Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Дугуйчны долоон даваа сорилго #10 - Дугуйчны долоон даваа 2026

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Дугуйчны долоон даваа сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/422
Аяллын төрөл
Дугуйчны долоон даваа сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
122 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2245 м
Өндөр алдалт
-2248 м
Их өгсөлт
17.2 %
Их уруудалт
-18.6 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2026 оны 9 сарын 5 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон арга хэмжээнүүдийн нэг - "Долоон даваа" нь 10 дахь удаагаа зохиогдож байна.

Ганцаарчилсан аяллын төрлөөр зохиогддог тус сорилго нь унадаг дугуйчнаас дараах бэлтгэл, ур чадварыг шаарддаг.

  1. Аяллын маршрут ба газар орны онцлогийг урьдчилан судалж, эргэлтийн цэгүүдийг тэмдэглэж авах эсвэл цээжилж тогтоох
  2. Газрын зураг болон GPS төхөөрөмж ашиглах
  3. Унадаг дугуйныхаа бүрэн бүтэн байдлыг хангах
  4. Цаг агаарын байдалд тохируулж хувцсаа сонгох болон тохируулж өмсөх
  5. Хоол хүнсээ зэхэх
  6. Жийлтийн эрчим буюу хурдаа тааруулах
  7. Амарч хооллох цагаа зохицуулах
  8. Унадаг дугуйныхаа эвдрэл гэмтлийг засах

Энэ нь байгальд бие даан аялах чадвар ахиулах, туршлага хуримтлуулахад ач холбогдолтой юм. Түүнчлэн аяллын үеэр цаг хугацаатай уралдах явдал цөөнгүй тохиолддог. Иймд энэхүү сорилго нь цагийн хязгаарлалттай.

Товчхондоо "Дугуйчны долоон даваа" нь унадаг дугуйчин хүний тухайн жилийн бэлтгэл болоод тэсвэр хатуужлыг замын урт ба цаг хугацаа хавсарсан шалгуураар сорьдог.

БҮРТГЭЛ, ХУРААМЖ

Энэхүү вебээр дамжуулж цахимаар бүртгүүлнэ. Бүртгүүлэх үйл явц нь Улаанбаатар уулын дугуйн клубийн аяллуудтай ижил байна.

Түүнчлэн клубийн бусад аяллууд шиг ямарваа ХУРААМЖГҮЙ.

Бүртгэл нь сайн дурынх байх бөгөөд сорилгод оролцогч нь өөртөө тохиолдох эрсдэл болон бусад аливаа тохиолдлуудыг зөвхөн өөрөө хариуцна.

ШАГНАЛ

Дугуйчны долоон даваа сорилго аялал нь үнэ бүхий ШАГНАЛГҮЙ. Харин сорилго давсаныг гэрчилсэн нотолгоог энэхүү веб хуудас дээр нийтэлнэ. Мөн сорилгыг хэчнээн удаа давсаныг илэрхийлэх нэгдсэн жагсаалтад эрэмбэлэгдэнэ.

Давах даваа, замын урт, цаг хугацаа гэсэн болзлуудыг бүрэн биелүүлсэн буюу гарааны цэгт ирцээ бүртгүүлж улмаар заасан замыг тогтоосон хугацаанд туулж барианд орсон тохиолдолд сорилго давсан гэж үзнэ. Заасан замыг тогтоосон хугацаанд туулсанаа унадаг дугуйн аяллын зориулалттай Strava гэх мэт аппликейшн дээрх бичлэгээр батална.

МАРШРУТ

Гачуурт дахь Монгол шилтгээн дээр унадаг дугуйгаа унаж очоод гараанаас гарна. Заасан маршрутаар жийж даваа давсаар, Улиастайн ам дахь (48.039079, 107.061671) газарзүйн координаттай цэг буюу маршрутын дагуух замын 100.6 км-т байх багахан суурингийн дэлгүүрийн гадаа заасан цагт багтаж барианд орно. Маршрут буюу замын зургийг энэхүү веб хуудас дээр нийтэлсэн. Маршрутыг GPX форматаар татан авч GPS дэмждэг гар утас, унадаг дугуйн компьютер зэрэг төхөөрөмж рүү оруулаад улмаар аяллын үеэр байршлаа шалгах, явах чигээ тодорхойлох боломжтой.

