Аялал дараах хөтөлбөрөөр зохиогдоно.
Хөтөлбөр дэх "Өдөр 1" нь 8 сарын 4 буюу жийлт эхлэх өдөр болно.

Олон хоногийн аялал хүнээс ажил болон хувийн амьдралаа зохицуулах, цаг заваа урьдаас нарийн төлөвлөхийг шаарддаг нь Улаанбаатар уулын дугуйн клубийн өмнө зохиосон аяллуудад оролцсон ба оролцохыг хүсээд оролцож чадаагүй хүмүүсийн ярианаас анзаарагддаг юм. Түүнчлэн гэнэтийн ямар нэг шалтгаан ч гардаг юм билээ. Энэ удаад эдгээрийн аль аль тохиолдсоноор аялалд ганцаараа гарахаар боллоо. Хэрэв үйл явдлын тохироо анх ярилцацгааж байсантай таарсан бол хоёр бүсгүйтэй хамт Чух нуурыг зорих байлаа. Гэсэн ч аялал нэгээр дуусах биш. Дараа өөр гоё аяллаар хамт жийцгээнэ ээ.
Ийнхүү ганцаараа жийх болсон тул замдаа хоёр биш нэг хонох тухай өөрийн эрхгүй бодогдож эхэлсэн. Хожсон илүү хоног нь Чух нуур, Улз гол, Чух шувуу судлалын суурин, Дашбалбар сумтай сайтар танилцах боломж олгохоороо ач холбогдолтой юм. Нөгөө талаас ганцаараа явбал хурдан явна, олуулаа бол хол явна гэдэг үнэхээр үнэн бололтой. Үдээс өмнө хэсэгхэн жийхэд л замын ихэнхийг туулчихаж байв. Тэгээд гэлдэрч жийж чадахгүй бас майхнаа барьчихаад зүгээр л хэвтээд байж чадахгүй тул үдээс хойш мөнөөх л эрчмээрээ жийсээр явтал очих, ирэх замын тал хагас барагдчихсан. Хэрэв хоёул юм уу гурвуулаа жийж явсан бол татаж хүлээх, сүүлдсэн нэгнээ амраах, жаал жуул чалчих гэх мэтээр арай бага эрчтэй явсаар аяллын хөтөлбөрийн дагуу Чух нуур ба аймгийн төв хоорондын замд хоёр хонох байсан биз ээ.
Дорнод аймгийн зүүн хойд сумдын нутаг буюу чилийсэн их тал газраар аялаагүй тул зам ерөнхийдөө өгсүүртэй бас уруутай ч хамгийн их өгсөлт уруудалт ердөө 5 хувь юм. Тэгээд ч маршрут зохиохдоо өгсүүр, урууг аль болох бага байлгахыг эрмэлзсэн. Иймдээ Гурванзагал сумаас Чух нуур руу яг урдаас очих буюу дөт атлаа топографийн зураг дээр илүү нугачаатай гэж харагдах замыг зориуд орхиж Дашбалбар сум орох замыг сонгосон.
Нөгөө талаас өгсүүр уруу бага байх нь зам дээрх сул элс бага байхад нэмэртэй юм билээ. Дорнод бол хөрс нь элэгдлээ л бол элс гарч ирдэг газар шороотой нутаг ажээ. Үүнийг өмнө аймгийн төвөөс Буйр нуур хүртэл автомашинаар аялж байхдаа анзаарсан юм. Харин сая унадаг дугуйтай аялахдаа үүнийг бүр тод харлаа. Их налуу газарт орсон борооны ус зам дагаж урсахдаа хамаг ялзмагийг нь урсгачихдаг даа. Тийнхүү урссан хойно үлдэх зүйл гэвэл энд зөвхөн элс л байна. Эсрэгээрээ тэгш газар бол борооны ус хаашаа урсах вэ дээ, шавар болоод л байж байна. Харин унадаг дугуйгаар элс гэхээсээ шаврыг туулж гарахад хялбар байдаг.
Ийнхүү замын ерөнхий байдал элсэрхүү ч бас тийм ч ихгүй бөгөөд уулын өргөн гадартай унадаг дугуй бол давгүй явчихна даа. Харин миний хувьд шороон замын 40 мм өргөнтэй буюу нарийндуу гадартай унадаг дугуйгаар явсан тул элснээс болгоомжилж байлаа. Явахад хэцүү элс ганц л таарсан нь аймгийн төвөөс төмөр зам дагуу Чойбалсан сум руу шууд чиглэсэн замд байсан. Энэ нь элстэй замын ерөнхий төрхийн дагуу бүр ухагдаад үерийн далан мэт болсон байна билээ. Нэмж тэмдэглэхэд Чойбалсан сумынхан төмөр замаар хөндлөн гарч урагш хэсэг яваад дутуу баригдсан засмал замаар явж аймгийн төв рүү очдог гэсэн. Энэхүү замаар буцахдаа явж үзсэн. Бас нэмж тэмдэглэхэд уурхайн хүнд даацын машин явахад зориулсан засмал замыг хувийн компанийн хөрөнгөөр Адуунчулууны уурхайгаас хилийн боомт хүртэл тавиад эхэлжээ. Ажил нь энэ оны 7 сарын 15 өдрөөс эхэлж 24 сар үргэлжлэхийг мэдээлсэн самбар замд таарсан. Харин түрүүн дурдсан засмал зам бол нутгийн оршин суугчийн яриагаар баригдаж эхлээд хэдэн жилийн нүүрийг үзсэн агаад сонгууль дөхөхөөр л дуусах болов уу гэсэн таамагтай ажээ.
Энэ хэсгийн эхэнд өгсүүр уруугийн талаар дурдсан даа. Машрутын дагуу ийм өгсүүр уруу Чойбалсан сумаас Гурванзагал сум руу явах замын эхний 30 км-т байна. Энэ замаар явж байхад "За тэр гүдэн дээр гараад зогсож амсхийе." гэж бодогдох ба яг тэр цэгтээ хүрч очиход дараагийн гүдэн шууд залган үргэлжилнэ. Бараг л тасралтгүй өгсөж буй мэт сэтгэгдэл төрнө. Уулархаг газарт нэг өгсүүр давсаны дараа сэвэлзтэл урууддаг даа. Гэтэл энд уруудаж шалихгүй. Зүгээр л гүдгэр газар байна. Энэ нь дэлхий ч үнэхээр бөөрөнхий юм даа гэж аргагүй бодогдуулна.

