Үүрийн жавар арилах цагт Дүнжингарав худалдааны төвийн өмнөх зам дагуу байдаг GS25 дэлгүүр дээр цуглаад Дүнжингаравын унадаг дугуйн замаар жийн Амгалангийн уулзвар хүрнэ. Эндээс Улиастайн автобусны эцсийн буудал хүртэл аюулгүй байдлын үүднээс явган зорчигчийн замаар Улиастайн амаар чанх хойш чиглэх, өнөөдрийн аяллын үндсэн замд орно. Улиастайн голын хөндийн зүүн талыг барин, Улиастайн голоор гаралгүй жийсээр Баруун гол болон Улиастайн голын бэлчир ба Бурхант хошуу орчимд хүрч ахин цааш 1 км орчим жийснээр аяллын оргил цэгт хүрнэ. Уулын энгэрт, модон дунд үдэлж амраад ирсэн замаараа буцаж жийнэ.
Цаг агаар -4 хэм, үүлэрхэг, салхины хүч өмнө хэдэн өдрөөс ялимгүй их гэсэн прогноз гарчээ. Жийлтэд оролцогчид цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас, аян замын хүнс, унадаг дугуйн бүрэн бүтэн байдал болон шаардлагатай сэлбэг, багаж зэрэг бэлтгэл хангасан байна.
Зүгээр л жий!
Үнэхээр маш тунгалаг, цэвэр агаартай өдөр боллоо. Ямартаа "Өвлийн уур" гэсэн аяллын нэрийг "Өвлийн тунгалаг агаар" гэж солих вэ дээ.
Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд яг цагтаа ирцгээлээ. Ингээд уламжлал ёсоор аялал яг товлосон цагт эхлэв. Дүнжингаравын унадаг дугуйн замаар бие халаан жийсээр Амгалангийн уулзварт ирээд аяллын хөтөлбөрийн дагуу явган зорчигчийн замаар жийсээр засмал замын төгсгөлд татлаа. Цувааны төгсгөлийг эргэн харж ажсаар явсан тул татах гэхээсээ бөөндөө амсхийгээд хөдөлсөн гэхэд болно доо.
Шороон зам руу орсоноор аялал жинхэнэ утгаараа эхэлж байгаа юм. Уулын амны задгай агаар гэсэндээ салхины хүч шаггүй. Гэхдээ хувцсаа тааруулсан үед энэ ямар асуудал болох билээ. Хүчтэй агаарын урсгал амьсгал татах бүрийд хэний ч амьсгалаагүй цэвэр цэнгэн агаарыг авч ирэх нь нэн таатай. Бас газрын өгсүүрийг туулахад зарцуулсан энергийн гадагшуулалт буюу хөлсийг зохистой хэмжээнд хатаагаастай.

Тэртээ алсын Бурхант хошууны бараа унадаг дугуйныхаа хүрдийг эргүүлэх бүрт ойртсоор. Гэхдээ өмнөх долоо хоногт орсон цас Улиастайн амаар өгсөх тусам улам нэмэгдэнэ. Том том чулуутай, дэржигнүүртэй, мэр сэр ховилтой зам дээр нэмэх нь цас. Нэг үгээр хэлбэл юм юм үзүүлсэн зам. Ийм л замыг бид зорьсон.

Задгай газарт шуурахдаа шуурч бас юу юугүй өвлийн хүйтэн тачигнаагүй тул замын цас ерөнхийдөө гайгүй. Ийм ч байх болов уу хэмээн төсөөлж энэхүү маршрутыг зохиосон. Харин даваа руу өгсөнө гэж худлаа гээд хөндий дунд маршрутыг дуусгасан. Газар дээрээ яг л зөв байна билээ.
Манай баг 12:20 цагт зорьсон цэгт хүрч улмаар уулын багахан ам руу орж уулын энгэр дэх ээвэр, нөмөртэй газарт сууцгаан үдэлж амарсан. Одоо л нэг боломж гарлаа гэсэн шиг элдвийн сэдвээр, унадаг дугуйгаар дэлхий тойрох, Эверэстэд авирах, шүхрээр үсрэх, параглайд шүхрээр буух зэрэг сэдвээр юу эсийг ярьцгаав аа. Зарим нэг маань шүхрээр наснаасаа олон удаа бууж байжээ.
Үдлэх зуурт бас мэдээж унадаг дугуйн тухай, унадаг дугуйтай аяллын талаар ярьсанаас бахархлын улаан тэмдэгтэй нэгэн гишүүн тэмдгүүдийн учир агуулгыг маш нарийн, алдаагүй зөв таниулан ярьсан нь аялалд оролцсон тэмдэггүй хоёр гишүүний анхаарлыг ихээр татаж улмаар нэг нь аяллын төгсгөлд "Цолтой болноо" гэж ам гарсан шүү. Үнэхээр "цолтой" болох хэмжээний дугуйчин болох нь түүний жийлтээс тодорхой харагдсан. Аялалд нэгдсэн тэмдэггүй хоёр гишүүн - ах нар унадаг дугуй унахдаа маш сайн юм билээ. Надад жинхэнэ золбоо хийморьтой эрчүүл гэж ийм л байна даа гэсэн сэтгэгдэл төрсөнийг нуух юун.

Сониноос Хойд Баян голын гүүрүүд эвдэрчээ. Хоёр дахь салаа дээгүүрх гүүрээс ердөө хоёр гуалин л үлджээ. Харин голын гарам хавийн мөс биднийгээ даахуйц хөлдсөн байсан тул дугуйнаасаа бууцгаан голын мөсөөр явган алхаж гарлаа.

Очих замдаа хийдгээ хийсэн хэдэн дугуйчин буцахдаа шагналаа авцгаан салхинд туугдацгаан, газрын урууд замын хагасыг шааригдасхиийцгээн бараад харин Дүнжингарав хавьд заавал салхи сөрдөгийн дагуу сулавтар эрчтэй салхи сөрцгөөн 16 цагаас өмнөхөн Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвийн өмнөх талбайд ирсэнээр энэхүү унадаг дугуйтай аялал амжилттай өндөрлөлөө. Өвлийн цаг уур орсон ийм үед хүрэлцэн ирж хамт жийцгээсэн аяллын багийнхандаа унадаг дугуйн зам нь дардан байхыг ерөөе.
Зүгээр л жий.