Энэ нь 4 сарын 12 өдөр зохиогдох Монголын дугуйн холбооны уулын дугуйн 2026 оны улирлын нээлтийн тэмцээний өмнөх аялал гэдгээрээ онцлогтой. Үүнтэй уялдуулан аялалд оролцогчдыг Хандгайтын амны байгалийн сайханд жийхийн зэрэгцээ уулын дугуйн тэмцээн болох замтай танилцуулах, дадлага хийлгэх зорилгоор тус маршрутаар аялал зарлалаа.
Хаврын хуйсагнасан салхи зүүн урд зүгээс салхилж байжээ. Хотоос гарах замд гудамжны эргэлт бүхэнд өөдөөс чиггүй салхи үлээж байснаа долоон буудал өнгөрөн Салхитын ам дөхөх үед хаанаас салхилж буйг нь мэдэхтэй боллоо.
Жигжидийн зуслангийн уулзвар хүрч өглөөний цайгаа тавтай уух зуур, аяллын багынхан цуглаж эхлэв. Аялал 9.00 цагт эхлэв. Бүрхэг тэнгэрийн дор цуваанд орон жийсээр Хандгайтын аманд ирлээ. Маргааш болох уулын дугуйн уралдаанд оролцох залуус уралдааны замаа үзэн нэг тойрог хийлээ. Энэ үед араас нэхэн нэг гишүүн маань ирлээ. Манай баг 9 хүнтэй болов.
Ой модоор бүрхэгдсэн уулын амны цас бүрэн хайлаагүй байв. Өгсөх тусам хаврын өнжмөл цасан бүрхүүл ихсэж, зам халиа тошинд мэдэгдэхүйц дарагджээ. Гэвч дулаахан, салхигүй ой модон дунд цэвэр агаарт ийнхүү аялах нь тун таатай байлаа.

