Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #78 - ЗҮҮНХАРАА БУЮУ МОНГОЛ АЛТАЙН БЭЛТГЭЛ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/410
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
141 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1332 м
Өндөр алдалт
-1765 м
Их өгсөлт
10.4 %
Их уруудалт
-21.6 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2026 оны 5 сарын 16 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ зуны олон хоногийн аяллуудын нэг нь Монгол Алтай нурууны чиглэлд 6 сарын сүүлээр хийхээр төлөвлөж байгаа. Иймээс шороон зам, даваа гүвээ, голын татам дэнж гололсон энэ чиглэлээр багийн гишүүд уулын дугуйгаар хагас ачаатай жийж өдөрт 140 орчим км замыг туулах юм. Зүүнхараа хот хүрч шөнийн 01.54 цаг эсвэл өглөөний 10.49 цагийн галт тэргэнд сууж Ням гаригт УБ хотод бууна. Иймээс галт тэрэгний тасалбарыг урьдчилан захиалаагүй болно.

Аяллын тэмдэглэл

Зүүн өмнө зүгийн салхиар араас дэмнүүлэн хойд зүгт орших цуглах цэг дээр 8.00 цагт ирлээ. Тавтайхан өглөөний цайгаа ууж суутал багийн нөхөр УТГ Мөнхбат маань ирлээ. Аялал эхлэх цаг ч боллоо, гараад мордтол багийн гишүүний хойд дугуй нь хагарсан байв. Нөхөж янзлаад 9.30 цагт замдаа гарав. Гүнтийн давааг Жигжидийн уулзвараас 25 орчим минут орчим өгсөн жийгээд давлаа. Зүүн талын дөрөөний таваг (бараг 2 жил асуудалгүй эргэлдсэн) голоосоо алгуур мултарч байна. Үргэлж засвар үйлчилгээ хийж байхыг унадаг дугуй маань сануулсаар. Даваан дээр аргалж засаад уруудлаа.

Зураг 1. Эвдэрсэн тавгаа нам заслаа. Цаана Баянгол суурин харагдана.
Салхины дэмжлэг илт тул доод төмөр замын гүүрэн гарц дээр 29 км/цагийн хурднаас буулгүй өнхөрсөөр ирлээ.  Батсүмбэр хүртэл салхи жишүүдүү заримдаа халз зүүн зүгээс салхилж байв. Сумын төв дээр ирж 8 номерийн дроцов олж дөрөөний тавгаа нам заслаа.

Зураг 2. Гол, төмөр замын цаадах энэ даваагаар олон давсан даа
Энэ өдрийн цаг агаар тун тааламжтай байв. Тэнгэр бүрхэг 12-15 градус дулаан, салхины чиг бидний араас тул төмөр зам дагасан шороон замаа даган Баян гол, Сөгнөгөрийн голыг жижиг гүүрээр гаран бага шиг суурин өнгөрч Баянбуурал амралтын баруун дэнж дээр 13.10 цагт хүрээд өдрийн хоол цайгаа хийж амрав.
Зураг 3. Өдрийн цай хоолны цагаар

Энэ удаа төмөр замын баруун далан дагасан уулын шахааны шороон замаар Шатанг зөрлөг рүү жийв. Хошуу тойрон Хараа голын дэнж рүү зам огцом өгсөв. Уулын бэлийн ганга жалгатай замаар өгсөж уруудан жийсээр ахин нэг хошуу ороон хэмхдэс чулуулаг дэвссэн замаар дондогнуулсаар зөрлөгийн наана орших нүхэн гүүр дээр ирэв.

Зураг 4. Шатанг зөрлөгийн нүхэн гүүр
 Зөрлөгөө захлан жийсээр Хараа голыг жижиг модон гүүрээр гарч Хараа, Шатанг голын бэлчир хүрч уулын замаар явсаар бага шиг сууринд ирэв. Энэ замаар урьд хэд хэдэн удаа аялаж байсан тул Хараа, Өлгий голын бэлчир хүрэлгүй, уулын хошууны онь дээгүүр даван Хараа гол, уулын замаа даган жийв. Хойд талд 264 зөрлөг харагдана. Гэтэл модон дундуур бага шиг гүүр харагдав. Гүүрээр Хараа голоо гарч төмөр замынхаа зүүн талд ахин гарав. Хадан хошуутай тод замаар жийсээр өндөрхөн дэнж рүү өгсөн гарав.
Зураг 5. Хараа голын зүүн дэнж дээр
 Эндээс Хараа голын татам, мурилзсан төмөр зам, алсад Түнхэл тосгон харагдана.  
Зураг 6. Дэнжийн замаар
Түнхэл тосгоны дэлгүүр орж амраад 17.10 цагт замдаа гарлаа. Одоо Зүүнхараа хүртэл 40 км зайтай. Энэ нутагт автомашины засмал зам тавих гээд суурийн ажил хийгдэж, сайжруулсан шороон зам тавигдсан байв. Ажинт (Ажнай)-ын даваан дээр 18.10 цагт гарлаа.
Зураг 7. Ажнайн даваа дээр
Даваагаа хатуу замаар харин сайхан эрчтэй уруудан Хэрх тосгоны урдуурхи элсэрхэг замаар нэвт жийн хотоос ирэх засмал замтай нийлэв.  Уг нь Зүүнхараа руу ташуулдан шууд хатгадаг зам их тод байдагсан, тариан талбай суурин газар өргөжиж тэр замаа харалгүй урдуур нь өнгөрчихсөн байв.
Зураг 8. Хэрх уул, Зүүнхараа харагдана

Зүүнхараагийн урд талаас нь орж нарийн гудамж, түннель-ээр гарч Вокзал оров.

Зураг 9. Ширхэнцэг уул
Тээшинд унадаг дугуйнуудаа өгч, 01.54 цагт хөдлөх унтлагын вагоны тасалбараа авч, амттай хоол идэн сайхан амарч билээ.
Зураг 10. Тээшинд унадаг дугуйгаа өгөх сайхаан
Ийнхүү олон хоногийн аяллын өмнөх бэлтгэл жийлт тун амжилттай болсон билээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Мөнхбат Э.Отгонжаргал
С.Мөнхбат
  • 15662 км
  • 134
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 31335 км
  • 279
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!