтлагын вагонд тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.
9 сар 6 өдөр, Бямба гариг
Ерөө зөрлөг дээр өглөөний 03:25 цагт бууна. Зорчигч нарт зориулсан жижиг өрөө байдаг. Өглөөний цайгаа ууж амраад аялал эхлэнэ. Замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Мөн унадаг дугуйн урд, хойд гэрэлтэй оролцоно. Шороон замаар жийж дөрвөн зам хүрээд 31 дэхь км дээр Ерөө голоор завьтай (унадаг дугуйгаа ачаад) аялах гишүүд гол руу сална. Голоор 18 орчим км завиар аялаад Yeruu lodge амралт (web хуудастай)-ын газар хүрнэ.
Унадаг дугуйгаар аялах гишүүд үргэлжлүүлэн засмал замаар жийж Ерөө сумын төв рүү салж, Ерөө голын гүүрээр гол гарч улмаар голын хөндий дагасан нутгийнханы замаар Yeruu lodge амралтын газар (салсаны дараа 46 орчим км) хүрнэ. Энд хамтдаа амарч халуун кофе уугаад унадаг дугуйгаар Жавхлант сумын төвөөр дайран цааш Орхон сумын төв (34 орчим км) хүрч аялал дуусна. Нийт зай 110 км орчим болно. Оройн 21.06 цагт галт тэргэнд сууна.
9 сар 7 өдөр, Ням гариг
УБ хотод өглөө 6.15 цагт бууна.
Маршрутын 60 хувь нь унадаг дугуйтай аяллын, 40 хувь нь завьтай аяллын зам байна.
Вагонд ороод Түнхэл зөрлөг хүрээд хэвтлээ. Нэг мэдсэн чинь утасны сэрүүлэг дуугарч байна. Юун Зүүнхараа, Дархан огт мэдэлгүй нам унтчихжээ. Мөнхбат маань хашир хүн тулдаа сэрүүлэг тавьжээ.

Тосгон унтаж байлаа. Айлын ноход л чимээ аван хуцалдсаар ард хоцорно. Агаарын шууд тусах температур 13 градус дулаан, салхи зүүн зүгээс, солигдмол үүлтэй өдөр боллоо. Дулаанхаан тосгоноос гарч, дөрвөн замыг нэвт сүвлэн Ерөө, Хүдэр сумын төв хүрэх засмал замаар зогсолтгүй жийсээр 31 км зай туулан засмалаас салж төмөр замын нүхэн гүүрээр урагш гарч 6.50 цагт Ерөө голын эрэг дээр ирлээ.

Завиа хийлж, дугуйнуудаа ачих бэлтгэл ажилд нэг цаг зарцуулаад 7.50 цагт усан аялал эхэллээ. Ерөө гол намуухан урсана.

Хөдөө нутагт намар айлчилж мал сүрэг тааваараа бэлчиж айл хотол налайж амьдралын жирийн нэг өдөр үргэлжилж байв. Голын ус хагшаас (элс шавар г.м. хатуу хольц) ихтэй байв. Бид хоёр голоор 18 км зайг 2 цаг туулаад Yeruu Lodge амралтын газар ирж эргээс гарав.

Голын татамаас гарах дэнжийн огцом элсэрхэг өгсүүр рүү түрж гараад өгсөн жийлээ. Агаарын шууд тусах температур 22 градус дулаан, салхи баруун урд зүгээс, тэнгэрт бөөн үүлс, үүлэн чөлөөний нартай байлаа.


Жавхлант сумын төвд 13 цагт ирж дэлгүүр орж хүнс аван өдрийн хоолоо хийж идэв. Энэ сум нь урьд нь Ерөө сумын Баянхараат нэртэй үр тарианы тасаг байсан юм. 1977 оноос сум болжээ. Сумын төвөөс засмал замаар 7 км жийгээд Сэлэнгийн төв замтай нийлэн урагш явж Шарын голын гүүр гарч баруун тийш салан Дархан уул аймгийн Орхон сумын төв руу эргэлээ.

Алсын өгсүүрт салхи сөрөн бахдалтай жийсээр 15 цаг өнгөрөөгөөд аяллын төгсгөл цэгт ирж энэ удаагийн аялал амжилттай дууслаа. Багийн гишүүдийн аяллын нийт зайг 60%-иар (66 км) тооцсон болно. Зүгээр л жий.