Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #20 - Бурхан Халдун уул

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/416
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
598 км
Давааны тоо
3
Өндөр авалт
4552 м
Өндөр алдалт
-4553 м
Их өгсөлт
41.7 %
Их уруудалт
-44.5 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2026 оны 7 сарын 10 Баасан гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Тус аялал 2026 оны улсын баяр, наадмын бүх нийтийн амралтын өдрүүд болох 7 сарын 10-наас 19-ний өдрүүдэд Бурхан халдун уул, 13-р зуун цогцолбор гэсэн маршрутаар дараах хөтөлбөрийн дагуу зохиогдоно.

  1. VII сарын 10, баасан гараг
    УБ хотоос гарна. Улаан овооны даваа давж, Уршаантын голын хөндийд хүрч хоноглоно.
    Ундны усаа нөөцөлж явах эсвэл цааш арваад км явж Булагтай зөрлөг хүрч болно.
  2. VII сарын 11, бямба гараг
    Багануур хотоор дайрч гараад Хэрлэн голын хөндийд голын эрэгт хоноглоно.
  3. VII сарын 12, ням гараг
    Мөнгөнморьт сумаар дайрч Зүүн Бүрхийн гол болон Тэрэлжийн голоор гарч хоноглоно.
  4. VII сарын 13, даваа гараг
    Бурхан халдун уулын тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэн Босго тэнгэрийн давааны хормойд хүрч хоноглоно.
  5. VII сарын 14, мягмар гараг
    Босго тэнгэрийн даваа даваа дээр гарна. Уламжлалт цээрийн дагуу үүнээс цааш эмэгтэй хүн, харь хүн нэвтэрдэггүй. Иймээс Бурхан халдун уул руу багийн эрчүүд явж, бүсгүйчүүд отог руугаа буцан амарч өнжинө. Мөн тус уулыг эртнээс ихсийн газар хэмээн хүндэтгэлтэй хандаж ирсэн эртний уламжлалын дагуу Бурхан халдун уулнаа хоноглохгүйгээр давааны бэл дэх отогтоо буцаж ирнэ. Хэрлэн голын эх шавар устай газраар явах бас уул өөд өгсөх тул хөнгөн ачаатай явна. Үүнд өдрийн хоол, хөнгөн хүнс, аяны зуух, тогоо, гэрэл чийдэн, багаж сэлбэг болон аюулгүй байдлын бусад шаардлагатай зүйлс багтана.
  6. VII сарын 15, лхагва гараг
    Мөнгөнморьт сум хүрнэ. Отоглох газар сонгож хононо.
  7. VII сарын 16, пүрэв гараг
    Мөнгөнморьт сум ба Багануурын хотуудын хооронд Хэрлэн голын хөндийд голын эрэгт хоноглоно. Энэ өдөр 40 км буюу харьцангуй бага зам туулах тул голын усанд орж амрах чөлөө гарна.
  8. VII сарын 17, баасан гараг
    Багануур хот болон Архуст сумаар дайрч тус сумаас цааш хэдэн км явж Халзангийн аманд хоноглоно.
    Ундны усаа Архуст сумаас нөөцлөх хэрэгтэй.
  9. VII сарын 18, бямба гараг
    Халзангийн ам дахь отгоос хөдлөн арваад км явж 13-р зуун цогцолборт хүрнэ. Цогцолбороос цааш 25 км яваад Уршаантын голын хөндийд хоноглох буюу энэ өдөр харьцангуй бага зам туулах тул гол арга хэмжээ тус цогцолборыг үзэж танилцах явдал болно.
  10. VII сарын 19, ням гараг
    Улаан овооны давааг давж УБ хотод ирнэ.

Жич: Аялалд оролцох багийн гишүүд Багануур хот эсвэл Мөнгөнморьт сумаас аялалд нэгдэж бас аяллаас гарч болно.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

  1. Улаанбаатар - Улаан овооны даваа - Уршаантын голын хөндий
    85 км
  2. Уршаантын голын хөндий - Булагтай зөрлөг - Архуст сум - Багануур хот - Хэрлэн гол
    85 км, 170 км
  3. Хэрлэн гол - Мөнгөнморьт сум - Тэрэлжийн гол ба Хэрлэн голын бэлчир
    60 км, 230 км
  4. Тэрэлжийн гол ба Хэрлэн голын бэлчир - Босго тэнгэрийн даваа
    50 км, 280 км
  5. Босго тэнгэрийн даваа - Бурхан халдун уул - Босго тэнгэрийн даваа
    40 км, 320 км
  6. Босго тэнгэрийн даваа - Мөнгөнморьт сум
    70 км, 390 км
  7. Мөнгөнморьт сум - Мөнгөнморьт сум ба Багануурын хотуудын хоорондох цэг
    40 км, 430 км
  8. Мөнгөнморьт сум ба Багануурын хотуудын хоорондох цэг - Архуст сум - Халзангийн ам
    70 км, 500 км
  9. Халзангийн ам - 13-р зуун цогцолбор - Уршаантын голын хөндий
    35 км, 535 км
  10. Уршаантын голын хөндий - Улаан овооны даваа - УБ хот
    65 км, 600 км

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, 7 сарын 14 өдөр 09:30 цаг

Өдөр 1 - 7 сарын 10

УБ - Улаан овооны даваа - Булагтай зөрлөг

Дүнжингарав худалдааны төвөөс унадаг дугуйн замаар явсаар Налайхын Оргил худалдааны төв хүрч, тус дэлгүүрээс ундны ус болон зам зуур идэх хүнс авлаа. Эндээс засмал замаас гарч шороон замаар явсаар Налайхын аж үйлдвэрийн цогцолборын бетон зам руу шууд орлоо. Энэ нь Налайхын нарийн, өгсүүр зам дахь баяр наадмын их хөдөлгөөнөөс зайлсхийсэн явдал юм.

