УБ 240/24 уламжлалт, багийн аялал УБ - Налайх - Сэргэлэн сум - Ээж хад - Сэргэлэн сум - Хөшигтийн хөндий - Алтанбулаг сум - УБ маршрутаар зохиогдоно.
Багийн хуваарилалт, зохион байгуулалт Аялалд оролцогчдыг жийлтийн эрчмээр багуудад хуваарилна. Баг нь дор хаяж 5 гишүүнтэй байх бөгөөд дараах зохион байгуулалтад орж, харгалзах үүрэг хүлээнэ. Үүнд:
Баг нэртэй байж болно.
Аяллын хөтөлбөр Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд цуглах цэг дээр цугларч, клубийн админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Аялал эхлэх цагаас өмнө оролцогчдыг багт хуваарилна. Төрийн дууллаа бүгд хамтдаа дуулаад, аялал эхлэх цагт баг багаараа хөдөлнө. Багууд тус тусын жийлтийн эрчмээрээ, заасан маршрутыг багаараа хамтдаа жийж туулна. Заасан бүртгэлийн цэгүүд дээр багийн холбоочин нь зааврын дагуу мэдээ бэлдэж дамжуулна. Сүүлийн бүртгэлийн цэгт ирсэнээр аялал өндөрлөнө.
Бүртгэлийн цэг Энэ бол аялалд оролцогч нь ирц ба жийлтээ админд мэдүүлэх цэг юм. Тус аяллын маршрутын дагуу 6 ширхэг бүртгэлийн цэг бий. Цуглах цэг буюу эхний бүртгэлийн цэг дээр ирцээ админд мэдүүлэх бол бусад бүртгэлийн цэгүүдэд багийн холбоочинд аялалд оролцож буйгаа мэдүүлнэ.
Бүртгэлийн цэгээс дамжуулах мэдээ Уг мэдээнд бүртгэлийн цэгийн нэр ба дугаар, бүртгэлийн цэг дээр багийн бүрэлдэхүүн хүрч очсон цаг ба минут, аяллаа үргэлжлүүлж буй гишүүдийн нэрс бас аяллаас гарсан гишүүдийн нэрс багтана. Мөн мэдээнд багийн бүрэлдэхүүний, бүртгэлийн цэг дээр авахуулсан зураг хавсаргана. Сүлжээгүй газраас бэлдсэн мэдээг дараагийн, сүлжээтэй бүртгэлийн цэгээс илгээнэ.
Гарц Энэ бол аяллыг бүрэн дуусгалгүй маршрутын дундаас гарч болох цэг юм. Ийм цэгүүдийг маршрутын задаргаа дотор заасан.
Уг маршрут УБ хотын зүүн өмнө болон баруун өмнө мөн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрийг дайрна. Нийт замын 60 орчим хувь нь шороон, үлдсэн нь цардмал байна. Маршрутын уртыг Сүхбаатарын талбай хүртэл тооцсон.
Маршрутын задаргаа
Маршрутыг УБ240/24 аяллыг зохиож ирсэн уламжлалын дагуу сегментүүдэд хувааж, бүртгэлийн цэгүүд заасан. Эдгээр бүртгэлийн цэгүүд нь цуглах цэг, дайран өнгөрөх суурингууд, аяллын оргил цэг болон аялал дуусах цэгтэй уялдана.

Цуглах цэг дээр 06:00 цагт Төрийн дууллаа эгшиглүүлсэнээр жийлт эхэллээ. Өглөө эрт орж эхэлсэн бороо овоо усархаг байснаас зам бараг л битүү ус байна. Дугуйнаас цацагдсан ус шаврын хаалт даван үсчинэ. Ялангуяа будаан хээтэй грэвел гадраас бүр их ус цацагддаг ажээ.
Багийн хоёр гишүүн хоцорсоныг Налайхын Оргил худалдааны төвийн урдах CU дэлгүүр дээр хүлээн нэгдсэнээр өнөөдрийн аяллын баг бүрэн бүрдлээ. Багийнхан бүгдээрээ борооны цув, куртка гэх мэтчилэн өмсөж өнөөдрийн усан бороонд ажрахааргүй болон ирцгээжээ. Ингээд 8 цаг хагас орчимд замаа үргэлжлүүлэн хөөж эхэллээ.
