Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #190 - Бурхант хошуу - 2026 оны өдрийн аяллын хаврын улирлын нээлт

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/398
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
68 км
Давааны тоо
0
Өндөр авалт
382 м
Өндөр алдалт
-383 м
Их өгсөлт
4.2 %
Их уруудалт
-4.4 %
Оролцогчдын тоо
20
Эхлэх цаг
2026 оны 3 сарын 28 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Улаан тэмдэгтэй админ Д.Цолмонгийн бичсэн тэмдэглэл

Зураг 1. Хаврын нээлт 2026 он

Улаанбаатар уулын дугуйн клубын 10 дахь хаврын нээлт. Энэ жил клубын хувьд бас нэгэн шинэ хуудсыг нээж буй. Учир нь амьдралын жамаар хүн үр хүүхэд төрүүлж, байгууллага компани бол салбараа байгуулдаг шиг өнгөрсөн жилийн 4 сард клубээс маань өөр нэгэн салбар гарснаар энэ 2026 он дараагийн 10, 20, 30 жилийн клубын шинэ түүхийн эхлэл гэж хэлж болно.

Олон олон хаврын адил өвөлжин амарч бэлтгэлгүй байсан дугуйчдын биеийн байдалд тохируулан даваа гүвээ үгүй тэгш зам зонхилсон Улиастайн ам өгсөж Бурхант хошуу хүрэх аяллаа зарлажээ. Клубийн хаврын нээлтэнд шинэ гишүүд, нийт 21 дугуйчин албан ёсоор бүртгүүлсэн мэдээлэл вэбээс харагдана. Энэ хаврын нээлт урьд жилүүдийнхээс харьцангуй орой 3 дугаар сарын сүүлээр зарлагдсан нь энэ үед агаарын бохирдол багасдаг статистик мэдээлэлтэй холбон тайлбарласныг клубийн вэбээс уншсан тул бүгдэд ойлгомжтой байлаа.

Өвөлжин амарсан бие, хавар болоход нээлтээс өмнө хэдийгээр зарим гишүүд ажил гэр ойр зуур жийдэг ч бөөнөөрөө клубтэй хамт жийхийг юутай ч зүйрлэх аргагүй. Хүн хүнийхээ хүчинд, хүн хүндээ дасаж хөгжиж урагшилж байдаг бодгаль. Тиймээс хаврын нээлтэндээ бүгд догдолж баяр хөөр дүүрэн цуглардаг. Сүүлийн үед нар ээсэн хаврын дулаан өдрүүд зонхилсон болохоор бямба гаригийг аанай л тийм байх юм шиг санасан ч аялалтай өглөө бүрийн заншлаар сэрэнгүүт цонхоор харвал бүрхэг тэнгэр салхилж байгаа харагдана. Ээ, хавар шүү дээ, хаврын тэнгэр гээд нэмж куртик, өвдгөвч, халуун уух юм базаагаад аялал эхлэх цэг рүү Дүнжингаравыг зорилоо. Аялах цэг дээр жоохон эрт 08:10 цагт давхиад иртэл манайхан арай ирээгүй харин өөр клубийнхан Эрдэнэ сумын орчим жийнэ гээд дугуйнуудаа машинд ачицгааж байхтай таарч амжилт хүсээд үдлээ. Удалгүй манайхан цувран ирцгээж удаан уулзаагүй найзууд нээлтийн мэнд мэдэцгээж тэврэлдэн уулзах нь сайхнаас сайхан. Өмнөговиос нэг дугуйчин, гүйлтээр хичээллэдэг 2 хүү, бас нэг залуу ганцаараа, манай дугуйчдын найз гээд хоёр эрэгтэй нэг эмэгтэй нийт 5, 6 шинэ хүнтэй 18-уулаа гараанаас хөдлөх үед тэнгэр улам бүрхэж баруун хойноос нэлээн хүчтэй салхилна. Гэвч энэ бол аяллаас хойш суух шалтгаан биш.