Налайхын уурхай ба нисэх онгоцны буудлын урдуур гарч төлөвлөсөн маршрутаа даган явсаар Улаан овооны давааны өгсүүрийг чиглэлээ. Замын өгсүүр нь давааны оройд хүрэхийн наахна мэдэгдэхүйц нэмэгдэх аж. Сүүлдээ амьсгал ба зүрхний цохилт арай хэтрэв. Ачаагүй дугуйтай бол тасралтгүй жийгээд өлхөн гарчихаар сул чулуугүй аятайхан зам байна.

Давааны оройгоос Налайх, Городок, Чингис хааны морьт хөшөө цөм гарын алган дээр буй мэт тодорхой харагдана. Дурантай бол дурандаад л суугаад баймаар.

Даваа дээр үдийн хоолоо хийж идэв. Хурц нартай ч давааны орой тул сэвэлзүүр салхинд сэрүүцэн тун тайтай сууцгаан хооллолоо. Хоолоо хийж суух зуур нэг машин дөхөж зогсоод жолооч залуу бууж ирсэн бидний анхаарлыг ихэд татлаа. Эсрэгээрээ унадаг дугуйгаар аялж яваа хүмүүс ч бусдын анхаарлыг их татдаг юм билээ. Чингээд л тэр залуу бидэнд амжилт хүсэн уух зүйл өгөхийг хүсжээ. Харин өгсөн зүйл нь хоёр лааз пиво байлаа. Алкохол нь булчингийн сэргэлт, нөхөн төлжилт, хөгжлийг саатуулдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг тул учрыг хэлэн авсангүй. Юугаар баян бэ түүгээрээ дайлна гэгчээр залууд пиво л байсан бололтой. Гэвч бид баярласан чин сэтгэлээ илэрхийлээд харилцан аян замын болон сайхан наадахын ерөөл дэвшүүлээд салцгаалаа.

Даваанаас цааш бидний зорилго Багахангай - Багануур чиглэлийн төмөр замын гарам хүрэх явдал болно. Харин төмөр зам хүртэлх замаар буюу Уршаантын голын хэмээх хөндийгөөр өмнө аялж байгаагүй тул байсхийгээд маршрутаас хазайгаагүй эсэхээ шалгаж явах болов. Тэгэхгүй бол 13-р зуун цогцолбор зэрэг рүү хөтлөх буруу замаар орчих эрсдэлтэй.

Уршаантын голын хөндийд томоохон уурхай ажиллаад эхэлжээ. Хөндийн урдаас шороо ачаад хойд энгэр рүү төвлөрүүлэн зөөж аваачаад тэндээ боловсруулдаг бололтой. Уурхайн хүнд даацын машинууд цувах замыг машрутын дагуух зам биш биз хэмээн сэтгээд өчүүхэн зүүн даялтал зам илт хазайж уулын араар ороож хадуурахаар болжээ. Ингээд эгц хатган зөв замаа зорилоо. Ингээд уулын энгэрээр битүү үлий дундуур хүнд ачаатай дугуйгаар нэвт шувт уруудлаа. Тойръё хэмээвч арга үгүй. Үлийн цагаан оготно үүгээр ийм элбэг байдаг юм уу, эсвэл энэ жил ингэтлээ их үржсэн юм уу?

Уршаантын голын хөндийн зам ямар ч нугачаагүй боловч дэржигнүүр харьцангуй ихтэй юм. Нэн ялангуяа төмөр замын гарам хүртэлх замын дэржигнүүр бүр их байсан. Яг энэхүү дэржигнүүр замаар явах үед салхи хөндийг өгсөн өөдөөс үлээж байсан нь өнөөдрийн жийлтийн гол сорилт болсон юм. Энэ үед ус унд л хамгийн нандин зүйл болж байлаа. Уршаантын голын хөндий гэснээс энэ хөндийд гол гэхээр ус байхгүй л дээ. Уул нь модгүй болохоор борооны ус шууд урсан оддог биз. Иймээс энэ хөндийг Тарвагатайн хөндий гэвэл зохино гэсэн бодол байсхийгээд л тархинаа орж ирнэ.

Өнөөдөр нэгмөсөн "дайраад" төмөр замын Булагтай зөрлөг хүрэхээр шийдсэн. 97 орчим км зам туулах гэсэн энэ зорилго зөв байсныг төд удалгүй мэдсэн дээ. Булагтай зөрлөг дэх Ган зам сүлжээ дэлгүүрийн салбараас ус, ундаа тэргүүтэн авч байх үед худалдагч ба тэндэхийн оршин суугч хоёр элдвийг ярьсанаас "маргааш 11-нд манайх амраад нөгөөдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ" гэсэн өгүүлбэр өөрийн мэдэлгүй чих дэлссэн юм.

Булагтай зөрлөг гэж цомхон, тохьтой суурин бий. Бид энэ зөрлөгт хоёр дахиа ирж буй нь энэ. Өнгөрөгч жил Багахангайгаас жийж ирж байсан юм. Зөрлөгийн үдэш орой нам жим. Булагтай сувилалд сувилуулагчид бололтой гэмээр ахимаг насныхан хос хосоороо зугаалцгаана, хүүхэд багачууд цэцэрлэгт хүрээлэн дотор тоглоцгооно. Болдогсон бол цаг хугацааг зогсоогоод энэхүү энгүүн байдлыг тэр хэвээр үлдээчихмээр санагдана.