Гараанаас гарч Гачууртын голын хөндийгөөр өгсөн 14 км жийгээд баруун гар тийш эргэн Шилжирийн голыг өгсөж Шилжрэнгийн даваа давна. Даваанаас уруудаж багавтар тариалангийн талбай улмаар жижгэвтэр суурин хүрээд Хоёр даваа руу өгсөнө. Тус давааг өндөр ба нам хоёр янзаар давж болдог. Өндрөөр давах замыг саяхан зассан байсан. Цааш уруудаж зүүн гар талын уулын хошуу ороогоод өгсөж Шилжрээнгийн даваа дээр гарна. Эдгээр гурван давааны орой 4-5 км орчим зайтай буюу маш ойр оршдог даваанууд юм. Шилжрээнгийн даваанаас уруудах зам хэдэн салаатай. Даваанаас урдуудаж Шилжрээнгийн амаар 7 км шахуу яван Тэрэлж суурин дахь Болор цайны газарт хүрээд буцна.

Тэрэлж суурингаас буцаж Шилжрээнгийн даваа, Хоёр даваа, Шилжрэнгийн давааг нөгөө талаас нь давна. Шилжрэнгийн даваанаас уруудаж, өглөө жийж ирсэн замаараа буцаж явсаар маршрутын 76.5 км-т хүрээд баруун гар тийш эргэнэ. Хэрэв үүгээр эргээгүй бол ахин 300 метрийн дараа тод зам сална. Ингээд Нурамтын даваа руу өгсөх замд орно. Даваа руу өгсөх зам харьцангуй цагаан бол уруудах зам эхэндээ нугачаатай. Даваанаас цааш уулын амаа даган уруудсаар Хойд баян голын хөндий рүү орж голыг гармаар гарна. Улмаар хөндийгөөр уруудсаар Улиастайн голын хөндий рүү орно. Маршрутын 100 дахь км-т хүрээд Улиастайн голыг гармаар гараад барианд орно.

ГАРАА БАРИАНЫ БАЙРШИЛ БА ЦАГИЙН ХУВААРЬ

Гараа болон бариа нь дор заасан байршил болон цагийн хуваарьтай байна. Сорилгод оролцогч нь ирц болон жийлтээ гараа болон барианы цэг дээр харгалзах хугацааны интервалд багтаж бүртгүүлнэ.

  • Гараа
    Гачуурт дахь Монгол шилтгээн
    08:00 цаг
  • Бариа
    Улиастайн ам дахь (48.039079, 107.061671) газарзүйн координаттай цэг буюу маршрутын дагуух замын 100.6 км-т байх суурингийн дэлгүүрийн гадаа (жич: тус дэлгүүрт манай клубийнхэн "Еэвэнгийн дэлгүүр" гэсэн албан бус нэр өгсөн байдаг)
    18:00 цаг хүртэл

Заасан цагт багтаж барианд ороогүй эсвэл орохооргүй болсон дугуйчин замын дундаас гарч сорилгыг дуусгах бөгөөд үүнийгээ зохион байгуулагчдад мэдэгдэх албагүй.

БУСАД

  • Дугуйчны долоон даваа сорилго аялалд зөвхөн хүний булчингийн хүчээр хөдөлж явдаг унадаг дугуйгаар оролцоно.
  • Улаанбаатар уулын дугуйн клубийн аяллын үеэр автомашин дагуулдаггүй уламжлалтай бөгөөд үүнийг энэхүү аялал - сорилгын үеэр ч энэхүү уламжлалыг даган мөрдөнө.
  • Энд зааснаас бусад тохиолдлоор үүсэх асуудлыг Улаанбаатар уулын дугуйн клубийн Цахим гэрээгээр зохицуулна.
  • Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан сорилго хойшилж болно.

