Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #19 - ХОРЬДОЛ САРЬДАГИЙН НУРУУ буюу ШИШХИД ГОЛЫН ЭХ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/415
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
428 км
Давааны тоо
7
Өндөр авалт
4389 м
Өндөр алдалт
-4389 м
Их өгсөлт
17.3 %
Их уруудалт
-16.2 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2026 оны 6 сарын 15 Даваа гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хөвсгөл аймаг, Хатгал сумын төв,
Цуглах цэгийн солбицол
50.444372, 100.136578
50°26'39.7"N, 100°8'11.7"E

Аяллын тэмдэглэл

6 сар 13 өдөр, Бямба гариг
Аяллын баг, аяллын цуглах цэг Хатгал сууринд өнөөдөр 9.45 цагт ирсэн болно. "Бамбар" нэртэй гэр камп-д бууж амарч байна. Тэнгэр бүрхэг, уул хангай манан буданд умбан, нам өндрийн үүл бууж, агаарын температур 12-14 градус дулаан, салхи хойд зүгээс 2 м/с хурдтай байна. Аяллын баг бүрдсэн тул маргааш өглөө (товлосон өдрөөс нэг өдрийн өмнө) аялал эхлэнэ. Ойрын хэд хоног хойд сумдын нутгаар хур тунадастай байх төлөвтэй гэнэ. Бид дугуйгаа унан усан зогсоол орж, Хатгал сумын төвөөр жийлээ. Цаг агаар ямар ч байсан аяллаа маргааш эхлэхээр шийдэн тайван амарлаа.

Зураг 1. Манай баг. Усан зогсоол, Хөвсгөл нуур

6 сар 14 өдөр, Ням гариг
Өчигдөр Хатгал сууринд ирэхэд бүрхэг, бороо шивэрч байлаа. 2016 онд мөн л ийм байсансан. Маргааш нь тэнгэр цэлмэж тун таатай өдрүүд үргэлжилсэн дээ. Яг л тэр түүх давтагдаж буй мэт санагдав. Тэнгэрт багавтар үүл, наран ээсэн сайхан өглөө болов. Гэр камп-ын эзэд бид хоёр аян замдаа сайн явахын ерөөл өргөн үдлээ.

Зураг 2. Аяллын баг гараандаа гарахын өмнө
Цаг 7.30 болж байв. Хатгал суурингийн урдуурх засмал замд орж онгоцны буудлын хажуугаар өнгөрөн Жанхайн даваа зүглэх замаар жийлээ. Өлхөн сайрын доод 4 гарамыг хүчитгэсэн бетон сууриар цутгаж хийсэн замтай байв. Сүүлийн 2 гарам дээр гүүр тавьжээ. Хатгалаас 13 орчим км засмалаар яваад шороон зам болов. Ахин 3 км үргэлжлээд засмал замтай болж байв.

Зураг 3. Өлхөн сайрын зам руу орохын өмнө
Жанхайн даваа давах замаас салж Өлхөн сайрын зүүн талын уулын бэл дагасан донхол энхэлтэй хар шороон хөрстэй замд орлоо. Цаг агаар хачин сайхан, наран гийсээр. Бид орчны байгалийн үзэмжид автан жийсээр.Нэг фургон машин хажуугаар гарч өгсөн алга болов.

