Яг нэг жилийн өмнө энэ өдөр Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар унадаг дугуйтай аялах аялал маань эхэлж байжээ. УБ хотоос 600 орчим км зайд орших Дорнод аймгийн Баян уул сумын төв (Жаварт хошуу) хүрэх автобусанд суучихлаа. Зорчигчид харьцангуй цөөхөн тул унадаг дугуйг маань ном ёсоор аччихлаа. Маш сайн. Шөнө 23-24 цагийн орчим очдог гэнэ. Аялал хуваарийн дагуу ийнхүү эхэллээ.
Баян Уул сумын төв Жаварт хошуу гэдэг газар шөнийн 22 цаг өнгөрөөж автобус ирэв. Автобусны жолооч нар надад найрсаг хандан бидний буух зочид буудалд өрөө аваарай гэв. Харин тэр буудалд илүү өрөө байсангүй. Хойшоо төв замаар нь жийж ойрхон байх хоёр давхар зочид буудалд тун сайхан өрөө аваад шууд л амарлаа.
Өглөө эрт сэрлээ. Аяллын бэлтгэлээ бараг нэг цаг хангалаа. Сумын төв нам гүм, амралтын өглөө тул хүн үл үзэгдэнэ. Цэвэрхэн сайхан сум юм. Нум сум харваж буй харваач бүхий хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнтэй. Нутгийн удирдлагын ордон орж нэг залуугаар зургаа авахуулан 7.12 цагт аяллаа эхлэв.

Цэцэрлэгийн хойд замаар зүүн зүг эргэн сумын төвөөс гарлаа. Намрын нэгэн дулаан өглөө айсуй. Тэнгэр цэлмэг, тэртээ өндөрт хэдэн сэмжин үүл харагдана. Салхи баруун хойноос тул араас дэмжих нь ойлгомжтой. Зам нь их олон салаа, зарим газраа элстэй, дэржигнүүр үе үе орж ирнэ, ер нь жийхэд тун давгүй зам. Нутгийн хоёр машин таарч хаа хүрэх, хаанаас ирсэнийг лавлан, сайн яваарай гэсэн үгээр үдэж өгнө.

Илэрхий өндөр даваа гэснээс энэ аялалд маань давааны ангилалд багтах ганц даваа тэмдэглэгдсэн. Тэр давааг өнөөдөр би давах учиртай. Долгиорхог гүвээ толгод дундуур 20-25 км цагийн хурдтай сүнгэнүүлнэ гэдэг тун сайхан. Урд талд ой мод бүхий нам уулс, хойд талд Улз голын өргөн хөндий, бургас шугуй бүхий татам харагдана. Урд талд өгсөж уруудах дардан зам, ар талаас жийгээд бай гэсэн шиг аясын салхи нуруунаас илэн түлхэнэ. Айлууд нь төв замаас хол зайтай буусан тул нохдын хуцалдах чимээг алсаас сонсон тайван жийнэ.

Ийм орчинд жийгээд байхаас яахав. Хоёр цагт 36 км зайг туулж байгааг хурд хэмжигч илэрхийлнэ. Зогсолт багатай жийсээр 45 дахь км дээр Баяндун 15 км, Дашбалбар 95 км гэж мэдээлсэн самбартай салаа зам дээр ирэв. Зүүн зүгийг барин чигээрээ жийвэл Дашбалбар сумын төв руу Баяндун сумын төвийг хойгуур нь "хаяад" явчихна. Урд талын салсан замыг аван Баяндун сумын төв рүү зорьлоо. Өгсүүр нь үнэхээр уужуу аядуу юм. Зулзаган хус модон төгөл дундуур зам зурайна. Харин элс дэржигнүүртэй байлаа.

Араагаа хөнгөлөн жийсээр ойн зурвасаас гарч том уудам хөндийн зүүн талыг барин зам зурайна. Зам нь чулуурхаг болж ирэв. Ой модон дундуур зурайсан зам нь үл ялиг өгсүүр байв. Хөнгөхөн эргүүлсээр Өлийн баруун даваан дээр гарлаа. Доош 4 км уруудан Баяндун сумын төв Наранбулаг гэдэг газар 11 цаг гээд ороод ирэв. Хойд талаас нь давдаг давааг Өлийн дунд даваа гэж нэрлэдэг.
Дэлгүүр орж унд усаа базааж, Оюунаагийн Цайны газар амттай банштай, гурилтай шөл идэн амраад 12 цагт хөдлөв. Өлийн зүүн даваа гэж байдаггүй гэнэ, харин уулын зүүн бэлийг тойрон зүүн хойд зүг Улз голын хөндийг зорино.

