Жийлт Хөтөл суурингийн төмөр замын вокзалаас бямба гарагийн 07:00 цагт эхэлж мөн өдрөө Зүүнхараа суурингийн галт тэрэгний вокзал хүрсэнээр дуусна.
Улаанбаатар хотоос аялалд оролцогчид Хөтөлд очих бас Зүүнхараагаас УБ-т буцаж ирэхдээ суудлын галт тэргээр зорчих боломжтой. Энэ тохиолдолд галт тэрэгний тээшинд унадаг дугуйгаа урьдчилан (баасан гарагийн бага үдээс өмнө) хүлээлгэн өгч ачуулна.
Галт тэрэгний тасалбар
Галт тэрэгний тасалбараа жийлтэд оролцох бусад дугуйчидтай нэг вагонд, зэргэлдээ суудалд авах буюу тасалбар захиалгаа бусадтай уялдуулах бол клубийн Facebook пейж эсвэл тус веб сайтын холбоо барих хуудсаар дамжин холбогдож тасалбар захиалгын явцын талаар мэдээ авч болно.
Хөтөл суурингийн галт тэрэгний буудалд өглөөний 04:46 цагт буулаа. Шөнө нь бороо ороод чийг үнэртсэн хаврын нарлаг өглөө айсуй. Буудлын өрөөнд өглөөний цай хоолоо идэж амраад 06:30 цагт аялал эхлэв. Манай баг 5 хүнтэй.

Товлосон чиглэлээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн бетонон замаар жийж төмөр замын гарамаар гарч ил уурхайн өргөн замаар зүүн зүг 2.5 км яваад шороон замд орлоо. Намхан хөтөл дундуур зурайх алсын өгсүүртэй замаар жийсээр хоёрын зэрэг хөтөл давлаа. Айлын ноход хааяа бидэнтэй нийлэн алдаж загнуулан холдож байв. Хөтөл уруудан цэлийсэн хөндийн тариан талбайг эмжээрлэн явсаар алсад цайрах Хараа голын татам руу дөхөж байв. Зам нь сайхан юмаа.
Хойд талын нүцгэн толгойн оройд хэсэг бусаг нарсан ой харагдах нь Хөтөл нарс гэдэг газар юм байна. Наагуур нь хэд хэдэн айл алсаас цайран харагдана. Зүүн өмнөд зүгийг барин тод замаар явсаар. Газрын өнгө ногоорч нялх ногооны үнэр сэнгэнэх нь тун сайхан. Талын нэгэн овоо дээр нэг татав.

Яльгүй өмнө зүг зам эргэж байгаа нь яг л төлөвлөсөн замаар явж буйг илтгэнэ. Одоо зүүн урагш зам чиглэх учиртай, тэгэлгүй яах вэ урд харагдах хот айл хүрэлгүй зам эргэлээ. Элс бүхий гуу жалгатай голын дэнж рүү орж ирэв. Баруунхараа хүрэхэд 20 км дутуу байв. Гайгүй юм биш үү, 30 км зам туулчихлаа, цаг 10:00 болж байна, эрт орох нь дээ гэж гэнэн бодолд автаж явтал гэнэт л "концерт" эхлэв. Элсэн дунд зарим нь шарвууланхан тоглож, зарим нь түрж жийсээр явалтын эрчим уналаа. Наран гарч хувцсаа ч нимгэлэв. Салхи усны үйлчлэлээр үүссэн гүн элсэн жалга, эрэг ганга элбэгтэй юм гээч.

Энэ замаар автомашин ховор явдаг бололтой. Харгана голлосон хээрийн хэв шинжит элстэй довцог хошуу тойрон жийсээр зангуу бүхий бутлаг ургамалтай татам руу орж ирэв. Замаасаа гарсаны шангаа хүртэж, зангуунд шивүүлсэн хоёр дугуй нэг дор хагарав. Нөөц нэг олгойгоо хийж, урд дугуйндаа хий нэмлээ.