Одоо нэгэнт орой болсон тул Булагтай зөрлөгөөс баруун тийш уул руу чиглэн намхан толгойн цаана гарч отоглолоо. Хойд зүгт хэдэн цэгэн гэрэл цайлалзах нь Архуст сумынх байлаа. Харахад бригад, багийн төв гэмээр.

Өдөр 2 - 7 сарын 11

Булагтай зөрлөг - Архуст сум - Багануур - Хэрлэн гол

Майхан хоногийн аяллын өглөө ямар байдаг вэ яг л ийм өглөө. Мишокоо уутална, гудсаа эвхэнэ, майхныхаа чийгийг арчиж хатаана, цайгаа чанаад ууна, өглөөний хоолоо хийж иднэ, ачаагаа ачна.

Ачаалж дуусцгаагаад арваад км жийгээд Архуст сумын төв рүү орлоо. Үнэхээр цомхон сум юм аа. Өнөөх л Хаан банк бас Төрийн банк нүднээ тусна. Бас дотуур байр харагдсан. Нэг хоёр дэлгүүрээр ороод замаа хөөцгөөлөө. Харин дэлгүүрт байтал бороо орж эхэлсэн. Ажваас мод зогсохооргүй бороо байна. Иймээс борооны куртка ба өмдөө гаргаж өмсөцгөөлөө.

Борооны өмд ба куртка гэснээс бидний аяллын явцад бороогүй өдөр бараг байсангүй. Ерөөсөө шөнөдөө болон өдөртөө бороо ороогүй хоног ганц л тохиосон бөгөөд түүнийг нь амралтын өдөр болгон ая тухтай өнгөрөөцгөөж чадсан.

Багануур орох зам зуурт бороо орохдоо орж зогсохдоо зогссоор борооны курткаа хэдэнтээ өмсөж тайлсан ба Багануураас гараад хэсэгхэн явсаны дараа ахиад л шивэрч эхэлсэн нь ашгүй Хэрлэн голын эрэгт отоглохоор төлөвлөсөн маршрутын 170 дахь км-т дөхөж ирэхэд ашгүй зогслоо.

Борооны сиймхийг ашиглан майхнаа босгож, гудас мишокоо дэлгэж амжив. Бас хоолоо ч хийгээд идэцгээчихэв.

Зураг 2. Хэрлэн голын эрэгт

Хэрлэн голын эрэгт өндөр эргийн дор, гол руу түрсэн хошуу дээр отоглоцгоолоо. Өндөр эргийн уруу бараг л харсан чигтээ бууцгаалаа. Унадаг дугуйны давуу тал гэж энэ дээ. Хэрэв зээ бүр ачаагүй дугуйтай байсан бол хөл газар хүргэлгүй буух байсан биз. Холгүйхэн нэг машин шарваж гулган яваа нь харагдана.

Мөнөөх машин хойноос "үлдэн хөөж" ирсэнээ сигналдав. Нэг залуу буугаад ирэв. Бас нэг машинтай залуу зөрсөнөө бидэнтэй хэдэн үг солиод явав. Ярианаас нь Багануур юм уу тэр хавьд оршин суудаг хүн юм уу гэсэн таамаг төрөв. Харин сигналдагч залуу биднийг овоо хоргоон нэлээд үг сольсоор майхнаа барьж, хоолоо хийж идэцгээсний дараа л явлаа.

Сигналдагч залуу биднийг гадаа хүмүүс үү, монголчууд уу гэж хамт явсан жолоочтойгоо бараг мөрийцөхдөө тулсан гэнэ. Ер нь бидэнтэй таарсан хүмүүс эхлээд биднийг монгол уу, гадаад уу гэж овоо "томоор" харцгааж байсан нь анзаарагдаж байсан. Тэгээд монгол гэж мэдээд төд удалгүй өнөөх л "аль нутгийнх вэ" гэдэг "өчүүхэн" асуултаа тавих нь чамлалтай. Манай монголчууд хэзээ нутгаасаа гарч нэг үндэстэн болцгоох юм бол доо?

Түрүүн зогссон бороо "отоглох хугацаа хангалттай өгөө биз дээ" гэсэн аятай шивэрч эхэллээ. Ингээд бороо шөнөжингөө оров. Майхан дээр дусах бороон дуслын чимээ болон сэрчигнэх салхины майхан дэрвүүлэхэд гарах чимээ хоёрт өчнөөн удаа сэрлээ. Эргэж унтах гэтэл хийлдэг гудас зөөлдөөд ер тухаа олохгүй хэчнээн хөрвөөв дөө. Тэгж тэгж унтсан юм байлгүй, нэг мэдэхэд өглөө болсон байв.

Өдөр 3 - 7 сарын 12

Сайхан өглөө боллоо. Өглөө бүр хийдэг ажлаа амжуулчихаад өнөөх эрэг өөд унадаг дугуйнуудаа түрж гаргацгаачихаад хөдлөв. Хөдлөхтэй зэрэгцэн гурван машин эрэг рүү давхин ирээд нэгэн бууж чадахгүй тул цааш давхин одоцгоов. Багануур ба Мөнгөнморьт хоорондын шороо зам ерөнхийдөө гайгүй юм. Сум хүртэл 60 км хатуу хучилттай автозамын ажил явагдсан нь газар шорооны ажлаа дуусгаад асфальтаар хучих нь дутуу үлджээ. Замын байдлыг ажваас зам барих ажил саатаад чамгүй хугацаа өнгөрсөн бололтой.