Налайх руу дөхөх тусам салхи ширүүсэх нь илт мэдрэгдэж байв. Иймээс "Төв аймаг руу эргээд л алуулцгаах нь дээ" гэлцэж байсан юм. Гэтэл салхины хүч тэр байснаараа тогтохгүй бүр эрчлэн Налайхаас урагш эргэнгүүт баруунаас цохиж эхэллээ. Бүр дайвалзтал цохих хүчтэй урсгал байн байн ирнэ. Уг нь цаг агаарын прогнозыг хэдэн өдрийн өмнөөс ажигласаар байхад зөвхөн бороо л анхаарал татаж байснаас ийм хүчтэй салхи байгаагүй юм. Үүн шиг хүчтэй салхи бол Windy апп дээр улаараад л илт ялгарч харагддаг. Ийнхүү зүгээр л бороо шивэрсэн өдөр болно гэсэн төсөөллөөс гажив аа.
Сэргэлэн сумын төв дээр 10 цаг өнгөрөөсхийн очив. Сэрүүхэн өдөр тул дэлгүүрээс бэлэн хоол авч, худалдагчаар нь ус буцалгуулан аваад дэвтээн идэцгээлээ. Дэлгүүр дотор байх хойгуур бороо цайртал ороод өнгөрөв. Ингээд бүр орой болтол бороо ахиж бидэнтэй таараагүй юм.
Богд хаан төмөр замын нүхэн гарцаар гарч маршрутын дагуу зүүн талын салаа замаар орон эхний даваа дээр гарахад өнөөх салхи ёстой зогсож байхын аргагүй үлээнэ. Даваа руу өгсөж байхад манайхныг яг л хойноос түрж буй мэт дэмжээд байсан гэж ярилцацгаана. Айкшин камертай нэг гишүүн дугуй салхинд тогтохгүй хэрхэн хийсэж буйг бичиж авсанаа өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа оруулсан байсан. Дугуйн баарны үзүүрээс атгаад босоо зогсооход хөндлөнгөөс үлээх салхи дугуйны сүүл талыг ховх цохиж байсан шүү.
Энэ үеэр ганц л зүйл бодогдож явсан нь "Салхи сөрж буцахдаа яана аа" гэдэг байв.
Ээж хайрханы ивээл доор Байгаль ээж сан бүтээв гэсэн бичээстэй хаалганаас цааш зам баруун эргээд, хоёр гүдэн даваад л Ээж хаданд хүрэх аж. Гэхдээ хоёр дахь гүдэн дээр гарч ирэхэд тодоос тод зам зурайсан дахин нэг гүдэн гарч ирэх нь мэдэхгүй хүнд ахиад өгсөх юм байна гэж бодогдуулахаар юм билээ. Ингээд хоёр гүдэнгийн завсар дахь багахан хөндийд буй Ээж хад гэнэт л гараад ирэв.

Ерэн хэдэн онд, бага байхдаа ирж байснаас ой дурсамжид өглөө гараад орой буцаж ирж байсан, дугуй булант цайгаар өрсөн ханан хашаа, сууж явсан машины педалийнх нь хаймран бүрээс салж унаад тогтохоо больсон гэдэг гурав л үлдсэн байдаг юм. Тэр үеийн, элдэв зүйлд дарагдах шахсан Ээж хадыг өдгөө сайхан тохижуулж, маш эмх цэгцтэй болгожээ.

Хэдий салхи уруудаж явсан ч бороо ус чийгээс үү, замын дэржигнүүрээс үү, салхины хэтийдсэн үлээлтээс үү, хооллолт дутсанаас уу ямар нэг шалтгаанаар багийн нэг гишүүний "бензин дуусчээ". Харин Ээж хад дээр гуанз байсан нь завшаан болж хооллож амарсаны ачаар сэргэсэн нь буцах замд илт ажиглагдаж байлаа.