Дээр бичсэнчлэн эрчимтэйхэн жийсэн тул аймгийн төвөөс Чойбалсан болон Гурванзагал сумуудаар дайрч Чух нуур хүртэлх 200 км замыг хоёр өдөрт туулсан буюу замдаа нэг л хонов. Энэ нь яг 103 дахь км дээр тохиож байв. Улаанбаатараас зүүн тийш цагийн бүс солигдохуйц алс газарт ирсэн нь өмнөх өдөр Чойбалсан хотод үдшийн бүрий хэрхэн орохоос илт анзаарагдаж байлаа. Бас тал газарт нар жаргамагц харанхуй болдог доо. Иймээс 18:00 цаг дөхөнгүүт аятайхан газар олж хоноглохоор аль хэдийн шийдсэн байлаа.

Зураг дээрх саравч намайг ашиглаач гэсэн шиг замаас холгүйхэн харагдав. Замаас гарч жийгээд хүртэл ялаа гэж жигтэйхэн юм. Голов. Ингээд цааш гучаад минут жийлээ. Оройн сэрүү орсон тул ингээд л жийгээд баймаар байлаа. Яагаад гэвэл Чойбалсан сумаас 13:00 цагт буюу их үдэд гарахаас эхлээд саяхныг болтолх өдрийн ид халуун үнэхээр чанга байсан юм. Дээхний орос машинтай жолооч нар ус халаад явуулахгүй байна гэдэг шиг л явдал болсон. Харин одоо бол хөл жирэлзэж харагдтал цахилна. Замыг ёстой эвхээд л байна. Гэлээ гээд үдэш болгочихоод улмаар майхан, мишок, хоол цай гэж харуй бүрийд бүртэлзэн үйлээ үзэлтэй биш гээд 18:05 цаг гэхэд хоноглох газраа олж буулаа. Өндөр биш дэнж дээр хонов. Энэ газар бол Гурванзагал сумаас аймгийн төв ба Чойбалсан сум руу явах замуудыг салаалуулах хошуу юм.