Зураг 4. Өлхөн сайрын замаар
Нутгийн хоёр мотоциклтой залуу зогсож, биднийгсайрынхаа замаар өгсөөрэй гэж зөвлөв.Яг хэлжээ, дэнжийн болон уулын бэлийн өгсүүр дагасан шавартай замыг "хаяж", тодхон мөртэй Өлхөн сайрын замаар жийх нь амар байлаа. Сайраас гарах цаг боллоо.
Зураг 5. Өлхөн сайр. Тун сайхан өдөр байлаа.
Айлын өвөлжөөний байшин хэд хэд харагдана. Биднээс өөр тээврийн хэрэгсэл, мал хуй энэ зам дээр алга. Шорт футболктой, каскаа хойноо ачаан дээр бэхэлсэн байлаа. Өлхөн сайр нь дээд хэсэгтэй устай байв, цэвэр сайхан гол хоржигнон урсана.
Зураг 6. Дэнжийн өгсүүр замд
Шаанги өгсүүрт бид махийсаар, зарим газар түрсээр хойд талын ойлон толгойт уулын урд ирээд ам нь мухардаад ирэв. Зам баруун тийш эргэлээ. Өлхөний гол хүрхрэн урсаж бас нэг мухар ам өгсөн зам зурайжээ. Өмдөө өмсөж, нимгэн курткаа өмсөв.

Зураг 7. Өлхөн давааны өгсүүрт
Голоо гарч чийг шавартай замаар өгсөн хойш эргэхэд Өлхөн давааны өвөрт нөгөө фургон зогссон харагдана. Япон жуулчидтай яваа гэнэ. Жуулчид нь навч  цэцэг хөөгөөд давааны баруун талын уулын суг өгсөөд явчихсан байв. Жолооч, орчуулагч залуу хоёр энд хүлээж, ирэхээр нь Хатгал руу буцна гэсэн. Өлхөний даваа өөдзурайсан замууд харлан сүртэй харагдана. Тэнгэрт борооны үүл бөөгнөрч хур орох шинжтэй, салхи баруун талаас байв. Мэдэгдэхүйц сэрүүсэв.
Зураг 8. Өлийлгөдөг Өлхөн давааны гүдэн
Борооны цуваа өмсөөд л өгслөө дөө. Огцом өгссөн замаар бус хэжиж өгссөн замыг сонгов. Ачаатай унадаг дугуйнд чанга өгсүүр байлаа. Өлийгөөд л түрлээ, дээр харагдах өгсүүр шавар чулуутай зам эргэх болоогүй юм байхдаа гээд хараачилсаар. Бороо шиврэн орлоо. Үүлний цаад тал яльгүй цайран гэгээ татуулах нь энэ бороо түр зуурын шинжтэй зурвас бололтой. Бодсоноор боллоо. Бороо ч зогсов. Хэд хэдэн тахир шавар устай замаар түрж алхан өгссөөр давааны орой руу хэжсэн өгсүүр бага замаар явсаар бид хоёр даваа дээр 12.30 цагт гарлаа.
Зураг 9. Сайн байна уу, сайхан даваа минь
Хатгалаас 32 орчим км зайтай. Тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн танил том самбар байна. Баруун тийш 100 м орчим зайд морины толгой тавьсан овоо байв. Каскаа өмсөөд уруудах замдаа орлоо.

Зураг 10. Өлхөн давааны орой дээрхи овоо
Өлхөний даваа уруудахад ямар ч "шагнал" байхгүй. Томоохон хэмжээний шавартай автомашины салаалсан мөртэй, энхэл донхол бүхий голомт урд харлана. Уулын зүүн талын бэлийг нь барин дугуйгаа түрэн уруудлаа. Тээр дор харагдах Ямаатын гол хүртэл ийм зам үргэлжлэх бололтой.

