Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #205 - Баянзүрх уулын нэргүй нэгэн даваа

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/429
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
65 км
Давааны тоо
2
Өндөр авалт
792 м
Өндөр алдалт
-792 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-30.3 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2026 оны 10 сарын 24 Бямба гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын багийнхан Дундын давааны баруун хяр дээр

Пүрэв гарагт орсон цас баасан гарагт нэлээн хайлж зөвхөн энд тэнд армаг тармаг мөс үлджээ. Үлджээ ч гэж дээ бараг хайлж буйг нь хотоор унадаг дугуйтай явахдаа ажиж байсан л даа. Харин бидний өнөөдөр аялах Баянзүрх уул хэр цастайг сайн багцаалахгүй байлаа. Хонхор суурингаас УБ - Налайх чиглэлийн автозам руу нийлэх замын уулзварт ирээд харахад бидний давах давааны зам цасгүй харагдана.

Эхний даваа давахаар уулын ам руу ороход ёстой пүн хийгээд явчихав. Энэ үед хашир админ Э.Отгонжаргал ах "Хашаа хүрээд татаарай" гэх нь сонсдоно. Хувцсаа нимгэлбэл нимгэлээрэй гэнэ дээ гэж таасан маань яг шүү.

Намрын тэнгэр ч хартай

Өнөөдрийн цаг агаарын прогноз ёсоор агаарын хэм 0 градус. Ээвэр газраа үүнээс ч дулаахан байсан болов уу. Бас салхи төдийлэн хүчтэй биш байлаа. Харин өнгөрөгч бямба гарагт агаарын хэм баасан гарагтай нь харьцуулбал хэдэн градусаар унахаар байсан тул тус өдрийн аяллыг өнжөөд харин цаг агаарын тогтуун байсан тул өнөөдөр ийнхүү аялал зарласан билээ. Ерөнхийдөө хавар эрт ба намар орой аялал зарлахдаа цаг агаар тогтуун эсэхийг харгалзах хэрэгтэй нь урьд жилүүдийн аяллаас цөөнгүй удаа ажиглагдаж байсан юм. Эс тэгвээс шинэхэн гишүүд байтугай хэзээ язааны олон аялалд оролцсон буюу дориун туршлагатай гэгдэх гишүүд ч нимгэн хувцастай ч юм уу бас нойтон цас эсвэл хүйтэн бороонд норохоор хувцаслаад ирдэг л юм.

Даваан дээр удаа дараа хадуурцгаасан нь

Баянзүрх ууланд баруунаас зүүн тийш нэрлэвэл Суул даваа, Дундын даваа зэрэг даваа байдаг ба харин өнөөдрийн аяллаар Дундын давааны зүүн талд байдаг нэргүй нэгэн давааг давна. Давааны зам урдаасаа жийгээд гарах бүрэн боломжтой ба ердөө хэсэгхэн газарт бага зэрэг сул чулуу шороотой аж. Жийгээд л гарав. Багийн гишүүд маань зүрхний цохилтоо ажиглан эхнээсээ дугуйнаасаа буулаа. Багийн ганц бүсгүй дугуйчин маань зүрхний цохилт 175 гэж хэлэх нь сонсогдоод үлдэв. Өөрийн амьсгалж буй байдлаа унадаг дугуйн бэлтгэлийн суурин төхөөрөмж дээрхтэй зүйрлүүлбэл зүрхний цохилт маань 150 арай хүрээгүй болов уу гэмээр мэдрэмж төрж байлаа. Үүний дараа хошуу ороох маягтай болсоноо огцом өгсүүр гараад ирэв. Одоо л цэнэсэн хүчээ гаргаж дайрдаг газар даа. Тэгж сул чулуу шороотой огцом өгсүүрт эргүүлэлтээ нэмэн бага зэрэг дайрахгүй бол тэнцвэрээ алдчихдаг тал бий. Зүйрлэвээс Zone 4 дээр явж байснаа хэсэг зуур Zone 5 бүр цаашилбал 6 буюу анаэроб бүс рүү орно гэсэн үг. Ийнхүү өгсөөд гартал тодоос тод зам зүүн гар тийш хөтөлнө. Эхлээд алгуур өгссөнөө эцэстээ огцом болох нь харагдав. Огцомыг нь хараад маршрутаа шалгалгүй шууд дайран "шуналтав" аа. Нөгөө талаас том админ энэ давааны тухай "огцом тахийж эргэнэ" гэж ярьсан нь "шуналаа дарж" GPS-ээ шалгахыг маань бүрмөсөн дарангуйлав. Ингэснээрээ эхний удаа хадуурав. Хадуурсанаа мэдээд уулын оройгоос уруудан багийнхнаа угтан очоод юутай ч энэ чигээрээ өгсөцгөөхөөр болов.