Ийнхүү зүдэргээтэй замаар урагшилсаар элсэн дэнж дуусан, хатуу хөрстэй замаар эрчтэйхэн жийсээр Загдалын голыг гарамаар туулан гарч төв засмал зам дээр ирэхэд 13:00 цаг болж байлаа. Хагарсан дугуйгаа ч нөхөж амжив. Зам дагасан дэлгүүрээс хүнс авч өдрийн хоол идэж амрав. Хараа голыг гүүрээр гаран төмөр замын гарам хүрэлгүй голын татам дагасан замаар Зүүнхараа хот руу гарлаа. Хүүш уулыг өвөрлөн төмөр замын урд талын далан дагаж жийсээр Дожоо вангийн хошуу (энэ хошууны дор голын шахаа байдаг) өнгөрөн том чулууд бүхий хиймэл далан дээгүүр гарч явсаар төмөр замын нүхэн гарамаар хойд талд нь гарлаа.

Одоо ингээд "цагаан" замдаа орлоо. Төмөр замын 212 дугаар зөрлөг, 221 дугаар зөрлөг өнгөрөн Сэвсүүлийн овооны хойгуур даваж Зүүнхараа хотын баруун талын самбар дээр 17:00 цагт ирлээ.

Төмөр замын тээшинд 18:00 цаг гэхэд унадаг дугуйнуудаа өгөв. Багийн нэг гишүүний Зүүнхараа хотод амьдардаг найзын гэрт нь уригдаж амттай хоолоор дайлуулан, өнөөдрийн аяллын сонин сайхныг хуучлан хөөрөлдөв. Мөн төмөр замын буудлын ойр орших энэ залуугийн аавын гэрт тохитойхон амарч унтаад, шөнийн 1:54 цагт хөдлөх галт тэргэндээ сууж билээ. Багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Жич: Галт тэрэгтэй аялдаг ийм төрлийн аялал нь цаашид Жийлт ангилалд хамрагдах (урьдын ийм аяллууд Хоногийн аялал ангилалд багтдаг байсан) болно.
Галт тэрэгтэй аялал дандаа л догдлуулдаг. Учир нь үргэлж цоо шинэ чиглэлээр аялдаг болохоор тэр.
Хөтөл суурингаас бид олон аялалд гардаг байсан ч энэ удаа Баруунхараагаар дайран Зүүнхараа суурин хүрэх чиглэл мөн л анхных. Бямба гаригийн үүрээр биднийг Хөтөлд галт тэрэгнээс буухад газар нойтон дөнгөж орсон бороо зогссон, чийг үнэртээд үнэхээр сайхан байсан.

Бид галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд аяны гал тогоогоо угсран өглөөний цайгаа бүгд ууцгаалаа. Манай баг 4 эрэгтэй, 1 эмэгтэй тавуулаа. Нэг гишүүн маань шинэ аялагч. Ийм бүрэлдэхүүнтэй аяллын баг өглөөний 07 цаг хараахан болоогүй байхад аяллаа эхлүүллээ. Админ 2 богино долгионы станц авчирсаныхаа нэгийг нь аялал бүхний хамгийн ард явдаг надад өгснөөр нь ямартаа ч багаасаа үлдсэн ч холбоотой боллоо. Хаврын адаг бараг л зун гэмээр дулаахан өглөө бороо орсны дараах цаг агаар ямар байх нь ойлгомжтой. Шинэхэн чийг хамар цоргиж үүлний цаанаас наран цухуйна. Энэ л мэдрэмжийн төлөө энэ хүртэл ирсэн мэт. Аялал бүхэлдээ дандаа л аз жаргал өгдөг.
Бид шууд л маршрут ёсоор Хөтөл суурингаас зүүн зүгт гараад багахан 2 км гаран л байх засмалаар жийгээд уулын зөөлөн шороо бүхий замруу орлоо. Зам маань төд удалгүй алсын өгсүүр болж хувираад нэлээн жийлгэсээр энэ аяллын хамгийн өндөр цэгт биднийг аваачлаа. Энд түрүүлж очсон гишүүд маань ардых хүмүүсээ хүлээн байх зуур очиж нийлэнгээ асаахаа мартсан Страва зам бичигчээ асаавал бид аялал эхлэх цэгээс хөдлөөд 6 км гаран явсан байлаа. Энэ өгсүүр ямар ч бартаа саадгүй уулын зөөлөн хөрстэй жаргалын өгсүүр байсан болохоор админы өгсөн станцаар өгсүүрт жийнгээ баахан тоглож ярьсаар очсондоо.
Даваан дээр бүгд амсхийж аваад давааны шагналаа авч урууднаа гээд хөдөлөхөд үнэхээр аз жаргалтай уруудуулсаар, энэ зуур нялх шинэхэн зүлэг хаа сайгүй хэдийнээ ургаж эхлээд нялх үнэрээрээ хамар мялаана. Мөн жижиг шар цэцэг би гарсан шүү гэсэн шиг хараа булаана. Бид хотдоо л шаваад байхаас ийм сайхан байгал цэвэр агаарыг авахаар амралтын өдөр ойр орчимдоо ч болов тогтмол гарвал хичнээн хэрэгтэй билээ. Ийм сайхныг мэдрэх бүрдээ энэ өглөө юун сайн аялалдаа гарав даа гэж өөртөө баярлана.
Сайны хажуугаар саар гэгчээр саар ч гэждээ айлын нохойнууд байн байн давхин ирж ойртож загнаж хөөхгүй л бол хэд гурваараа нийлэн айлгаж сүрдүүлэх нь багагүй төвөгтэй байсан ч ямартаа ч аавынхаа сургаснаар дотроо зөөлөн сэтгэл барьсан ч гаднаа зоригтой дүртэй, дуу чангатай байвал амьтад айдаг гэж хэлдэгийг санан өөрийнхөө хэмжээнд “муухай” аашлан нохойнуудтай учраа олсоор, байгалийн сайхныг бахадсаар эхний гучаад км-ыг туулчихлаа. Бид өнөөдөр нийтдээ 82 км жийж барах ёстой. Лав Баруунхараа хүрчихвэл цаашаа Зүүнхараа хүртэл 30 км гэж мэдэж байлаа. Одоо Баруунхараа хүртэл 20 км. Эхний 30 кмыг байн байн таарах нохдоос бусдаар төвөггүй туулчихсандаа сэтгэл нэг л сайхан.