Дугуйчны долоон даваа сорилгод оролцох танд амжилт хүсье.

Зүгээр л жий.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Дугуйчны долоон даваа сорилгын барианы цэгт, 17:49 цаг

ЯТА Э.Отгонжаргалын тэмдэглэл

Долоон давааны аялал нь ганцаарчлан жийдэг тул хэрхэн аялсанаа дор сийрүүллээ. Манай багийнхан мөн өөрсдийн тэмдэглэлийг туурвих буй за.

Намрын нарлаг сайхан өглөө цуглах цэг рүү жийж явахад өнөөдрийн сорилт аяллын замыг дуусгаж чадах эргэлзээнээс илүүтэйгээр дугуйныхаа арын гадарын ханзархайг бодож явлаа. Өмнөх Духын давааны аяллын үеэр дээрхи гэмтэлийг олж анзаарсан юм. Өчигдөр орой мөлт хальт наасан болоод дугуйндаа чи чаднаа, тэсээрэй гээд л орхисонсон.

Цаг 8.40 болж байхад Монгол шилтгээн дээр ирэв. Багийн 3 гишүүн иржээ. Шинэ нэг залуу ч байв. Аялал цагтаа эхлэв. Шар хоолой өгссөн засмал зам үргэлжлэн тавигдсаар Булгийн амны эх хүрчээ. Шороон зам руу орж Нурамтын амны баруун талаар гарч явахдаа өнөөдрийн хамгийн сүүлийн даваа энэ чиглэлд шүү дээ гэж хальтхан бодсоор Шилжрэнгийн даваа руу салах зам руу орлоо. Голын гарамаар гарч суурин руу орлоо. Ус бага байв. Энэ даваа нь алсын өгсүүртэйн дээр дэнж хотос гүдгэр гээд тамир хүч хомслох замтай. Амралтын газар өнгөртөл жийгээд давааны үндсэн өгсүүр эхэллээ.

Давааны ойн захыг барьсан "шинэ" зам гарчээ. Хуучин зам нь ойн чөлөө дагасан чулуу ихтэй байдаг. Шинэ зам нь чулуу багатай юм. Дороос манай админ залуу чөлөөтэй эргүүлэн жийсээр даваа өөд уужуухан өгссөөр хажуугаар гарч одов.

Зураг 2. Нэг давлаа. Шилжрэнгийн даваа. 9.30 цаг

Даваан дээр намрын ой шуугин, сэрүүн салхи сэвэлзэх нь нэн таатай. Миний хувьд даваануудыг "аргадан давах" тактик баримтлан явсаар ийнхүү нэг давлаа. Тактикийн үндсэн зарчим нь аль болох давааны орой руу өгсөн дөхөж жийсээр, үлдсэн зайг дугуйгаа түрэн алхаж туулах. Хэт хүчлэж, өөрийн хязгаараас (долоон даваа шүү дээ) давах хэрэггүй. Мөн "залхуурч" хэт холоос дугуйнаасаа бууж алхаж болохгүй. Энэ тактик зөвхөн надад л тохирно. Залуус бол огт өөр тактиктай байх нь аргагүй.

Доош уруудан энгэрт нь баригдаж буй хотхоны хашаа эмжээрлэн явсаар жижиг горхи гарч дараагийн давааны наана орших хярын өгсүүр замтай нийлэв. Алсаас сүртэйхэн харагдах энэ өгсүүр яг тулаад жийхээр явууртай гэж жигтэйхэн тул баярлаад л өгсчихлөө. Хяр дээрээс Хоёр давааг давах дээд, доод зам хоёулаа харагдана. Автомашинууд дээд замаар нь давдаг ба замыг нь эвтэйхэн зассан байв. Хяраа уруудан доод зам руу чиглэн явсаар давааны үндсэн өгсүүрт ядрал багатай ирлээ. Анхны 7 давааны аялалд залуус маань яг ингэж давааны хормойд ирж жавхаатай жийн өгссөөр энэ даваа дээр гарч байсансан.