Нар 20:00 цаг ч болоогүй байхад жаргачихав. 6 сарын 22 буюу нар буцсанаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн болохоор аргагүй дээ. Үүнээс өмнө хоол цайгаа хийн идэж уугаад хэвтэж амрахад бэлэн болсон байлаа.
Буцах замдаа ч мөн л урьдын хоноглосон газраа 17:50 цагт ирж ахин хоноглосон. Харин эндээс өглөөдөө 08:30 цагт хөдөлж байлаа. Эхний шөнө огт салхигүй хоносон бол удаах шөнө багахан сэрчигнүүр салхитай байлаа. Майхан дээр үдэш багахан чийг буусан нь өглөө сэрэхэд оргүй хатсан байсан. Бас өглөө майхнаас гарахад өвс огт шүүдэргүй байсан. Иймээс майхны чийг хатаах зэрэг илүү ажил гарч цаг хугацаа хумсалсангүй.
Унадаг дугуйтай аялагчийг зутраагч ганцхан байдаг нь бороо юм. Энэ аялал ч бас бороотой дайралдсан. Жийлтийн хоёр дахь өдрийн өглөө сэрээд майхнаасаа гартал чанх хойно бороо орж буй бололтой гэмээр тэнгэр харанхуйлах нь анхаарал татлаа. Энэ бол Чойбалсан сумаас Гурванзагал сум хүрэх замын дунд, маршрутын 103 дахь км дээр байх үе шүү дээ. Тэр борооных уу гэмээр агаарын хэм үл ялиг доогуур бөгөөд сэвэлзүүр салхитай байна. Гэхдээ үес үес салхи тогтож, нар шарна. Ямартаа ч зайтай яваа борооноос урьтаж өглөөний хоол, цайгаа хийгээд идэж уугаад амжчихав. Хоол цай буцлах зуурт мишок, майхнаа хурааж ч амжлаа. Ингээд борооноос өмнө хөдөллөө.

Гар утас дээрх маршрутын чигт харвал хоёр бөөн харын дундуур сүн хийгээд гарчихмаар ч юм шиг санагдана. Гэхдээ л тэр өндөрт хэдэн арваас бүр 100 гаруй км/ц-ийн хурдтай нүүх үүлийг унадаг дугуйгаар гүйцнэ гэж юу байх вэ дээ. Салхины чиг л тэгж санагдуулна. Замын салаанд хүрэх үед бороо ч дусаад эхлэв. Эхний хэдэн том дусал нь борооны куртка өмстөл бөмбөгдөв.

Ингээд аймгийн төвөөс шууд Гурванзагал сум руу хүргэх "төв" зам руу орж зөөлнөөс зөөлөн шиврэх бороон дундуур жийлээ. Эргээд хартал хоноглосон газар руу бороо ширүүн орж буй бололтой. Үнэхээр ширүүн борооны хоёр голомтын дундуур сүнгэнүүлэн гарчээ. Азтай байна шүү. Зөөлөн шиврээ бороо ч төд удалгүй намдав. Ийнхүү талархаг буюу харууц сайтай газарт бороо явж өнгөрөх(шёл дождь)-ийг тов тодорхой харах шив дээ.
Гурванзагал сум руу явах зам шалчийтал норжээ. Сумын төв бүр битүү шалбааг. Сумын төвийнхөн "Өглөө бороо орчихлоо" л гэлцэнэ.
Шалчийтал норсон зам ёстой улгүй шавар болсоноос унадаг дугуй шарван явахад туйлын бэрх болсон тул замаас гарч off-road жийлт хийв. Зам дэвтсэн нь унадаг дугуйнаасаа буугаад унадаг дугуйгаа түших байтугай зүгээр гишгэхэд тогтож зогсохын аргагүй болжээ. Өдийг болтол ёстой цэмцгэр аялж явсан бол одоо "сайхан" шавардлаа даа. Унадаг дугуй ба аяны богцоо шаврын үлдэгдлээс бүр гэртээ харьж ирсэн хойноо л бүрэн салгаж дуусгасан шүү. Харин иртүүз спорт хувцас гэсэндээ хатсаных нь дараа ганц шудран арчихад л цэв цэвэрхэн болов.

Жийлтийн хоёр дахь өдөр өглөөдөө шавар гэж жаал мунгинасныг эс тооцвол тун урагштай явсаар Чух шувуу судлалын сууринд 16:10 цагт очлоо. Хэрэв бага үдийн хэрд их халаагүй бол 16:00 цагаас өмнө ч оччих байсан болов уу. Ингээд аяллын үндсэн зорилгодоо 200 км жийсний эцэст амжилттай хүрлээ.
Тус суурин дээр Шувуу хамгаалах төв болон хамтын ажиллагаатай гадаадын судлаачид, дотоод гадаадын сайн дурын ажилтнууд, дадлагажигч оюутнууд байрлан судалгааны өгөгдөл цуглуулан ажилладаг ажээ. Намайг хүрэлцэн очиход хоёр судлаач, хоёр дадлагажигч оюутан, нэг сайн дурын ажилтан байв.
Мөн тус нуурын эрэгт амралтын газар ажилладаг юм байна. Бас нуураас зайдуухан цөөн хэдэн айл зусаж, өвөлждөг ажээ.