Үргэлжлүүлэн жийх зуур бараг санаандгүй гэмээр нээх том элсэн ганга таарсан нь Баруунхараа хүртэлх дараагийн 20 км-т ямар зам хүлээж байгааг сануулсан эхлэл байсныг тухайн үедээ төсөөлөөгүйгээр барахгүй Хэрмэн цавд гэдэг зураг даруулан биесээ цаашлуулан хөгжилдөөд хөдөлснийг яана.
Удалгүй түрүүний элсэн том ганга үнэхээр дараагийн туулах хүнд замын эхлэл байж төд удалгүй бид ойр ойрхон гүн элстэй машин төдийлөн явахаа байсан нутгийн хуучин замруу орсон юм.

Эхний 30 км ыг амархаан туулсан эрч хүчийг маань аажим аажмаар элстэй зууралдсан зам авч үлдсээр багийн жийлт удааширсан ч угийн чадварлаг гурван гишүүн маань тэртээ урд, харин шинэ аялагчтайгаа бид 2 чадах газраа жийж, чадахаа байхаар бууж элсэн дунд дугуйгаа хөтлөн гүн элстэй замыг туулсаар очиход өнөө гурав маань хүлээж байгаад нийлнэ. Энэ дүр зургаар 20 км-ыг туулахад нэлээн хүч барагдаж өдрийн 13:00 цаг болов. Ашгүй нэг элстэй зам дуусч Баруун хараагийн баруун талын голын салаанд тулж ирлээ. Энэ хүртэл зам хэцүү элстэй зууралдаж байсан ч сонирхол татах дүр зураг байнга үзэгдсэн нь бид Хараа голын хөндий дагаж жийж байсан болохоор голын үзэсгэлэнт голдирол хараа булааж голын цаадах төмөр замаар ачааны болоод суудлын вагон байсхийгээд л алсад яваа харагдах нь соньхон. Учир нь бид голын татам болоод дэнж дээрээс тээр цаана явах гал тэрэгний цуваа бүтнээрээ нэг уулын үзүүрээс нөгөө үзүүр хүртэл уртаараа харагдаж байсан болохоор надад лав гоё байсан.