Яг 9:00 цагт бүгд хөдөллөө. Дүнжингаравын дугуйн 6 км зам ч яахав ээ гялалзаад л дуусаж Амгалангийн уулзварын СЮ дэлгүүр дээр татаж Налайхаас ирсэн дугуйчинтайгаа нэгдлээ. Энд харин ганцаараа энэ хүртэл жийгээд буцах гэж байсан залуу биднийг хараад ирж танилцан ярилцсаар бидэнтэй нэгдэж аялалд хамтрахаар зориглов. Заримдаа ийм зоримог шийддэг өөртөө итгэлтэй залуус сайхан санагддаг шүү. Мөн өнгөрсөн зун Хэнтий рүү олон хоногийн аялалд гарсан манай дугуйчидтай замд танилцсан (тухайн үед замын кэмпид ажлаа хийж байсан залуу манайхныг бороонд цохиулахын өмнөхөн кэмпдээ оруулж тусалсан) тун тусч залуу энэ удаагийн аялалд бидэнтэй нэгдэж байгааг хэлэхэд нь үнэхээр бахархсан. Аяллын замд тусалсан тэр сайхан сэтгэлт залуу тэр цагаас дугуйн аялалд хамт явах хүсэл төрж байсан нь зүгээр нэг зам зуурын хүсэл биш зорилготой ассан гал байсныг харуулан энэ удаа зорин ирж жийж байгаа учрыг сонсоход гайхалтай. Зоримог, зорилготой 2 залуудаа мөн энэ өдөр шинээр бидэнтэй нэгдсэн бусад залуу дүү нартаа баярлалаа. Аяллын замд дахин дахин таарч хамтдаа олон олон аяллын түүх бүтээх ерөөл тавья. Бидэнтэй үргэлжлүүлэн цаашид нэг клуб болон жийвэл үнэхээр баярлана, аан бас ажил амьдралын шаардлагаар, сонирхолын зөрүүгээр хамт жийхгүй үе ч тохиолддохыг үгүйсгэхгүй. Гол нь унадаг дугуй жийх нь нэг хүний, нэг гэр бүлийн, нэг иргэний эрүүл мэнд гэдэг өргөн утгаар бодож унадаг дугуйгаа битгий орхиорой.

Зураг 2. Манай баг

Ингээд бид замаасаа гэнэт нэг дугуйчин нэмсэн сонин сайхантайгаа хамт цааш Улиастайн замаар өгсөөд жийх үед салхи өөдөөс няцаах мэт эсвэл биднийг нээлтээ хийж байгаад баярлаад байгаа юм уу үргэлж л өөдөөс үлээнэ. Буцахад ч туугдаж жаргах нь дээ гэсэн өөдрөг бодлоо ойролцоо яваа хүмүүсдээ хэлж яг одоо биднийг ядрааж байгаа салхийг уучлан жийхэд хөгжилтэй. Улиастайн засмалыг амаа өгсүүлээд нэлээн нэмж цаашид ч нэмэх бололтой. Өнгөрсөн жилүүдэд айлууд өнгөрөөд л задгай эзгүй талаар голоо өгсөөд жийдэг байсан маань хумигдаж мэр сэр буусан хашаатай хашаагүй айлууд ганц нэгээр үргэлжлэх нь энэ ам удалгүй гэр хороолол болох нь тодорхой. Тэр хэрээр энэ зам байгалийн үзэсгэлэнгээ алдаж, бидний аяллын маршрутаас хасагдана л гэсэн үг. Гунигтай л юм.