Зураг 11. Даваа уруудан хойд хормойд нь ирлээ
Сарьдагийн цаг агаар хоромхон зуур өөрчлөгдөх нь гайхалтай. Тэнгэр цэлмэж наран ээж эхлэв. Өлхөний давааны арын баруун суганаас томоохон гол эх авч урсан доош зурайна. Газрын хормойд бууж 13 цагт голын бага шиг хуурй дэнж дээр өдрийн хоолоо хийж идэв. Энэ өдрийн аяллын зорилго Өлхөн даваа давж, Ямаат гол хүрч отоглох байсан боловч бид хоёр голоо уруудан доош явахаар шийдэв.
Зураг 12. Отог
Ямаатын гол нь тунгалаг устай, ус ихтэй аргагүй л уулын сайхан гол байв. Уг нь голын хөндий уруудаж байгаа юм л даа, гэвч шавартай зам, зөөлөн хөрс дороос чангаан 6-8 км цагийн хурдтай шалчигнуулж байлаа. Энэ голыг ахин дахин 6-7 удаа гатлан уруудан жийсээр, Ямаат уулын урдхан талд, Ямаатын голын баруун дэнж дээр 15.30 цагт ирж отоглов. Хажуухан талд жижиг боргиотой горхи хоржигноно. Майханаа босгож, ачаагаа хийж амжих дор бороо зүсрэн орлоо. Түр зуурын ийм бороо гурван удаа дайран өнгөрөв. Бид хоёр майхандаа орж хэвтээд нам унтав. Ингэж эрт отоглох нь багийнхан амарч унтах, оройн хоолоо тайван хийж таатай боломж үүсгэдэг. Энэ өдөр 44 км зам туулжээ. Дундаж хурд 8.8 км/цаг.

6 сар 15 өдөр, Даваа гариг
Өглөө тэнгэр бүрхсэн бүүдгэр байлаа. Бид хоёр ачаалаад 7.50 цагт хөдөллөө. Сайн амарч авсан тул гурван км уруудаад л сайрын салаа дээр ирлээ. Энд Ямаатын гол Арсайн голд цутгадаг. Зүүн зүг эргэж Арсай голын сайраар түрэхдээ түрж, голоо туулахдаа туулж, жийж болмоор үедээ хөнгөхөн эргүүлэн зогсолтгүй урагшлав.

Зураг 13. Арсай голын сайраар
Ямаат уулын хойд тал нь цавчим өндөр цохио хад, эгц налуу гуу жалга элбэгтэй ажгуу. Тэр бүрээс л ус ихтэй жил олон хүрхрээ буудаг ул мөр тодхон ажиглагдана.

Зураг 14. Бороо хур ихтэй жил олон хүрхэрээ Ямаат уулнаас буудаг гэнэ
Арсайн голоор уруудан байтал хойд талаас Өвөр сарьдагийн голын сайр нийллээ. Хойш эргэж салхи сөрөн харин ч өгсүүр нь үл мэдэгдэм хөндий өгсөн жийсээр. Сайрын зам нь жаахан яваад бүдгэрч алга болох тул "бууж мордох хорвоо" болон явсаар. Зүүн талд эгц цавчим уулс сүндэрлэн, шохойн чулуутай энгэр нь цайвартан харагдана.

Зураг 15. Өвөр Хорьдлын голын сайр өгсөх замд
Хойд талд харагдах хөндлөн нурууны байдал баруун тийшээ намсаж эхлэв. Энэ зүг л өгсөх юм байна даа гэж бодтол, зүүн талын шовойсон өндөр уулын зүг зам тахиралдан хөтөлж овоохон өгсүүртэй хяр руу чиглэн, улмаар дээш харлан өгссөн мөр зурайв. Давааны зам ч эхэллээ дээ, хир үргэлжлэх бол гээд 150 м орчим өгстөл, гэнэт газрын байдал тэгшрээд таг дээр гараад ирэв.
Зураг 16. Сарьдагийн даваа
Замаар нь дугуйгаа унан уруудан эвдэрсэн жижиг модон гүүрээр гарч, уулын бэл дагасан зассан замаар бас уруудав. Энгэрийн цас хайлаагүй тул замын зарим хэсэг цасанд хучигдсан байв. Үл ялиг өгсөн бэлийн замаа даган явсаар тонгойхуйд мэлс гээд л Хорьдил Сарьдагын давааны овоо гараад ирэв. Цаг 12.00 болж байв. Тэнгэр цэлмэг, хаа нэг бөөн цагаан үүл, салхи тогтуун сайхан өдөр тохиолоо.
Зураг 17. Сарьдагийн даваа орчмын үзэмж

Байгалийн сайхныг бишрэн дуу алдаж, чадах чинээгээрээ зураг авч, бичлэг хийн сайхан амрав. Даваа уруудах зам нь их эвдэрсэн байв. Хэд хэдэн хүрхэрээ харлаа. Буух замыг ч бас цас даржээ.

