Намрын час хийсэн сэрүүн салхитай цэлмэг нартай өглөө боллоо. Цуглах цэг рүү жийж явахад сүүдэр газрын сандал хайс зэрэг дээр хяруу буусан харагдана. Хэд хэдэн шинэ гишүүд энэ аялалд оролцохоор ирлээ. Баг 10 хүнтэй (хоёр бүсгүй).

Скай ресорт хүртэл замын баруун гар талын унадаг дугуйн замаар тайван жийлээ. Хүрэлтогоотын ам өгсөн, дээр гарч хэсэг амраад мод руу орлоо. Тодхон жим дээр хар модны шаргал шилмүүс зайгүй унаж нөмөрсөн байв. Салхигүй, нам гүм, шаргал ой дундуур аажим дээшилсээр Тэмээн хадны хажуудах "отог" дээр ирлээ. Энд цайлж амраад ирсэн замаараа салхинд туугдан жийсээр 13 цагт Маршалын гүүр хүрэв. Ийнхүү намрын нэгэн өдрийг хамтдаа аялаж, сэтгэл дүүрэн гэр гэрийн зүг жийн одлоо.
Цуглах цэг ойрхон, очоод цуглах цаг болтол удаан хүлээвэл даарч магадгүй гэж бодон гэрээс аажуухан гарав. “Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийг жаргалыг жаргалд бүү тооц” гэж юутай үнэн үг вэ?! Цонхоор тусан ээх нарны элчийг мэдрээд гадаа дулаахан байгаа гээд хувцсаа зузаалаагүй гарсан биш гараад жийнгүүт бие хальт жихүүцэж, нимгэн бээлийн доторх хуруунууд маань даарч байгаа мэдрэгдэнэ. Ингэсхийгээд жийх явцад дулаацах биз гээд хэсэг явтал үнэхээр цусны эргэлт нэмэгдсэн бололтой дажгүй сайхан дулаацаад ирэв. Ер нь одоохондоо дулаахан юм шиг боловч хүйтэрч байгаа цаг тул зузаан бээлий, дулаан хувцсандаа бага багаар шилжих цаг нэгэнт болжээ.
Маршалын гүүрний хажуугийн дугуйн замын эхлэл дээр өчигдөр холбогдсон нэгэн дугуйчин эгч таарч, хамт аяллын багт очиж нэгдэв. Манай хэд аялал эхлэх цагийг секунд тоолон хүлээж байгаа бололтой ярайтал эгнэн зогсжээ. Аяллын ахлагч “Яг гурван минут дутуу байхад ирж байна шүү …” гэнэ. Манайхан аяллаа цагтаа эхэлдэг уламжлал тогтсон тул ийнхүү бараг ихэнх бүртгүүлсэн гишүүд маань ирсэн байгаа нь тэр. Гэвч би тэдэн дунд аялалд бүртгүүлсэн хос хоёр маань ирээгүй байгааг анзаарч, санаа зовж эргээд хартал манай 2 яг есөн цагтай уралдан уулзвар дээр ирж байгаа харагдана. Санаа амрав. Аялалд бүртгүүлж, цагтаа ирнэ гэдэг манай клубийн тогтсон нэг соёл юм. Ингээд мэнд мэдэлцээд, админ нэг аялагчийг цоожлогчоор (аяллын багийн төгсгөлийг хариуцан аялах гишүүн) томилоод аяллаа эхлэв. Эндээс хөдлөөд Скай ресорт дээр “татлаа”. (Хойно байгаа хүмүүсээ хүлээж, бөөгнөрч цуглахыг дугуйчид татах гэж нэрлэдэг.) Сүүлийн хүмүүсээ хүлээх зуур унадаг дугуйн тухай яриа нилээн өрнүүлэв. Энэ явцад бүртгүүлээгүй боловч манайхтай жийхийг хүссэн бас нэг дугуйчин нэгдэв. Харин замд таарч хамт жийсэн эгч өглөө хамт жийхээр тохирсон дугуйчингаа хүлээн дараа замд тааръя гээд тэнд үлдэв. Өнөөдрийн бүртгүүлээгүй аялагчдын ярианаас өөр клубт явдаг болохоор бүртгүүлж болохгүй байх гэж бодсон эсвэл тэдний клубийн удирдах гишүүд нь өөр клубийн аялалд явахаар ундуйцдаг гэх үгс анзаарагдав. Хааяа нэг бие биенийхээ зохиосон аяллаар зочилж оролцож байхад буруу нь юу байхав дээ...
