Нарлаг сайхан өглөө боллоо. Хаврын тэнгэр "хар"-тай тул цаг агаарын урьдчилсан мэдээнээс 13 цаг өнгөрөөд хуйсагнана гэдгийг харж байлаа. Тиймээс харьцангуй бага зайд, харьцангуй "цагаан" замаар энэ удаагийн аялал явагдах тул үдээс өмнө амжуулаад аяллаа дуусгахыг хичээж буй.
Манай баг 5 хүнтэй байв. Аялал яг цагтаа эхлэв. Шар хөвийн дөрөлж даваад хальтхан татаад Эмээлтийн өгсүүр урууд төрсөн нутгийн үнэрээр "сэтгэл дүүрэн" амьсгалан, урамтайхан жийгээд Хүйтэний амны эх дээр 10:05 цагт ирж татлаа. Шороон зам хуурай байв.
Манай клубийн нэг гишүүн цэнхэр тэмдгийн болзол хангасан тул бахархалын тэмдгийг нь гардуулж баяр хүргэлээ.

Хамтдаа амаа уруудан жийсээр, үе үе төрсөн нутгийн "анхилуун" үнэр сэнгэнэх нь "аньсага чийгтүүлж" байв. Энэ амны дор бетон суурь бүхий маш том хашаа хөндлөн барьж, айл амьтан суурьшиж буй нь энэ чиглэл ойрын ирээдүйд мартагдан алга болохыг зөгнөнө. Туул голын "цэвэр цэнгэг усны сайхныг магтан" гүүрээр гарч Туулын Хар Түнийн туурь хүрч өдрийн хоол цайгаа идэж амрав.

Цаг 11:30 болж байлаа. Салхины чиглэл баруун урдаас үлээж хот ортол араас дэмжих нь тодорхой боллоо.
Морингийн давааг салхиар дэмжүүлэн жийсээр давж, Нисэх рүү уруудан, өгссөөр 12:30 цагт Буянт-Ухаагийн өврийн CU дэлгүүр дээр ирлээ. Ийнхүү бахархалын тэмдэгтэй, Сонгино хайрханыг тойрсон өдрийн аялал товлосон ёсоор үдээс өмнө амжилттай дууслаа. Хотын төв рүү жийж явахад өнөөдрийн тэнгэр хуйсагнан бүрхэж байлаа. Багийн гишүүддээ халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Бөхбат | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1295 км |