Толгодын оройд өвөрмөц боржин чулуун тогтоц харагдана. Очиж үзлээ. Заян наваа гэдэг нэртэй.

Замдаа нийлтэл урд ачаа савлаад эхлэв, хартал ацан дээр боосон бүслүүр төмөр хоёулаа хугарчээ, мөн ачааны үндсэн боолтын эрэг хаягдсан байв. Зам дээр зогсон уяа гарган засах гэж аядаж (уяанд мууг хэлэх үү, яаж засах билээ гэж эргэлзэж) байтал нэг автомашин ирж зогсов. Нэг гавшгай залуу дор нь хоёр талын ачааны тулгуурыг нам боож, уяж өглөө.

Ачаанаасаа нэг эрэг илүүчлэн үндсэн боолтоо боов. Аялал дуустал данга байсан. Эхнэр нөхөр хоёр намайг сайн яваарай гэсээр үдэн үлдлээ. Аяны замд таарсан та хоёртоо сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ замд салхинд цохиулан явдал удаашрав. Хэд хэдэн гүвээ давлаа. Тэнгэр бүрхэж хойд зүгээс хүчтэйхэн салхилж байв. Салхи сөрөн, зогсолтгүй жийсээр тунгалаг устай, жараахай ихтэй Сүүжийн голыг гарамаар гарав. Эндээс усны нөөцөө дүүргэв. Учир нь тэнгэр муухайрч шууд тусах агаарын температур 14 градус хүрч, нөгөөтэйгүүр бие ч сулрах тал руугаа хазайлаа. Улз гол буюу Дашбалбар сумын төв хүрэх замтай нийлээд эртхэн отоглоё гэж шийдэв. Ганц тод зам маань элс, дэржигнүүр ээлжлэн намайг "элэг барьна".

Төв замтай нийлэхэд Угтам уул Байгалийн нөөц газар бичигтэй гэсэн чулуун суурьтай том самбар байв. Хажууханд нь газрын зураг дээр харагдсан тариа бригад байв. Айл гэр, автомашин ч харагдана. Өнгөрөөд Улз гол руу ойртон урд эргийн сэргэлэн дэнж дээр отоглов. Сүлжээ сайн, 4G интернеттэй байв.

Дашбалбар сумын төв хүртэл эндээс 53 км зай буй. Энэ өдөр 100 км зам туулж, 6 цаг 9 минут жийжээ.
Шөнө дунд хүртэл салхи майхан далбигнуулан салхилав. Шиврээ бороо үе үе орох чимээ гарч байв. Нэмэлт оосор бүчийг нь бүгдийг нь хийж татсан тул майхан тун найдвартай байлаа. Дэнж газар отоглосон тул тухлаг, хуурай, дулаан хонов. Унадаг дугуйгаа бүтээлгээр бүтээж гадсалсан тул санаа зовсонгүй. Нам сайхан унтав.

Өглөө нар мандахтай зэрэгцэн сэрж унд цайгаа бэлдээд гадаа гарав. Газар дороос ургах мэт мандаж буй нарыг харан өглөөний цайгаа уулаа. Тэнгэр цэлмэг, өчигдөр оройн доод мандлын давхраат үүлс туугдан оджээ. Отогоо цэвэрлэн энэ орчинд хэн ч ирээгүй мэт болгоод замдаа гарлаа. Салхи баруун хойноос хажуу талаас салхилж байв. Аажмаар хэмнэлдээ орон хурдыг 16-17 км цаг орчимд барин урагшилж байв. Зам зарим хэсэгтээ дэржигнүүр боловч богино юм. Урд зүгт том талбай бүхий тариан талбай үргэлжилж эхлэв. Бага зэрэг жалга гуу, гүдгэр хотгор гадарга туулан дэржигнүүлэн жийсээр. Томхон тариалангийн бригад өнгөрөн бороожуулалтын маш том байгууламж хэд хэд харагдана. Донгой, Тавнын хөндий, Ар харцат, Зүүн шивэртийн ам туулан урагшилсаар. Үргэлжилсэн тариан талбай дууслаа.