Зураг 3. Шинэ ба хуучин зам бас шинэ ба хуучин гүүр

Мөнгөнморьт сумын төв урдаасаа ил харагддаггүй, гүдэн давж ордог ажээ. Бас баруун, хойд, зүүн талаасаа уулаар хүрээлүүлсэн тул сумын төв рүү орох төдийд пүн хийгээд явчих аж. Өвөлдөө нөмөр нөөлөг байдаг болов уу.

Сумын төвд цайны газар байх авч хаалттай. Кофе шоп гэсэн хаяг зэрэгцүүлэн хадсан дэлгүүрээр оров. Кофе, халуун усанд дэвтээж иддэг бэлэн гоймон бас шортой тахиан мах, сэндвич зэргийг зарах аж. Бэлэн юм олж идээд замаа хөөхөөр яарч байсан бид шилэн нүүртэй лангуун хөргүүрийн өмнө жаал эргэлдэцгээв. Дэлгүүрийн кассчин авгай "хүмүүс юм авах гээд байна" гэж орилон хэн нэгнийг дуудна. Нэг охин үйлчилгээний заал руу орж ирсэнээ нэг сайхан шилбэлзчихээд буцаад далд оров. Ээжийнхээ буянд сагасан нэгэн бололтой. Амандаа нэг юм үглэснийг би вээр огт ойлгоогүй. Миний санаанд орж, бодолд сүлэлдэхээргүй "харь" үгс байсан биз.

Сумын төвд биднийг очиход бас л монгол уу гадаад уу гэсэн сониучирхал илт ажиглагдсан. Сумын угтах хэсэг хавьд биднийг дагагч хоёр мотоциклоосоо бууцгаан сандал ширээнд суун "үнээ"(том хуванцар савтай пиво)-нээсээ ганц том балгаснаа буцан мотоциклдоо мордоод паржигнатал хаазлан давхих нь хэтэрхий этгээд. Бид ч тэнд удахыг хүсээгүйгээ үггүйгээр ойлголцон ганц зураг дараад л хөдөлцгөөсөн нь тийнхүү үнээнээсээ яаран сандран ганц балгаад хөдлөх шалтгаан болсон уу үгүй юу. Харин дэлгүүр дотор бидэнтэй түрүүн харьцсан кассчин авгай сумын оршин суугч бололтой эр рүү "өөрсдөөс нь асуухгүй юу" гэж уцаарлана. Тэрээр юун хүмүүс явааг сонирхсон хэрэг л дээ.

Сумын төвөөс гараад бас л өмнө явж үзээгүй зам тул маршрутаас үл ялиг хазайсныг засан Зүүн Бүрхийн голыг гүүрээр гарав. Цааш өгсөн нэг гүдэн давж уруудаад бас нэг жижиг голоор гарав. Янзын сайхан тунгалаг устай гол байв. Эндэхийн голууд үерийн улмаас бүгд тунгалаг байх нь байтугай бүр улаанаараа эргэж байсан тул ийм тунгалаг устай гол их содон байлаа. Тус голын гарамын цаахна Тэрэлжийн голын модон гүүр харагдана. Гүүрийн хоёр талаас далан барьж дээр нь зам гаргасан бололтой. Хоёр талын далангийн цаад талынх нь чамгүй урт юм. Далангийн хоёр талаар өндөр өндөр бут ургажээ.

Зураг 4. Цөөхөн таардаг содон замуудын нэгээр

Улмаар аяллын хөтөлбөрийн дагуу маршрутын 230 дахь км-ын харалдаа Хэрлэн гол руу ойртолгүй отоглолоо.

Зураг 5. Үдэш 7 сарын 12 өдөр 20:30 цаг

Өдөр 4 - 7 сарын 13

Өнөөдөр бол аяллын гол өдрүүдийн нэг. Хөтөлбөрийн дагуу 50 км зам туулах ёстой. Гэхдээ Таван салааны гүүрээс цааших зам ямар байхыг таашгүй. Аяллыг анх төлөвлөн маршрут зохиож байхад тус гүүрээс цааш өөр гүүргүй нь анзаарагдсан. Ийнхүү гол усаар гарч явдал удаашрана хэмээн өнөөдөр 50 км зам туулахаар төлөвлөсөн билээ.

Өмнөх өдрүүдэд майхандаа халууцангуй хонож байсан бол одооноос жиндэхүйц болжээ. Харин тун сайхан өглөө болов. Тавтайхан хооллоцгоочихоод ачаалан хөдөлцгөөлөө.

Хөдлөөд хэсэг явтал жижиг гол таарав. Ус нь тунгалаг байсан тул ундны ус болгон сул савнуудаа дүүртэл авлаа. Энэ үед нэг жийп машин, морьд хөтөлсөн залуу таарсан нь өнөөдөр болон маргаашжингаа хамт аялцгаах аяын замын нөхөд болохыг тэрхэн үед яахан мэдэх билээ.

Зураг 6. Хэрлэн голын Таван салааны гүүр

Орон нутгийн байгаль хамгаалагч нь Таван салааны гүүрийн амыг сахиад сууж байдаг ажээ. Байгаль хамгаалагчийн гадаа очиход хэн нэг нь "Хөөе, тэрнийг дууд" гэх нь тод сонстов. Учир нь биднийг бас л гадаад хүмүүс гэж бодсоных гэнэ ээ.