Манай клуб 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба унадаг дугуйтай хэн бүхэн ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр манай клубийн аялалд оролцох нь үргэлж нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч тийм байсаар байна.

Аялалд оролцох хүмүүст ганц шаардлага тавьдаг нь клубийн үйл ажиллагааг хүндлээд бүртгүүлж ирээрэй л гэдэг. Эсрэгээрээ манай клубийн хувьд бол хэн нэгэн аялагч маань өөр клубийн аялалд оролцох нь ямар ч асуудалгүй байдаг тул гишүүд маань өөр клубээр зочлон аялалд нь хамрагдах тохиолдол байсаар байдаг ба тэр ч бүү хэл клубийн маань админ хүртэл зарим үед өөр клубийн аялалд нэгдэх үе бишгүй л байдаг. Энэ нь бие биенийхээ үйл ажиллагаа дэмжиж байгаа бас нөхөрсөг хэлбэр гэж бид боддог.
Олон жилийн түүхэн үйл явцаас харахад клубийн аялалд байнга оролцож байсан зарим дугуйчид бусад дугуйн клубт орох, засмал замын дугуйгаар дагнах, бүр зарим нь нилээн дөртэй болоод тусдаа клуб байгуулаад ч гарч байсан байдаг. Энэ бол манай клубийн хувьд хэвийн л үзэгдлүүдийн нэг юм. Тэд ч бас манайхаас зохиож байгаа аялалд ирж оролцох боломж нээлттэй байсаар байдаг. Хүмүүс ирдэггээрээ ирж, явдаггаараа явсаар л байх болно. Харин манай клубийн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилдэггээрээ үргэлжилсээр байх болно.

Тэндээс Хүрэл тогоот дээр гараад татахаар хэлэлцэж хөдөлцгөөв. Хэсэг жийж явтал админ урд байгаа аялагчид “Хүрэл тогоот” руу салдаг хэсэг дээр татъя гээд дамжуулуулав. Шалтгаан нь шинэ жийж ирсэн хүмүүсийн зүрхэнд огцом ачаалал өгөх эрсдэл үүсэхээр байна, өмнө нь өөр клубт нэг шинэ аялагч оролцохдоо огцом ачаалал авч байсны улмаас эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч байсан гэх зэргийг хэлэв. Аргагүй л олон жилийн туршлагатай, гярхай хүн мөн шүү гэж дотроо бахархан бодов. Би бол тэрийг ёстой анзаараа ч үгүй байлаа. Урагшаа очиж урдах хүндээ админы үгийг дамжуултал “Салдаг хэсэг нь хаана юм бол?” гэнэ, ядаж байхад би ч тэрийг нь мэдэхгүй... Тэгээд яахав, дүрэм ёсоор хурдаа сааж админыг бараадан жийв. Ийшээ зөндөө ирж байсан байж яаж явахаа яахаараа мэддэггүй билээ гээд админ гайхангуй хэлнэ. Би ч аялалд оролцохдоо ер нь урдах хүнийхээ барааг алдахгүйхэн шиг замаа хараад явж байдаг, ер нь тэгээд ч орон зайн баримжаа муутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа, хэхэ. Гэхдээ өнгөрсөн “7 давааны сорилго” аяллын үеэр тасралтгүй аялалд явж байсныхаа хэргийг гаргаж, бараг бүх замаа мэдэж байгаагаа анзаарч, өөртөө бага зэрэг урамшиж билээ. Нэг аялагч гишүүн маань таталт болгон дээр ирэхдээ “Хүлээлгээд байгаад уучлаарай” гэж байв. Энэ бол огт асуудал биш юм. Аялалд бүртгүүлээд, зориод хүрээд ирнэ гэдэг гол зүйл. Хүн бүр л анхнаасаа дугуй унаж сурсан байдаггүй. Бага багаар унасаар байгаад сурдаг, сайжирдаг. Надаас өгсүүлээд, манай аялалд ирэхдээ сүүл мушгиад явдаг байсан ч тууштай явсаар байгаад сайжирсан олон дугуйчид байдаг. Тэдний зарим нь яваандаа тэмцээн уралдаанд ордог болж, бүр шагналт байруудад ч шалгардаг болдог нь клубийн хувьд бас л нэг энгийн үзэгдэл. Клубээс зохион байгуулж байгаа аялалдаа тасралтгүй оролцох нь тэмцээнд ордог сонирхогч тамирчдын хувьд хамгийн том бэлтгэл нь болдог. Ер нь аливаа зүйлийг давтаад л байвал сайжраад л байдаг.