Сүүлийн жилүүдэд унадаг дугуйн хэрэглээ ихэссэнтэй холбоотой байх. Клубт шинээр ирэх залуус бүгд сайн жийдэг нь ажиглагдсаар байсны илрэл өнөөдрийн залуус ч бас бүгд сайн жийж толгойн хэсэгтэй давхиж яваа нь урд харагдана. Аялалдаа бэлтгэж араа хүрд гинж ац дугуйн гадар дотор гээд бүгдийг сольсон миний дугуйны жин хөнгөрч уяа сойлго нь таарсан морь мэт дүүхэлзэх авч өнөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг эсрэгээрээ болж заяа болсон дугуй маань хичээгээд байдаг эзэн би салхи сөрөөд ядраад нэлээн зайтай араас нь явсаар байлаа. Айлууд цөөрч жоохон задгай агаартай хэсэгт толгойн хэсэг зогсож гимнастик хийн биеийн чилээ гаргаж байгаа харагдана. Хичээсээр очиж бас чиг араас ирэх хэдийгээ хүлээн амарч авах зуур жоохон юм идэж өл дарлаа. Ер нь жоохон шуурхай явж зорьсон газраа хүрээд үдээс хойш их оройтолгүй буцахгүй бол тэнгэр муухайрах шинжтэй. Энэ олон жил, миний хувьд долоон хавар клубтэй хол ойр аялахдаа хаврын тэнгэр хэрхэн аашилдагийг бие сэтгэл дугуйгаараа овоо л мэдэрсэндээ. Нүдгүй цасан шуурганд хөлдөтлөө нүдүүлж, мөстэй гол туулж, бүсэлхий татсан цас туучин эрүү ам зууртал дагжин чичрэх гээд үзэж туулсан бүхэн хөгжилтэй сургамжтай түүх юм даа. Энэ бүхэн хэцүү мэт уншигдаж магад ч аяллын замд олуулаа энэ бүх бэрхшээлийг инээгээд туулдаг болохоор дараа дараагийн аялалд гишүүд ирсээр хамт аяласаар байдаг.

Зураг 3. Дасгал хийх зуур

Бид аяллаа үргэлжлүүлсээр Улиастайн гол дээр давхиад иртэл өглөөгүүр хараахан гүйцэд гэсээгүй багахан устай чулуу дамжаад гарч болохоор байлаа. Бүгд голын цаана норолгүй гарч Еэвэнгийн дэлгүүрт түр саатан ардах гишүүдээ хүлээн бөөгнүүлэн амсхийж дурсгалын зураг татууллаа.

Зураг 4. Манай баг. Еэвэнгийн гудамжинд

Ингээд дахин 6 км орчим үлдсэн гэж шинэ хүмүүсдээ дуулгаад хөдлөхөд салхи улам ширүүссэн нь мэдрэгдэнэ. Хавар хожуу яваагийн "шагнал" юм уу даа. Гүн нойтон шавар уснаас элбэг юм замд алга. Зам нь хаачаа вэ гэж хайх зуур зам өөрөө гол болж бидэнд харин дов сондуул бүхий хэсэгхэн газрыг үлдээсэнд баярлахаас яахав. Замаа усанд булаалгасан бид дондогнож донсолж явсаар баруун голын наад дэнж дээр буюу Бурхант хошуунаас нэг км наана түр зогсцгоолоо. Энэ хүртэл туулж туучсан шавар шалбааг багагүй. Мөн эндээс цааш уруудахад Баруун голын өргөн гарам хүлээж буй. Одоо бидний амарч байгаа хэсгийн мөргөцөг доогуур урсаж байгаа гол шар усны үерээр нэлийн байгааг харвал жалганы цаана бидний үлдсэн замд байгаа гарам амар гаргахгүй нь тодорхой. Бас Бурхант хошууны уулнаас цасан шамрага ирж байгаа нь илт. Ийнхүү салхи нөмөрлөн байх зуур арын хүмүүс маань ч хүрээд ирлээ.

Админ гэнэт "бид Бурхант хошуугаа харлаа энэ удаа биднийг ирсэнд баярлалаа эндээс буц гэж байна. Цаг агаарын байдлыг харвал тэнгэр улам муухайрч мэднэ. Баруун гол туулахаас өөр сонголтгүй. Нааш цааш хоёр удаа туулах нь хаврын цагт өнөөдөр шиг хүйтэн салхитай өдөр тохирохгүй, эндээс өнөөдрийн аяллаа дуусгая" гэж хэллээ.