Зураг 3. Хоёр давлаа. Хоёр даваа. 10.05 цаг

Даваа дээр амарч замын хүнсээ идэж цайлаад доошоо Дэндийн ам чиглэсэн чулуутай замаар уруудан, булгийн хормойгоор гарч замтай нийлэв. Хуучны толгой ороож уруудсан зам бүр эдгэж "алга болсон" байв. Шилжрээнгийн давааны зам бас  өөрчлөгдөн, бэлийн доогуур нуга даган модон дундуур зурайсан шинэ зам гарчээ. Энэ замаар нь өгслөө. Чулуу багатай ой модон дундуур болохоор нөмөр нөөлөг байв. Дээр очоод хуучин замтайгаа нийлжээ.

Зураг 4. Гурав давлаа. Шилжрээнгийн даваа. 10.38 цаг

Овоогоо тойроод бэл дагасан хэвгий замаар уруудчихлаа. Энэ замд олон дугуйчид унаж байсан тул болгоомж илүүдэхгүй. Нэг л хазгай гишгэх, тэнцвэр алдахад өнөөдрийн аялал "дуусна". Дажгүй уруудсаар зоон дээр хүрч, тэр чигээрээ доош Тэрэлж рүү нисэх мэт л буулаа. Замын хажууд очих цэг "Болор" цайны газар харагдана, гадна нэг унадаг дугуй байна. Цаг 11.00.

Зураг 5. Тэрэлж, Болор цайны газар. 11.00 цаг

Манай админ Махгал хоолоо идээд дуусаж байв. Хоол захиалан, үзэмтэй шүүс ууж, буцах замдаа идэх хоёр ороомог боолгож авав. Удалгүй араас манай багийн Мөнгөнсүх бүсгүй, мөн хоцорч гараад араас нэхсэн Содбилэг залуу гишүүн маань ирлээ. Харин шинэ залуу байсангүй. Замд хэн ч таараагүй гэж Содоо маань хэлэв. Буцсан бололтой.

Хамтдаа сайхан амарч аваад Тэрэлжээс гарч Шилжрээнгийн давааны алсын өгсүүрт 4-үүлээ жийлээ. Манай багийнхан аажмаар зай аван холдож өгссөөр эхний хүн жийсээр зоон дээгүүр даван бараа тасрав. Янзтай жийж байна даа, энэ маягаар бүх давааг жийгээд гарах юм байна гэж бахархан бодов. Нар ээсэн халуун боловч салхи өөдөөс сэвэлзэн бидэнд туслав. Дараагийн хоёр маань гарчихлаа. Зоон дээр гарч хэвгий замаар болгоомжтой жийсээр 4 давлаа. Даваан дээр мэдээж манай 3 сураггүй, уруудаад оджээ.

Зураг 6. Дөрөв давлаа. Шилжрээнгийн даваа. 12.40 цаг

Даваа уруудан доод хошуу ороох замд Мөнгөөтэй нийлэв. Содоо 200 орчим метр зайд өгсөж харагдана. Хоёр даваагаа дээд хэсгээр нь давахаар шийдэв. Зам нь засагдаад сайхан болжээ. Бүсгүй маань өгсүүрт жийсээр алсрав. Давааны дээд хэсэг нь тахиралдсан огцом хоёр өгсүүртэй байв.

Зураг 7. Тав давлаа. Хоёр давааны дээд хэсэг. 13.17 цаг

Сайхан даваа юмаа. Энэ чиглэлээр олон удаа цааш нааш явахад энэ замаар давж байсангүй.