Хур бороо элбэг бус хуурай байгаа тул Жараахайн голын хөндийг доод замаар нь туулаад гарав. Энэ жижиг гол ус ихтэй байвал эхээр нь 2 км өгсөөд гардаг гэж нутгийн хүн ярьж билээ. Голын татамаас гарч Дээртийн хөндийн уулын бэл рүү өгсөн гарахад Улз гол маань замтай ойрхон тохойрч урсана.

Энд алдарт Улаан эрэг байдаг. Доош уруудан Баруун Шивэрийн хөндий, Дунд Шивэрийн хөндий, Зүүн Шивэрийн цэлгэр хөндий туулан аажмаар зүүн урагш зам зурайн багахан хөтөл давлаа. Цааш уруудан уулын өвөр талыг барин явсаар Дашбалбар сумын төв Цагаан Дэв гэдэг газар 11.20 цагт ирэв.

Сумын төвийн захад нутгийн залуу гэр бүлийн хамт тосож гэртээ урин халуун хоол цайгаар дайлан сайхан амрав. Улз голын гүүрээр хойш гаран Чулуунхороот сумын төв рүү явах төлөвлөсөн замд шүлхий өвчин гарч хориг тогтоосон талаар надад хэлэв. Голынхоо урдуур явж болно, жаахан тойруу ч гэсэн урдаас нь очиж болох байх гэв. Орон нутагт гарсан онцгой нөхцөл байдалд хүндэтгэлтэй хандан аяллын замаа өөрчлөхөөр шийдэв.

Урагшаа Гурванзагал сумын төв 62 км зайтай тул 13.10 цагт замдаа гарлаа. Салхи баруун хойноос үлээж араас дэмжих нь тун таатай. Зам нь дардан юм. Жижиг голыг гүүрээр гаран зүүн өмнөд зүг чиглэн толгодын энгэрээр өгсөн даваж уруудаад эвдэрсэн гүүрний доогуур гараад жийж явтал зам хэд хэд салав. Зогсоод луужингаа зүгээ шалгатал зүүн тал их тод зам даялах маягтай харагдана.

Арай бүдэг баруун өмнөд рүү чиглэх замыг сонгон нэг гүвээ даван мараа, хужир бүхий ширгэсэн нуурын хоолой бүхий өргөн хөндий рүү уруудан оров. Тал газар зүг чигээ амархан алддаг. Ялангуяа бидэн шиг хангай газрын хүнд огт өөр шинэ орчин билээ. Зам баруун өмнөд рүү зурайх боловч удалгүй хэдэн км яваад өмнө зүг чиглэн улмаар зүүн өмнө зүгийг барин үргэлжлэв. Энэ чигээрээ 20 км цагийн хурд барин жийсээр толгод руу өгсөн дэрс бударгана бүхий хөндий рүү оров. Хэдэн зээр харагдана. Цааш давж өнгийхөд өргөн хөндийд айл хунар, мал хуй алсад үзэгдэнэ. Бас нэг үргэлжилсэн нам толгодыг давахад Гурванзагал сумын төв (Сүмийн булаг) алсад харагдав. Наагуур нь хөндлөн зурайх далан бол өнөөх Мардайн төмөр замын үлдэгдэл байв.

Хөдөөгийн буйдхан сумын төвийн дэлгүүрээр орж унд ус авлаа. Буудал байдаггүй гэнэ. Баруун талд нь Сүмийн нуур гэх нэртэй давстай том нуур цайран харагдана. Сумын төвөөс урагшаа гарч наадмын талбайг нь өнгөрч, замаас зайдуу газар бага шиг гүдгэр дээр отоглов.

Өнөөдөр 118 км зам туулж, 6 цаг 51 минут жийжээ. Шөнө агаарын температур -2 градус хүрч, хяруу буусан байлаа.
Дорнод аймгийн тал хээрийн бүсийн онцлог, зам харгуйн байдлын талаар шинэ мэдлэг мэдрэмж өөртөө бага багаар суулгаж явлаа. Тал нутагт хангай газрын хүмүүс юуны түрүүнд зүг чигт анхаарах нь нэн чухал. Дороо хэд эргээд л чиг зүг алдагддаг. Сумын төв дотор зүгээ үргэлж буруу зааж төөрч явлаа.