Зураг 18. Давааны зам цасанд дарагдсан байв
Дээгүүр нь дугуйгаа түрж алхахад үл ялиг цөмөрсөн ч саадгүй нэвтрэв. Зарим үед цасны доод захаар эмжин гарав.
Зураг 19. Хунгарласан цасаар гарсаны дараа
Даанч сайхан орчин тул шууд мордоод уруудалгүй дугуйтайгаа хамт алхан байгалийн төрхийг дотроо буулган хадгалж явлаа. Зам огцом эргэлээ. Явахаас өмнө энэ замыг мэдэж байсан, тэгээд ч бага зэрэг дөт талдаа.
Зураг 20. Даваанаас буух замд
Модон дундуурхи чийгтэй замаар түрээд буучихлаа. Энэ хэсгийг Хушт өвдөг гэж нэрлэдэг. Зам хөтлөн цавцайсан өргөн сайр бүхий Дээд хоногцол руу орж ирэв.
Зураг 21. Одоо уруудаад Хушт өвдөг рүү хүрнэ
Ёстой л концертын нэгдүгээр үе эхлэв. Сайр дагасан зам нь улирал, хур бороо, голын урсцын байдлаас болж үргэлж өөрчлөгдөж байдгыг ойлгов. Зарим үед дагтаршсан сайрын замаар жийж болох боловч удахгүй илбийн мэт алга болчихно.
Зураг 22. Сайр сайр, бас дахин сайр үргэлжилсээр
Хоёр орчим км уруудаад Ар сарьдагын голын шургасан ус ил урсац болон сайрын салаа болгоноор урсаж эхлэв. Бид өдрийн хоолоо хийж идэхдээ явсан замаа хартал отогоос гараад 21 км явсан байв.

Сайн хооллож аваад сайр уруудан голоо туучин зүүн баруун талд нь гарч, жийх боломжтой үед хайрга чулуу хажигнуулан уруудаж байв. Гэвч ийм боломж яахан элбэг олдоно. Ихэнхдээ түрлээ. Голын салаа сайрын ховил даган улам бүр салбарлаж, хаана үндсэн голдрилд байгаа нь үл мэдэгдэнэ.