Дардан замаар уруудан өглөөний давсан хярыг давж доош уруудав. Шилжрэнгийн давааны өгсүүр замын дунд манай 2 жийж харагдана. Араас нь жийсээр хотхоны хашааны үзүүр хүрээд алхчихлаа. Даваан дээр сэрүүхэн салхи салхилж, нэг морьтой хүн надаас хэдэн адуу асуугаад явлаа.

Зураг 8. Зургаа давлаа. Шилжрэнгийн даваа. 13.50 цаг

Нэг ороомгоо идэн гялс цайлаад уруудав. Суурингийн дундуур жирэлзтэл явсаар ирсэн замаараа урдуур нь гарамаар гарч төв замтай нийлтэл урд явсан хоёр маань хажуугаар ороод ирэв. Яльгүй зам хазайж суурингийн хойгуур гараад төв замтай нийлсэн байжээ.

Цайны газар орж нэг ороомгоо идээд, унд усаа базаан Нурамтын даваа руу хамтдаа гарлаа. Амны эхээс давааны орой хүртэл 7.9 км зайтай гэж зааж байна. Энэ аманд айлууд суурьшин сумын төв шиг болжээ.

Зураг 9. ЦТГ Содбилэг. Нурамтын давааны замд

Төв замаар нь зогсолтгүй жийсээр сүүлийн айл өнгөрч давааны үндсэн замд орлоо. Залуус маань мятаршгүй жийсээр, бага багаар урагшилсаар Нурамтын даваа дээр 16.00 цагт гарлаа.

Зураг 10. Долоо давлаа. Нурамтын даваа. 16.00 цаг

Одоо бариа (Еэвэнгийн дэлгүүр)-ндаа 18 цагаас өмнө орох учиртай. Бариа хүртэл 17 орчим км зайтай. Хангалттай амжих хугацаа байгаа ч гэсэн дугуй хагарах, унах тохиолдол гарвал амжихгүй болох тул даваагаа болгоомжтой уруудав. Газрын намд ирээд хамтдаа жавхаатай жийсээр 17.30 цагт Улиастай голын сүүлийн гарамаар гарч бариандаа орлоо. Админ залуу маань биднийг гарам дээр тосов. Бараг цаг хагасын өмнө бариандаа орсон байлаа.

Энэ аяллаар Содбилэг залуу бахархалын Цэнхэр тэмдгийн болзол хангасныг Улиастай голын хөндийд гардуулж өгөв. Бие биедээ баяр хүргэн Шархадны зүг хамтдаа уруудан жийсээр 19.30 цагт хотод орж ирэв. Засмал зам руу ороход хойд дугуй маань мэдэгдэхүйц хайвагнан "догонцож" эхлэв.

Зураг 11. Унадаг дугуй чамдаа баярлалаа. Хаана ч явсан намайг авардаг ачит унаа минь. Одоо амар даа.

Ханзархай нь 8 см урт болон нэмэгдэж одоо болно биз дээ гэж хэлэх шиг эргэлдэн "догонцсоор" гэртээ сайн явж ирсэн юм.

Сорилтын болзлыг ханган биелүүлж хамтдаа аяллын замд хийморьтой аялсан гишүүд та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Зүгээр л жий.

ЦТГ С.Содбилэгийн тэмдэглэл

Өглөө 6:00 цагт сэрүүлгээр бослоо. Цагаа цэнэглэж аваад 7:00 цагт Яармагаас хөдөллөө.

Цуглах цэг - Монгол шилтгээн. Нийт 28 км. Болзсон цагтаа амжихын тулд 28 км/цаг орчим дундажлах хэрэгтэй байсан болохоор нэлээн эрчтэй жийсээр Дүнжингаравын замын төгсгөлд очтол урдуур вагон явчихдаг байгаа. Ингээд 5 минут алдлаа. “За, цагтаа очих нь дашийн шог боллоо доо” гэж бодоод CU орж кофе уун, хөнгөн цайлчихаад цааш нь дахиад л эрчтэй жийлээ. Монгол шилтгээн дээр очиход 8:20 болж байв. Болзсон цагаасаа 20 минут хоцорлоо. Аз болж аяллын GPX файлыг цаг дээрээ оруулчихсан байсан тул зүг чигээ алдалгүй цааш тасралтгүй мөшгив. Гэхдээ алдсан 20 минут маань нөхөгдсөнгүй.