Ингээд залуус маань гутлаа тайлан дугуйгаа түрж гол туулан гарахдаа хаврын гачиг цагаар усны хор гараагүй байхад ганц эмэгтэйгээ гол туулуулаад яахав гээд хамгийн залуу гишүүн дүү өөрийн дугуйгаа гаргасны дараа буцаж туулж ирээд намайг үүрээд гаргалаа. Дараа нь дахин туулж дугуйг минь гаргасан. Аяллын замд ингэж хүйсээрээ далайлган давуу эрх эдлэх нь үнэхээр санаа зовмоор байдаг ч залуусын сайхан сэтгэлийг талархан хүртсээр явдаг даа. Баярлалаа.
Голоо гарсан бид Баруунхараагийн замд байх цайны газар өдрийн хоол идээд хэсэгхэн амраад сүүлийн 30 км туулж Зүүнхараад очихоор хөдөллөө. Лав элсгүй уулын зам гэж админ хэлсэн ч аяллын замд бас юу хүлээж байгааг таашгүй. Явж үзээгүй шинэ зам шүү дээ. Ингээд бид буцаад Хараа голын татамруу орж жийсээр төмөр замыг үерээс хамгаалан барьсан том том чулууг гоёмсог нямбай өрсөн үерийн даланг сонирхон үзэж даваад цааш жийхэд алсад нэг гүдэн давах нь харагдана.

Яарснаасаа болоод за тэрийг давбал Зүүнхараа байгаа байх гэж өөрийгөө хуурснаас болоод тэр гүдэнг давтал дахиад цаана нь нэгэн хөндий хүлээж байв. Өмнө нь Энхтал II аяллаар Дархан хотын баруунаас давж орж ирэхэд хичнээн уулыг давж энэний цаана л Дархан байгаа байх гэж горьдож хууртаж гүрийсэн билээ дээ. Яг тэрэнтэй ижил их өндөр биш ч цуцсан хөлийг овоо гүрийлгэх гүдэнгүүд мундахгүй. Нэг дээр нь дурсгалын хөшөө байсныг сонирхвол 1921 онд Сүхбаатарын цэрэг цагаантныг цохьсон дурсгалт газар гэсэн байсан. Түүнээс цааш дахин жийсээр бас нэг зассан замтай уулыг давбал алсад Зүүнхараа харагдавч админы хэлсэн Зүүнхараа гэсэн бичигтэй самбар лав харагдсангүй. Хамгийн ард яваа би ийш тийш хайн харвал тээр доор Зүүнхараа харагдаж байхад угтах самбар нь тэр явах зүгт бус уулруу өгсөж байрласныг хараад өө гэж бодсон ч удахгүй аяллын замаа жийж дуусах гэж байгаа болохоор аз жаргалтай өгссөр багийхантайгаа нийллээ. Угтах самбар дээр Зүүнхараа гэж биш Мандал гэж бичсэнийг алсаас Зүүнхараа гэж уншихаар зүтгэснээ манайхан ярьж хөгжилдөн амарч аваад за ганцхан дэвхрээд үлдсэн тавхан км туулаад Зүүнхараа орохоор хөдөлцгөөхөд ядрал нисэн одсон байсан нь гоё.
Ингээд биднийг Зүүнхараад ирэхэд оройн 18:00 цаг болж байсан тул шууд л төмөр замын вокзал орж тээшинд дугуйнуудаа ачуулаад үлдсэн цагтаа шөнийн 01:54 т буцах вагонт суутлаа оройн хоол идэх, Зүүнхараатай танилцах боломжоо эдлэхээр боллоо.
Аялал бол нөхөрлөлийн талбар. Бид шөнийн галт тэрэг иртэл буудлын хүлээлгийн сандал дээр л хүлээх байсан. Гэтэл энэ аялалд нэгдсэн шинэ аялагчийн маань энд амьдардаг найз нь биднийг гэртээ урьж амтат хоол, амрах байраар хангаснаар бид вагонд суутлаа ханатлаа амарсандаа талархаад баршгүй.
Ийнхүү 2026 оны эхний галт тэрэгтэй аялал амжилттай болж Хараа голын хөндийгөөр ханатлаа жийсэн аялал маань ням гаригийн өглөөний 6 цагт УБ хотдоо галт тэрэгнээс бууж гэр гэрийн зүгт одсоноор өндөрлөлөө.
Дараагийн аялал дараагийн бямба гаригт. Зүгээр л жий.