Зураг 23. Доод хоногцолд ирлээ
Автомашины мөрөөр урсах усан замаар нэг хэсэгтээ жийж болох ч удалгүй шигдэн мухардана. Гэвч бид ийм маягаар урагшилсаар баруун хойно сүндэрлэх үлгэрийн гэмээр сүрлэг уулын харан алмайрав. Сүүлд нутгийн хүнээс нэрийг нь асууж мэдсэн. Сарьдагийн Хар зүрх уул гэдэг юм байна. Нэр нь хүртэл хүндэтгэл төрүүлэх юм даа.
Зураг 24. Сарьдагийн Хар зүрх уул. Ар Хорьдолын голын сайр
Удалгүй баруун талаас Цагаан нохойтын гол цутгаж буй бэлчир дээр ирэв. Доод хоногцолд ингэж ирлээ. Энд байгаль хамгааллын модон мэдээлэх самбар буй. Хоёр гол нийлж аваад сайр улам өргөсөж, салаа салбарууд нь эрс нэмэгдэв. Хамгийн эвгүй нь голын урсгалын хүч, гүн нэмэгдэж уулын шахаатай талын булан тохойноос аль болох зайлсхийж төвийг сахин явахыг эрхэмлэнэ. Урдуур өндөр сайран эргэтэй голын салаа гэнэт орж ирэх, явах зам тэр гэхийн аргагүй болох нь даанч элбэг. Нэг салаа руу орон цаана нь гарах үед голын урсгалын хүчийг мэдэрлээ. Иймэрхүү голыг хэдэн арван удаа туулж гарав. Том чулуунд л бүдэрч болохгүй гэж болгоомжилно. Сайр дуусах болоогүй л байв. Зүүн талын эрэг болох ой модод харагдаад эхлэв. Сайр маань хоёр талын уулын хавцалд хашигдан нарийсаж, хүчит урсгалтай салаанууд үүснэ. Зүүн талд 2 салаа байгаа, баруун тал 3 салаа байгаа, бид яг дунд хэсэгт яваа. Зүүн тал руу гарах хэрэгтэй гэж замаа төлөвлөн бодно. Овоо өргөн оволзсон урсгалтай зүүн талын салаагаа амжилттай гарлаа. Урсгалын дор барьсан дугуй маань хөвж, урсгал даган ташуулдан урсах маягаар голоо гарав. Ус гуяар татаж байсан болохоор хөлийн өсгийг хайрганд шигдүүлж жийн цахлах маягтай алхахад дэмтэй байлаа. Гарчихлаа шүү. Одоо нэг байгаа гэж бодтол хоёр салаа хөндлөн ороод ирэв. Харин ч гайгүй юм, хүн ер нь хүнд хэцүүд амархан дасдаг амьтан шүү. Сүүлийн өргөн гол цагааран оволзоно. Шууд орж болмооргүй байв. Жаахан уруудаад баруун талын том голтой нийлэх бэлчирийн дээгүүр ташуулдан гарлаа.

Хоёулаа баярлан, ой модны зах руу хараачлан зам хайсан боловч "олсонгүй". Сайран дундах их тод хатуу харласан зам хараад баярлан жийж явтал, ой модноосоо холдоод байв. Зогсоод газрын зургаа шалгатал, үндсэн замаасаа 500 м зайтай чанх баруун талд нь зогсож байв. Сайхан төөрсөн дөө.

Зураг 25. Замаа оллоо. Бугат хашын ой дундуухи зам ингэж эхэлдэг.
Эргээд сайраар өгсөн 1 км яваад мод руу орох замаа харлаа. Бас том самбар байв. Одоо сайхан жийнэ дээ гэж бодтол, концертийн ээлжит үзэгдэл эхэллээ. Ингэж Бугат хашын мод руу шурган орсон юм. Шумуул гарч байна. Шилмүүсээр хучигдсан зөөлөн замаар овоо жийж явтал гүн ховил, шавар намагтай зам гараад ирэв. Түрэхээс өөр аргагүй, гүн рүү нь орвол шигдээд суучихна, захлахаар мод бут хожуул тээглэнэ. Жийх боломж тун хомс, жийсэн ч өдөржин хүйтэн голын усанд нэвт норсон бие, сайранд шигдэн алхаж цуцсан булчин аргагүй л сульдсан байв. Тэгээд ч жийх зам нь ховил бүхий өндөр өвстэй чийглэг хөрс. Алхсан нь хамаагүй дээр.
Зураг 26. Ээлжит амралт, Бугат хаш
Ийм маягаар тууштай урагшилсаар Хар морьтын гоо хэмээх бутлаг ургамалтай хөндий рүү орлоо. Торлог дундуур чийгтэй зам зурайна. Жийж болж байна, гэхдээ л сульданги. Юм идэх хэрэгтэй, бид оройн хоолоо ч мартан ийнхүү явжээ гэж ярилцан жаахан хооллов. Торлог дуусаж урд талд Чачирын дөрөлж өндөр даваа шиг сүртэй харагдана. Давлаа, модон дундуурх үндэс элбэг замаар уруудан хөндийд гарч ирэв.
Зураг 27. Хар морьтын гоо. Ой модноос гарлаа.
Алсд Ринченлхүмбэ сумын төв харагдана. Одоо 6-аахан км. Чигээрээ хатгасан замаар (өвлийн зам гэнээ, яахан мэднэ) ороод, бөөн шавар намаг. Цагаан булаг нэртэй горхи сумын төвийн урдуур урсахдаа маш өргөн намаг үүсгэдэг юм байна. Их гүнзгий тунгалаг горхи шүү, хүний хоолойгоор л татна. Нарийхан хэсгээр харайж дугуйгаа татан гаргасан. Жийхгүй түрсээр модон банзан хуучны гүүрээр гарч айлын хашаанд туллаа. Төв рүү орох гудамны ам нь нил шавар байсан ч тоолгүй шигдээд л цайраад гарав.

