Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #204 - Баруун турууны уулсыг тойрохуй

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/428
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
75 км
Давааны тоо
2
Өндөр авалт
716 м
Өндөр алдалт
-716 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-12 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2026 оны 10 сарын 10 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Эхний даваа болох Эхэн усны даваа дээр, 11:05 цаг

Аялал 09:05 цагт эхлэв. Энэ бол 1999 оны оригинал Австри унадаг дугуйнаас л болсон хэрэг.

Цуглах цэгт аялал эхлэхээс 20 минутын өмнө очиход орой шалгасан бүртгэл дээр харагдаагүй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Бүр орой бүртгүүлсэн гэнэ.

Цуглах цэг болох Номин 22 агуулах худалдааны төвийн гадаа битүү машин бужигнана. Энэ зүгт хотоос гарах гэсэн хүмүүс төдий олон байгаа бололтой. Ийшээ хотоос гарах олон хүн байна гэснээс бид ч бас өнөөдөр УБ хотын баруун хэсэг Баруун турууны эргэн тойрноор унадаг дугуйтай аялахаар төлөвлөсөн нь ч учиртай. Пүрэв гарагийн орой ажлаасаа гэртээ иртэл баавгай гэсэн яриа угтав. Өнгөрөгч шөнө баавгай хүн рүү халдсан хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээнүүдэд Баянзүрх дүүргийн 35-р хороо, Улиастайн Бурхантын ам гэсэн байлаа. Бурхантын амны байршлыг мэдэхгүй тул тэдгээр мэдээнүүдэд байршлыг багцаалах мэдээлэл буй эсэхийг анхаарч уншихад тухайлбал Айкон сайт дээр "Улиастай бурхантын ам нь бэлчээрийн орчимд хамаардаг ба айлууд, малчид амьдардаг" гэжээ. Энэ нь харьцангуй аглаг газар болохыг илтгэнэ. Энэ явдлын тухай бичсэний учир энэ долоо хоногийн бямба гарагийн унадаг дугуйтай өдрийн аяллыг ийм аглаг ойд явуулахаар төлөвлөж маршрут зохиосон байсанд оршино. Хэрэв тус ам Улиастайн баруун зүүн голуудын бэлчирт байдаг Бурхант хошуу орчим мөн бол энэ нь машруттай харьцангуй ойр л доо. Маршрутын дагуух замын зарим хэсэг Улиастайн баруун голын усны хагалбарыг дайрна. Түүнчлэн баавгай нь эрэн хайгчид ба тэдний дроны дуу чимээнээс дайжин өдийд хаана хүрсэн нь тодорхойгүй. Иймээс Улиастайн голтой ойр, шигүү ой дундуур зохиогдох байсан аяллын маршрутыг өөрчилж ой модгүй уул даваа бүхий зам сонгохоор шийдсэн билээ. Хэдийгээр тэр маршрутаараа аялсан ч баавгайтай тааралдах магадлал бага л даа. Гэсэн ч албан газруудаас хаа сайгүй сэрэмжлүүлэг гаргаж мэдээлээд байхад гөжүүдлэн аялах нь зохимжгүй л дээ. Иймдээ ч манай клуб дүрэмдээ "Аяллын маршрутыг цаг уур буюу дундаж цаг агаар бас газар орны онцлог зэрэг нөхцлийг харгалзан, оролцох гишүүдийн аюулгүй байдалд нийцүүлж зохионо." бас "Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, цаг агаар болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын тов, төрөл болон маршрутыг өөрчилж эсвэл аяллыг цуцалж болно." гэж заасан байдаг. Ингээд ширхэг ч модгүй бөгөөд урьд өмнө давж байгаагүй даваа юу байх билээ хэмээн "толгойгоо гашилгасан" даа. Эцэст нь зохиосон маршрутын талаар "Энэ давааг яаж олов оо" бас "Өмнө давж байгаагүй шинэ даваагаар даваад сонирхолтой байлаа" гэх мэтчилэн үгс сонсоход таатай байсныг тэмдэглэе.

Зураг 2. Өглөөний дасгал, 09:30 цаг

Цуглах цэгээс хөдлөөд автозамаас гарч шороон замд оруутаа өглөөний дасгалаа хийцгээлээ. Намрын өглөө нартай, дулаахан байлаа.