Угаасаа аяллын замд байгалийг сөрөх байгалтай тэмцэх бус байгалийг ажиглаж мэдэрч үгэнд нь орж явбал дараа дараагийн бүүр гоё аяллаар шагнадагийг энэ хэдэн жил олон ч аяллын үед гаргасан гэнэтийн шийдвэрүүдээрээ админ мэдрүүлсэн болохоор хэн зөрөх вэ дээ. Ингээд бид томоохон чулуун хашаа нөмөрлөж аяллын хөгжилтэй яриа өрнүүлэн цай хоолоо идээд буцах замдаа орлоо.

Зураг 5. Нөмөр энгэрт

Байгал ч бас даажаантай шүү. Энэ хүртэл 30 км салхи сөрүүлчихээд уруудаад давхисан чинь өчүүхэн ч салхигүй мэт халууцуулна. Шууд буудаад Улиастайн гол дээр иртэл юу вэ. Өглөө чулуу дамжаад гарч байсан газар нэлийтэл урсаж байх нь тэр. Энэ чинь хавар энэ чинь л хаврын шар ус шүү дээ. Арай нимгэн газраар нь араа хүрдээ тохируулж байгаад дайрлаа гарлаа. Зарим нь усан дунд ёс ёсолгоо хийж хөлөө норонгуут цайран туулж, зарим нь нямбайлан чулуу овоолсоор дамжин хуурай гарлаа. Ийнхүү голоо гарсан бид Улиастайн эцсийн зам хүртэл өөр торох зүйлгүй болохоор дор бүрнээ салхинд туугдан нисэх нь сайхан. Айлууд ч залгаж арын гишүүдээ хүлээж буй толгойн хэсэгтэй бүгд нэгдлээ. Зам зуур шинэ гишүүдийн байдлыг тандан асуухад бүгд сэтгэл өндөр клубтэй жийх сайхан юмаа гэхийг сонсох урамтай. Ар хэсгийг хүлээх зуур ажилтай хэдэн гишүүд аяллаа эндээс дуусган явцгаалаа.

Үлдсэн 14 гишүүн засмал эхлэсэн болохоор админ 2 эгнээгээр явахыг сануулан уруу замд үнэхээр жаргалтай пижигнэлээ. Зам нарийсахад нэг эгнээгээр гэх толгойн хэсгийн үгийг ар арагшаагаа дамжуулан Дүнжингаравын дугуйн замын хойд үзүүрт төмөр замын гарам дээр бөөгнөрөв. Ингээд дугуйн замаар бөөндөө жийсээр бараг уламжлал гэхиймуу төгсөх цэг дөхөх тусам хурдаа нэмдэг, уралддаг танил хөгжилтэй агшин дахин давтагдаж сүүл хэсгээ тасдсан толгойн хэсэг Дүнжингарав дээр ирснээр жолоогоо татан зогслоо. 5 минут болоогүй шахам байхад тасдуулсан сүүл маань ирж нэгдээд ийнхүү өнөөдрийн аялал амжилттай болсон, шинэ нөхөрлөл шинэ андууд нэгдсэн нэгэн өдрийн гайхалтай сайхан аялал маань өндөрлөлөө.

Ингээд нэг хүн, нэг гэр бүл, нэг иргэний эрүүл мэнд нийт монголын эрүүд мэнд гэдэг сайхан үгээр энэ аяллын тэмдэглэлээ дуусгая.

Дараагийн аяллаараа дахин уулзъя найзуудаа. ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Зураг 6. Аялал амжилттай боллоо

Улаан тэмдэгтэй админ Г.Махгалын бичсэн тэмдэглэл

Нэн тэргүүнд унадаг дугуй хэмээх амархан ч юм шиг бас хэцүү ч юм шиг унааг унан, ойр ч юм шиг бас хол ч юм шиг зайг амжилттай туулан энэ хаврын аяллын сезоныг хамтдаа нээлцсэн бүх дугуйчиддаа баяр хүргэхийн ялдамд удаах аяллуудад ч оролцохыг урья.