Эхний дэлгүүрт орж ундаа авч уухад өнөөдрийн хамаг ядаргаа хоромхон зуур уурших мэт болж билээ. Цаг 21.30 болж байв. Дундаж хурд 6.6 км. Туулсан зай 58 км.

6 сар 16 өдөр, Мягмар гариг
Дэлгүүрийн худалдагч хүүхэн бидэнд туслан хүн рүү ярьж "Гурван эрдэнэ" камп-ыг зааж өгөв. Тохилог байранд тавтай амрав. Өглөө босож унадаг дугуйндаа үйлчилгээ хийж, аяллын хэрэгсэлүүдээ янзлаад, өдрийн хоол унд идэн тааваараа амраад 13.50 цагт сумын төвөөс хойшоо гарлаа. Зөөлөнгийн уул, Товго толгойн баруун талаарх сайхан замаар жийсээр Арсай голыг хоёр удаа гарамаар гарав. Алсын чиг баруун хойшоо. Өвс ургамалаар хучигдсан элсэн гүвээ толгод дунд өгсөж уруудан жийсээр тэгшхэн Битүүгийн талын дардан замаар хурдалсаар Цойцон нуурын хойно нэг татав.

Зураг 28. Дархадын хотгорын нэгэн жижиг нуур
Дархадын хотгорт байдаг олон зуун том жижиг нууруудын нэлээд томхонд орох энэ нуурын орчимд нутгийн иргэд байшин барин суурьшсан нь харагдав. Дардан замаараа жирийсээр тун удалгүй Ходон голын гүүр дээр ирэв.
Зураг 29. Ходон голын гүүр
Намуун урсгалтай өргөн гол юм. Энэ гол Цойцон нуурт цутган нуураа усаар тэжээн цааш урсаж Шишгид голд цутгадаг. Замын дагуух томоохон хотгор бүрт том жижиг олон нуур харагдана. Тэр бүхэн нэртэй, өөрийн гэсэн түүхтэй гэж бодохоор Дархадын хотгор хэмээх баян хөндийн өчүүхэн хэсгийг л бид хардаг юм байна гэж бодон явлаа.

Нөгөө л танил болсон хотгор гүдгэр дундуурх замаар өгсөн уруудан жийсээр Шаргын голын гүүрэн дээр ирэв. Гүүр нь төмөр хөвдөг гүүр байв. Орох гарах гарц нь автомашинд жаахан эвгүй харагдсан. Том ачааны автомашин бус хүн, мотоцикль, хөнгөн тэргүүдэд зориулагдсан даацтай гүүр байв.

