
Ёстой л дугуй жийж баймаар сайхан өдөр боллоо. Өглөөдөө цуглах цэг рүү улмаар Санзай руу жийх үед уул хөндийн салхи үлээн ар нуруунаас хүчтэйхэн түрнэ. Сэлбэ голын урсгал дагуу хот руу чиглэн уруудах гэж үзвэл салхи өөдөөс үлээгээд хүчлүүлэн байж тун дургүй явна.
Сэлбэ голын эх хиймэл нуураас цааш замын нугачаа болон замын салаа бүрт татан алгуур явсаар 12:00 цагт багийн түрүүч Духын даваа дээр гарлаа. Давааны зам дагуу үхрийн нүд, аньс, бөөрөлзгөнө зэрэг жимс битүү ургажээ.

Би энэ давааны оройн цэгийг заадаг юм шүү гэсэн мэт ганцаараа онцгойрч ургаад үхэжсэн модны доор сууцгаан амарч, үүрч ирсэн унд хоолоо ууж идэн эрч хүчээ сэлбэцгээлээ. Тийн суухад мотор чимээ сонсогдсоныг эхэндээ хөрөө юу гэтэл үгүй аж. Төд удалгүй моторын дуу ойртсоор нэгэн мотоциклчин Баруун голын хөндийгөөс өгсөн гарч ирлээ. Улмаар ар араасаа хэсэг хугацааны хоцрогдолтойгоор хоёр дахь бас гурав дахь гараад ирэв. Мөн л бидэн шиг уул даваа хэрж явагчид гэнэ. Даваанаас уруудан Улиастайн баруун голын эх хавиар жийж явахад мотоциклчдын гаргасан мөр зэрвэс зэрвэс харагдана. Мотоцикл нэг талаас амар ч нөгөө талаас хэцүү унаа бололтой. Унадаг дугуй ч бас амартаа амар байдаг ба хэцүү дээ хэцүү л "байсан". Байсан гэдэг нь иймэрхүү уулын замыг хэдэн мянган км-ээр туулж унадаг дугуйндаа гаршсан догь хүмүүсийн л үг. Мотоциклчид ч бас "Унаад яваад үзэхгүй юу" л гэцгээсэн шүү. Иймдээ ч аль аль хоббитонгууд цөөн байдаг биз хэмээн өөр өөрсдийн хоббигоор хэсэгхэн бахархацгаав.
Одоо ингээд Улиастайн баруун голын эхээс Бурхант хошуу хүртэлх жинхэнэ кросс-каунтри уулын дугуйн замаар уруудна даа. Өдий намар цаг гэсэндээ голын эх хавийн ус чамгүй багасаж зам үндсэндээ хуурай болжээ. Гэсэн ч гол огтолж гарах бас голын салаа дагуу жийх гэх мэтчилэн ус туучна. Түүнчлэн зам нэлээд чулуурхаг ба тэдгээр чулуу нь дориухан том. Эдгээр бүгд нь л жинхэнэ кросс-каунтри төрлийн уулын дугуйн зам болгож буй юм даа. Том том бас битүү чулуутай замын ганц давуу тал байдаг нь автомашин болон ус зэргийн элэгдлээс замыг хамгаалдаг явдал юм. Иймдээ ч хэдэн жилийн өмнө жийж явсан зам танил болсон яг тэр хэвээрээ.
Бурхант хошуу орчимд Улиастайн баруун голыг гүүрээр хөндлөн гарч хэсэг амсхийгээд улмаар клубийн гишүүдээс "Еэвэнгийн дэлгүүр" хэмээх нэрийг олсон дэлгүүрт ирж түр амарцгаалаа. Хэдийд ч тогтмол ажиллаж байдаг энэ дэлгүүрээс унд, хүнс авна гэж найдан аяллаа төлөвлөдөг дөө. Зөвхөн энэ аялал гэлтгүй бас жишээлбэл Нурамтын даваа давах аяллын маршрутыг энэ л дэлгүүрээр дайруулан зурдаг.
Еэвэнгийн дэлгүүрээс хөдлөөд Улиастайн голыг туулан байж хөндийн зүүн талд гарах маршрут зохиосон маань энэ удаагийн аялалд төдий л зохицсонгүй. Гэхдээ дараачийн аяллуудад асуудалгүй биз ээ. Учир нь бидний зам дагуу төв замаас угтуулан засмал зам барьж буйд оршино. Уг ажил энэ намартаа дуусах биз. Тэгэхээр зөвхөн энэ намартаа ахиж жийх хэрэггүй аж. Ингээд засмал замын баригдаж гүйцсэн хэсэгт дугуй хүрмэгц нэгэн дэлгүүрийн гадаа татаад улмаар цааш зогсолтгүй жийсээр тарах цэг буюу Дүнжингарав худалдааны төвийн өмнө 17:40 цагт ирсэнээр энэ удаагийн аялал амжилттай өндөрлөлөө.
Түүнчлэн өнөөдрийн аяллаар нэгэн онцлууштай явдал тохиосон нь С.Лувсан гишүүний Бахархлын ногоон тэмдгийг гардуулах ёслол байлаа. С.Лувсан нь клубийн аяллаар 2392 км зам туулах болзолтой Өрнөд дорнод нэртэй бахархлын ногоон тэмдгийн болзол биелүүлсэнийг гэрчлэх тэмдгийг клубийн үүсгэн байгуулагч Э.Отгонжаргал админ гардуулан өгч, аяллын багтай хамт дурсгалын зураг татууллаа.

Ийнхүү зэрлэг жимсээр амтажсан, шаргал нараар ээсэн намар цагийн нэгэн сайхан аялал клубийн түүхийн хуудсыг нэгээр нэмлээ. Түүх бүтээлцэн хамт жийсэн багийн багийн гишүүддээ нийт багийн өмнөөс талархал илэрхийлье.
Зүгээр л жий.