Ийнхүү Хүрэл тогоотын өгсүүр дээр аялагчид цувран гарч ирцгээнэ. Сүүлийн хүн маань цоожлуулсаар төд удалгүй дугуйгаа түрсээр өгсөн гарч ирэв. Зогсолтгүй жийнэ гэдэг нь ийм л ач тустай, зогсож л болохгүй, дугуйгаа түрээд алхана гэдэг ч бас нэг төрлийн дугуйн техник гэж админ хэлээд энэ өдрийн аяллын эцсийн цэг болох Тэмээн хад руу дугуйгаа түрэх нь түрж, жийх нь жийж модон дундуур өгсөцгөөв. Өглөөнөөс хойш салхитай, сэрүүн санагдаж байсан ч ойд ороод алхахад нөмөртэй сайхан санагдлаа. Аялагч найзтайгаа гангар гунгар гэж алхан аяллын багийн хамгийн сүүлд аажуухан алхаад, очих хад дөхөх алдад нэг дугуйчин маань жижиг салаа дээр бид хоёрыг төөрчихөж магадгүй гээд хүлээж байв. Баярласан гэж. Нээрээ л би найзыгаа хамт авч үлдчихээд төөрөлчихэж магадгүй байсан байна шүү гэж дотроо бодов. Олныхоо дэмээр олон ч аяллын ард гарч байна даа, олондоо бас дэмтэй явах юмсан гэж бас хичээж л явна.
Ойрхон харагдах багийнхантайгаа замд хөндөлдөх унанги моддыг дугуйгаа өргөсөөр даван гарч нийлэв. Бид гурвыг очих хооронд зарим нь тулга, тогоогоо угсраад цай хүртэл чанаад амжсан харагдана. Намрын алтан навчис энэ тэндгүй шаргалтаад, алтан нар ойн цоорхойгоор төөнөөд, хажууд суух найзтайгаа, аяллын багийнхантайгаа хамт тэнд байгаад л баймаар тааламжтай сайхан мөч байв. Нэг аялагч маань бас нэгэн хоббигоо хөгжүүлэн гэрэл зураг дарж байна. Энэ завшааныг ашиглан, ойрд уулзаагүй найзтайгаа патериа татуулаад, энэ өдрийн энэ мөчийг гэрэл зургаар мөнхлүүлэв. Зурагчин аялагч найздаа баярлалаа. Аяллын талаар дуусахгүй яриагаа өрнүүлэн нилээн налайж сууж байгаад, ойгоос буугаад дурсгалын зургаа даруулцгаагаад, доошоо уруудацгаав. Скай ресорт дээр хальт татаад цааш хөдлөн буцаж жийж явахад өглөөний хамт явсан эгч хамтрагчтайгаа нэгдсэн бололтой хоёул хамтдаа хажуугаар мэнд мэдээд өнгөрөв. Ийнхүү жийсээр Маршалын гүүрний ойролцоо хүлээх багийнхан дээрээ очсноор энэ өдрийн аялал амжилттай болж өндөрлөсөн юм. Өнөөдрийн аялалд цаг зав гарган хүрэлцэн ирсэн, бие биедээ санаа тавин аялалд оролцсон гишүүддээ маш их баярлалаа.
Амьдралын хүрд эргэхтэй зэрэгцэн дугуйн хүрдээ эргүүлсээр ...
Зүгээр л жий!