Чух нуур нь ундаргатай усны эх үүсвэрээр тэтгэгддэг тул гантай жилд ч ширгэдэггүй гэнэ. Энэ нь усны болон эргийн шувуудын судалгааг жил тутам явуулахад тохиромжтой байх нэг хүчин зүйл болдог ажээ. Бас илүүдэл усаа Улз гол руу өгдөг бололтой юм. Иймээс ус нь цэнгэг ажээ. Гэхдээ яг буцалгаад уух гэвэл савны хананд өнгөр тогтож бас савны ёроол орчмоор мананцар үүснэ. Тэгэхээр нуурын усны хатуулаг их болов уу.
Энэ жил хур ус элбэг байгаа болохоор шувууд энд тэндгүй тарчихаад судалгааны зорилгоор тавьсан тороор шувуу тун цөөн баригдаж байгаа гэнэ. Үнэхээр намайг байх хоёр өдөр, гурван шөнөд ердөө ганц эргийн шувуу баригдсан. Баригдсан эргийн шувууны морфометрийн хэмжээг авч бөгжлөөд буцаан тавьдаг юм байна. Бас зарим усны шувуудад байршлын мэдээлэл дамжуулагч зүүхээр зэхжээ. Шувуудыг бөгжлөх болон дамжуулагч зүүх нь тэдний нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах боломж олгодог.


Шувуу торонд орсон байх үедээ гэмтэх, эндэх эрсдэлтэй тул торыг хоногийн 22 цагт ээлжээр шалгаж, зөвхөн 02:00 цагаас 04:00 цагт л завсарладаг ажээ. Гантай жилд, шувууд элбэг үед ажил нь ёстой оволздог бололтой. Харин энэ зуны хувьд сүрэглэн нисэж бас хаа сайгүй суудгаараа бор шувууд л торонд орцгоон овоо хийх ажил гаргаж буй аж.

Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар гурван сумын төвөөс хамгийн даржин нь Гурванзагал сумын төв аж.

Дашбалбар сумын төв бол нэлээд хөгжжээ. Одоо ч бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж буй нь харагдана.

Чойбалсан сум бол хуучин цагт стратегийн ач холбогдолтай байсан төмөр замын зөрлөг дагуу байрласан тул тэр үеийн үлдэгдэл - хаялга ихтэй юм.

Төмөр зам одоо ч ажиллагаатай хэвээр бөгөөд намайг очих үед УБТЗ-ын ажилчид өчигдөр бид төмөр замчдын баяр наадмаа тэмдэглэлээ гэлцэн "шил юм" тойруулан сууцгааж байлаа. Надад хундагалсаныг сэржим өргөөд буцаалаа. Харин аагим халуунд стакан дүүрэн цэв хүйтэн ус өгсөн нь ёстой голыг оносон унд байлаа. Үүнээс гадна Шим маркет гэдэг дэлгүүрийн худалдагч бүсгүй надад миний худалдаж авахаар сонгосон хүнсний бараа дээр нэмээд олон үр хольж нунтаглан хийсэн хөндий шагшуур үнэгүй өгөх гэсэн шүү. Талархал илэрхийлээд өөрийн худалдаж авахаар сонгосон барааныхаа үнийг төлөөд харин түүний санал болгосон олон үрийн шагшуурыг бэлэг болгон авлаа. Чойбалсан сумаар ороод унадаг дугуйтай хоёр жаал хүүгээс аль дэлгүүрээр орвол зүгээр вэ гэсэнд мань хоёр "Шим орсон нь зүгээр дээ" гэсэн юм. Учиртай л байж. Харин Гурванзагал сумын төвөөр хоёронтаа дайрахдаа орсон нэг дэлгүүрийн худалдагч бүсгүй бол намайг бараг "таньж ядаж" л байна билээ. Бүр цаашилбал Дашбалбар сумын төвийн дэлгүүрээр орохдоо унадаг дугуйгаа хашаанаас гинжээр уях гэх мэтчилэн сумын төв бүр өөр өөрийн онцлогтой байлаа. Бум бужигнаж, түм түжигнэсэн газарт унадаг дугуйгаа алдчихаад сумын цагдаад төвөг удалтай биш. Сумын цагдаа гэснээс Гурванзагал сумын төвийн цагдаа кобан байдлаар ажилладаг бололтой нь харагдсан.