Энэ бол ганцаарчилсан сорилго. Тиймээс хүн бүр өөр өөрийн хурдаар, таталтгүйгээр пуужиндсан аж.

Гэрээс гарснаас хойш 50 дахь километрт Шилжрэнгийн даваа руу эргээд Нархан голыг гатлах үед гурван дугуйн шинэ мөр харагдлаа. "Манайхнаас өөр ийшээ дугуйтай хүн зүглэхгүй дээ" гэж бодоод даваа өөд өгслөө. Энэ даваа зугуухан, бараг 5 км үргэлжилдэг юм байна. "Энд хүртэл харагдахгүй байна гэхээр нэлээн хойно тасарчээ” гэж бодоод нэлээн зүтгэлээ.

Шилжрэнгийн даваанаас уруудаж явтал цагийн чиглүүлэгч маань тосгон руу уруудахыг зааж байхад нэг дугуйчин цааш өгсөж явна. “Шинэ хүн байх, төөрсөн юм болов уу?” гэж бодсон ч цагаа дагаад л уруудчихлаа. Гэтэл нэг уул тойроод өнөөх дугуйчны чиглэж байсан даваа руу илүү огцом өгсөх хэрэг гарлаа. Хоёрын давааны уруу дээр урд явсан дугуйчныг гүйцэж аваад Шилжрээнгийн даваа өөд дахин өгслөө.

Энэ гурван даваа хоорондоо их ойрхон юм байна. Би ч уруудахдаа богино хугацаанд буудаг болохоор дараагийн даваа руу өгсөх нь нэг л мэдэхэд ойрхон санагдаад, амрах завдалгүй давсаар явлаа. Түрэх газраа түрсэн. Юуг нь нуух вэ?

Шилжрээнгийн даваанаас уруудаж нисэнгээ алдаад Тэрэлж орлоо. Сайхан хоол цай идэж, уугаад буцах зүгтээ гарлаа. Ингээд саяхан давсан гурван даваагаа буцаад дахиад давлаа. Нархан голын эхээс усаа нөөцлөөд Нурамт руу эргэлээ.

Нурамт - 8 км өгсөлт. “За, сүүлийн даваа юм даа” гэж өөртэйгөө ярьсаар урагшиллаа. Давсан. Давж чадсан. Давалгүй л яах вэ. Гэхдээ хэцүү байлаа. 😂 “Яагаад миний цэнхэр тэмдгийг одоо өгдөггүй билээ?” гэх мэт элдэв юм бодсоор давааны орой дээр гарч амарлаа. Харин Нурамтын уруудалт гэдэг чинь downhill дугуйтай л уруудмаар газар байна лээ.

Хойд Баян голыг гатлаад Улиастай голын дагуу уруудсаар болзоот газартаа, болзоот цагтаа хүрч, “Дугуйчны долоон даваа” сорилгоо амжилттай дуусгалаа. Тэгээд ч бодсоор л байлаа. “Нээрээ тэмдгээ өгөхгүй юм байх даа...” Нэг мэдсэн мартчихсан байв. Гэтэл манай гурван дугуйчин яг ярьсан юм шиг зэрэг зогсоод Улиастай голын эрэг дээр тэмдгээ авлаа. Бөөн баяр!

Зураг 12. Бахархлын цэнхэр тэмдэгтэн, Улиастай голын эрэгт, 18:15 цаг

Тэмдгээ хаячих вий гэж үе үе тэмтэрч үзнэ. Хааяа гаргаж харах ч хүсэл төрнө. “Арай дутуу харчихлаа” гэх мэт бодол хүртэл хөвөрнө. Ингээд засмалтайгаа золголоо. “Ай, харих хүртэл 25 км!” Жаргалтай жийсээр байгаад эцэст нь салцгаалаа.

