Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #195 - ДЭНДИЙН АМ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/405
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
97 км
Давааны тоо
1
Өндөр авалт
776 м
Өндөр алдалт
-777 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-11.6 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2026 оны 5 сарын 9 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын тэмдэглэл

Урьд өдрийн үдэш нь УБ хотын орчмоор усархаг бороо орсоны дараа баруун хойноос цэлмэж, тэнгэрийн хаяа улаан ягаан өнгөөр туяарч буй нь маргааш сайхан өдөр болохын зөн шинжийг илтгэнэ. Цэлмэг тэнгэрт наран хөөрсөн зуны өглөө боллоо. Цуглах цэг рүү жийж явахад цэвэр агаарын чийг ханхлан хотын гудамжинд хааяа нэг автомашины дуут дохио хангинан цуурайтах нь хүүхэд насны хотын өглөөг эрхгүй санагдуулж байлаа.

Манай багын 5 гишүүн аялал эхлэхээс 15 минутын өмнө бүгд цуглаж 9 цагт замдаа гарлаа. Гацуурт суурингийн гудамжаар тавьсан засмал замаар жирийтэл жийсээр хар хошуугаа тойрон Их Хуандий амны алсын өгсүүр орлоо. Айл хунар энэ бүсэд ихээр суурьшин дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байв. Засмал зам дуусан шаварлаг шороон зам руу орон жийхэд энэ өдрийн шавар усны байдал үнэхээр гоё таарсан нь олзуурхууштай. Сайжруулсан шороон зам чулуу ихтэй тул зүүн талын татамын замыг сонгон жийсээр бага шиг суурин хүрч татав.

Зураг 1. Хоёр даваан дээр
Энэ замаар клубын 10 жилийн түүхэнд олон удаа өгсөж уруудаж байсан тул цаг хугацааны хүрдэнд өөрчлөгдөн хувьсаж, сууршилын бүс голоо даган тэлсэн нь илт анзаарагдана.

Хоёр даваа давах зам хүртэл өөрчлөгдсөн байв. Бидний өгсдөг уулын бэл дагасан доод зам эдгэрч, автомашинууд дээш өгсөн дээд замаар даваагаа давдаг болжээ. Хэдий эдгэж буй (уулын ус, борооны ус бууж яваандаа бүрэн эдгэх бололтой) ч гэсэн доод замаар бид өгссөөр даваан дээр 11.30 цагт гарлаа. Хамтдаа цайлаад Дэндий амын эх рүү ой модон дундуурх замаар уруудан орохуйд бөөн хүн амьтан, морь мал, автомашинууд бөөгнөрсөн харагдана. Газрын цээжээ барин бууж буй бид тэдэн дээр очсонгүй. Амны адгаас гялалзах автомашины гэрлийг харж, хурдан морины уралдаан харах гэж бид хүлээн суув. Хориод тооны хурдан хүлгүүд арваад автомашин, мотоциклтой хамт холилдон барианд орлоо.

Зураг 2. Дэндий амны эхэнд
Ийнхүү санамсаргүй хурдан морины уралдаан тохиож бид үзэгч болсон юм.

Доош амаа уруудах үед баян ходоодны нэг морьтой зөрөн шороон замаар сүнгэнэтэл жийлээ. Салхи баруун хойд талаас дэмжинэ, зам сайхан, энэ ам битгий дуусаасай гэсэн бодлоо өвөрлөн салхи татуулан, цэлмэг өдрийн халуун наран дор ингэж явах нь аяллын нэгэн жаргал билээ. Дэндийн голын жижиг эргийн ширэг дээр бууж сайхан амрав. Амнаас гарч дээд талын элсэрхэг замаар салхи сөрөн жийн Туул голын татам дагасан замаар тожигнуулсаар Минж үржүүлэгийн гарам дээр нэг татав. Ийнхүү Дүнжингарав дээр 16 цагт ирж зуны нэгэн өдөр шиг сайхан аялал амжилттай дууссан билээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Содбилэг Т.Энхтөр С.Лувсан С.Мөнхбат Э.Отгонжаргал
С.Содбилэг
  • 327 км дутуу
  • 932 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 1
Т.Энхтөр
  • 2235 км
  • 28
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2491 км
  • 31
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 15398 км
  • 131
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 31160 км
  • 277
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!