Энэ хаврын аяллын улирлын нээлтийн тов нэг онцлогтой бөгөөд тэр нь эхлэх өдрийг Улаанбаатар хотын цаг агаарын онцлогтой уялдуулсан явдал юм. Хэрэв та клубийн веб сайтын Мэдлэгийн сан буланд нийтэлсэн бичвэрүүдийг уншдаг бол үүнийг сайн мэдэх учиртай. Тус булангийн цаад санаа зорилго нь унадаг дугуйг "зөв" унаж эрүүл мэндийн үр ашиг хүртэх болон спортын амжилтад хүрэх явдал юм. Аяллын зам дахь ээлжит таталтын үеэр нэг ах хүү "Ингээд нэг жийчихэд долоо хоногоо хангалттай даадаг" хэмээсэн нь уг үр ашгийг өөрийн биеэр мэдэрдэг бодит туршлагаа өгүүлсэн хэрэг мөн буй за. Мөн өнөөдрийнх шиг унадаг дугуйтай бүтэн өдрийн аялал нь тэмцээн уралдаанд оролцдог тамирчдын хувьд аэроб тэсвэрт чанар болон холын зайн уралдаанд шаардагдах сэтгэл зүйн тэвчээр суулгах зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. Бүр нөгөө талаас нээлтийн энэхүү тов нь хүмүүс ч унадаг дугуйгаа "ичээнээс нь гаргаж" эхэлсэн, унадаг дугуйн дэлгүүрүүд нээгдээд эхэлсэн, дугуй засварын газрууд ажиллаад эхэлсэн цагтай ч тохирно. Өөрөөр хэлбэл унадаг дугуй сонирхогч та унадаг дугуйгүй, унадаг дугуй нь бүрэн бус зэрэг шалтгаанаар нээлтийн аяллаас хоцорсон байлаа ч бэлтгэлээ гялс базаагаад удахгүй зарлах ирэх бямба гарагийн аялалд оролцох боломжтой юм шүү.

Аяллын явцыг улаан тэмдэгтэй админ Д.Цолмон эгч дэлгэрэнгүй өгүүлсэн тул "нөхөөс" байдалтай зүйлс л нэмье.

Цуглах цэгт яг 30 минутын өмнө хүрч очиход аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүдээс нэлээн хэд нь ирсэн харагдана. Тийнхүү эртлэн ирсэн гишүүдийн дийлэнх нь шинэ гишүүд байсан явдал анхаарлыг маань өөрийн эрхгүй татсан юм. Энэ нь гэрээсээ жийж ирсэн ядралаа арилгаж сэргэхээс эхлээд, нэг нэгээ харж нүдлэхэд тустай. Урт замд урд хойноо орон, ойртож холдон яваа үед нэг нэгнээ нүдэлсэн байх нь аюулгүй байдлын ач холбогдолтой байдаг. Ингээд 09:00 буюу аялал эхлэх цаг болж хөдлөхөд нэг гишүүн өөрийн найз бололтой өөр нэгнийг хүлээсэн шинжтэй үлдсэн нь Улиастай гүүрний CU дэлгүүрийн гадаах эхний таталтын цэг дээр гүйцэж ирсэнээр өнөөдрийн баг бүрдлээ. Гэхдээ хэт яарсанаас бээлийгээ мартсан уу, гар нүцгэн ирэв. Өөр бас нэг гишүүн бээлийгүй байжээ. Багийн хэд CU дэлгүүрээс ажлын бээлий авч өмсөхийг зөвлөцгөөнө. Үүнтэй холбогдуулан клубийн веб сайтын Тусламж хуудас дахь Аюулгүй байдлын зөвлөгөөг уншихыг нэмж зөвлөе.