Ийшээ зүүн тийш гарах нь гэж бодож байтал тэс өөр зүг рүү төөрсөн намайг хүмүүс чиглүүлж өгч байв. Хангайд бол уул усаа хараад баримжаа авах нь амар шүү дээ. Мэдээж наран талаа хараад урд хойд зүгээ тодорхойлж болох ч яг чиглэсэн нарийн чиг тэр бүр мэддэгдэггүй. Тиймээс луужин маш чухал. Адилхан тод замуудын салаа дээр ирээд зүг чигээ ахин тодруулах шаардлагатай. Ер нь шинэ хуучин олон салаа бүхий төв замаа дагах нь хамгийн зөв. Нутгийнхан шууд шууд хатгаад явчихсан зам харгуй элбэг таарна. Мөн хөдөөний айл бүр автомашинтай тул айл руу салсан тод зам их таарна.

Тал нутгийн дараагийн нэг том нөлөөлөл бол яах аргагүй салхи. Энэ удаагийн аяллын чиглэлд салхи хажуугаас, араас байсан нь тун их завшаан болсон. Замын эргэлт болон салхи эргэх үед сөрөх нь энэ байдлаар хол зам туулах нь тун бэрхтэй санагдсан. Салхинаас нөмөрлөн, хорогдох газар байхгүй. Тэр бүү хэл салхи ширүүн үед майханаа босгох нь хүртэл бэрхшээлтэй байв.

Замын хувьд дагжуу хатуу, уулын дугуйнд тун тохиромжтой. Зөөлөн хөрстэй газар зам нь дэржигнүүртэй. Мөн элсэрхэг байх нь ч бий. Хэдий тал газар ч гэлээ том жижиг ширгэдэг шорвог нуур, хужир марз бүхий хөндийтэй, түүнийг тойрсон гүвээ толгодтой. Хөндий туулна, гүвээ давна, ахиад хөндий рүү орно, ахин гүвээ өгсөнө гэх мэтээр явна шүү дээ. Гүвээ дээр өгсөн гарахад ахин нэг гүвээ гэх мэтээр өгсүүр нь шаталсан байх нь түгээмэл. Айлууд нь замаас холхон харьцангуй өндөрлөг газар буусан байдаг.

Цэлмэг тэнгэрт наран гийсэн өглөө боллоо. Өдөр тийшээ халах шинжтэй. Отогоо буулган ачаалаад 7.25 цагт замдаа гарлаа. Алсын чиг зүүн өмнө зүг. Гэхдээ эхлээд өмнө зүг чиглэсэн төв замаар явна. Дундаа нуурын хөндий туулахдаа ялимгүй баруун өмнөд рүү даялана. Ахин өмнө зүг зам чиглэж байгаад зүүн өмнө зүг рүү салсан замаа авч Чойбалсан сумын төв рүү хатгаад очих учиртай. Хэрэв салж чадалгүй өмнө зүг яваад байвал аймгийн төв рүү явчих гэмтэй. Ийм маягаар замаа төлөвлөн газрын зургаа харж км зайгаа тооцож явлаа.

Дэржигнүүлэн, сүнгэнэхэн өгсөж уруудан жийсээр, үнэхээр халж байлаа. Тал газар нар гарвал хална, жаргавал шууд л хүйтрэнэ. Өдөр авсан дулаанаа тал газрын гадарга шөнө нь амархан алддаг, яг л цөл шиг. Намрын шар нар ээх цагаар 90 км зам туулан, 5 цаг 43 минут жийгээд 15 цагт Чойбалсан сумын төв (Хулстай) сууринд ирэв. Цайны газар орж маш амттай цуйван авч идэв. Буудал бас байдаггүй бололтой. Цайны газрын эзэгтэйд учир байдлаа хэлтэл боломжийн үнээр хонох газар олж өгч буян боллоо. Цэлгэр хашаан дундах таван ханатай тохилог гэрт тун сайхан амарч хонов.
Тэнгэрт үүлгүй цэлмэг өглөө боллоо. Цайны газар очиж өглөөний хоол цай идэж уугаад 8.30 цагт хөдлөв.

Төмөр замын гарам гараад 4 орчим км өмнө зүг чиглэсэн замаар яваад засмал замд нийлэв. Энэ засмал зам нь аймгийн төвийг Хавиргын боомттой холбохоор баригдаж буй гэнэ. Өгсөж уруудан арав орчим км яваад засмал дууслаа. Замын ажил ид өрнөж байна. Алсад 30 орчим км зайнаас Чойбалсан хотын бараа харагдана. Хотгор хөндий газраа жижиг хар ялаа их тул зогсолтгүй жийсээр 13 цаг өнгөрөөн аймгийн төвд ирлээ.

Ийнхүү намрын сардаа Дорнод аймгийн нутгаар тун сайхан аялав.