Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #201 - Алтанбулаг сум

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/425
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
102 км
Давааны тоо
2
Өндөр авалт
766 м
Өндөр алдалт
-767 м
Их өгсөлт
8.2 %
Их уруудалт
-8.6 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2026 оны 9 сарын 19 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа, Содмонгол ШТС-ын зүүн тал CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.856194, 106.781167
47°51'22.3"N, 106°46'52.2"E

Аяллын тэмдэглэл

Ёстой л намрын налгар өдөр боллоо. Цуглах цэг рүү 30 минут жийгээд л, бүртгэл хаагдахаас арваад минутын өмнө хүрч очив. CU дэлгүүрээс халуун хоол, сүүтэй цай авч идэж уун байтал өнөөдрийн аялалд оролцохоор бүртгүүлсэн С.Бөхбат ах ирэв. Засмалын дугуйтай иржээ. Ингээд шинэ дугуй тойрсон яриа өрнүүлэн аялалд бүртгүүлсэн гурав дахь дугуйчныг хүлээлээ. Аялал эхлэх цаг болтол хүлээсэнд ирээгүй тул клубийн заншлын дагуу аялал яг цагтаа эхлэв.

Буянт-Ухаагаас цааш уруудах замыг түр хаажээ. Шалтгаан нь суваг шуудууны ажил бололтой. Өнгөрөгч бямбад мөн Орбит орчимд ийм ажилтай таарсан юм. Өвлөөс урьтан, газар хөлдөхтэй уралдан ийм ажил хаа сайгүй өрнөж буй бололтой. Бид ч бас 5 өдөр эрчимтэй ажиллачихаад 6 дахь өдрийг өөр өөрсөддөө зориулан ийнхүү унадаг дугуйгаар аялан яваа билээ.

Морингийн давааг зэрэгцэхдээ зэрэгцэн, цуврахдаа цувран жийсээр хамтдаа нэг зэрэг давж уруудлаа. Давааны уруу засмал замд рөүд байк шал өөр явалттай байна. Сүүлдээ хэдий ханасан ч араагаа сэнсэртэл эргүүлсээр зайгаа хадгалав.

Зогсолтгүй явсаар Туул тосгонд хүрэв. Тосгон руу орохын өмнөхөн мөн л бүтээн байгуулалтын ажил өрнөх аж. Энэ нь Богд хаан төмөр замын ажил байлаа. Ингээд Туул тосгон дахь нэгэн дэлгүүрийн гадаа түр зогсон амсхийцгээлээ.

Алтанбулаг сумын хаалгаар 11:00 цагийн үед орлоо. Алтанбулаг сум гэсэн бичгэн хөшөө босгожээ. Өмнө нь гэрэл зураг татууллаа.

Зураг 1. Алтанбулаг сумын төв, 11:10 цаг

Тус сум руу ирэлгүй удсан уу, эсвэл ингэж түргэн өөрчлөгдөв үү? Сумын төв чамгүй өргөжиж бас барилга шинээр баригджээ. Цайны газар шинээр нээгдсэн болов уу хэмээн тэнд унадаг дугуйгаар тоглоцгоох жаалуудаас сураглатал үгүй гэнэ. Хуучин ажиллаж байсан газар ажиллахаа бүр больсон бололтой. Харин дэлгүүрээс нь ус авч бэлэн хоол дэвтээн идэж болно гэнэ.

Сумын төв хооллож ундалж амарсаар нэг цагийг өнгөрөөжээ. Ийн байх зуур УДА клубийн 4, 5 залуу бас зарим нь ах аа, ирээд хөдлөв.

Зураг 2. Шилдэг сум - Алтанбулаг сум

Буцахаар хөдлөхөд салхи мэдэгдэхүйц салхилж эхэлжээ. Бид "Одоо салхилбал салхилна л биз. Хойноос туувал тууна л биз. Туухгүй юм аа гэхэд баруун хойноос л цохино биз" хэмээн үл тоомсорлосон үг хэлэлцэцгээн жийж явлаа. Гэхдээ л намрын шаргал нар ээн, халуун хүйтэн нь яг таарч ёстой л налайсаар.

Мөн өнөөдөр нэгэн дурсгалтай, сэтгэл хөдөлгөсөн явдал болсон нь Шувуун фабрикт тохиов. Автобусны буудал дөхөж явтал бага юм уу дунд ангийн гэмээр хэдэн хүүхэд замын эсрэг тал руу гүйлдэж гараад гар даллах мэт болов. Эхлээд бидэн рүү далласныг мэдээгүй ээ. Тэдэн рүү зүгээр л саваагүйтэн гараа далайцтайхан далласны дараа л чухам юу болж буйг ухаарав. Хүүхдүүд яах ийхийн зуургүй тосон гүйлдэж ирээд гараа сунгацгаав. Гараа цохин зөрөхийг хүсэцгээжээ. Гялс самбаачлан өрөөсөн жолоогоо тавьж гараа суллаад хүүхдүүдийн гарыг алгасалгүй, өнгөрөөлгүй гарын алга алгаа цохин мэндийн ёс үйлдэн гарлаа. Ард үлдэх хүүхдүүдээс "Ямар гоё юм бэ" гэх мэтчилэн дуу хадна. Цайлган, оргилуун үг үйлдэл нь сэтгэл хөдөлгөсөн гэж жигтэйхэн. Унадаг дугуйтай аяллын нэгэн сайхан дурсамж ийнхүү нэгээр нэмэгдлээ. Гараа ахин далайцтай далласаар цааших замаа хөөлөө. Унадаг дугуйтай аяллын замд энэ мэтчилэн сайхан зүйлс тохиолддог нь унадаг дугуйн аяллаар өнөөгийн 17 мянга гаруй км зам төдийгүй цаашид ч бүр олон мянган км зам туулах эрмэлзлэлийг төрүүлдэг биз ээ.

Ийнхүү ойрд жийгээгүй Алтанбулаг сумын засмал замаар, намрын шаргал наран дор жаргаж жийсээр Буянт-Ухаа дахь өглөөхөн цуглаж хөдөлсөн цэгтээ яг 14:00 цаг болж байхад буцаж ирлээ. Даваа, гүдэнгүүдийг бахархалтайгаар жийн давж аяллын замыг амжилттай туулж дуусгасан С.Бөхбат ахдаа баяр хүргэе.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Бөхбат Г.Махгал
С.Бөхбат
  • 1920 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 17378 км
  • 162
  • 10
  • 4
  • 3
  • 6
Зүгээр л жий!