Баруун хойноос зүүн урагш үлээсэн ширүүвтэр салхитай өдөр болов. Салхийг цаг агаарын урьдчилсан мэдээнээс харсан ч буцах зам уруу бөгөөд дардан тул сөрвөл ч сөрье хэмээв.
Өнөөдрийн аялалд 5 дугуйчин бүртгүүлсэн. Аялал эхлэхээр товлосон цагаас өмнө багийн 5 гишүүн бүрдлээ. Цуглах цэгт клубийн админы унаж ирсэн могжоохон даага гэмээр дугуйг сонжин хэсэгхэн ярилцаад хөдөллөө. Усан зам голлосон завь ба унадаг дугуй хосолсон аялалд ашиглахаар завод ачаа ба цүнхтэй унадаг дугуйныхаа явалтыг бодит аяллын нөхцөлд туршихаар унаж иржээ.
Дүнжингараваас Хонхор хүртэл салхинд тувт туугдав. Ийнхүү салхин хөргүүр ажиллаагүй тул халууцангуй явсан ба Хонхороос Дундын даваа руу өгсөх зам руу салж хөдөлгөөний чигээ өөрчлөн салхинд цохиулж эхлэхтэй зэрэгцэн багийн зарим гишүүд хувцсаа давхарлав. Хавар ба намрын улиралд хувцсаа давхарлах юм уу нимгэлж тайлах "Ы" төлөвлөгөөтэй явах нь маш зөв. Түүнчлэн цаг агаарын мэдээ сэжигтэй бол борооны куртка ч илүүдэхгүй.

Уулын ам дээр цөөнгүй уул буужээ. Айлуудыг захлан жалганы ирмэгээр явсаар давааны гол өгсүүр зам руу орлоо. Замд хоёр ч гуу дайралдсан нь одоохондоо жийсээр гарч болохоор л байна. Харин өгсөх тусам зам нь их хэвгий болох аж. Локал өгсөлтийг багасган явсаар уулын ташлангаар тойрч явсан нэлээд хэвгий зам гарчээ. Манай клуб 2018 ба 2020 онуудад энэхүү давааг давж байсан юм. Тэдгээр аяллын тэмдэглэлд замын яг энэ хэсгийн талаар онцлон бичээгүй байдаг. Энэ нь тухайн үед уг зам төдийлэн анхаарал татахааргүй буюу ерийн байсныг илтгэх болов уу. Харин өнөөгийн байдлаар давааны урдаас өгссөн зам цөөнгүй зэрэгцээ салаануудтай болсон байна. Хэвгий зам тул амархан эвдэрч, тэр бүрийд шинэ салаа гаргадаг болов уу. Давааны нийт замын нөхцөл байдалд үндэслэн дүгнэвээс Дундын давааг урдаас хойш давж жийх нь зохимжтой байна.

Өнөөдөр ширүүвтэр салхитай ба үүнээсээ болоод сэрүүвтэр мэдрэмж төрүүлэх өдөр болсон. Иймээс Дундын давааг давж уруудаад уулын амнаас гарахын өмнөх сүүлийн нөмөр газарт татаж, үдэллээ.

Дундын давааны арын зам шигүү ой дундуур тахиралдан гарсан байдаг бол одоо тэр ойгоос тун цөөн мод үлджээ. 2020 оны аяллын тэмдэглэлд нойтон мод унагаж буй талаар дурдсан байдаг нь зогсолтгүй үргэлжилсээр ийм байдалтай болсон биз ээ. Хайран ой.
Үдэлж амарцгаасан манай баг эрч хүчтэйгээр хөдөлж, айлын нохдыг хуйлруулсаар машрутын дагуух замаа хөөж, их үдийн хэрд Налайхын засмал зам руу орлоо. Эндээс багтайгаа эргэн нийлэхээр төлөвлөөд салсан клубийн админ харагдсангүй. Холбоо барихаар утсаа гаргаад хартал мессеж ирсэн байжээ. Хонхороос Налайх орох засмал замд дугуй нь хагарсан тул замын машинд дайгдан буцсанаа мэдэгдсэн байлаа.
Ингээд Налайхын Оргил худалдааны төвийн гадаа уламжлал ёсоор нэг татаад Баянзүрхийн товчоо дахь бас л уламжлалт гэмээр болсон нэгэн цайны газраар дайрч хооллож аваад Дүнжингарав буюу тарах цэгт ирсэнээр өнөөдрийн унадаг дугуйтай өдрийн аялал өндөрлөлөө.
Клубийн аяллын түүхнээ ховорхон давж байсан Дундын давааг амжилттай давж аялсан багийн гишүүддээ баяр хүргэе!
Зүгээр л жий!
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Лувсан | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2394 км |