Байгаль хамгаалагчтай уулзаад ихэд гонсойв. Биднийг үүнээс цааш гишгүүлэхгүй гэнэ. Бүр төв рүүгээ ч залгаж ахлагчтайгаа ч яриулж байна. Учир нь бороо их орж, гол үерлэсэн ба цааш явахын арга байхгүй гээд улмаар шууд тус постоос буцаана гэв. Явах аргагүй байдлыг нүдээр үзээгүй байж бусдын амаар аяллаа эндээс буцаах гэгч санаанд огт багтахгүй байлаа. Ингээд хэрэгтэй хэрэггүй баахан юм хамж шимэн ярилцан ярилцсаны эцэст бидний талаарх мэдээллийг бүртгэлийн дэвтэртээ бичиж аваад гарын үсэг зурууллаа. Энэ яриан дундуур энд цаг хугацаа хий дэмий урсаж буйд л хармын сэтгэгдэл төрж байсныг нуух юун.

Бидний өмнөхөн яваа морьтон залуу өнөөх жийптэй хүмүүсийг дагуулж яваа нутгийн залуу гэдгийг байгаль хамгаалагчаас мэдэж авлаа. Үүнээс цааш морьдын мөр бидний анхаарлыг бүр ихээр татах болов. Тэднийг цааш нэвтрүүлэхдээ "нутгийн хүн тул чи өөрөө мэдэж байгаа юм биз" гэсэн гэнэ билээ. Харин биднийг "энэхүүн дэх хойд голоор ч гарч чадахгүй дээ" гэсэн юм.

Орон нутгийн байгаль хамгаалагчийнхаас хөдлөөд төд удаагүй байтал нөгөө гол таарлаа. Ачаатай дугуйгаа голын эрэгт үлдээгээд ус руу орж голын гармын ёроолыг судлан нааш цааш хөндлөн гулд сайтар явж шалгалаа. Ингээд хамгийн гайгүй хэсгээр нь хоёр дугуйгаа гаргалаа.

Ахиад хэсэгхэн жийтэл Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар гэсэн хаягтай пост гараад ирлээ. Постын наагуур газрын зураг дээрээс мэдэх болсон гол урсана. Үүний урсгал өмнөхөөс ширүүн ч арай гүехэн юм. Бас өмнөхтэй харьцуулбал мэдэгдэхүйц тунгалаг юм. Ёроол нь бүүр түүрхэн харагдах тул энэ голоор гарах гэж төдий удсангүй.

Пост эзгүй, дангинатал цоожилсон байлаа. Бөртэ чоно Гоо марал хоёрыг төсөөлөн урласан төмрийн хайчмал чимэглэл бүхий хаалгаар зорьсон газар руугаа 15:00 цагтай уралдан нэвтэрч орлоо.

Ердийн л шороон замаар урам зоригтой жийж явтал урдах зам гэнэт л усан доогуур шургаад орчихов.

Зураг 7. Усан доогуур шургасан зам

Зам усан доор орчихсон тул замаас гарч өвсөн дундуур явахаар жийв. Гэтэл бас л ус. Бүр нэлээн их ус байна шүү. Ийм замаар нэн ялангуяа хүнд ачаатай унадаг дугуйгаар явах аргагүй. Уулын ташлан руу орж үзэв. Зам байтугай жим ч алга. Бас уул өөд түрж ургасан торлог ч байна.

  • 2016 онд Хөвсгөл нуур тойрсон аяллынх шиг уулаар явах уу?
  • Унадаг дугуйгаа үлдээгээд цааш явган явах уу?
  • Морьтой аялагчдыг буцаж ирэхээр хөтөчтэй нь уулзах уу? Өөрөөр хэлбэл мориор явах уу?

Энэ мэтчилэн олон олон санаа гарна. Ингээд морьтой аялагчдын хөтөчтэй уулзах л хамгийн зөв гэсэн шийдэлд дөнгөж хүрээд ийш тийш нэг алхах байтугай амьсгал ч татаж амжаагүй байтал моддын завсраар нэг морьтон пост руу буцаж яваа нь харагдлаа.

Морьтонг харсан даруйдаа уулын ташлангаар шувт уруудан урдаа тулсан торлогийг харж нэгхэн секунд тээнэгэлзээд л шууд дайран гарав. Урдаа хоёр богцтой маань энэ үед ёстой их хэрэг болов. Торлогийг бараг "индүүдээд" л гарав. Гэхдээ индүүдсэн гэдэг нь бут сөөгийг автомашин шиг гэмтээн дайрч гарсан хэрэг биш л дээ. Хэрэв урдаа богцгүй явсан бол бутыг гараараа ярж явах хэрэгтэй болно. Ямар нэг байдлаар ярахгүй бол жолоотой орооцолдоод ёстой лай болдог.

Торлог дундуур шувт гараад морьтны араас аль хурднаараа л явлаа. Харин аз болоход морьтон залуу хажуулдасхийн явсанаа намайг анзаараад зогслоо шүү. Овоо дөхсөний дараа надтай мэндэлж байна. Би хоёрын хооронд зайнаас юугаа ч хэлцэх юм билээ хэмээн сэтгээд ахин жаахан дөхөж мэнд мэдлээ.

Тэр залуу бол аль үдээс өмнө бидэнтэй таарсан жийптэй аялагчид мөн байв. Хэсэг ярьж ойлголцоод пост дээр тухтай уулзацгаахаар боллоо.

Тодорхойгүй байдлын ээдрээний учгийг бариад авсан тул багийн гишүүн рүүгээ залгалаа. Гэснээс энд Юнителийн сүлжээтэй гэсэн шүү. Үнэхээр гар утас сүлжээтэй байлаа. Ингээд гар утсаар холбоо тогтоосон бид хоёр төд удалгүй уулзаад постыг зорилоо.