Удаах хадууралт Дундын даваа руу хойноос нь өгсөх үед болов оо. Даваа өөд өгсөөд урамтай жийж явтал дугуй шалчигнаад эхлэв. Түрүүн Туулын гүүрний орчимд хагарсан дугуйны хий суларчээ. Дугуйтайгаа ноцолдож байх зуурт манай хэд өгсөөд явахдаа салаа замын зүүнээс бус баруунаар орцгоожээ. Хөдөө хээрийн хам хум нөхөөс олигтой үл болох тул шалчигар дугуйтайгаас шалтгаалж ихээ хүчлэн жийж явтал баруунтаа нэг хүн харагдав. Ахиулаад хартал багийн нэг гишүүн. Дундын даваанаас хойш уруудахад модон дундуур тахиралдсан замаар явдагийг мэдэх надад хачирхалтай санагдав. Огцом өгсүүрт хүндийн төв хойш шилжих тул хойд талын шалчигар дугуй дээр хамаг ачаалал ногдоно. Олгой хаймраа авралгүй болтол тас цохичих вий хэмээн болгоомжилж дугуйнаасаа бууж үзэв. Түрээд алхваас бүтэх шинж ер үгүй. Буцаж мордоод газрын өө харан жийсээр багийнхан дээрээ очив. Дундын даваанаас баруун тийш хадуурч бүр илүү өндөрт гарцгааснаа мэдэцгээсэн байжээ. Ингээд Дундын даваа руу уруудав аа. Өндрөөс харах надад тэдний зарим нь салаа замаар буруу зөрүү орсоноо хатгаж засаж буй нь сонирхолтой.

Баавгай ах

Энэ намар урьд ховор сонсогддог байсан баавгайн аюулаас сэргийлэхийг онцгойлон сэрэмжлүүлэх болсон нь онцлог юм. Иймээс үүний өмнө аялахаар төлөвлөсөн Шаргаморьт, Хандгайт маршрутыг өөр маршрутаар сольсон бол энэ удаад баавгайн аюул үгүй байх маршрут зохиохыг зорилоо. Ингээд Туул гол ба түүнийг даган суурьшсан айлууд болон автозамаар гайгүй сайн хашигдсан Баянзүрх уул руу баавгай орж ирэхгүй хэмээн тооцож тус маршрутыг зохиосон юм. Клубээс зохион явуулдаг хоногийн болон олон хоногийн аяллын үеэр чоно, баавгайн талаар яригддаг ч харин УБ хот орчимд явагддаг өдрийн аяллын зохион байгуулалтад баавгай ийнхүү нөлөөлөх болсон нь клубийн түүхнээ ховор тохиолдол болох буй заа. Үнэхээр боловсролын сайд цэцэрлэг, сургуулийг аялал, зугаалга зохиохгүй байхыг тушаасан нь учиртай биз ээ.

Зураг 2. Цас туучсан нь

Намрын өдөр яасан ч богино юм дээ. Эхний даваанаас уруудаж модны захад хүрээд амсхийн суух тэр нэгэн жаргалтай мөчүүд дээр байгаад л баймаар. Иймээс ч өнөөдрийн аялалд оролцсон ганц бүсгүй дугуйчин маань сэтгэгдлээ өөрийн фейсбүүк хуудаснаа "Өнөөдөр ямар сайхан дулаахан, тогтуун өдөр байв даа" хэмээн илэрхийлжээ. Үнэхээр урдаас нар ээж, хойноос уул нөмөрлөсөн нь диваажинг цогцлоох мэт байсан. Даанч цаг, нар хоёр биднийг хүлээхгүй тул тэндээс хөдлөхгүй гээд яах билээ. Тийнхүү 13 цагт аяллын оргил үедээ явцгаасан бид 17 цаг шахуулан тарах цэг болох Дүнжингарав худалдааны төвийн гадаа ирсэнээр энэ намрын сүүлчийнх ч байж магадгүй ийм нэгэн аялал өндөрлөлөө.

Аяллын багт нэгдэн хамт жийцгээн маршрутыг амжилттай туулж дуусгацгаасан Ж.Жинлэн, Д.Мөнхзул болон клубийн ЦТГ С.Бөхбат нартаа баяр хүргэе.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ж.Жинлэн Д.Мөнхзаяа С.Бөхбат Г.Махгал Э.Отгонжаргал
Ж.Жинлэн
  • 1109 км дутуу
  • 150 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Мөнхзаяа
  • 1102 км дутуу
  • 157 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 1992 км
  • 25
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 17450 км
  • 163
  • 10
  • 4
  • 3
  • 6
Э.Отгонжаргал
  • 32306 км
  • 285
  • 35
  • 15
  • 5
  • 4
Зүгээр л жий!