Зураг 30. Шаргын голын гүүр
Дархадын хотгорын энэхүү алдарт гол нь зарим булан тохойдоо нуур мэт өргөн бөгөөд мод бургас хэсэг бусаар ургасан харагдана. Нутгийн айлууд их юмаа. Мотоцикль унасан өсвөр насны хүүхдүүд их тааралдсан. Мал сүрэг тааваараа налайсан, өөрийн гэсэн заншил уламжлалтай сайхан нутаг. Бидний өмнөө том хэмжээний борооны үүл гарч ирэв. Урьд тохиолддог түр зуурын борооны үүлнээс тэс өөр юм. Бага Төх хэмээх газар замын айлд буулаа. Салхи хүчтэй салхилан бага хэмжээний бороо ороод үүл нь туугдан одож тэнгэр онгойв. Ач хүү нартайгаа амьдардаг найрсаг ахимаг насны эмэгтэй биднийг цай хоолоор дайлж, амарч хонохыг урьлаа. Өнөөдөр хагас өдөр 45 км зам туулжээ.

6 сарын 17, Лхагва гариг
Өглөөний цайгаа уугаад дахин уулзахын ерөөл өргөн 8 цагт замдаа гарав. Бага Төх уулын хойд, Элсэн толгойн урдуур элстэй замтай даваагаар даваж уруудав. Бага шиг уулын урдуур оройн хоолойн гүүр дээр ирэв.

Зураг 31. Нуурын хоолойн гүүр
Бас л хөнгөн даацын орон нутгийн модон гүүр байв. Энэ гүүр нь Тарган нуураас урсан Цагаан нуурт цутгадаг усан хоолой дээр баригджээ. Гүүрээр гарч нуурын хоолой даган алсын урууд жийсээр Хогоргын голын явган гүүр дээр ирэв. Автомашинууд энэ голыг гарамаар туулж гардаг. Тэнгэр бүрхэг, баруун хойд талаас хүчтэй салхи үлээж, бороо үе үе шивэрсэн сэрүүн өдөр байв.
Зураг 32. Шишхид голын гүүрээр гарлаа
Шишхид голын гүүрээр гарч Хогоргын аманд зусах айлаар хальт орж цай уув. Шишхид голын эхэнд байх үргэлжилсэн хадан ханыг Тэртээ хад гэж нэрлэдэг гэнэ. Цагааннуур сумын төв рүү жийв. Голын хөндийгөөс уулын бэл рүү огцомхон өгссөн замыг сонгон дээр нь гарч цагаан замдаа орлоо. Улаан боом өнгөрч, Хашгалдаад хад гэсэн нэртэй мод хадтай сайхан байгалийн тогтоцын хажуугаар төв зам урагш чиглэн зурайна.
Зураг 33. Хашгалдаад хад
Зүүн гар талд Цагаан нуурын дундах модтой арал, эргийн дагуу амьдрах нутгийн айлууд үзэгдэнэ. Сумын төв рүү уруудаад л орчихов.
Зураг 34. Хармайн голын гүүр
Дэлгүүр орж хүнсний хангалт хийгээд Хармайн голыг гүүрээр гарч Бага даваа давлаа. Энэ даваа дээр сумын танилцуулга, өвөрмөц хөшөө баримал байдаг.
Зураг 35. Бага даваа дээр. Цагааннуур сумын төв алсад харагдана

Даваа уруудан Доод цагаан нуурын эрэг дагасан замаар явсаар их гүнзгий бага шиг голыг туулж гаран (уг нь гүүртэй) Дүлийтийн давааны замыг сонгов. Шууд урагшаа давдаг Хуйтын даваа нь шавар ус ихтэй байдаг гэнэ. Модны үндэс ил гарсан чийглэг замаар ой модон дундуур түрж өгссөөр даваан дээр гарав. Эндээс бидний ирсэн зам тов тодорхой Дархадын хотгорыг бүхлээр нь алган дээр тавьсан мэт алсад Ринченлхүмбэ сум цайран харагдана.

Зураг 36. Дүлийтийн даваа давлаа
Уруудах бэл нь нүцгэн, зам нь цагаан. Бас нэг жижиг нуурын эрэг даган жийсээр хошуу ороон Хар ус хэмээх газар ирлээ. Цааш уулын хошуу ороон даваж Бэхийн суга гэдэг газар ирж өдрийн хоолоо хийж идэж амрав. Салхи нэг бол араас, заримдаа урдаас жишүү гээд чиггүйхэн байлаа.

