
Энэ онд манай клуб Тэрэлжийг зорьсон аялал зохиогоогүй юм сан жээ. Хоёрын хоёр давааны цаана, ирэх очих нийт 100 км замтай Тэрэлж рүү намар эрт өдий цагт л тэмцэхгүй бол өөр хэзээ билээ. Иймийн учир 4 даваа бүхий энэхүү аяллыг товлосон билээ.
8 дугаар сүүл, 9 дүгээр сарын эх бол Улаанбаатар хотод амьдран суудаг унадаг дугуйчдын хувьд ёстой л өдөр алгасалгүй жийж баймаар аятай сайхан цаг үе юм. Өнөөдөр ч гэсэн яг л ийм сайхан өдөр болж өнгөрлөө. Жийхгүй зогсохоор салхинд үл ялиг жихүүцмээр, харин жийгээд явахаар дулаахан атлаа халууцаж улмаар ангаж цангахгүй нь туйлын таатай.
Аялалд оролцохоор хол, ойроос бас шинэ, хуучин гэх мэтчилэн нийт 5 хүн бүртгүүлсэн ч намрын их ажлаас болсон уу цуглах цэг дээр хоёулаа л ирэв. Харин клубийн адмиин Э.Отгонжаргал (Ожго) ах биднийг аялалд гаргаж өгөхөөр хүрэлцэн ирсэнээр Амгалангийн уулзвар хүртэл гурвуулаа жийлээ. Улмаар цааш нийтдээ цаг шахуу жийгээд Гачууртын автобусны эцсийн буудалд хүрлээ.
Гачууртын автобусны буудлын ойролцоох CU дэлгүүрийн гадаа өөр бүлэг дугуйчид язганаж байна. Ер танихгүй дугуйчид байна. Багийн гишүүн маань л тэр байна гэж ганц нэг хүний нэр хэлэв. Түүнийхээр нэг байгууллагын ажилчид унадаг дугуйгаар яваа бололтой. Тэдний явдлын эрчим болон бусад янз төрхийг харвал үнэхээр тийм гэлтэй. Эхэндээ тэднийг бас л бидэн шиг Тэрэлж орох юм болов уу гэж бодсон юм. Гэвч бидэнтэй ахин таарсангүйг бодвол тэр хавьцаа хэсэг жийгээд буцсан бололтой. Харин ууланд 5 мотоциклчинтой л тааралдав. Биднийг Хоёр даваа руу өгсөж явахад Шилжрэнгийн даваагаар давцгаагаад цааш Хоёр даваа руу мацацгаасан юм. Өнгөрөгч долоо хоногт 3, энэ долоо хоногт 5 мотоциклчин. Уг нь энэ хавар, Талын салхи гэдэг мотоциклчдын цуглааны үеэр хэчнээн олон мотоциклчин байсныг бодвол өдийд уулаар мотоциклын дуу тасралтгүй хадаж баймаар. Гэвч хоёр дугуйт хүлгээр ёстой л хаа сайгүй хөлхөж баймаар ийм сайхан цаг улиралд мотортой ба моторгүй аль алийг хөлөглөгчид уул хадыг төдийлөн олноор зорьдоггүй ажээ.

Эхний даваа болох хоёр даваа дээр 12:00 цагт дөнгөж гарав. Замдаа гуанзаар орж, дэлгүүрээр хэссээр овоо цаг алджээ. Гэсэн ч Хоёр даваа дээр хөнгөн цайлав. Шилжрээнгийн даваа дээр цайлна гэхээр Тэрэлжид бүр тулчих гээд байсан тул тийнхүү сууцгаав.

Тэрэлжид 13 цаг өнгөрөөсхийгээд очив. Ойрхон ойрхон хоёр даваа давсан болохоор цаг төдий их алдаагүй аж. Ингээд өмнө ирэхдээ орж байсан цайны газраар орлоо. Байршил нь хэвээрээ ч байшин нь өөрчлөгджээ. 28-уулаа ирэхэд багтаагаад суулгачихаар ширээ сандал бас цэлгэр заалтай юм.
Тэрэлж голын эрэгт дурсгалын фото зураг авахуулчихаад яг 14:00 цаг гэхэд буцахаар хөдөллөө. Ингээд ирсэн замаараа сурсан дууланхан жийлээ дээ. Сурсан дуу гэснээс Хоёр давааны өндрөөр давдаг замыг хусаж тэгшилжээ. Өмнө нэг аяллын үеэр тэр замд Asia автобус хазайгаад, зорчигчид нь бууцгааж "хэцүүхэн" явж буй нь харагдаж байсан юм. Харин одоо алзахааргүй болтол засжээ. Иймээс Хоёр давааг аль аль талаас нь ядах юмгүй давлаа.
Даваануудаа давж дуусгачихаад Их хуандын амаар ямар ч салхигүйд ёстой ярилзтал жийн, жирилзтэл давхиж явсан бол уулын амнаас гараад хотын төв рүү чиглэхээс эхлээд салхи сөрсөн дөө. Угаасаа Гачууртаас буцахад салхи сөрдөг нь гэм биш зан тул тоосонгүй. Харин аюулгүй байдлаа эрхэмлэн автозамын хажуугаар явган зорчигчийн замаар жийсээр Амгалангийн уулзварт хүрлээ. Үүнээс цааш Дүнжингаравын унадаг дугуйн замаар салхи сөрөн Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвийн өмнө хэдэн минутын дотор очихоо үзэхээр буудацгаалаа. 12-16 минут жийцгээж 17:50 цагт Дүнжингаравын өмнө очсоноор аялал дууслаа. COP17-оор далимдуулсан хөл хорио тавигдсан гэсэндээ тэр хавиар хөл хөдөлгөөн жигтэйхэн их. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл гэж. Гэснээс энэ мэтчилэн намрын ажлаа эрчтэйхэн амжуулчихаад Зүгээр л жий. Эсвэл "Зүгээр л жий"ж биеэ чанга болгочихоод намрын ажлаа эрчтэйхэн хий. За за өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг болох нь. Зүгээр л жий.