Тэдгээр аялагчид зун бүр Бурхан Халдун уулнаа гардаг уламжлалтай буюу бидний яваа замыг гарын арван хуруу шигээ мэддэг ажээ. Ёстой л төөрсөөр төрөлдөө гэдэг шиг яг тохирох хүмүүстэй тааралджээ. Тэд морьтой хэсэг яваад замын нөхцөл байдалд үндэслэн цааш явах хэрэггүй гэсэн шийдвэрт хүрээд буцсан гэнэ. Тэгэхээр бид ч бас цааш явахгүй байхаар шийдлээ. Морьтнуудаас илүү гарна гэж зүтгэн мугуйдлаад юунд хүрэх вэ дээ. Ерөөсөө аялагч хүн зогсох газраа зогсож, болих газраа больж чаддаг байх хэрэгтэй.

Тэдний ярьсанаар энэ жил үнэхээр гойд их устай байгаа юм байжээ. Жишээлбэл түрүүн туулж гаталсан хоёр гол жирийн үед шагайгаар татахуйц л байдаг гэнэ. Гэтэл одоо гуяар татаж байна. Мориор явсан тэдний гутал норсон ба хатааж байлаа. Нэг залуу нь гутлаа норгохгүй гэсэндээ бараг л эмээл дээрээ завилахын чинээнд тултал хөлөө өргөж явахад хүрсэн гэнэ. Харин тэд өмнөх жилүүдэд мориор явсаар Бурхан Халдун уулнаа төвөггүй гарчихдаг байсан ба энэ жил л анх удаагаа ийнхүү буцаж байгаа гэнэ. Мөн жирийн үед Босго Тэнгэрийн даваа хүртэл унадаг дугуйгаар явах боломжтой гэдгийг тэднээс мэдэж авлаа. Харин цааш Хэрлэн голын гарам ямар байх талаар төсөөлөл бүрэн аваагүй. Иймд дараагийн удаа "Мөнгөнморьт - Босго Тэнгэрийн даваа" гэсэн олон хоногийн аялал зохиож даваанаас цааших зам ямар байх талаар бодитоор судалж мэдэхээр шийдлээ. Түүнчлэн эдгээр аялагчид болон байгаль хамгаалагч, Мөнгөнморьт дахь ахлах байгаль хамгаалагч нарын үг ярианд үндэслэн аяллыг 6 сард зохиовол зохимжтой гэж үзлээ.

Зураг 8. Харуулын цамхаг

Ийнхүү аялагч залуустай замын нөхцөл байдлын талаар чамгүй удаан ярилцсанаас гадна өөр нэг сэдэв хөндсөн нь өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэл байлаа. Блокчэйн, апп хөгжүүлэлт зэрэг чиглэлээр олон улсын түвшинд ажилладаг гэнэ. Ямартаа ч түүх, улс төр, эдийн засаг гэх мэт өгөөжгүй сэдвээр ярилцахгүй байх гэдэг дээр байр суурь нэгтэй байх юм билээ.

Өдөр 5 - 7 сарын 14

Өнөөдрийг амралтын өдөр болгохоор өчигдөр шийдсэн юм. Гэхдээ амралтын өдөр гээд зүгээр хэвтэхгүй ээ. Таван салааны гүүрээр буцан гараад улмаар хойш чиглэн буга үржүүлгийн газрын хойхно ой модны хаяанд очлоо.

Зураг 9. Тайлбаргүй

Биднийг тухтай амарч өнжөөрэй гэсэн мэт энэ өдөр бороо усгүй байлаа. Харин өндөрлөг газар гэсэндээ нар жаргангуут сэрүү орсон тул эртлэн унтахаар хэвтэцгээлээ.

Өдөр 6 - 7 сарын 15

Ёстой сайхан өдөр болсон. Мөн өнөөдөр буцах замд нааш ирэхдээ анзаарсан тунгалаг уст голоор дайрна. Иймд маргаашийн өдөрт төлөвлөсөн голын эрэгт амрахыг өнөөдөр амжуулахаар шийдлээ. Ингээд жирийтэл жийсээр 12:30 цагт Тэрэлжийн голын гүүрний наана (Мөнгөнморьт сумын талаас) байх, зорьсон голынхоо эрэгт ирлээ. Голын тунгалаг усаар цай, хоолоо хийж бас усанд орж, зарим хувцсаа угаагаад хатааж амжив.

Зураг 10. Тунгалаг уст гол

Голын эргээс хөдлөөд төд удалгүй Мөнгөнморьт сумын төв дээр ирлээ. Нөгөө шилбэлздэг охинтой дэлгүүрээр орохоос зайлсхийв. Нэг цайны газар онгорхой байхаар нь орох гэтэл ажиллахгүй гэнэ. Харин тэднийх талх барьж хөрш дэлгүүрээрээ борлуулуулдаг юм гэнэ. Шинэхэн талхны ханхлах үнэрнийх нь сайхныг ээ. Даанч халуун талх богц дотор шахагдчих болохоор авалгүй өнгөрөв. Тэгээд нөгөө шилбэлздэг охинтой дэлгүүрийн өмнө хөнгөн цайллаа. Учир нь тэр дэлгүүр гаднаа хэдэн сандалтай юм. Энэ үед наадмын амралт нь хэтэрсэн, халамцуу эрчүүд тус дэлгүүрээр орж гарч эргэлдэнэ. Нэг нөхөр шалчигнаад ирэхээр нь хөөж орхитол өнөөх дэлгүүр рүү ороод нам болов. Яачихсан дэлгүүр юм бол доо. Гадна ба дотно тохижилтоосоо эхлээд гайгүй л харагдсан юм сан. Ёстой гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгч байсан уу үгүй юу гэдгийг бүү мэд.