Өглөө гэрээс гарахад ердөө нэг аялал байсан. Орой харихдаа долоон өөр давалт, долоон өөр уруудалт, хэдэн удаагийн шантралт, бас нэг цэнхэр тэмдэг авч харилаа.

УТА Г.Махгалын тэмдэглэл

Гарааны цэг дээр хэт оройтоод оччих вий гэсэн болгоомжлол төрнө. Ингээд хөдлөх цагаас 54 минутын өмнө оччихов. Ёстой нэвт шувт давхичихсан хэрэг. Plus size гадартай, full suspension уулын дугуйгаар 25.5 км/ц дундаж хурдтайгаар 49:49 минут жийжээ. Гарааны цэгт очиход нэг залуу машинаасаа унадаг дугуйгаа буулгаж байв. Шинээр бүртгүүлсэн хүмүүсийн нэг байна.

Сорилгод оролцохоор 9 хүн бүртгүүлсэн байснаас нь 1 нь цуцлан 8 үлдсэнээс 4 нь гараанаас гарч, 1 нь хойноос гүйцэн ирж бас 1 нь нэлээн хоцроод сорилгод оролцолгүй өнжсөн бол үлдсэн 2 яасныг бүү мэд.

Эхний даваа Шилжрэнгийн давааг давалгүй удсан байна шүү. Давааны зам ямрыг бүр таг мартжээ. Давчихаад бодоход үнэхээр хоногшихооргүй замтай ажээ. Харин Хоёр даваа бол өндрөөр ба намаар гэж хоёр янзаар давдаг гэсэн онцлогтой болохоор зам нь тархинд бат хадгалагдсан байдаг бололтой. Бас Шилжрээнг ч гэсэн мөн адил. Шилжрээнгийн даваанаас Шилжрээнгийн амаар Тэрэлж рүү уруудах зам бас үндсэндээ хоёр хувилбартай ба дээгүүрх замын их хэвгий нь хэзээд ч нүдэнд харагдах мэт болдог. Сүүлийн даваа болох Нурамтын даваа ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой тул зам нь бас л нүднээ харагдана. Гэвч суурьшилтын улмаас Шивэртийн ам талаас өгсөх зам ихээхэн өөрчлөгдөж бараг л танихын аргагүй болжээ. Харин Нурамтын даваанаас Хойд баян гол хүртэлх зам янзаараа байна.

Тэрэлж суурин дахь эргэлтийн цэгт 10:40 цагт хүрэв. Цайны газарт орж бэлэн гарах хоолноос нь захиалав. Бас хоёр аяга сүүтэй цай авав. Ер нь өнөөдөр энэ хоёр аяга цай, хоёр жижиг сав ус, бас Шар хоолойн амны булгаас авсан нэг жижиг сав усаар л долоон даваа давсан юм байна. Агаарын хэм болон салхи унадаг дугуйгаар аялахад нэн зохимжтой байсан тул шингэж дутагдаж ангаж цангаагүй ёстой сайхан жийсэн. Мөн эндээс идсэн хоол ба цүнхэлж явсан хоёр жижиг бор еэвэнгээр л хүнс хийсэн. Ерөөсөө долоон давааны сорилгын үеэр ууж идэх маань угаасаа багасаад ирдэг юм. Долоон даваа гэхээр л бие организмын бодисын солилцоо, жийлтийн эрчим бүгд өөрчлөгдчихдөг юм болов уу?

Тэрэлжээс буцаж Шилжрээнгийн даваа руу өгсөх алсын өгсүүрт айвуу тайвуу жийж эхлэв. Дөнгөж идсэн хоолоо шингээхийн тулд шүү дээ. Эс бөгөөс гулгиад буцаагаад гаргачихна. Зургаа дахь даваа буюу Шилжрэнг дээр гараад "Шар хоолойн амны шороонд хаана суултай билээ" гэж бодоод овооны хажууд суугаад хооллож ундаллаа. Тэрэлж сууринд хооллосноос хойш төдий удаагүй тул багахан л идэв. Нэмж идье гэсэн ч орох шинжгүй.