Ээж хадны хаалга өнгөрүүт суваргануудын зэргэлдээ айл байсан юм. Суваргануудын урд зогсон, дугуйнаасаа буугаад байж байтал мөнөөх айлаас жаал хүү ирээд шууд нэг үг хэлсэнийг "Ах аа, таны дугуй хагарчихаж" гэж сонсуутаа огло харайн дугуйндаа хүрч хоёр гадраа барилж үзтэл зүгээр байв. Хүчтэй салхины шуугианд "дугуй хагарчихсан юм уу" гэснийг тэгж сонссон бололтой. Жаал хүү намайг зүгээр орхисонгүй. "Ах аа, уралдах уу" гэж шална. Ингээд түүнтэй хоёронтаа уралдав аа. Үүгээр унадаг дугуйтай хүн ёстой нүдний гэм байх л даа. Тэгэхээр ингэж шалах нь аргагүй биз.
Ээж хаднаас буцах замд нөгөө салхийг ёстой халз сөрсөн. Багийн нэг гишүүн өөрийн влогтоо уруудахад ч жийлгэж байсан хэмээсэн нь яг үнэн. Салхи салхи салхи гэсэн мэт тэртээд Салхитын салхин цахилгаан станцын сэнснүүд үес үес харагдана. Салхины хүчний талаар өөр юу ч хэлэх вэ.
Жийлтийн эрчим эрчмээрээ нэлээд явсаны дараа замын салаануудын эхлэл дээр уулын нөмөрт татлаа. Багийн нэг гишүүн төд удалгүй жийгээд ирэв. Ингээд хоёулаа баруун зүүн хоёр салаа зам даван гарч ирэх гүдэнг ажин үлдсэн хоёроо хэзээ гарч ирэх харуулдан сууцгаалаа. Гэтэл байж болмооргүй их хугацаа өнгөрч эхлэв. Замын машинуудаас асууж сураглабал "Дугуйтай хүн хараагүй" гэлцэнэ. Гар утасны сүлжээгүй газар. Төөрөхөөргүй тод зам. Иймээс Сэргэлэн сум руу дөхөж гар утасны сүлжээтэй болсон нь зөв гэж хэлэлцэн шийдээд цааш хөдөллөө.
Хөдлөөд хэсэг явж байтал урд, замын хажууд хэдэн мал нөгөө талд хүн харагдав. Зуузай холбон яваа багийн гишүүн "хоньчин хүүхдээс асууж сураглая" гэв. Энэ үед тэр хэн болох нь танигдаад ирсэн ба бас тэрхүү "хоньчин хүүхэд" рүү дөхөж очоод таних үедээ юу гэх нь илүү сонирхолтой санагдсан тул "за тэгье" гэхээс өөр хариу дуугарсангүй.
Хоёр хүн баймаар. Хэчнээн хүчлэн харсан ч нэг л хүн байна. Суусан эсвэл хэвтсэн бол босоод бид хоёрыг хармаар даа. Түргэхэн жийгээд очмоор байв ч салхи ер урагш ахиулдаггүй ээ. Ядраад хялайгаад байгаа юмгүй ч хүссэнээр хурдан явахгүй л байлаа.
Нөгөө хоёрын маань нэг бид хоёр руу буцаад явсан. Бас түүний яриагаар бид хэн хэнээ бараг хараад зөрсөн юм гэнэ. Тэр л харахгүй бол толгой өндийлгөх аргагүй салхи сөрж бид хоёр яаж харах билээ. Түүний харахгүй байх ч бас учиртай юм билээ. Түрүүн бид хоёрын зогсоосон машинуудын нэгд явсан хүмүүс манай хоёрт "4 км-ийн цаана хүлээж байсан" гэсэн юм билээ. Иймээс хоёрын хооронд зайд бид хоёрыг эрж хайн хараа сунгаж яваагүй бололтой. Ингээд хоёр хоёроороо хүлээлцсэн бид одооноос гурав нэгээрээ хүлээлцэх болов. 4 км-ээ явж дуусчихаад л буцаад ирээсэй. Үүгээр түүгээр битгий хайгаад явчихаасай. Ингэж залбирах шахуу ярилцацгаана.