Сумын төвөөс гараад дутуу баригдсан засмал замын шороогоор явсангүй, шууд хөрсөн шороон замаар орж давхицгаалаа. Замын ажилчдын зоосон түр зам гэсэн тэмдэг нь одоо ч хэвээрээ байна. Ингэж хөрсөн шороон замаар явах нь илт хурдан байсан. Нэлээн орой болсон ч ердийн шороон замаар тун урагштай яваа тул аль болох ахиухан зам хороохоор шунав. Бас мэдээж хоноглоход тохиромжтой газар юу билээ гэсээр явлаа.

Ингээд Баруун бүрхийн голын хөндийн адаг руу дөхөж явтал "уламжлалт" бороо дусалж байна. Сүйдтэй үүл үгүй тул нартай бороо оров. Сүүлдээ аль үүлнээс ороод байгаа нь мэдэгдэхгүй бороон дуслууд ч бууж үзэв. Дээш харахад тэнгэрт борооны үүл үгүй атал бороо дуслаад байх нь сонин шүү. Энэ нь манай аяллыг заавал бороотой байлгах гэсэн мэт.

Жийж явсаар сумын 2-р баг "Хөгшчүүлийн суурин" хүрэхийн өмнөхөн, Хэрлэн голын өндөр эрэгт буулаа.

Зураг 11. Хэрлэн голын эрэгт, 7 сарын 15 өдөр 20:00 цаг

Маш сайхан орой болов. Ёстой тааваараа майхнаа барьж, гудас мишокоо дэлгэж, хоол цайгаа хийн идэж уулаа. Шөнөдөө ч тавтай сайхан унтаж амарцгаалаа.

Өдөр 7 - 7 сарын 16

Өндөр уулын бүслүүрээс холдсон тул тун дулаахан хонов. Гэхдээ хангай газар, голын хажууд гэсэндээ майхны дээр шүүдэр бууж, дотроосоо үл ялиг цантжээ.

Урьд өдрийн адил мэддэг замаар, голын хөндийгөөр уруудаж яваа тул замыг ёстой л "эвхэж" жийв. Ингэж жийгээд Багануур руу 12:00 цагт орлоо. Тэнд өдрийн хоолоо идэж, супермаркетаас хэрэгцээт зүйлсээ базаагаад хөдөллөө.

"Уламжлалт" бороо яаж үгүй байх вэ гэсэн мэт Багануурт байхад бас Багануураас гарах замд хэсэг дуслаад өнгөрлөө. Түр зуурын бороо байсан ч борооны курткаа гаргаж өмсөхөөс аргагүй байдалд хүргэсэн шүү. Бас өглөө хэд дусалж майхан яаруу сандруухан хураалгасныг ч дурдахгүй байхын аргагүй. Үүнээс болж майхан дутуу хатсан нь орой задлахад анзаарагдсан. Бороо гэж. Энэ аяллыг бороо л салшгүй дагаж байх шив дээ.

Багануураас гараад төөрөхийн аргагүй болтол мэддэг болсон "танил" замаараа жийсээр Архуст сумын төвд ирлээ.

Зураг 12. Архуст сумын төв дэх биеийн тамирын талбай

Архуст сумаар дайрч гараад аяллын хөтөлбөрийн дагуу Халзангийн амд машрутын 500 дахь км-т отоглолоо.

Энд үлийн цагаан оготно элбэг байсан тул идэш хоол хайн аяны богц цоолж магадгүй хэмээн хаширлаж унадаг дугуйнуудаа босгоод богцнуудаа ачиж газраас хөндий болголоо. Унадаг дугуй руу арай ч авирчихгүй биз гэж найдав. Яг үнэндээ үлийн цагаан оготно авирах чадвартай эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ Монгол оронд элбэг тархсан жирх зэрэг мэрэгчдийн авирах чадварын талаар "Монгол орны хѳхтѳн амьтны улаан данс ба хамгаалал" гэх мэт ном зохиолд бичсэн байдаг тул ийнхүү хаширлалаа.

Үүлэрхэг үдэш болов. Уулын амны адаг руу Бөөрөлжүүтийн талд бороо орно. Борооны зах бидний дээр цөөн хэдэн дусал болж буугаад өнгөрлөө.

Өдөр 8 - 7 сарын 17

Шөнө бороо оржээ. Чамгүй ширүүн бороо байсан бололтой гэмээр борооны дусалд шороо үсчсэн нь майхны хаяа зэргээс ажиглагдана.

Өнгөрөгч хэдэн өдөр өмнө явсан буюу мэддэг болсон газраар жийсэн тул газрын зураг харах шаардлага гарахгүй байсан юм. Харин өнөөдөр огт мэдэхгүй замаар жийх тул газрын зурагтай чамгүй зууралдана даа. Газрын зураг харж байршил болон явах замаа тодорхойлох нь аяллын эрчимд багагүй сөрөг нөлөөтэй байдаг. Иймээс багийн гишүүнээсээ аль болох түрүүлэн яваад гүйцэж ирэхээс нь урьтаж зөв замаа олох гэсэн тактик баримтална.

Отоглосон цэгээсээ баруун тийш чиглэн хөдөлж уулын амаар өгсөн явсаар хөтөл давахад өнөөдрийн гол зорилго 13-р зуун цогцолборын амралтын газрын бараа харагдлаа. Ийнхүү үд болохтой уралдан зорьсон газраа хүрэлцэн ирлээ.