Зураг 3. Толгод дундуур жийх бүсгүй

Цааш төмөр зам дагасхийн жийсээр Эмээлт зөрлөгөөр дайрч улмаар төмөр замын ихээ муруйж тахирсан хэсгээс эхлэн зам маршрутаа нягталж явсаар эхний даваа дээр гарлаа. Газарзүйн мэдээллийн систем төдийгүй хуучны Зөвлөлтийн үеийн газрын зурагт ч энэ давааг нэрлэж тэмдэглээгүй байсан. Иймд тус давааг түүний хамаарах уул болох "Эхэн усны өндөр уул"-ын нэрээр "Эхэн усны даваа" гэж нэрлэн OpenStreetMap системийн бүртгэлд орууллаа. Түүнчлэн аяллын маршрутын дагуух хоёр дахь давааг ч "Зүүн турууны даваа" гэж тэмдэглэлээ. Энэ нь Тахилтын амны хойд давааг Тахилтын даваа бас Баруун турууны амны давааг Баруун турууны даваа гэдгийг жишиг болгосон явдал юм.

Зураг 4. Жийхээ ч жийнэ, тухлахаа ч тухална

Эдгээр давааны амуудад айлууд одоогоор төдийлэн суурьшаагүй нь үүн шиг унадаг дугуйтай өдрийн аялал зохиоход тохиромжтой ажээ. Бас хавар эрт буюу ой модны цас хайлаагүй үед энэ маршрутаар аялж болох юм. Замын нөхцөл байдал хөнгөндөө орох буюу унадаг дугуйгаар эхлэн аялж буй хүмүүс ч асуудалгүй явах бололцоотой.

Зураг 5. 27 насны зөрүү буюу 1999 ба 2026 оны унадаг дугуйнууд

Өнөөдрийн аяллын бас нэг онцлог бол хамгийн залуу оролцогчийн хамгийн сүүлийн үеийн унадаг дугуй ба хамгийн ахмад оролцогчийн хамгийн эртний унадаг дугуй хоёрын 27 насны зөрүү байлаа. Оролцогчид энэ байтугай насны зөрүүтэй байх нь ердийн үзэгдэл бол харин унадаг дугуйны насны ийм зөрүү маш ховор тохиолдол юм. Сайн эзний эзэмшилд ирсэн эртний унадаг дугуй улам урт наслах болтугай.

Зураг 6. Баруунаас: Баруун турууны ам, Зүүн турууны ам, Тахилтын ам, Сонсголон, Яармаг

Өнөөдрийн аялал ёстой л Баруун турууны уулсыг тойрсон аялал болсон. Сүүлийн даваа дээр гарч ирээд харахад баруун талд УБ - Дархан чиглэлийн автозам, зүүн өмнө Тахилтын давааны айлууд харагдана. Цааш хараа бэлчээвэл Сонсголон, 4-р цахилгаан станцын яндан, Яармаг униартан харагдана.

Зураг 7. Зүүн турууны амны булаг

Давааны оройгоос Зүүн турууны амаар уруудаж эхлээд удаагүй байтал хашаа тааралдсан нь Зүүн турууны булгийн эх ундаргын хамгаалалт ажээ. Булаг ундаргагүй болжээ. Аргагүй биз ээ. Хэрэв уул нь модтой байсан бол хавар намар ялгаагүй оргилсоор байх байсан болов уу.

Ингээд л 22-ын товчооны автозамд хүрсэнээр өнөөдрийн аялал өндөрлөх шат руугаа орлоо.

Багагүй завсарласны эцэст хүрэлцэн ирж клубтэй хамт 4 дэх аялалдаа амжилттай оролцсон Б.Нармандах болон хэдэн арваас хэдэн зуун аяллын ард гарсан бахархлын тэмдэгтэй гишүүддээ өнөөдрийн аяллын марршрутыг дуустал амжилттай жийсэнд баяр хүргэе.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Б.Нармандах С.Бөхбат С.Отгонбаатар Ш.Мөнгөнсүх Д.Цолмон Г.Махгал Э.Отгонжаргал
Б.Нармандах
  • 1024 км дутуу
  • 235 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 1920 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 4219 км
  • 44
  • 1
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 12247 км
  • 108
  • 9
  • 4
  • 2
  • 5
Д.Цолмон
  • 12837 км
  • 124
  • 24
  • 3
  • 2
  • 0
Г.Махгал
  • 17378 км
  • 162
  • 10
  • 4
  • 3
  • 6
Э.Отгонжаргал
  • 32234 км
  • 284
  • 35
  • 15
  • 5
  • 4
Зүгээр л жий!