Шилжрэнгээс 13 км/ц орчим хурдтай аажуухан уруудаж явтал Содбилэг гишүүн зүүн талаар сүнгэнүүлэн гүйцэж гарав. Өндөр алдалт нэлээн саарсан хойно л эрч нь саарч ирэв. Ингээд Шар хоолойн амны булаг дээр 13:47 цагт зэрэг шахуу хүрч булгийн хүйтэн ус ууцгаалаа. Манай хүн булгаас холгүйхэн босохооргүй шинжтэй суугаад өгөв. Би ч бие сайхан халж, жийлт ид жигдэрсэн дээрээ замаа хороохоор цааш хөдөллөө. Ингээд зогсолтгүй жийсээр Нурамтын даваа дээр 14:59 цагт гарлаа.

Нурамтын даваанаас ой дундуур уруудах зам зарим хэсэгтээ тодорхойгүй байсан тул даваанаас уруудаж, битүү модон дундаас гаран гартал туулсан замын солбицлоо гар утасны GPS дээр бичиж авлаа. Дараа нь үүнийгээ хиймэл дагуулын зураг дээрх зам гэмээр шугамтай тулгахад яг л давхцаж байна. Ингээд веб дээрх маршрутын зургийг эцсийн байдлаар засаж зураад хадгаллаа. Нурамтаас уруудаж Хойд баян голыг гатлахад цаг 15:29 болж байв. Одоо цааш ахин яг 30 минут уруудаад барианд орно.

Зураг 13. Хойд баян голын гарам, 15:29 цаг

Бариадчихаад бидний нэрлэдгээр Еэвэнгийн дэлгүүрийн гадаа зогсож байтал хажууд ирж зогссон машины кабин доторх нэг эр, хоёр бүсгүйн ярианаас "Энэ яав ч эрүүл биш ээ" гэх мэт яриа сонсогдоно. Бас нүдний шил энээ тэрээ гэнэ. Унадаг дугуй ба хувцас нь бөөн шавар шавхай болчихсон, битүү нүдний шил ба баффтай, сүртэй каск өмсчихсөн, доогуураа иртүүзтэй нөхөр тэдэнд этгээд харагдаж ярианы сэдэв болох нь дамжиггүй л дээ. Тэгэхээр нь дэлгүүрээс холдож Улиастай голын эрэг рүү, хойноос ирэх бусдыгаа угтах зүгт жаал холдлоо.

Тэнгэр бүүдийж орой тийш орох борооны сураг гарч эхлэв ээ. Жич: Гэртээ харьсан хойно бороо үнэхээр орсон шүү. Шар Наранхүүг үүл халхалсаны дээр өнөөдөр сэрүүвтэр өдөр болсон тул жихүүцэж эхэллээ. Халуу дүүгтэл жийж ирсэндээ сэрүүнийг ажрах нь гайгүй байсан юм. Ингээд яг дагжихын наахна манай хэд бөөндөө ирж яваа харагдав. Улиастайн голыг бүгд дугуйнаасаа буулгүй жийгээд гараад ирцгээв. Ийнхүү Дугуйчны долоон даваа сорилгыг амжилттай давсан та бүгддээ баяр хүргэе.

Нөгөө Еэвэнгийн дэлгүүрийн гадаа дурсгалын зураг авахуулаад УБ хот, гэр гэрийн зүг хөдөллөө. Дараа жилийн Дугуйчны долоон даваа хурдан болоосой.

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
С.Содбилэг Ш.Мөнгөнсүх Г.Махгал Э.Отгонжаргал

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Содбилэг Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1283 км
Зүгээр л жий!