Чулуутын нуурын хойд эрэгт орших бригадын төвөөр дайран Ивдэйн голыг гүнзгийрэн устай гарамаар туулж гарав. Гүүр нь (автомашин гардаггүй) баруун тийш байдаг гэнэ. Бид хоёр төв замаа дагасан тул ийнхүү гүүргүй замаар явах нь ойлгомжтой.

Зураг 37. Хөлийн голын гүүр
Голоо гараад түлхүүхэн жийж явтал Хөлийн голын гүүрээ "хаяад" явсанаа мэдэв. Буцаж 3 км орчим жийгээд Хөлийн голын бетон гүүр дээр ирэв.

Голоо өгсөн жийсээр "Их тайга" нэртэй Хөлийн голын буланд орших амралтын газар буулаа. Энэ өдөр 70 км зам туулжээ.

6 сарын 18 өдөр, Пүрэв гариг
Цэлмэг тэнгэрт наран гийсэн, тогтуун салхитай сайхан өглөө болов. Амралтын газрын ажилчид бид хоёрыг сайн явахыг ерөөн үдэж өгөв.

Зураг 38. Тун тохилог камп. Сайхан амарсан даа.
Өег өглөөний цай ууж, шөнө нам унтаж амарсан тул уул усны дундуур Шүүрэгтийн талаар зурайх цагаан замаар урамтайхан урагшилж явлаа. Өргөн хөндий туулж алсад харагдах уулын ам руу зам хөтлөн Шүүрэгтийн даваа давах замд тэнгэр бүрхэж хойноос борооны үүл гүйцэн ирлээ. Мөндөр ч орж байна. Даваагаа даваж Хурганы талын замаар жийж явтал тэнгэр дүлэгнэн бороо зогсов. Агаарын температур харин 5 градус болж буурч байв. Өглөө гарахад 18 градус дулаан байсан.

Багтахын гол дээр харин гэндсэнгүй, шууд гүүрийн замаа баруун эргэн авч хөнгөн гүүрээр гарав.

Зураг 39. Багтахын голын гүүр
Том автомашинууд энэ голыг чанх урагш яваад гарамаар гардаг. Барагдашгүй Багтахын талын замд ортол бороо шаагчихлаа. Улаан уул сумын төв хүртэл 10 орчим км зайтай тул зогсолтгүй жийлээ. Замдаа ой мод руу орж түр амрав. Агаарын температур бүр -4 градус боллоо. Пижигнэтэл жийсээр Улаан уул сумын хойд захын зочид буудалд ирж буулаа. Бид энэ өдөр 50 км зам туулжээ.
Зураг 40. Уулс цастай болов. Улаан сумын төвд

Ийнхүү Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагийн нурууны дундуур аялах мөрөөдөлт аялал маань амжилттай дууссан билээ. Дархадын хотгорын үзэсгэлэнт олон нуур, Шишхид голын эх, Цагаан нуур, Хөлийн голын үзэмж, Улаан уул сумын өндөр сүрлэг уулсын зам сэтгэлд дурсагдан үлдэж аяллын зам дардан байлаа.

Зураг 41. Баярлалаа, Хөвсгөл нутаг минь
Хөвсгөлийн тэнгэр бидний аяллын турш зөөлөн дулаан ивээлтэй хандсан шүү. Аяллын хамтрагч Мөнхбат хүүдээ халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жийсэн аялал маань зүгээр л сайхнаар төгсөв. Үүнээс илүү юу хүсэх билээ, хангалттай.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Мөнхбат Э.Отгонжаргал
С.Мөнхбат
  • 15962 км
  • 135
  • 17
  • 6
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 31635 км
  • 280
  • 35
  • 14
  • 5
  • 3
Зүгээр л жий!