Зураг 13. 13-р зуун цогцолбор, 7 сарын 17 өдөр 11:40 цаг

Цогцолборын өмнөд хэсгийн отогуудыг үзээд умрыг ганц отгийг дараах ирэхдээ үзэхээр үлдээлээ. Тэр отогт очоод, үзээд буцаж маршрутдаа орно гэвэл ахиад нэг цаг шахуу буюу нийтдээ 4 цаг зарцуулахаар байлаа.

Зураг 14. Урчуудын отог, 7 сарын 17 өдөр 12:25 цаг

Анх биднийг очиход цогцолбор нам жим буюу нэг ч үзэгч, аялагч алга байсан бол эхлээд хэдэн буриад, тэгээд хэдэн франц, бүр сүүлд монголчууд ирцгээсэн. Гэвч зарим отог дахь гэрүүд хаалттай, хаалгандаа цоожтой л байх юм билээ. Аялал жуулчлалын улирлын оргил үе болох өдийд биш бол өөр хэдийд бүрэн нээлттэй байдаг юм бол доо?

Зураг 15. Жүчээ

Цогцолбортой 15:00 цаг дөхтөл үзэж танилцлаа. Толгод ба хөндий дамжин отог хооронд жийх болон үзэж танилцахад 3 цаг зарцуулжээ.

Цогцолбороос холдож, маршрутын дагуух замдаа орох гэж багахан хадуурав. Замдаа ороод жийсээр явтал тэр өндөр уулыг үнэхээр бага өгсөлт уруудалттайгаар давчихлаа. Маршрутыг клубийн веб апп-д оруулж байхад замын энэ хэсэгт даваа байна гэж илтгээгүй нь аргагүй зөв байжээ. Ингээд Уршаантын голын хөндий рүү орж улмаар танил болсон уурхай өнгөртөл жийгээд 19:00 цагт Улаан овооны даваанаас холгүйхэн буюу УБ хотын хаяанд ирж, замаас төдий холгүй отоглолоо.

Майхнаа босгочихоод хоолоо хийцгээн сууж байхад нэг залуу бид нэжгээд ундаа өгсөн нь амны усгүй газарт хоноглож буй бидэнд үнэлж баршгүй бэлэг боллоо. Нутгийн оршин суугч, автомашинаар гэр рүүгээ харьж яваа гэсэн ба биднийг хараад зориуд ирсэн гэнэ.

Сониноос энэ шөнө бороо орсонгүй.

Өдөр 9 - 7 сарын 18

Улаан овооны даваа руу дөхөж хоносон тул бараг шууд л даваа өөд өгсөх замд орлоо. Тус давааг хотоос гарахдаа давсанаас зүүнтээгээр давлаа. Өөрөөр хэлбэл хоёр янзаар давсан гэсэн үг. Даваад уруудахад аяллын эхний өдрийнх шиг л огцом огцом зам угтлаа. Ерөнхийдөө Улаан овооны давааны өгсүүр нь баруун хойноосоо буюу Улаанбаатар талаасаа их бол харин зүүн өмнөөсөө бага ажээ.

Давааг өөрөөр давсан бид мэдээж уулын өөр амаар уруудах нь тодорхой. Ингээд Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөөний хамгаалалтын барилгыг чиглэн уруудлаа. Тус уулын ам болон хөшөөний эргэн тойронд бараг битүү хашаа байшин баригджээ. Бас хөшөө хүртэл тавигдсан байсан засмал замаас үргэлжлүүлэн баруун тийш шинээр засмал зам тавьжээ. Замыг дөнгөж сая тавьсаныг хав хар асфальтаас гадна ажлын зарим механизм одоо ч тэндээ зогсож буй нь илтгэнэ. Бас нэмж бичвэл замын салааны орчим байсан нэг тэмдэг дээр Playtime наадмын талбай гэсэн бичээс харагдсан шүү. Тэр зам тахиралдан үргэлжлэхдээ нэг айлын хашаагаар нэвт шувт гарсан бололтой харагдах нь зам ба хашаа хоёрын газар олголтын аль нэг нь но-той байсан байх гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц юм.

Улаан овооны даваагаар өнгийгөөд Улаанбаатар руу орж ирэхэд арай томхон сумын төв рүү орж ирсэн мэт сэтгэгдэл төрсөн. Гэхдээ зам нь гэрэлт дохиотойг тооцвол аймгийн төв гэмээр ч юм уу. Харин нэг ялгаа байсан нь Улаанбаатарын жолооч нар гэрлэн дохио улаанаар асчихаад байхад зогсдоггүй юм билээ.

УБ хотын хаяанаас өглөө эрт хөдөлсөн тул аяллын тарах цэг болох Дүнжингарав худалдааны төв улмаар гэртээ нэлээн эрт ирэв. Харин гэртээ ирсэн хойно бороо мөн л ёс мэт орлоо. Ийнхүү бараг өдөр бүр бороотой, бороогүй өдөр болох нь ээ гэх гэтэл нартай бороо орчихдог, бүр давраад үүлгүй тэнгэрээс бороо дуссан ч борооны сиймхий аятайхан таарсан ийм нэг аялал өндөрлөлөө.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх Г.Махгал
Ш.Мөнгөнсүх
  • 11861 км
  • 104
  • 9
  • 4
  • 2
  • 4
Г.Махгал
  • 16184 км
  • 152
  • 10
  • 3
  • 3
  • 5
Зүгээр л жий!