Зураг 7. Улиастайн голын гарам

Энэ өвөл цас их унасан ч эрчимтэй хайлжээ. Иймдээ ч зам бараг цас мөсгүй болсон нь "буудуулах" вий дээ гэж багийн гишүүддээ сэтгэл зовохооргүй болгожээ. Цас, мөсөн дээр хальтирч унахыг манайхан буудуулах гэж ярьдаг юм. Гэхдээ буудуулахгүйн сайн талын эсрэг усанд унах гэж эвгүй эрсдэл бий. Улиастайн голоор буцаж гарахдаа цувааны толгойд бараг бөөндөө шахуу явсан хэд хэт хөөрсөн үү, гарамаа сэргээхээс залхуурсан уу хоёр нэг нь хөлөө чийгтүүлсэн сурагтай. Үдээс өмнө устай барьцалдан хөлдсөн мод ба нэмэлт хэдхэн чулуугаар дамжин гарсан голын урсац үдээс хойш улам нэмэгджээ. Ядахад аяллын цувааны сүүл мушгин 3 бүсгүй яваа юм сан. Өмнө гарахдаа усанд тавьсан чулуунаас бүр том том чулуу л олж тавих хэрэг болжээ. Даахаараа л чулуу өрөв. Гэтэл багийн нэг гишүүн "Үүгээр дайрч жийгээд гараад ир" л гэнэ. Саахь гурван бүсгүйг бодоод л өрөөд байлаа. "Ус руу дайрахыг" уриалагч маань эцэстээ чулуу өрөхөд тусалж эхлэв. Арайхийн усны цаана гараад нөгөө эрэгт суурьтайхан чулуу ахин нэмсэнээр бүсгүйчүүд амар мэнд голоор гарцгаалаа. Нэмж хэлэхэд бүгдээрээ 5 сар гарахаар хэн ус сайн туулцгаахаа үзэцгээе ээ. Тэр болтол дамар, дунд гол тэргүүтнийхээ усны битүүмжийг сайжруулцгааж л байгаарай.

Нэг залуугаас хэн нэгэн хэлэхдээ дугуй жийхдээ илүү сайн нь өгсүүрт илүүрхэж гүйцдэг, харин бүр илүү сайн нь урууд илүүрхэж гүйцдэг гэсэн хэмээн сонсож байж билээ. Үнэхээр үнэн бололтой. Газрын урууд хэдэн эрчүүд нь бараа сураггүй алга болжээ. Ямартаа багийн нэг гишүүн дугуйгаа нөхөөд ганцаараа сууж байх вэ дээ. Сүүл мушгин яваа бүсгүйчүүл замаас гаран очицгоож байна. Явцгаа л гэлээ. Мань гишүүн хуучны хашир гэсэндээ цоорхойгоо олчихоод яг нөхөөд сууж байжээ. Шаардлагатай багаж сэлбэг бүгдийг бүрэн авч яваа аж. Ийм хашир хүний дугуй нь хүртэл яг зөв газар хагардаг аж гэмээр суух сандал болохуйц хаягдал хувин ч бэлэн хэвтэж байлаа шүү дээ. Бүсгүйчүүлээ газар хороо хэмээн явуулчихаад түүнтэй хамт үлдэн дугуй нөхөлцөв. Бид хоёрын яриа: "Дугуй гэнэт сонин болоход яг яасныг ойлгож ядах хооронд пижигнээд алга болцгоодог. Хашгираад ч дуу хүрэхээргүй холдчихдог. Салхины өөдөөс бол холдоогүй мөртөө хэчнээн орилоод ч сонсоцгоохгүй."

