Намрын налгар өдрүүд үргэлжилсээр ... Ийм завшааныг ашиглан Улаанбаатар хотыг тойрон хүрээлсэн дөрвөн уулын нэг болох Баянзүрх уулын оргил руу жийх унадаг дугуйтай аялал зарлаж байна.
Агаарын температур +4 градус буюу өмнөх бямба гарагаас ч дулаахан байх прогноз гарчээ. Түүнчлэн пүрэв гарагийн өглөөний хур тунадасны байдлыг ажихад зам харгуй нэмж цастахааргүй ажээ. Ийнхүү нэгэн жийлт гэнэт зарлалаа.
Баянзүрх хайрхан бол унадаг дугуйгаар жийсээр оргилоос нь хэдхэн метр зайнд ойртон очиж болдогоороо онцлогтой. Уулын оргилоос Туул голын хөндийг намрын үзэсгэлэнг харж нүдээ баясгаад, уулын налгар энгэрт үдэлж амраад ирсэн замаараа буцна.
Жийлтэд оролцогчид замын хүнс, унадаг дугуйн бүрэн бүтэн байдал, шаардлагатай запас ба багаж зэрэг бэлтгэл хангана.
Зүгээр л жий!

Улаанбаатар хот дахь энэ жилийн анхны "дориухан" цаснаас хойш хоёр долоо хоног өнгөрсөн бас намрын сүүл үе гэсэндээ овоо дулаан байгаа нь цуглах цэг рүү жийх үед илт мэдрэгдэнэ. Халууцасхийн очиход жийлтэд оролцохоор бүртгүүлсэн хоёр гишүүн ирсэн байна. Төд удалгүй өөр нэг гишүүн хүрэлцэн ирэв. Бас нэг гишүүн ирэх ёстой ч хоцросхийн ирэх шинжтэй. Ингээд товлосон цагтаа буюу 09:00 гэхэд жийлт эхлэн Дүнжингаравын унадаг дугуйн замаар хоёр гурваараа, бараа бараагаа харан явцгаалаа.
Дүнжингаравын унадаг дугуйн зам дуусах дөхөж, төмөр замын гарам руу чиглэн эргэхээс өмнөхөн хойд дугуй яах ийхийн зуургүй шалчийгаад жийхийн аргагүй болов. Амгалангийн уулзвар дахь CU дэлгүүр хүрэх ч нөхцөл алга. Хий нь шууд гарч ямар ч даралтгүй болсоноос таамаглавал гадар ба дотор хаймрыг хурц иртэй зүйл цоо цохисон байх магадлалтай.
Клубээс өгдөг аюулгүй байдлын зөвлөгөө дээр жагсаасанчлан дугуй задлагч, запас олгой, насос гурваа гаргалаа. Энэ үед хоцорсон нэг гишүүн замын эсрэг талаар жийж яваа нь харагдана. Бас цувааны сүүл мушгин яваа нэгэндээ сааталгүй цааш жий гэлээ. Зэрэгцээ явж байсан бусад маань намайг дугуйгаа ажин, нэмж жийхгүй шааригдах үед тасраад манийгаа анзаарах мантай алга болцгоосон л доо. Ингээд ганцаараа гэснээс унадаг дугуйчин хүн унаж яваа унадаг дугуйнхаа ойр зуурын гэмтлийг өөрөө засаж, аргалж чаддаг байх ёстой л доо. Манай клубийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хамжиж туслах явдал ч байдаг. Бас мэдээж шинэ тутам гишүүдэд тусалдаг, хэлж өгдөг, зөвлөдөг. Ерөнхийдөө клуб маань унадаг дугуйчин хүний бие даасан байдлыг дэмждэг. Энэ нь унадаг дугуйтай аяллын эхлэл ба төгсгөл хоорондох багийн жийлт төдийгүй тухайн нэг хувь гишүүн гэрээсээ цуглах цэг рүү бас тарах цэгээс гэр хүртэл жийх үеийн аливаа эрсдлийг даван туулахад ач холбогдолтой.

Баг Ургах наран хорооллоос хойш өөр өөрийн хэмнэлээр жийцгээсэн бололтой. Ургах наран бичил хорооллын дэргэд очиход л багийн сүүлийн гишүүний бараа харагдаж эхэлсэн. Жижигхэн толгойг ороон хамгийн сүүлийн гишүүнийг алсуур гүйцээд ахин харц тогтоон харвал Баянзүрх хайрханы оргил руу чиглэсэн шороон замын хаалга хүрэхийн өмнөхөн багийн бусад гишүүд явна. Харин үлдсэн нэг гишүүн харагдаагүй нь бүр тэртээд явсан юм байжээ. Уулын өгсүүрт барааг нь харсан ч гүйцэгдэлгүй явсаар оргил цэг дээр хүрчихлээ.
Уулын өгсүүр замыг өөр өөрийн хэмнэлээр туулцгааж харагдана. Бас хэт халууцахгүйн тулд хувцсаа нимгэлэх нь анзаарагдана. Замын хувьд өгсүүр нь гайгүй бас цас төдийлэн тогтдоггүй ба тогтсон ч автомашин яваад арилгачихдаг нь ч гайгүй мэт гэмээр. Гэхдээ зориудаар засаж янзалсан "сайжруулсан шороон зам" тул унадаг дугуйгаар явахад багагүй ачаалал өгдөг.
Уулын оргилын доохно энгэр дэх авто-зогсоол дээр бөөгнөөд үдийн цайгаа ууж, амарцгаангаа унадаг дугуйтай, явган алхалтын бас автомашинтай аяллын талаар гэх мэтчилэн сэдвээр халуун яриа өрнүүлэн нэлээн тогтож сууцгаалаа. Гэвч уул руу өгсөж ирэхдээ салхины чиг дагуу яваад огт сэрүүцэж чадаагүйдээ халууцацгаасан улс удаан сууцгааж болохгүй, удацгаавал жиндэцгээнэ, жиндэцгээвэл өвчин олцгооно.
Буцах замдаа хоёр удаа хальт татаад, тувт уруу зам бас гишүүд төдийлэн ядарсан шинжгүй тул амсхийлгүй жийсээр Дүнжингарав дээр 13:18 цагт ирлээ. Эндээс Giant унадаг дугуйн дэлгүүр орцгоож, зарим гишүүд унадаг дугуйн хувцас тэргүүтэн авцгааж, улмаар харих замаа нийлүүлэн жийсээр гэр гэрээ зорьцгоолоо.
Нэг баг болж хамтдаа жийцгээсэн та бүгдэд жийлтэд оролцсон бүх гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Зүгээр л жий!