Багийн гишүүд урьд жийж яваагүй шинэ газар орноор аялж яваа болохоор ч тэрүү сэтгэгдэл их өндөр байна. Бүр Бурхант хошуу чигтээ явж хот орцгоох уу гэсэн санал ч гарна. Буцах зам нэг удаа түрж өгсөнө, цааш гарын арван хуруу шигээ болтол мэддэг болсон замаар уруудаад л дуусна. Ингээд багаа цааш дагуулан Духын даваа дээр гарахаар шийдлээ. Харин цаашаа Бурхант хошуу худлаа шүү гэдгийг бага багаар илэрхийллээ. Үнэхээр худлаа гэдэг нь явцын дунд хэн хэнд маань ойлгомжтой болсон.

Шар жалгын амаар Духын даваа хүрэх зам уулын амны хэдэн айлын өвөлжөө өнгөрсөнөөс цааш овоо нугачаатай болох аж. Замын зарим хэсэгт мөр дагаж ус урсахдаа хамаг хөрсийг угааж зөөгөөд зөвхөн том том чулуу нь үлдсэнээс гүн гүн ховил гарчээ. Гэхдээ өгсөхөд л хэцүү болохоос биш уруудахад боломжийн юм. Дараа Санзай талаас Духын даваа руу өгсөж гараад энэ амаар нэвт уруудаад Үдлэг ороод буцах аялал зохиож болмоор ажээ.
Уулын амаар өгсөж явахад Духын давааны зам дагуу уулын энгэр дэх шатсан ой харагддаг даа. Яг тэр ойг эсрэг талаас хараад л өгсөөд байлаа. Харин их өндөрт байдаг зам нь тээр дороос яагаад ч ялгарч танигддаггүй юм байна. Харин Духын даваа дээр гараад хот руу жийж явахад дөнгөж саяхан бидний жийж явсан зам, уулын хяр дахь хэдэн жижиг хад маш танил харагдана.

Аяллын баг 08:32 минутад бүрдсэн ч аяллын хөтөлбөрийн дагуу яг 09:00 цагт хөдлөв. Санзайн замаар аажуу уужуу жийсээр хиймэл нуурын дэргэд хэсэг амсхийгээд нуурын хойд уулын энгэрт 10:45 цагт түр амарцгааж, хөнгөн цайллаа.
Цааш Харганы замаар жийсээр 11:30 цагт хамгийн эхний эргэлтийн цэг дээр ирэв. Нөгөөх танил өгсүүр, сууж амардаг хатсан гуалин биднийг хуучны дотно танил аятай угтан авав.
Цааш уруудах замын тод ба бүдэг хоёр салааны бүдгээр огцом уруудсаар Шар жалгын голын гарам руу хүрэх аж. Уруудах зам чамгүй огцом (хамгийн их уруудалт -17.3%) ажээ.

Шар жалгын ам зусдаг бас өвөлждөг айл олонтой юм. Үүнийгээ дагаад их тод замтай ч юм. Гэхдээ л дээр бичсэнчлэн айлуудын өвөлжөө өнгөрсөнөөс хойш зам нь эрс бүдгэрэх ажээ. Тэрхүү замаар Духын давааны байршлыг багцаалан өгссөөр л байлаа. Ингэж мөнөөх замыг даган нэлээн өндөрт гараад бараг л уулын хяр дамжин явсаар Духын даваа дээр гарлаа.

Даваа дээр гарахын өмнөхөн яг л видео бичлэг гүйлгэж буй мэт хурдан нүүх үүлс, зүүн бас баруун талд гялсхийх аянга, хүйтэн манант шуурга, үл ялиг мөндөр гэх мэтчилэн цаг уурын сонихон үзэгдэл тохиосон нь аяллын нэгээхэн дурсамжит хэсэг болон бидний ой санамжид үлдлээ.
Ингээд Духын даваа дээрх хатсан модны дэргэд яг 16:30 цагт хүрч очлоо. Энд багийн гишүүдээ түр амраалаа. Модны эргэн тойрон хөх болон шар яргуй цэцэгс битүү ургажээ. Тэдний ихэнх нь дэлбээлээгүй байлаа. Эндэхийн яргуй ийм хожуу дэлбээлж буй нь өндөрлөг газрын сэрүүн цаг ууртай холбоотой болов уу.

Духын даваа дээр ирсэн багийн гишүүд Духын даваагаар дамжин Хандгайтын хойноос давж байсан, цас хайлаагүй хаврын тэр нэг өдрийн аяллаа дурсацгаана. Манай клубийн хувьд Улаанбаатар хот орчмын бүх даваа бүр өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий дурсамжтай гэхэд огт дэгсдэхгүй.

Духын даваанаас баруун тийш уруудаж явахад уулын хойд энгэр дэх замаас дөнгөж түрүүхэн бидний өгсөж явсан зам, Зураг 2 дээрх "тэмээнээс илүү тэмдэгтэй" хадад харагдана.

Өнөөдрийн аяллын үеэр ажигласан нэг зүйл бол хотын хойд уулсын зарим хэсэгт дайралдсан, зураг дээрх шиг шивээ өргөс бүхий ургамал байлаа. Эгзэг нь таарвал дугуй цоолж магадгүй юм.
Ингээд 19:00 цагтай уралдан гэр гэртээ харьцгаалаа. Гэртээ орж ирээд хэсэг байж байгаад цонхоор хартал өнөөдрийн цаг агаарын прогноз дээр байсан бороо оржээ. Өглөө ба үдийн үед юу ч болохооргүй мэт байсан цэлмэг тэнгэр бага үдээс эхлэн бүрхсээр байсан юм аа. Тэгэхээр биднийг Төв аймаг ба Улаанбаатар хотын хилийн дээс даван уулсаар "тэнэж" явах үед орсон мөндөр энэ борооны оршил байжээ.

Унадаг дугуйчид тэр бүр жийгээд байдаггүй маршрутаар бие болоод сэтгэлээ сорин амжилттай аялсан багийн гишүүддээ баяр хүргэе. Зүгээр л жий!