Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #191 - Саран хад

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/400
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
69 км
Давааны тоо
1
Өндөр авалт
582 м
Өндөр алдалт
-583 м
Их өгсөлт
16 %
Их уруудалт
-16 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2026 оны 4 сарын 4 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Маршрут

Аяллын тэмдэглэл

Хаврын өглөөний тэнгэр бүрхэг, бага хэмжээний цасан бударч, салхи баруун, баруун хойд зүгээс үлээж байлаа. Агаарын температур 1 хэм.

Эртлэн гэрээс гарч замдаа өглөөний цайгаа тавтай уугаад цуглах цэг дээр очиход багийн 2 гишүүн ирсэн байв. Өнөөдрийн цаг агаараас харахад Хонхор хүрч цааш Шажинхурахын ам хүртэл салхинд туугдана, тиймээс даарахгүй харин халууцаж мэднэ.  Харин буцахдаа хүйтэн, хүчтэй салхи сөрнө. Манай хоёр гишүүн хувцсаа нэг цамцаар (буцах замдаа өмсөнө) нимгэлэн үүргэвчиндээ хийлээ. Аялал товлосон цагтаа эхэлж 7 гишүүн хөдөллөө. Унадаг дугуйн замаар жийсээр Амгалангийн төмөр замын гарам дээр хальтхан татаж дэлгүүр ороод цааш жийв. Салхи араас тул жирийтэл жийсээр Хонхор суурингийн засмал замын уулзвар дээр ирж зогсов. Эндээс хотод ажилтай нэг гишүүн буцлаа.

Төмөр замын эхний гүүрэн доогуур гарч, шороон замаар дараачийн гүүр очих үед уг гарам Хөлийн голын усаар бүрэн дүүрчээ. Төмөр замаа даган дэнжийн өгсүүр шороон замаар Хонхор суурингийн айлуудын зүүн талыг барин жийсээр Шажинхурахын гол урсдаг төмөр замын гүүр доогуур гарлаа. Бумбат зөрлөгийн айлууд дундуур явсаар Шажинхурахын гол урсах төмөр замын ээлжит гүүр дээр ирэв. Голын халиа дошин их талбайг эзэлжээ. Харин энэ гүүр цас мөсөнд боогдоогүй гарч боломоор харагдав. Дугуйгаа түрж болгоомжтой гараад амаа өгсөн чулуутай замаар дондогнуулан урагшлав. Амын баруун талын нуруу салхинаас нөмөрлөн таатай дулаан байлаа. Амны ойн цагдаагийн гэр цоожтой байв. Төмөр хашаан доогуур шурган гарав. Ам өгссөн бүдэг замаар мотоциклийн шинэхэн мөр зурайна, аль дор л төмөр замын гарам гарч байхад энэ мөр таарч байсан. Удалгүй мотоцикль унасан нутгийн залуутай таарав. Хэдэн адуугаа эргээд буцаж явна, ойн цагдаа ч ирэн очин хагас суурин маягтай байдаг гэв. Ойн цагдаагийн гэрээс Шажинхурахын голын баруун татам, дэнж даган 3 орчим км өгсөөд хадан хошуу ороон дээд замаа авах учиртай. Баруун талын нуруу руу харах агшинд Саран хад ч дороос "мэлтийн" харагдана. Нэг км орчим чийгтэй бүдэг замаар жийн өгсөж 12.00 цагт зорьсон газраа ирэв. Замын байдал шавар багатай боловч уулын ус буух цаг тул чийгтэй байлаа. Хадны ээвэр энгэрт тухлаж өдрийн хоол цайгаа уун дурсгалын зураг татуулав.

Зураг 1. Саран хадны энгэрт

Энэ нурууг даваж Төрхурахын ам руу ой модон дундуур ордог автомашины зам байдаг. Толгойн сэргийлэх залуугаа явуулж замын байдлыг танадуулав. Зам хөр цасанд дарагдан унадаг дугуйтай уруудах боломжгүй байв. Манай залуу уруудах гэж оролдоход шигдээд, ой модон дундах цас хайлах болоогүй байжээ.

Үүлэн цоорхойгоор наран ээж Саран хадны үзэмж улам ч сүртэй сайхан харагдана. Шажинхурахын ам руу ороход урт хашаагаар амаа хөндлөн хааж, хаалган дээр нь ойн цагдаагийн гэр байдаг тул хүний хөдөлгөөн бага байдаг онцлогтой. Ялангуяа автомашинтай орох хөдөлгөөнийг хязгаарласан нь энэ амыг харьцангуй эх байгалийн төрхөөр нь байлгахад тун тустай бодлого ажээ. Зам нь хүртэл эдгэж энхэл донхол болон нугын ургамлаар хучигдан буй. Нутгийн айлуудын морь, үхэр гэх мэт бод мал хааяа нэг дээшлэн бэлчдэг бололтой. Урьд нь унадаг дугуйтай бид нэг очиж байсан, ойн цагдаа нь уриалагхан харилцаж биднийг оруулж билээ. Тиймээс явган аялагч болон бид нар шиг унаатай очих хүмүүст Шажинхурахын ам нь жаргалын өлгий мэт санагддаг.

Зураг 2. Саран хад

Бид 12.40 цагт ирсэн замаараа уруудахад уулын ус бууж буй нь мэдэгдэхүйц нэмэгджээ. Амны дор ирэх үед салхи өөдөөс үлээнэ. Харин санасныг бодоход тун гайгүй байлаа. Хонхор суурин хүрч унадаг дугуйн замаар хамтдаа жийсээр Баянзүрхийн товчоо хүрч цайны газар амттай хоол (хар цайг чөлөөтэй өгдөг газар) идээд, цааш хөдлөн 15.40 цагт Дүнжингарав дээр ирж, аялал тун амжилттай дууслаа.

Зураг 3. Манай баг

Багийн хамт олондоо халуун баяр хүргэе. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Т.Энхтөр Д.Буянзаяа С.Содбилэг С.Бөхбат Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Э.Отгонжаргал
Т.Энхтөр
  • 2138 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Буянзаяа
  • 1122 км дутуу
  • 137 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Содбилэг
  • 506 км дутуу
  • 753 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бөхбат
  • 1295 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 11135 км
  • 101
  • 9
  • 3
  • 2
  • 4
С.Мөнхбат
  • 15228 км
  • 129
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30945 км
  • 274
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!