Сумдын нийтлэг олзуурхууштай тал гэвэл таримал мод, цэцэрлэгт хүрээлэн, салхилан сууж амрах талбай байлаа. Тэдгээрийн тохижилт нь мөн л сумын төвийнхөө хөгжлийн түвшинтэй пропорционал юм билээ. Харин тэр сайхан талбайг сумын төвийн оршин суугчид буюу эзэд нь өөрсдөө цэвэр цэмцгэр эдэлж хэрэглэх тал дээрээ дутагдалтай байсныг бичихгүй байхын аргагүй байна.

Хүндрэл гэвэл ямар ч голгүй, хув хуурай газар орноор жийх байсан. Иймдээ ч хоёр сумын төвийг дайрч явах маршрут зохиосон л доо. Сумын төвөөс ундны усаа цэнэглэнэ гэж тооцсондоо тэр шүү дээ. Машинтай хүмүүс бол сумын төвөөр дайралгүй шууд яваад оччихдог гэсэн. Харин ингэж сумын төвүүдээр дайрч явбал нэлээн тойруу болж байгаа юм. Ямартаа Чойлбалсан сум дээр нэг бүсгүй "бүр тойрч алсуур яваа юм байна шүү дээ" гэх вэ дээ. Гэвч унадаг дугуй ачааны эзэлхүүн, даац болон хурдаар хязгаарлагдмал учраас ийм тойруу замаар явахаас өөр яах билээ. Хэдийгээр замд цөөрөм дайралдах боловч нил давс хужир болсон тэр усыг ууж болох биш.

Айл хунараас ус гуйж болох ч бензин шатахуун хомсдсон эдүгээ цагт хэрэггүй биз дээ. Учир нь зүүн аймгийнхан ундны усаа худгаас л авцгаадаг юм билээ. Шатахуун элбэг байлаа ч худаг, насос, генератор гэж бужигнуулах нь төвөг биз дээ. Үнэхээр Чойбалсан сумын төв дэх Сувд гэдэг цайны газарт хооллож суухад нутгийнхан худгийн моторт хийх шатахуунгүй болох нь ээ хэмээн халаглацгааж байсныг сонссоноо тэмдэглэе.
Бэрхшээл гэвэл жийлтийн нийт 4 өдрийн хоёрт нь их халсанаас нэн ялангуяа сүүлийн өдөр чанх өөдөөс чамгүй хүчтэй халуун салхи үлээж байсан явдлыг хэлнэ. Усаа хангалттай нөөцөлсөн байсан тулдаа ангаад хэвтчихээгүй шүү.

Харин эрсдэл гэвэл тулгарч болзошгүйг нь тоочиж барахгүй тул яг бодитоор тохиолдсоныг л тэмдэглэн үлдээе.
УБ-аас Чойбалсан хот ортол хоёр ч газар зам хааж засвар хийж байсан тул түр зуурын шороон замаар сажилсан. Харин УБ руу буцаж байхад өнөөх хоёр дээр нэмээд Багануур - УБ чиглэлийн замыг ч хааж эхэлж байсан. Хэрэв тэдгээр шороон зам байгаагүй бол огт хурд хэтрүүлэлгүйгээр дорхноо л УБ-аас Чойбалсан бас Чойбалсангаас УБ орчихоор юм билээ. УБ-аас эрт хөдлөн Налайхын зам дээр 07:00 цагт гарч цааш давхитал Чойбалсан хот руу 19 цагаас өмнөхөн орсон. Зам засварын ажил өрнөж шороон зам руу оруулаагүй бол бүр эрт орох байсан нь лавтай. Харин надаас өөр жолооч бол хамаагүй эрт ордог байх аа. Учир нь хамгийн удаан явж буй жолооч гэвэл ганц би л байлаа шүү дээ. Харин хаа очиж замын нүх эвдрэл гайгүй тул дугуйгаа хагалсан, онхолдсон тохиолдол таарахгүй юм билээ. Гэтэл овоо нүхтэй жишээлбэл УБ - Замын үүд чиглэлийн замд дугуйгаа хагалсан машин гурав дөрвөөрөө зогсож байдаг юм билээ. Самбаачилж чадахгүй юм байж тэгтлээ хурдалж яадаг байна аа. УБ - Чойбалсан зам дээр ч бас самбаачилж амжихгүй юм байж хэт хурдлаад адуу үхэр дайрсан нь гурав дөрвөөрөө харагдаад өнгөрсөн.
Чойбалсан хотод автомашинаа гараашд тавьж үлдээчихээд сэтгэл амар жийх боломж бүрдүүлсэн мөн түүнчлэн хоёр шөнө хоноглох байраар хангасан ШХТ-ийн судлаач С.Халиуны аав ээж хоёрт талархал илэрхийье.