Дугуйгаа нөхсөн хоёр цувааны сүүлийг хамаад л гэр хорооллын эхлэл дунд цувж тасарцгаагсдаа татан сууцгаасан багийнхан дээрээ очлоо. Үүнээс цааш админ Цолмон эгчийн тэмдэглэлтэй ив ижил болох бөгөөд тийнхүү цааш жийцгээсээр 16:00 цаг болохоос өмнөхөн тарах цэг Дүнжингарав худалдааны төвд хүрцгээлээ. Харин аяллын явц руу эргэн шилжвэл бид аяллынхаа оргил цэгт 12:30 - 13:00 цагийн хооронд увж цуван хүрцгээсэн юм. Өөрөөр хэлбэл очихдоо аль хэдийн 4 цаг зарцуулчихсан байсан. Ийм үед ягаан тэмдэгтэй админ Э.Отгонжаргал багийг тухайн цэгээс буцаах шийдвэр гаргасан юм. "Цагийн байдлаа" анзаарсандаа л ийм шийдвэр гаргасан байж таарна хэмээгээд шийдвэрийг нь дэмжив. Улиастайн голын урсацыг харвал Баруун голын мөс ханзарч хайлсан байх өндөр магадлалтай. Харин намайг чи цааш явбал явахгүй юу гэнэ. Багийнхныхаа сэтгэлийг хоёрдуулан ганцаараа цааш яваад яах ч юм билээ дээ. Надаа ч нөөц төлөвлөгөө бий л дээ. Гэхдээ түүнийгээ энд бичиж уншигчдын бодлыг ч хоёрдуулахгүй байхаар шийдэв. Гагцхүү Бурхант хошуу дэлгүүрээс цааш хөдөлж байхдаа "За цаг нэлээн явжээ дээ. Үдлэх цаг бараг болж байна. Одоо Бурхан хошуу хүртэл хэчнээн минут зарцуулцгаах бол доо?" гэж бодож явсан юм. Цувааны хамгийн сүүлд хөдлөн багийн гишүүдийн жийлтийн эрчмийг ажин өнөөх бодлоо сүлэлдүүлэнхэн толгойн группт яваа гурвыг гүйцэхийн даваан дээр зогсонгуут нь "бараг ямар ч бодолгүйгээр" өөрийн эрхгүй хөлийн жийлтээ аажуулан зүрхний цохилтоо бууруулан зогсох горимд орсон байдаг юм. Ер нь ингээд буцсан нь ч зөв л дөө. Хэдийгээр буцах зам уруу бас салхинд туугдах боловч нийт багийн жийлтийн эрчим улам сулрах тул цаг чамгүй зарцуулна. Үүнийг тооцохгүй бол аялал оройтож, харуй бүрийд жийхэд хүрдэг. Ийм нөхцөл байдлыг тооцоход бүрэн боломжтой өнөөдрийнх шиг нэг чигийн буюу ирсэн замаараа буцах аялалд үүнийг тооцохгүй гэвэл өөр хаана тооцох вэ. Ийнхүү хашир туршлагатай админууддаа итгэн Зүгээр л жий!

Ийнхүү адал явдал арвинтай байдаг хавар цагийн унадаг дугуйтай, бямба гараг тутмын өдрийн аялал эхэллээ. Хамтдаа жийцгээн адал явдалт түүх бүтээцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Мягмарсүрэн Ч.Балжинням Г.Цэрэнчимэд Г.Мягмаржав Б.Номинтуул О.Баасандорж Д.Буянзаяа С.Бөхбат Б.Алтантулга Т.Энхтөр С.Лувсан С.Отгонбаатар Э.Ууганбаяр Д.Жамъяндорж Д.Мөнхнаст Ш.Мөнгөнсүх Д.Цолмон С.Мөнхбат Г.Махгал Э.Отгонжаргал
С.Мягмарсүрэн
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Балжинням
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэнчимэд
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Мягмаржав
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Номинтуул
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Баасандорж
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Буянзаяа
  • 1122 км дутуу
  • 137 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 1295 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 1971 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 2138 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2321 км
  • 29
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 4057 км
  • 41
  • 1
  • 0
  • 2
  • 1
Э.Ууганбаяр
  • 6506 км
  • 40
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 6676 км
  • 63
  • 11
  • 1
  • 0
  • 2
Д.Мөнхнаст
  • 7464 км
  • 65
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 11135 км
  • 101
  • 9
  • 3
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 12593 км
  • 120
  • 24
  • 3
  • 2
  • 0
С.Мөнхбат
  • 15228 км
  • 129
  • 17
  • 5
  • 4
  • 1
Г.Махгал
  • 15262 км
  • 146
  • 10
  • 2
  • 3
  • 5
Э.Отгонжаргал
  • 30945 км
  • 274
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!