Улаанбаатар уулын дугуйн клуб нь Facebook нийгмийн сүлжээний платформын групп байдлаар анх байгуулагдан байсан цаг үед түүний About хэсэгт "Энэ группт дан насанд хүрсэн том жаалууд амьдардаг." гэсэн бичээс харуулдаг байлаа. Жаал гэж бага насны хүү, охиныг хэлдэг. Том гэсэн нь бага настай биш шүү гэдгийг илтгэнэ. Мөн "насанд хүрсэн" гэсэн нэмэлт тодотголтой.
Насанд хүрэх гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд "амьдарсан жилийн тоо арван найм хүрэх" хэмээн тодорхойлсон байдаг. Хууль эрх зүйн зүгээс насанд хүрэх гэдгийг эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болох гэж үздэг. Харин "Клубийн дүрэм"-д та өөрийн хариуцлагаа өөрөө л үүрнэ гэсэн утгатай заалт бий. Ерөөсөө та манай клубээс зохион явуулж буй аялалд оролцохдоо зохих үүргүүд л хүлээнэ. Та веб сайтын нүүр хуудсаас Улаанбаатар уулын дугуйн клуб нь насанд хүрсэн хувь хүний эрх, үүргийг хүндэтгэн үзэх үзэл дээр тулгуурлан бий болсон систем гэдгийг мэддэг болсон биз ээ. Үүрэг нь бусдын эрх, аюулгүй байдлыг хангахын төлөө байдаг. Үүргийг насанд хүрсэн хүн л бүрэн үүрнэ.
Насанд хүрэх гэдгийг нөгөө талд Философийн салбарт бие даах чадвар, хариуцлага хүлээх чадвар, оюун санаа болон ёс суртахууны төлөвшил, амьдралын утга учраа олох, өөрийн "би"-г ойлгох гэх мэтчилэн өргөн утгаар авч үздэг. Эдгээр нь унадаг дугуйн аялал дээр тусахдаа унадаг дугуйгаа асуудалгүй унан, түүртэлгүй жийсээр өөрөө өөрийгөө аваад явчих; адгийн наад зах нь дугуй хагарахад өөрөө нөхөж чадахгүй ч нөхөөс, цавуу, халив, насосоо гаргах; өөрөөсөө болж бүтэн багийн аяллыг үл тасалдуулах; клубийн баримталдаг зарчим, үнэт зүйлийг ойлгон ухамсарласан байх; унадаг дугуйн аялал гэсэн цоо шинэ хобби - хийх дуртай нэг зүйлээ олох гэх мэтчилэн бууна. Түүнчлэн хэрэв яг одоогийн байдлаарх таны өөрийн "би" нь клубийн дүрэм, баримталдаг зарчим, үнэт зүйлтэй тохирохгүй байвал та өөртэйгээ зөрчилдөн аялалд оролцох гэж зүтгэх хэрэг юун? Ийм зөрчилд хүрэхээс сэргийлэн энэхүү веб сайтаас Улаанбаатар уулын дугуйн клубийн талаар уншиж судлан өөрийн "би"-гээ шинэчлээрэй.