Тийнхүү төөрөлдсөнөөр бүтэн цаг даший шог болов. Салхи сөрж "сажилсаар" цаг оройтсоны дээр бүүдгэр тэнгэр ч нэрмэж харуй бүрий болоод ирэв ээ. Сэргэлэн сум дээр ирэхэд бараг л харанхуй болов.
Энэ мэтчилэн алдаатай тооцоолсоноор гэрэл чийдэн огт аваагүй байлаа. Гэтэл яг өмнөх жилийн 240-ийн үеэр гэрэл чийдэнтэй явсан хоёрын нэг нь би шүү дээ. Харин энэ удаад чийдэнгүй нь би л байх гэж дээ. Ингээд жийлтийг гарц 3 буюу Сэргэлэн сум дээр өндөрлүүлэх шийдвэр гаргав. Үүнд багийн нэг гишүүн маань гонсгор байсан болов уу.
Гарц 3-аар гарах шийдвэрийг өнгөц харвал гэрэл чийдэн дутуугийнх. Гэхдээ гэрэл чийдэнгүй нь нөгөөдүүлийнхээ тусгасан гэрэлд замаа хараад явчихаж болдог. Үүнийг олон удаагийн шөнийн аяллаар харж байсан. Өмнөх жилийн 240-ийн үеэр ч бас ингэж явцгаасан талаар тус аяллын тэмдэглэл бичигдэж үлдсэн нь бий. Тэгэхээр зүтгээд үзвэл үзье гэж болох л байлаа.
Тэгээд зүтгээд үзвэл үзье гэж болох байсан ч эцэстээ тэгж маршрутаа заавал дуусгана гэж улайран дайрах хэрэггүй гэж шийдсэн юм. Бас үүнээс өмнө зам, маршрутын өөр хувилбарын талаар ч бодож үзсэн. Тэгээд эцэстээ "240-д яах гэж гарц зааж өгдөг билээ дээ. Бас энэ арга хэмжээг анх сэдсэн том админ UB240 аяллыг хамгийн урт өдөр болох 6 сарын 22-той хамгийн ойр бямба гарагт зохиох гэсэн зарчмын тодотголыг өөрөө заасан. Тэгэхээр яг энэ өдөрт л 240-ийг зохиож байя. Тэгээд тухайн үеийн байдлаар маршрутыг дуусгах бол дуусгаж, үгүй бол зохих гарцаараа гарч байя. Дуусгахгүй байх шалтгаан гэвэл өнөөдрийнх шиг усан бороо, ширүүн салхи л шиг цаг агаарын үзэгдэл л байна биз. Үүнээс муу цаг агаар гэж юу байх билээ." гэж шуудрав. Одоо бидэнд 55 км шороон, гучаад км засмал зам үлдсэн. Хэрэв яг энэ гарцаар гаралгүй цааш жийвэл бид "таг харанхуй" замаар орно. Тэр дунд багийн аль нэг гишүүн нурах, үүрэглэж онхолдох гэх мэтчилэн эрсдэл учирч болзошгүй юм. Бас Алтанбулаг сум болон зам дагуух суурин газар дахь дэлгүүр, хоолны газрууд цөм хаачихсан байхыг тооцох л ёстой. Үүрэглэж онхолдох явдалд ам гарахын аргагүй. Харин нурах гэж гэнэт ядраад огт тамиргүй болохыг хэлдэг бөгөөд хамгийн аюултай нь хүн өөрийгөө хэзээ нурахыг мэддэггүй юм. Үүнийг өөрөөр тамир тасрах гэж хэлж болох болов уу. Гэхдээ миний илэрхийлэх гээд буй явдал бол хэсэгхэн зуур ядарч цуцах биш харин багагүй хугацаагаар ямар ч хөдлөх тэнхэлгүй болох юм л даа.
Ингээд энэхүү тэмдэглэлээ бие болон сэтгэлийг жинхэнээсээ сорьсон, ховор тохиолдох адал явдлаар дүүрэн болсон энэ удаагийн арга хэмжээнд оролцсон багийн гишүүддээ талархал илэрхийлэн өндөрлүүлье.